Миний 2024 оны зорилго — Харин таных юу вэ?

Iderbat
3 min readDec 31, 2023

Шинэ он гарахад хэдхэн цаг үлджээ. Тиймээс хамтдаа 2024 оны зорилгоо дахин нэг санацгаая.

Миний 2024 оны зорилго — Харин таных юу вэ?

Би бурхны бэлгийг авч төрсөн, үүгээрээ бас хараагдсан. Би аливаа зүйлийг маш хурдан сурч ойлгодог, бүр бага байхаасаа л сургууль, компьютер тоглоом, шинэ ур чадвар гээд бүхий л зүйлс дээр найзуудынхаа дунд хамгийн шилдэг нь байдаг байлаа. Энэ бол надад заяасан бэлэг, гэхдээ бас миний хараал. Би юу ч хийсэн, юу ч оролдсон маш хурдан үр шимийг нь хүртдэг хүүхэд байсан ч үүнээс болж тархи, зан чанар, бүхий л сэтгэл зүй маань хурдан үр дүн гэдэг ойлголтоор хордсон юм.

Бусад найзууд маань надтай ижил үр дүнд хүрэхийн тулд ширээн дээр суугаад, хичээлээ хийж, хичээх шаардлагатай болдог. Энэ бол тэдний хараал, гэсэн ч мөн тэдний шагнал…

Би Apex Capital-ийг 2018 онд эхлүүлж байв. Өдөр бүр, долоо хоног бүр, цагийн хуваарь дээрх боломжтой бүхий л цагуудад харилцагчидтай уулзаж, арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Гэсэн ч энэхүү ажлын үр дүн миний бодож байсан шиг хурдан ирсэнгүй, миний хордсон тархинд дасал болсон шиг хурдан байсангүй. Тархи минь шал өөр зүйлд дассан байв: Хормын дараах үр дүн. Би бодохдоо харилцагчидтай уулзалт хийж дуусмагц тэд хөрөнгө оруулалт хийж, компанид хурдан мөнгө орж ирнэ гэж итгэсэн. Гэтэл бизнес гэдэг компьютер тоглоом, сургууль эсвэл шинэ ур чадвар эзэмшихээс шал өөр зүйл гэдгийг хэн ч надад хэлээгүй байж.

Тиймээс миний тэвчээргүй зан өөр зүйл туршиж үз гэж намайг ятгав. Урт түүхийг товчилбол: Би шинэ зүйл эхлүүлж, хэн нэгэнд сургууль бүтээн байгуулахад нь тусалсан, тусалсан хүн маань 10 гаруй тэрбум төгрөгөөр ард түмнийг залилсан.

Намайг багшилж, сургууль бүтээн байгуулж, таны хэлдгээр “influencer/нөлөөлөгч” болоод явж байх үед Апекс Капитал өсөж, бас дахин өссөөр байв. Компанийн жилийн ашиг 800 гаруй сая төгрөг, дараа жил нь 1.2 тэрбум төгрөг, тэгээд гэнэт л 2 тэрбум төгрөгийг давсан. 50,000 гаруй харилцагчтай, хамгийн хурдтай өсөж буй, хамгийн ашигтай брокер болжээ.

Үүнээс би ямар сургамж авсан бэ?

Сайхан бүхэн цаг хугацаа шаарддаг.

Үйлдэл бүрийг үргэлж үр дүн дагадаггүй.

Итгэлцэл, нэр хүнд гэдэг зүйлийг хэдхэн сарын дотор биш хэдэн арван жилийн турш бий болгодог.

Нэр хүндийг хоромхон зуур нураан унагааж болдог, ялангуяа таны хамт ажилладаг хүмүүс.

Үйлчлүүлэгчдэдээ олон жилийн турш тусалж, асуудлыг нь шийдэж өгч, хэдэн мянган жижиг алхмуудын хийсний дараа л үр дүн харагддаг.

Автамата — Тэсвэр тэвчээрийг шалгасан нь

Бид Avtamata аппликейшнийг бүтээхэд 2 жил гаруйг зарцуулсан. Яагаад? Яагаад гэвэл ийм аппликейшн Монголд байгаагүй, хуулийн зохицуулалт бэлэн болоогүй, банкнууд миний юу хийх гээд байгааг ойлгоогүй, зарим бизнесийн түншүүд маань хүртэл эргэлзэж байсан. Энэхүү 2 жилийн хугацаа надад үүрд мөнх мэт санагдаж (над шиг тэвчээргүй хүнд) байсан ч 2022 оны 8-р сард бид аппликейшнээ амжилттай зах зээлд гаргаж чадсан.

Дахиад л… Эхний хэдэн сар бараг хүн бүртгүүлээгүй. Зарим хүмүүс бүртгүүлж, хөрөнгө оруулалт хийсэн ч долоо хоног, сарын дараа мөнгөө буцааж авахыг хүссэн. Энэ бол миний хордсон тархийг, Apex компанийн хамтран үүсгэн байгуулагчдыг дахин нэг удаа шалгаж үзсэн үйл явдал байв. “Бидний энэ том амбиц хэзээ нэгэн цагт биелэх болов уу?” хэмээн үүсгэн байгуулагчид эргэлзэж эхлэв… Гэхдээ би өмнө нь алдаа гаргаж үзсэн, энэ бол миний бэлэг.

Би өөрийгөө тэвчээртэй байх ёстойг мэдэж байсан. Үүнээс хойш 1 жил 4 сар өнгөрчээ, манай Автамата аппликейшн гайхалтай сайн ажиллаж байна. Хүмүүс шинэ бүтээгдэхүүнд дасаж, хуримтлуулах зуршилтай болж, зарим нь тэвчээртэй байж, цалингийнхаа багахан хэсгийг тогтмол хэмнэж байсныхаа үр шимийг хүртсээр байна, харилцагчид маань талархсан сэтгэлээ илэрхийлж манай баг хамт олонд, надад талархлын мессежүүд илгээсээр байна.

Тиймээс миний 2024 оны гол ЗОРИЛГО: Тэвчээр.

Ирэх жил би ганцхан зүйлийг хийх болно: 2022, 2023 онд хийж байсан зүйлээ үргэлжлүүлэн хийх. Би сургалтуудаа үргэлжлүүлэн сайжруулна. Би контентоо үргэлжлүүлэн сайжруулна. Би хүмүүст хадгаламж, хөрөнгө оруулалт хийх зуршилтай болоход нь үргэлжлүүлэн туслана.

Танд шинэ жилийн мэнд хүргэе! Гэвч үүнээс илүүтэйгээр одоо хийж буй зүйлээ үргэлжлүүлэн хийхийн төлөө тууштай, тэвчээртэй байхыг хүсье, учир нь тодорхой зүйл бол: Үр дүн нь ирнэ.

Дараа жил уулзацгаая!

--

--