Би өнөө “Жокер” үзсэн хамгийн сүүлчийн хүн байна өө

ИНЭЭМСЭГЛЭХЭЭ БИТГИЙ МАРТААРАЙ
Инээмсэглэл бол бидний нэрийн хуудас. Гэхдээ хүн хэзээ ч чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаагүй. Зөвхөн тухайн нөхцөл байдлаас шалтгаалж л инээмсэглэх учиртайг ойлгодог. Инээж буй хүнийг хараад аз жаргалын гормоноо бусаддаа түгээдэг гэдэг бол зүгээр л бусдыгаа инээлгэх гэсэн тэнэг санаа. Хэн нэгэнд таалагдах гэж дүрд орж буй хэлбэр. Угтаа бол хэн нэгний яагаад инээж буй нь та бидэнд огтоос падгүй. Учир нь хүн бүр өөр өөрийн амьдралын зам мөртэй.

Бид бүхэн “бусдын” амьдралаар амьдраагүй. Тэд ч бас бидний амьдралаар амьдраагүй.
Нэгнээ шүүн тунгаах, зөв бурууг тохох талаар ч бодоод нэг их хэрэггүй. Угаасаа ч утгагүй. Та юу мэддэг гэж, бусдыг өөрөөсөө дорд үзэж, хэн нэгний хамгийн том мөрөөдлөөр өөрийн од болох гишгүүрээ хийх ёстой гэж.
Зүгээр л бид нэгнээ хүн байх талаас нь биш. Амжилт өөд алхахад хэрэглэдэг нэг шатаа л болгочихож. Би л дээшээ гарч байвал, бусад нь доошоо унах нь хамаагүй. Учир нь тэр унаж буй нөхөд бол миний өндөрт гарсан арга хэрэгсэл.

БИТГИЙ ИНЭЭМСЭГЛЭ
Нийгмийн харилцаанд оролцохдоо бид ямар нэгэн байдлаар бусдыг хүндэтгэн үзэх, нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих үндсэн дүрэмтэй. Тэр дүрмийн дагуу амьдрал үргэлжилдэг. Хүн угаас өөрт үнэ цэнтэй гэж бодсон зүйлдээ л хамаг цаг хугацаа, бүхнээ зориулдаг. Аа гэвч, бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс бий. Тэд ихэвчлэн “өглөгч хүн өөрт хоосон” гэдгийн адил дээшлэх ч үгүй, доошлох ч үгүй яг байрандаа зогссоор л.
Тэд чамайг өглөө эрт сэрдэг юм байна, гоё ном уншдаг юм байна, сайхан кофе уудаг юм байна, амттай жигнэмэг иддэг юм байна” гэж бодлоо гээд чамд юу өөрчлөгдөнө гэж. Чамайг бусад хүмүүс мундаг, ухаантай хүн шүү гэж хараад чамд юу өөрчлөгдөнө гэж? Бусдын үнэлэмжээр бууз, хуушуур авч идэхгүй шүү дээ.
Хамгийн энгийнээс л эхэл. Сэрүүлэгний дуугаа үзэн ядан сэрж байж, намайг мөрөөдөл минь сэрээсэн гэж худал ярихаа боль. Зүгээр л хэнд ч харагдахгүйгээр, чив чимээгүйхэн хөдөлмөрлө. Би ийм юм хийж байна, тийм юм хийж байна гэж ярих ямар ч шаардлага байхгүй. Өөрийгөө өөрөө л өөрчил. Өөрийгөө өөрөө хайрла. Өөрөө өөрийгөө урамшуул. Өөрөө өөрийгөө шийтгэ, шагна, бүтээ.
Тиймээс өнгөрсөнд харамсахгүйн төлөө, өнөөдөр амжиж бүтээ, хөдөлмөрлө, дурла, хайрла, хамгаал.
