Хаан Банкны хувьцааны үнэлгээ хэд байх ёстой вэ?

Iderbat
3 min readNov 26, 2023

--

Амралтын өдрийн мэнд!

Өнөөдөр миний санхүүгийн сургалт дээрээ ярьсан сэдэв бол “Хаан банк”. Хаан банкны хувьцааны үнэлгээ хэд байх ёстой вэ? Хувьцаа арилжаалагдах хамгийн тохиромжтой үнэ хэд вэ?

Эдгээр асуултад хариулахын тулд эхлээд хүмүүсийн хөрөнгө оруулалт хийдэг шалтгааныг тайлбарлах ёстой. Хөрөнгө оруулалт гэдэг өөрт байгаа мөнгийг маргааш зарцуулахын оронд хаа нэгтээ байршуулаад (хөрөнгө оруулалт хийх), ирээдүйд илүү арвин болно гэж найдах үйлдэл юм. Ирээдүй хол байх тусам илүү их мөнгөтэй болно гэж хүлээнэ.

Ерөнхийдөө та ирээдүйн орлогоо өнөөдөр худалдаж авч байна гэсэн үг.

Ихэнх хүмүүс мөнгөө хадгаламжид хийдэг. Та хадгаламжаас хэр их мөнгө хүлээн авах вэ? Жилд 13 орчим хувийн хүү. Хэрэв та банканд 100 төгрөг хийвэл нэг жилийн дараа 113 төгрөгтэй болно.

Энгийнээр хэлбэл: Та 1 жилийн хугацаанд банканд 100 төгрөг төлж, хариуд нь 13 төгрөг хүлээн авах юм. Хэрэв бид 100 төгрөгөө 13-т хуваавал үнэ ба ашгийн харьцаа (1 төгрөгийн өгөөж хүртэхийн тулд хэр их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй вэ?) гарна. 13 хувийн хүүтэй хадгаламжийн дансны тооцоолол дараах байдалтай байна 100/13 =7.69. Тэгэхээр та 1 жилийн дараа 7.69 төгрөг тутамд 1 төгрөгийн хүүгийн өгөөж хүртэх нь.

Хаан банкны нэгж хувьцаа хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Одоогийн байдлаар 1100 орчим төгрөг байна. Энэ жил хэдий хэмжээний ашиг олох бол? 570 орчим тэрбум төгрөг. Хаан банкны НЭГ ШИРХЭГ ХУВЬЦААНЫ бодит үнэ цэнийг тооцохын тулд 570 тэрбум төгрөгийг нийт 1.9 тэрбум хувьцаанд хуваах ёстой. 2023 онд Хаан банкны нэгж хувьцаа бүр танд 300 орчим төгрөгийн ашиг өгнө.

Тэгэхээр Хаан банкны үнэ ашгийн харьцаа 1100/300 = 3.66. Та компанид хөрөнгө оруулсан 3.66 төгрөг тутмаас 1 төгрөгийн ашиг олно гэсэн үг.

Гэхдээ энэ нь та оны эцэст 3.66 төгрөгийн ногдол ашиг хүлээн авна гэсэн үг үү? Үгүй.

Яагаад? Учир нь ХААН банк ирэх жил илүү их ашиг олохын тулд энэ жилийн ашгаараа өөртөө дахин хөрөнгө оруулалт хийх болно (Та ч гэсэн хүсэхгүй байна уу?).

Тэгэхээр Хаан банкны хувьцааг хадгаламжийн данстай харьцуулвал: Хадгаламжийн данснаас 2 дахин илүү ашигтай.

Мөн Хаан банкны ашиг ирэх онд дахиад өсвөл юу болох вэ? Хувьцааны үнэ илүү хямдхан, хямдхан, бас дахин хямдхан болно.

Өнөөдрийн имэйлээрээ хувьцааг үнэлэх маш энгийн аргыг тайлбарлалаа. Бид хялбархан аргаар харьцуулалт хийж Хаан банкны хувьцаа хадгаламжийн данснаас 2 дахин хямдхан байгааг олж мэдсэн. Та хадгаламжийн дансанд ХОЁР дахин их мөнгө байршуулж байж л Хаан банктай ижил ашиг олно. Та Хаан банканд байршуулсан 1000 төгрөгөөс олох өгөөжөө хадгаламжид дансанд 2100 төгрөг хийж байж л олох боломжтой.

Тэгвэл ХААН банкны хувьцааны бодит үнэ хэд байх ёстой вэ? Лав 1100 төгрөгөөс илүү үнэтэй байх нь гарцаагүй. Хадгаламжийн дансны өгөөжтэй харьцуулбал нэгж хувьцааны доод талын үнэ 2200 төгрөг байх ёстой (ирэх жил ашгаа нэмэгдүүлнэ гэсэн таамаглалыг бодолцон үзэлгүйгээр).

2023 оны ХААН Банк надад 2012 оны Говь, 2018 оны Апу шиг мэдрэмж өгсөөр байна, компани хувьцааныхаа үнийг өсөхийг хүлээгээд л суухад л хангалттай.

Ямартай ч өнөөдрийн имэйл ингээд дууслаа.

Хөрөнгө оруулалтын талаар уншсанд баярлалаа, дараагийн ням гарагт уулзъя.

--

--