Тэмдэглэл: Милан Кундера “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романаас

Ari
8 min readAug 29, 2017

--

Орчуулагч Ж.Тэгшзаяагийн хөрвүүлгээр, зохиогчоос авсан албан ёсны эрхийн дагуу Тагтаа Паблишинг хэвлэн гаргасан “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” хэмээх энэхүү роман нь орчин цагийн хүүрнэл зохиолын гарамгай мастеруудын нэг Чех гаралт Франц зохиолч Милан Кундерагийн зохиол бүтээлүүдээс Монгол хэлт уншигчдад хүрч буй анхны тохиолдол ажээ.

Орчуулагч: Жалан-Аажавын Тэгшзаяа

“Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман нь зохиолч Милан Кундерагийн нэрийн хуудас болсон бүтээл юм. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл, гаргалгааг орчин цагийн хөнгөн, тогтворгүй амьдралын хэв маяг бүхий дэвсгэр дээр гарамгай уялдуулан сүлдэг бичлэгийн арга барил, егөөдөл, шогийн мэдрэмж, урсгал, яруу хэл найруулга зэргээрээ Милан Кундера дэлхийн утга зохиолын хорхойтнуудын талархлыг хүлээж, орчин цагийн хүүрнэл зохиолын гарамгай мастеруудын нэг хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн юм.

… Зовлонд дарагдах тусам бидний амьдрал газарт бууж илүү бодитой, илүү үнэн болдог аж. Эсрэгээрээ ямар ч зовлонгүй аж төрөхүй нь хүнийг агаараас ч хөнгөн болгон дээш дэгдээж ертөнцөөс тасалснаар оршихуй нь барьцгүй хоосонд хувилж үйлдэл бүр нь ул мөргүй, чөлөөтэй болно …

… Хүн амьдралаас чухам юу хүсэж буйгаа мэддэггүй. Хүн жишин зүйрлэх нөхцөлгүй ганцхан хувь амьдралыг туулдаг тул анхнаасаа л амьдралд гаршин төгөлдөрших боломжгүй …

… Хайр гэдэг хязгааргүй олон хүүхэнтэй хурьцан тачаах оргилуун шунал бус цор ганц эмэгтэйг өвөртлөн унтах даруухан хүсэл аж …

… Үүнээс гадна Томас өөр нэг зүйлээрээ Терезад бусдаас онцгой санагдсан аж. Түүний ширээн дээр дэлгээтэй ном байлаа. Эдний зоогийн газарт хүн ном уншиж байсан удаагүй аж. Терезагийн хувьд ном бол ахан дүүсийн нууц бүлгэмийн бэлгэ тэмдэгтэй адил байв. Өөрийг нь бүчин хүрээлэх эв хавгүй ертөнцийн эсрэг барих цор ганц зэвсэг нь хотын номын сангаас зээлээр авсан номууд нь болно. Тереза Филдингээс эхлээд Томас Манн хүртэл цөмийг уйгагүй уншина. Тэдгээр роман түүнд сэтгэл дундуур амьдралаасаа оюун санаагаар дайжин зугтах боломж олгохоос гадна биет зүйлийн хувьд ч гүн учир утгатай байв. Тиймдээ ч Тереза гартаа ном бариад гудамжаар алхах дуртай …

… Үнэндээ санаандгүй тохиол олшрон давхцах тусмаа л илүү сонирхолтой, дуулиантай адал явдалд хөтөлдөг биш гэж үү? Санаандгүй учрал, тохиол бүр өөрийн гэсэн илэрхийлэмжтэй байдаг. Зайлшгүйгээс ургаж, хүлээлтээр биежсэн, өдөр тутам давтагдан эргэцэж байдаг бүхэн хөшингө хэлгүй чанартай. Гагцхүү санаандгүй бүхэн өөрийн хөг аялгуутай …

… Хүн амьдралынхаа хамгийн адгийн зовлонт цаг үедээ ч гоо сайхны хуулийг зөнгөөрөө дагадаг байна …

… Зүүд бол учир зүй хийгээд гоо зүйн илрэл. Зөвхөн учир зүйг онцолсноороо Фройдын зүүдний тайлбар бүрэн төгс болж чадаагүй ч байж магад. Зүүдэлнэ гэдэг гагц харилцаа, илэрхийлэмжээс гадна хүн бүрт тэгш заяасан гоо сайхан, хийсвэрлэхүйн бахдал, өөрөөс нь өөр юу ч хэрэггүй бүрэн төгс ертөнц билээ. Зүүд бол төсөөлөх, болоогүй зүйлийг хүсэж мөрөөдөх гэдэг хүн төрөлхтний хамгийн гүн гүнзгий хэрэгцээ гэдгийн нотолгоо юм. Тиймдээ ч аюултай …

… “Өндөр дээд”-д тэмүүлж буй хүн толгой эргэж уймрахын зовлонг хэзээ нэгтээ заавал амсдаг учиртай. Чухам яагаад тэгдэг хэрэг вэ? Өндрөөс унана гэж айхдаа тэр үү? Тийм бол бат бөх хашлагатай өндөр цамхагийн оройд зогсож байхад хүртэл яагаад дотор аягүйрхэж айдаг юм бол? Тэгэхээр доош унахаас айсандаа ч толгой эргэн аягүйрхдэг хэрэг биш байх нь. Ийн толгой эргэнэ гэдэг тэртээ ёроолоос биднийг даллан дуудах оргүй хоосны дуу хоолойд захирагдаж дотоод хүнддээ дийлдэн унамаар болдог адын хүслээс биднийг хамгаалж буй нь тэр байх …

… Оросын эзэнт гүрний үеийн бүхий л бурангуй гэмт хэрэг харанхуйд сэм үйлдэгдсэн байдаг. Хэдэн сая Литвичүүдийг харь газар цөлж, зуу зуун мянган Польшийг хядаж, Крымийн Татаруудыг аймаглан устгасан хэргүүд цөм хүн төрөлхтний ой санамжид хадагдан үлдсэн боловч тэр бүхнийг нотлох баримт үлдэж хоцроогүй болохоор эдгээр цуст яргалал огт үйлдэгдээгүй хэмээн тооцогдох өдөр хэзээ мөдгүй ирэх биз ээ. Харин 1968 онд Чехословакийг эзлэн түрэмгийлснийг гэрчлэх хөдөлшгүй баримт болох зураг, бичлэгүүд дэлхий даяар түгэж архивлагдан үлдсэн юм …

… Хар багаас мэддэг төрөлх хэлээрээ ярьж, найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийнхэнтэйгэн эх орондоо байгаа хүн өндрөөс уналаа ч дор нь тор тосож байдаг бол харь оронд амьдарна гэдэг унах л юм бол бяц үсрэх нарийхан олсон дээр тэнцвэрээ олж ядан тогтохтой л адил юм …

… Хүчтэй нь доройгоо хаяж зүрхлэхгүй болтлоо сул дорой болсон бол дорой нь хүчтэйгээ орхиж явахуйц хүчтэй байх учиртай …

… Энэ зууны эхэнд нэгэн яруу найрагч амьдардаг байжээ. Яруу найрагч насан буурал болж өтөлж хөгширсөн тул гудамжаар явахдаа ч шавиа дагуулан хань бараа болгоно. Нэг өдөр шавь нь “Багш аа, Тэнгэр өөд хар даа. Манай хотын дээгүүр анх удаа онгоц нисэж байна” гэтэл өвгөн яруу найрагч газар ширтсэн чигтээ “Надад өөрийн гэсэн онгоцны зураг бий” гэсэн гэдэг …

… Хайр дурлал гээч тухайн хүний нийгмийн амьдралын тусгал бус харин бүр эсрэгцэл байдагт гол учир байна. Дурлалт хүнийхээ дур зоргод сайн дураараа захирагдана гэсэн үг …

… Хүн өөрийн хүслээр сонгоогүй зүйлийнхээ алдаа оноонд хариуцлага хүлээх албагүй …

.. Эцэг нь тэднийг хаяж явсан өдөр Франц ээжтэйгээ цуг хот оржээ. Гэрээс гарахдаа ээж нь гутлаа буруу харуулаад өмсчихсөн байхыг хүү анзаарчээ. Хүү ээждээ гутлаа буруу өмссөнийг нь хэлж өгмөөр байвч гомдоочих вий гэхдээ яах учраа мэдэхгүй баахан тээнэгэлзэв. Тиймээс ч Франц хоёр цаг гаруй ээжтэйгээ хотоор алхахдаа тувт газар шагайн ээжийнхээ гуталруу ширтсээр явжээ. Франц шаналал гэж юу болохыг бяцхан зүрхэндээ анх удаа бүүр түүрхэн мэдэрсэн нь тэр байв …

… Чимээ шуугианд нэг давуу тал бий. Үгийг нухчин дардаг …

… Европ хэмжүүрээр гоо үзэсгэлэн гэдэг ямагт дэг жаяг байдаг. Тиймээс л бидний (Европ хүмүүсийн) дотор гоо зүйн тогтсон эрхэмлэл, урт хугацааны төлөвлөгөө байнга бэлэн явдаг. Энэ л чанар өрний хүмүүсийг Гот сүм, сэргэн мандлын үеийн нүсэр барилгуудыг бүтээхэд хүргэсэн биз. Харин Нью-Йоркийн гоо үзэсгэлэн тэс өөр мөн чанартай. Санаандгүй чанартай. Чулуун унжлагат агуй шиг хүний албадмал бус хар аяндаа урсах чөлөөт эрчмээс төрөн гарсан. Үзэмжгүй муухай хэлбэр төрх зориудын гоо зүйд баригдаагүй хэр нь онгодоос урсан гарсан яруу найраг мэт давтагдашгүй цоо шинэ орчныг цогцлоодог нь гайхмаар …

… Баян чинээлэг нийгэмд хүмүүс нь улаан гараараа ажил хийх шаардлагагүй болж оюун санааны үйл хэрэгт өөрсдийгөө зориулах болдог. Тиймээс их сургууль олширч, оюутнууд улам ихэсдэг. Оюутнууд эрдмийн зэрэг хамгаалъя гэвэл судалгааны ажил бичих ёстой. Судалгааны ажил нь нарт ертөнц дээрх юу л бол юу байж болох учраас сэдэв хязгааргүй. Тиймээс ч дүүрэн үгтэй, овоолгоотой цаас тоосонд дарагдан архивт хэвтэх нь оршуулгын газраас ч гашуун гунигтай. Тэр цаасан цогцоснууд Залбирлын өдрөөр ч дурсан санах хүнгүй тийнхүү эгнэгт мартагдана. Хэт үйлдвэрлэл, үгийн нуранги, галзуурсан их тооноос болж хэл соёл зугуухан амь тавьсаар байна …

… Биднийг хэн нэгэн ажаад эхэлмэгц бид өөрийн эрхгүй тэр хөндлөнгийн ажигч харцанд тааруулан худал аяглах болдог. Гаднаа ч, дотроо ч бусадтай байна гэдэг хуурмаг амьдрал юм …

… Үнэн хэрэгтээ хамгийн нухацтай асуултууд хүүхэд ч тавьж чадахаар энгийн байдаг. Хамгийн гэнэн асуултууд хамгийн нухацтай байдаг. Эд бол хариултгүй асуултууд юм. Хариултгүй асуулт бол эвдэгдэшгүй хязгаар. Өөрөөр хэлбэл хариултгүй асуултууд л хүний чадвар, боломжийн хязгаарыг тодорхойлж, хүний оршихуйн хилийг тогтоож өгдөг …

… Хүмүүний зовлон бэрхшээлээсээ зугтах гарц нь ирээдүй. Тиймдээ ч цаг хугацааны хэрчмийг таллан хуваагаад зовлон бэрхшээлд нь огт нялзахгүй холхи ирээдүй рүү төсөөллийн шугам татаж, тэнд хүрэхэд л зовлон гачаал нь төгсөнө хэмээн итгэнэ …

… Мэс засалч л анагаахын мэргэжлийг бурхан тэнгэртэй эн зэрэгцэх дээд хүч болгож чаддаг. Хүний тархийг хага цохивол тэр дороо ухаан тавьж амьсгал хураана. Хүн тэртээ тэргүй нэг л өдөр амьсгал хураах жамтай. Аллага Бурхны хэзээ нэгтээ хийж гүйцэлдүүлэх үйлийг үл ялиг түргэвчлүүлж байгаа хэрэг. Аллага Бурхны тооцоонд багтсан нь зайлшгүй ч мэс засал лав Бурхны тооцооноос гадуур зүйл. Арьсаар нямбайлан хулдаж, далдханаа шошголон тамгалж өөрийн гараар нандигнан урласан механизм руу нь хүн зориглон халдана чинээ Бурхан ер санаагүй биз …

… Хүүхэмсэг эрчүүдийг ердөө хоёрхон төрөлд хувааж болно. Эмэгтэй хүн бүрээс зөвхөн өөрт хамаарах мөрөөдлийн бүсгүйгээ хайдаг нэг хэсэг. Эмэгтэйчүүдийн ертөнцийн бүхий л нарийн ширийнийг бодитоор нээх хүсэлтэй нөгөө хэсэг …

… Хүний тархинд сэтгэл татагдаж, зүрх булгилуулсан сайхан бүхнийг алдалгүй бүртгэж байдаг яруу дурсамж гэж нэрлэмээр онцгой хэсэг байдаг биз …

… Хүний амьдрал ганц л тохионо. Тухайн тохиол бүрт хүн ганц л удаа шийдвэр гаргадаг тул шийдвэрээ сайн, муу эсэхийг тодорхойлох боломжгүй. Амьдралдаа гаргасан шийдвэрээ харьцуулж дэнслэх боломжтой хоёр, гурав, дөрөв дэх удаагийн амьдрал гэж үгүй …

… Сэрэл тачаал гээч механизмыг Бурхан өөрийгөө зугаацуулах гэж хүний дотор суулгасан бол хайр бол зөвхөн хүнд л хамаатай Бурханы эрхшээлээс ангид зүйл юм. Хайр бол бидний эрх чөлөө. Хайр “Es mus sein!”-д ч үл захирагдана. Даанч энэ туйлын үнэн биш. Хайр бол Бурхан өөрийн зугаа болгож хүний дотор суулгасан хүсэл тачаал гэгч механизмаас өөр боловч түүнээс салгахын аргагүй юм. Үүнийг аварга том дүүжинт цагны дүүжмэгээс зүүгдэн савлах нүцгэн хүүхэнтэй зүйрлэж болно. Хайрыг хуял тачаалтай холбосон нь Бурханы хамгийн галзуу санаануудын нэг биз гэж Томас бодов …

… Платоны “Симпозиум”-д гардаг алдартай домог: Хүн эхлээд хос эрхтэнтэй байжээ. Бурхан хүнийг эр эмээр нь салгаад таллан хуваачихаж гэнэ. Түүнээс хойш хүн биеийнхээ нөгөө талыг хайн хорвоогоор нэг хэрэн бидрэх болсон юм гэдэг. Хайр бол нэгэн биеийн нөгөө талаа эрж олох хүслэн юм …

… Алга урвуулахын төдийд орвонгоороо эргэдэг хүмүүний оршихуйн эмзэг чанарыг эрх дарх, дорой байдал, аз жаргал, гуниг зовлонгийн дунд тэлчлэн тарчлагч Яковоос (Сталины хүү) илүү мэдэх хүн үгүй биз ээ …

… Гаднаа таатай худал. Дотроо таагүй үнэн …

… Хүн болгонд л өөрийг нь анхаарч харах хэн нэгэн хэрэгтэй байдаг. Ямар байдлаар анхааралд өртөхийг хүсч буйгаар нь хүнийг дөрөв ангилж болох юм.

Эхнийх нь тоймгүй олон харц өөр дээр нь тусч байхыг, өөрөөр хэлбэл олон нийтийн анхааралд өртөхийг хүсэгчид юм …

Удаах нь тоймгүй олон танил харц өөр дээр нь тусч байхыг, өөрөөр хэлбэл танилуудынхаа анхааралд өртөхийг хүсэгчид юм … Эд бол олон нийтийн анхааралд өртөхгүй бол амьдралынх нь гэрэл гэгээ бөхсөн мэт уйтгарлан шаналдаг эхний ангилалын хүмүүсээс хувь илүү баяр жаргалтай. Эхний ангилалынханд үзэгчээ алдах аюул ямагт заналхийлж байдаг бол танил харцаар хүрээлүүлж байдаг хоёр дахь ангилалынханд ийм зовлон үгүй …

Гурав дахь ангилалд хайртай хүнийхээ анхаарлын төвд ямагт байхыг хүсэгчил багтана. Эдний нөхцөл байдал гэвч эхний ангилалынхантай адил аюултай. Нэг л өдөр хайртай хүн нь харц буруулахад амьдрал нь тэр чигтээ пад харанхуйлдаг …

Сүүлийн дөрөв дэх ангилал тун ховор тохиолдоно. Энэ төрөлд бодит бус төсөөллийн харцан дор амьдрахыг хүсэгчид багтдаг. Тэд бол мөрөөдөгчид …

… Юу хийснээ ойлгож ухаараагүй хүнийг шийтгэх нь балмад явдал …

… Үйлдлийг нь бус хүнийг нь энэрч өршөө …

… Бурхан үнэхээр алив адгуус амьтныг эрхшээн захирах эрхийг хүнд шагнасан эсэхийг магадлах аргагүй. Үнэндээ хүн өөрийгөө үнээ, морь тэргүүтнээс дээгүүр тавьж тэднийг түрэмгийлэн захирах ихэрхүү шуналаа л цагаатгуулах гэж Бурханыг бүтээсэн байж мэднэ …

… Хүн хоорондын харилцааны аль хэсгийг хайр, жигшил, нигүүлсэл, үзэн ядалт зэрэг сэтгэл хөдлөл удирдаж, аль хэсгийг мөнхийн эрх ашиг урьдаас дархлан тогтоож байдгийг ялгахад бэрх аж.

Юугаар ч болов барьцаалж шамдуулах зүйлгүй эрх хүчгүй бодгальд гаргаж буй эрхэм сайхан чанар л аргагүйдэл, зулгуйдал бус чин сэтгэлийн үнэн байх боломжтой. Тэгвэл ухаант хүн төрөлхтний эрхэм ёс суртахууныг өөрөөс нь эрх хүчээр дутуу адгуус амьтанд хэрхэн хандаж буйгаар нь шалгаж болно. Даанч эл сорилтонд хүн төрөлхтөн хэзээнээс бүдэрсээр ирсэн түүхтэй …

… Айдас гэдэг бол гэнэтийн цочирдлын үр дүн, таг сохроор тэмтчин туулж буй цаг хугацаа чинь юм. Айдаст гоо сайхны өчүүхэн хэлтэрхий ч үгүй. Айдас нөмрөхөд урд хүлээн буй учир битүүлэг үйл явдлын цоргисон хурц гэрэл л нүд гялбуулна. Харин гуниг гэдэг хүлээн буй үйл явдлыг тааварлан мэдэж буй хүний л мэдрэх зүйл …

… ГУНИГ БОЛ ХЭЛБЭР, АЗ ЖАРГАЛ БОЛ АГУУЛГА. АЗ ЖАРГАЛ ГЭЭЧ ГУНИГ ГАНСРАЛЫНХАА СУЛ ОРХИСОН ЗАЙГ ДҮҮРГЭН ОРШИХ БУЮУ …

Ari, 2017.08.30

--

--