Таныг баян болгох хөрөнгө оруулалтууд

Iderbat
5 min readDec 24, 2023

--

Өнгөрсөн долоо хоногт бид луйвар, тэдгээрийг хэрхэн илрүүлэх талаар ярилцсан. Тэгвэл өнөөдөр бага хэмжээний мөнгийг их хэмжээний мөнгө болгох потенциалтай хөрөнгө оруулалтуудын талаар ярилцъя.

Ямар компани ийм гайхамшгийг бүтээдэг вэ?

Автомашиныг зохион бүтээсэн түүхийг тантай хуваалцъя.

Машин зохион бүтээгдэхээс өмнө хүмүүс ямар унаатай болохыг хүсдэг байсан бол? Морь. Аж үйлдвэрийн хувьсгал явагдаж, орлого нэмэгдэхийн хэрээр илүү олон хүмүүс морь худалдаж авах боломжтой болсон. 1800-аад оны сүүл гэхэд морь худалдаж авах боломжтой бараг бүх хүн морьтой болсон байв. 1894 оны Лондон хотын зураг дараах байдалтай харагдана:

Гэтэл морь гэдэг тийм ч сайхан санаа биш байв. Томоохон хотууд адууны өтөг, бууц, сэг зэмд живж эхлэв. Хьюстон (АНУ) хотыг бүхэлд нь бүрхсэн адууны хаягдлыг цэвэрлэхээс өмнөхболон дараах зургийг доор харуулав. Зуны улирал бүр ч аймшигтай, хот даяар эвгүй үнэр, шавж, өвчлөл тархдаг байв.

Харамсалтай нь энэхүү асуудал жил ирэх тусам улам дордсоор байлаа. Манай Улаанбаатар хотын түгжрэл, утааны асуудалтай адил… Тийм ч учраас энтрепренерууд асуудлыг шийдвэрлэх ажилдаа оров. Инженерүүд болон маркетерууд унадаг дугуй, уурын хөдөлгүүртэй тэрэг, улмаар машин зэрэг санаануудыг зохион бүтээсэн эсвэл тэдгээрийг илүү сайжруулсан. Үүсгэн байгуулагчид бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулахад хэн ч тэдний шинэ бүтээл нь морийг орлож чадна гэдэгт итгээгүй юм. Олон нийт энэхүү санааг хэт сонин, хэт амбицтай гэж хүлээн авсан. Эсвэл тухайн үед хүмүүс морийг орлох боломжтой гэдэгт итгэдэггүй байсан байх.

Цахилгаан машины хувьд ч үүнтэй яг ижилхэн зүйл тохиолдсон. Батарейгаар ажилладаг машин бүтээх боломжтой гэдэгт хүмүүс итгээгүй. iPhone-д ч мөн ижил зүйл тохиолдсон. Гар утас ямар ч товчлуургүй, бүтэн дэлгэц хэлбэрээр ажиллана гэдэгт хүмүүс итгээгүй. Youtube-д ч үүнтэй ижил зүйл тохиолдсон. Хүмүүс өөрсдөө бичлэг хийж, хэдэн мянган үзэгчдэд хүргэх боломжтой гэдэгт хэн ч итгээгүй.

Нэгдүгээрт, аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь түймэр мэт тархаж амжилтад хүрэхийн тулд компанийн үүсгэн байгуулагч нь бараг хэн ч итгэхээргүй алсын хараатай байх ёстой. Хэрэв тэдний санаа хүн бүрд ойлгомжтой энгийн байсан бол өөр хэн нэгэн тэр санааг аль хэдийн гаргачихсан байх байсан.

Хоёрдугаарт, үүсгэн байгуулагчид тэрхүү алсын хараагаа бодит болгох тэсвэр тэвчээр, чадвартай байх ёстой. Ихэнх хүмүүс замынхаа голоос хаядаг. Тэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ эхний эсвэл хоёр дахь хувилбарыг зах зээлд гаргачхаад бууж өгдөг. Сүүлийн 10 жилийн хугацаанд бид ЛэндМН, Томёо, Автамата, Ондо гэх мэт олон “шинэлэг” компаниудыг харсан. Эдгээр компанийн үүсгэн байгуулагчид бүтээгдэхүүнийхээ эхний эсвэл хоёр дахь хувилбарыг гаргачхаад гацах эсвэл нэг хивэндээ үлдэх эрсдэлтэй, учир нь хэд хэдэн тэрбум төгрөг олчихсон учраас “сэтгэл нь ханах”, эсвэл тэр том төсөөллөө бодит болгохоос залхах магадлалтай. Анхны машиныг зохион бүтээсэн инженер, зохион бүтээгчдийн ихэнх нь бууж өгсөн. Тэд алсын хараагаа бодит болгохын тулд 20 гаруй жилийг зарцуулсан. Яагаад? Учир нь бодит ертөнцийн эсрэг тэмцэж, шинээр бүтээнэ гэдэг хэцүү.

Миний хувьд ч мөн адил Автамата дээрээ яг ижил асуудалтай тулгарч байна. Би үндсэндээ хөрөнгө оруулалт хийхийг, хуримтлал үүсгэхийг хүсдэггүй, чаддаггүй, эсвэл боломжгүй гэж хэлдэг 3 сая хүнийг хөрөнгө оруулалт хий гэж итгүүлэхээр хичээж байна. Энэ бол хэцүү, бас ядаргаатай ажил, мөнгөө хэмнэхийг хүсдэггүй хүнийг хэмнэ гэж итгүүлэхээс илүү ашигтай хэдэн зуун бизнес бий.

Гэтэл нөгөөтэйгүүр аймшигтай том алсын хараатай, түүндээ хүрэх тэсвэр тэвчээртэй хүмүүс бий. Юу ч болсон зорилгодоо хүрэхээр үргэлжлүүлж чадах тийм хүмүүс… Тэдний нэг бол Тесла компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Элон Маск юм.

Та одоо “Теслад хөрөнгө оруулалт хийхэд хэтэрхий оройтсон, галт тэрэг аль хэдийн хөдөлсөн!” гэж хэлэх байх.

“Time to Die” номынхоо 394-р хуудсанд би Тесла дээр хийсэн үнэлгээгээ танилцуулсан байгаа. 2023 оны 7-р сард (5 сарын өмнө) өөрт байсан мэдээлэл дээрээ үндэслэн Теслагийн нэгж хувьцааны үнэ 422–623 доллар байх ёстой гэж дүгнэсэн.

Өнөөдөр Теслагийн 1 ширхэг хувьцаа ямар үнэтэй байна вэ?

Та өнөөдөр Tesla компанийн нэгж хувьцааг 252 доллароор худалдаж авах боломжтой.

Сарын өмнө Илон Маск хамгийн сүүлийн үеийн санхүүгийн мэдээлэл, ирээдүйн талаарх төсөөллөө танилцуулсан. Тухайн шинэ мэдээлэл дээр үндэслэн би үнэлгээгээ шинэчлэх ёстой болсон ба нэгж хувьцааны үнэ 700 долларыг давсан харагдаж байна. Ирэх долоо хоногийн имэйлээрээ би хэрхэн энэ тооцооллыг хийснээ тантай хуваалцах болно.

Тэгвэл өнөөдрийн имэйлээс та юуг ойлгох ёстой вэ? Би таныг Tesla-д хөрөнгө оруулалт хий гэж ятгахаар хичээж байна гэж үү?

Үгүй. Учир нь Tesla-д хөрөнгө оруулах нь эрсдэлтэй. Хэрэв Элон Маскт ямар нэгэн зүйл тохиолдвол компани байдаг л нэг энгийн компани болох эсвэл бүр устан үгүй болох магадлалтай.

Миний танд хэлэх гэж буй санаа бол:

1. Агуу хөрөнгө оруулалт, алсын хараатай үүсгэн байгуулагчдыг олох хэцүү.

2. Алсын харааг ойлгож, түүнд итгэх бүр ч хэцүү. Та тэднийг галзуу гэж дүгнэх магадлалтай.

3. Эцэст нь алсын хараатай үүсгэн байгуулагчтай агуу компанид хөрөнгө оруулалт хийх боломж олдвол та: “Хэтэрхий үнэтэй, хэтэрхий эрсдэлтэй юм байна” гэж хэлэх байх.

Тиймээс ихэнх хүмүүс гайхалтай хөрөнгө оруулалтыг тодорхойлж чадахгүй. Тэд гайхалтай хөрөнгө оруулалтыг олсон ч энэ нь тэдэнд хэтэрхий үнэтэй, хэтэрхий оройтсон эсвэл хэтэрхий эрсдэлтэй санагдана. Үүний шийдэл юу вэ? Энгийн: Хөрөнгө оруулалтын гайхалтай боломж хайхын оронд сайн боломжийг олох. Монголын хөрөнгийн бирж дээр хямд үнэлгээ бүхий 3–4 компани бий. Гэсэн хэдий ч та “Энэ сайн компани байна!”, “Энэ хямд хувьцаа байна!” гэж хэлэхийн тулд эхлээд компаниудыг үнэлж чаддаг байх ёстой. Үүнийг хийхийн тулд та санхүүгийн тайланг уншиж сурахаас гадна үнэлгээ хийж чаддаг байх ёстой. Миний хамгийн сүүлд бичсэн “Time 2 Die” номын 162-оос 396-р хуудсанд энэ бүхнийг заасан байгаа. Энэ бол 234 гаруй хуудас мэдлэг юм.

Ямар ч байсан! Ирэх долоо хоногт уулзацгаая.

Дараагийн имэйлээрээ та бүхэнд компанийг хэрхэн үнэлэхийг харуулахаас гадна Тесла, Майкрософт, Хаан банкны үнэлгээг хийж өгөх болно. Мэдээж үнэгүй!

Хэрэв та “Time 2 Die” номыг захиалахыг хүсвэл дараах холбоосоор захиалаарай.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdFzKXQx8bkyLTf6HJoDTy76lkROVTT-FMZN1u7LUm5itvZ9g/viewform

Шинэ жилийн хямдрал 6 хоногийн дараа дуусна гэдгийг мартав аа!

--

--