Тэмдэглэл: С.Эрдэнэ “Сарны сонат” өгүүллэгийн түүвэрээс

Ari
2 min readJul 26, 2017

--

20-р зууны Монголын нэгэн суут зохиолч, төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуай нийтдээ хориод тууж, хоёр зуу гаруй өгүүллэг, гурван роман, арав шахам жүжиг, кино зохиолууд, зуу гаруй найруулал тэмдэглэл, зураглал, уран зохиолын тухай бодол эргэцүүлэл өгүүлэл хэвлүүлсэн байна.

Түүний энэхүү түүвэрт Ихрийн өрөөсөн, Хайрын сэтгэл, Амьдралын сургамж, Илүү гэр, Сайн үүлдэр, Шагнал, Сүүлчийн нислэг, Тал, Сарны сонат, Хувилгаан, Занга, Эзэн, Төмөр Чулуун хоёр, Ихэр толгодын дунд, Халуун өдөр, Эх, Атаархал, Оюундарь, Өндөр даваа, Эр хүн, Нутгийн салхи юу шивнэв, Залуу насны намар гэсэн 22 өгүүллэг багтжээ.

… Авъяас, гоо үзэсгэлэн хоёр нэг хүнд тэгш заяагдах нь ховроос сэтгэлийн зөрчил бухимдал тэр ч байтугай эмгэнэлт явдлын шалтаг болдог …

~ “Сарны сонат” өгүүллэгээс

… Үзэсгэлэн төгөлдөр байгаль дэлхий үг хэлгүй атлаа сэтгэлийн буданг арилгах увдисын их хүчтэй билээ …

~ “Эх” өгүүллэгээс

… Зам бол хэзээд газар, хүн хоёрын барилдалгаа юм. Зам харгуй заавал нэг юманд хүргэнэ. Танил зам гэдэг танил нөхөр шиг түшигтэй, итгэлтэй. Тэгэх тусмаа төрсөн нутгийн зам, хар багаасаа шороогий нь хөдөлгөсөн зам гэдэг зүрхийг чинь сүлбэж гарсан байдаг ажээ …

~ “Нутгийн салхи юу шивнэв” өгүүллэгээс

… Аль ч үед, хаа ч газар уран бүтээлчдийн онгод гэгч тэдүйл ойлгомжгүй зүйл байгальтай холбоотой болуу гэж бодогдом байдаг. Аль ч үед хаа ч газар уран бүтээлчдийн онгод гэгч нутаг санах өвчнөөс юм уу идиллия гэгч онгон байгалийн дунд амьдрах хүслэнгээс төрсөн билээ. Би үнэндээ тийнхүү онгод горьдож нутагтаа очоогүй боловч мөнөөхөн өвчний хувьд гэвэл нас ахих тусам байн байн хөдөлдөг болжээ …

~ “Нутгийн салхи юу шивнэв” өгүүллэгээс

Дагестаны яруу найрагч Расул Гамзатов залуудаа Шамилийг зэмлэсэн үг хэлчихсэнийхээ төлөө хожим “Сэтгэл зүрх минь ууланд” гэдэг найраглалдаа “сүнснээс нь” өршөөл гуйсан байдаг.

… Тэр зүүнтэй Дарханы зуслангийн буурь байна. Миний арван хэдэн настай амьдралын замаа эхэлж байхад Дархан өөд болсон билээ. Түүний дүрийг бодож байж “Диваажинд хүрэх оньс”-ыг би бичсэн юм ... С.Э

~ “Нутгийн салхи юу шивнэв” өгүүллэгээс

Ari, 2017.07.26

--

--