
Босоорой, Золжаргал аа!
“Босоорой охид оо, 8 цаг болчихсон байна шүү” гэх дуугаар эхний 3 өглөө, “босоорой Золжаргал аа, 8 цаг болчихсон байна шүү” гэх дуугаар сүүлийн 4 өглөө сэрлээ. Эмнэлгийн үнэр, сувилагч нарын зөөлөн өнгөтэй дүрэмт хувцас, хурдан шалмаг хөдөлгөөн, ээлж солихдоо тойрж зогсоод хүүхдүүдийнхээ нас, хэн нь сургуульд орж буй талаар хөөрөлдөх нь чихэнд, нүдэнд, хамранд минь их л танил. Эмнэлэгт анх удаа “хэвтэж” байгаа ч, сувилагчийн охин болохоор тэр л дээ. Энд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд эргэцүүлэх, арай хөгжилтэйгээр хэлвэл “эморох” үе бишгүй л тохиолдлоо.
Хааяа буцаад унтчихсан үедээ эргэж сэрээд “ Юу билээ, би хаана байгаа билээ” гэж зурвас бодогдоод, секунд хүрэхгүй хугацаанд “Эмнэлэгт биддээээээ” гэж санана. Гэрээсээ өөр газар нойр сайнгүй, унших ч юм их болохоор ямар нэг “мөрөөрөө биш” хүнтэй орчих вий гэх айдас төлбөртэй өрөөнд орох гэж байж л бодогдох нь өөртөө ч түвэгшээмээр. Болж өгвөл ганцаараа орчих санаатай. Тэгсэн дуу муутай, зурагт үзэж өдрийг өнгөрөөдөг эгчтэй нэг өрөөнд хуваарилагдаж таарав аа. Анхнаасаа яагаад ч юм тэр өрөө нэг л хүнд оргиод, суух ч, хэвтэх ч, зүгээр тэнд байх ч тухгүй санагдана. Авчирсан унших материалаа мянга эргүүлж тойруулаад ч төвлөрч өгөхгүй, жижигхэн өрөөний будагнаас өөр чимэггүй хананд зурагтны дуу нь хэд дахин чангарч цуурайтах шиг санагдаад улам л давчдаад болдоггүй. Хоол хэдэн цагт өгдөг, эмчилгээгээ хэзээ нь хийдэг, эмээ хэзээ нь авдаг гээд тун “чухал” зүйлсээ мэдээд авлаа, сатаарах гэж тасгийн хонгилд байрлуулсан бүх бичгийг нэг бүрчлэн уншсан хүн надаас өөр нэг их олон бол биш байх.
За энэ байдлаараа яажшуухан 7 хоногийг барна даа ухааны юм бодсон шиг хэвтэж байтал сувилагч эгч гэрэл асаагаад орж ирснээ “Нөгөө охин чинь ирсэн шүү” гэж байна. Өөр өрөөнд орох боломж гарсанд бөөн баяр болсон хэрнээ, за энэ эгчээс маань бүр ч их зурагт үздэг, зожиг занг маань бүр их хөдөлгөх охин байх вий гээд бас эхлээд очиж ярьж үзээд байгаа юм ааааа. Тэгсэн ёстой л өнөө “мөрөөрөө” бололтой, даруухан хэрнээ жоготой инээмсэглэдэг охин байхаар нь “Зурагт хэр их үзэх үү? Цонхоор нь юм харагддаг уу? Энэ хавиар хэр чимээтэй вэ?” гээд л гурван чухал асуултаа ар араас нь дуржигнууллаа. Харваажийн надтай нэг өрөөнд байгууштай хүүхэд байхаар нь баглаад тавьчихсан хувцас хунараа аваад, хуучин өрөөний эгчдээ “Би цонхоор нь юм харагддаггүй өрөөнд тавгүйтээд байдаг юм аа, өөр өрөөнд орлоо шүү эгч ээ” гэж аль болох эвтэйхнээр тайлбарлаад гарахдаа ор тас ч худлаа яриагүй юм чинь гэж өөрийгөө зөвтгөв.
Нэг өрөөнд ороод л өнөө дүү охин маань их сургуульд ороход ямар байдаг, ямар хичээл сонговол зүгээр талаар лавлаж эхлэв. Их сургуульд дөнгөж хөл тавих гэж байгааг нь харахаар хайр хүрмээр ч юм шиг, туслах ёстой гэх сэдэл өөрийн эрхгүй төрөөд байсан юм. Нээрэн л одоо өөрийн толгойгоор амьдрах эхлэл нь тавигдаж байгаа юм байна даа гэж бодогдоно. Би бас ингээд л орж байсан байх, харин Анарзаяа гэдэг содон нэртэй энэ охинтой харьцуулахад би хавьгүй хаагдмал, мэдлэг мэдээлэл дутуу байсан нь эргэлзээгүй.
Орон дээр нь харагдах 2, 3 номыг хараад баярлах шиг, нэг нь бүр Мураками. Эрүүл мэндийн дэвтэр дээр нь “Нас: 17” гэж бичжээ. Надаас 10 дүү юм байна. Миний яг өнөөдрийн энэ насанд ирэхэд Анарзаяад бүтэн 10 жил байна гэж бодохоор их урт хугацаа юм шиг санагдана. “Их л юм үзнэ шүү дээ” гэсэн чинь “Тэгэх байх тэ” гэж байна. Сүрхий амьдралд нухлуулсан ухаантай эмээ шиг л хэлсэн байгаа юм.
Намайг орж ирэхээс өмнө 4 өдөр ганцаараа байхдаа унтаад өглөөний цай, өдрийн хоолноосоо хоцорчихоод, битүүхэндээ гомдмоор санагдсан өдөр байсан гэнэ, хааяа өөртэйгээ ярина ч гэж хэлж байна. Ярилцах тусам миний 17 настай хувилбартай биш, одоо 27 настай Золжаргалын бага хувилбар шиг санагдаж байлаа. Төстэй зүйл маш их, сонирхол адилхан, хоёулаа дуулах дуртай бас айлын бага, бодож сэтгэж байгаа нь ойролцоо. Хамгийн том ялгаа нь Анараа тоондоо сайн, би муу. Эмнэлгээс гарсныхаа дараа чаддаг чаддагаараа буюу би Анараад сургууль хайх, эссэ бичихэд нь, харин Анараа надад насаараа зугтааж явсан тооны хичээлтэй ахин “найр тавин уулзахад” минь туслахаар тохирлоо.
Хаа явсан газраа хүний сайнтай л уулзаж нөхөрлөдөг дөө гэсэн бодол маань ахин нэг удаа батлагдаж байх шиг. Хоёр гэрээс зэрэг эргэлт ирсэн орой бид борцтой шөл, буузаа “нийлүүлэн” идэхийн өмнө зургийг нь авч тэмдэглэхдээ, “Нэг их өлсөж цангаж, мах үзэлгүй хэд хонож зутарсан хүмүүс шиг сүртэй юм болох нь ээ” гээд инээлдэв.

Улсын эмнэлэг ч гэлээ хоолны амт тун дажгүй, цэвэр сайхан орчинтой, сайхан ааштай сувилагч, эмч нартай юм аа. Эмнэлэгт хэвтэнэ, эргэлт авна гэж ийм байдаг юм бий вий гэж бодож суулаа. Гурав хоноод Анараа маань эмнэлгээс гарч, шинэ сургууль, шинэ анги, шинэ амьдралтайгаа уулзахдаа бэлдэхээр явсан юм.
Ганцаараа үлдсэн би чинь бас л “за битгий өөр хүн орж ирээсэй, ганцаараа байвал юмнуудаа сайн уншина даа” гэж бодоостой. Төлбөртэй өрөөний “давуу тал” болох зурагтаа нэг удаа ч асаасангүй. Өмнөх өрөөний эгчдээ би зурагтаа жаахан суллах уу, түр унтраах уу гэж хэлж зүрхлээгүй.
Тэр эгч хөдөө суурьшдаг бололтой. Хөдөөний амьдралд цаг зав гэж юу л их олдоо аж. Үр хүүхэд, хань нөхөр, ахуй амьдрал гээд ингэж өөрийн дураар орондоо хэвтээд, зурагтын сувгаа хүссэнээрээ солин үзэх, хааяа нэг утсаар найз хүүхнүүдтэйгээ ярьж, хүссэн цагтаа унтаж, бэлэн хоол ирэхээр нь зооглоно гэдэг эгчийн хувьд ховор олдох амралт, “me time” буюу ганцхан өөртөө л зарцуулах цаг нь байж болох. Нэг дүү охин орж ирээд л “Эгч ээ зурагтаа унтраая тэгэх үү, ямар аймаар тасралтгүй үздэг юм бэ. Би гэртээ бараг үздэггүй байхгүй юу” гэж айлын эрх хүүхэд шиг тулгахыг хүсээгүй нь тэр. Гэлээ гээд өөрөө бас чанга дуу, тухгүй “агаар”-ыг тэвчээд суухаар тайван хүн биш учраас өрөөгөө солих нь л ганц гарц байсан юм. Өмнөх өрөөний эгч, шинэ өрөөний дүү охин, өрөөгөө сольсон би гэх 3 эмэгтэйгээс үе үеийн онцлог, амьдралын хэв маяг нь тодорхой харагдаж байлаа.
Ер нь хүний аясаар, хэр баргийн зүйлийг тоодоггүй, өөрийнхөө сэтгэл санааг өөрөөсөө л хамааруулдаг болчихвол их зүгээр байх сан гэж бодогдсон, гэхдээ л хүн орж ирээгүйд нь баярласан хэвээр. Ингээд ирэх 4 хоног Анараагийн хэлдгээр бараг өөртэйгээ ярьж, хөгжим тавьж өнгөрлөө, унших, хайх, бичих зүйлсээ ч санаснаас доогуур хэдий ч багахан хэмжээнд амжууллаа. Найз нартаа эмнэлэгт хэвтэж байгаагаа хэлсэнгүй, дор дороо л аятайхан амьдарчих гээд, өөр өөрийн цаг, өөр өөрийн асуудал, өөр өөрийн талбартаа өөрийнхөө л чадал чансаагаар урагш түрж яваа тэднийхээ цаг завыг хугаслах хэрэг алга. Би зүгээр ээ, өвдөж хавдаагүй, ийм учраас хэвтэж байгаа юм аа гээд тайлбарлах ч илүүц. Дэмий сүр бадруулж санааг нь зовооё ч гэж бодсонгүй, эргээрэй гэж байгаа юм шиг, нэг их гавъяа байгуулсан аятай би тэнд хэвтжээнааааа гэх чинь нэг тийм… биш. Зарим нь хэлсэнгүй гээд загнах л байх.
Тариагаа тариулах гээд оочерлож байхдаа сувилагч нарыг, тасгийн өнгө төрхийг их ажиглана. Сувилагч нарын зан ааш нь тариагаа яаж хийж байгаагаас нь ч давхар мэдрэгдэнэ. Ойр зуур ярианы ихэнхи нь их аядуу зөөлөн хэрнээ цоглог, ажилдаа гаршаад бодож биш дадлаараа хийнэ. Өдөр бүр тогтсон хэдэн ажлаа давтан давтан хийдэг хэрнээ яаж ийм баяртай, сэтгэл дүүрэн, сайхан аальтай байдаг юм бол гэж бодогдох үе ч бий.
Энд өнгөрсөн 7 хоногт ээжийнхээ талаар их бодлоо. “Эмнэлэг сайхан шүү дээ” гэж намайг сувилагч нар нь таньтай их л адилхан санагдах юм гэхэд хариулж байгаа нь энэ. Анараа шиг 17-хон насандаа хөл тавьсан эмнэлэгтээ ээж минь 30 гаран жил ажилласан, таван хүүхдээ ч тэнд төрүүлсэн. Одоо дурсаж ярихдаа ч ийн бахдалтай.
Ах эгч бид нар ээлжилж ээжийн ажил дээр их очно оо, хамгийн их цаг өнгөрөөсөн нь магадгүй би байх. Ээж маань хааяа надад сувилагчийн хувцас хуйлж өмсүүлээд, малгай тавиад, өрөөндөө оруулаад суулгадаг байж билээ. Түмний бяцхан мама нар ээжийн маань өрөөнд орж ирээд уйлаад л гарна. Заримдаа ээж нар нь хамт нулимс унагана. Миний ээж бол уйлахгүй ээ, вакцинаа тэр бяцхан судсыг түвэггүйхэн олж хатгаад л хормын дотор хийчихнэ. Би өөрийгөө сувилагчаас ялгаагүй л харагдаж байгаа гэж итгэдэг байлаа, харин зарим ээж нар өхөөрдөөд чихэр өгдөг байсан нь миний буруу бодсоны илрэл байж таарна.
“Ээж нь сайхан буянтай ажил хийж байсан болохоор миний хүүхдүүд сайн яваа байх аа“ гэж ээж хэлдэг юм, тэр нь ч үнэн байх. Тэр жижигхэн мамануудыг ганцхан удаа уйлуулаад, ахиад мянган удаа уйлж, уйлуулж болох байсан зовлонгоос нь гэтэлгэж байсан хүн юм чинь.
“Хүүхэд маань уйлаад л байх юм, яагаад байдаг юм болоо?” гэж зарим ээж нар манай ээжээс асууна аа, тэгэхээр нь “Гүй ээ хүн юм чинь уйлмаар санагдаад л уйлж байхгүй юу” гэнэ. Ээж нар нялх үрээ “Энэ чинь одоо бас тусдаа хүн шүү дээ” гэж бодогддоггүй л байх л даа.
Анх хэвтэх гээд авч явах зүйлсээ бэлдэж байхад ээж нэг их шоколад, чихэр баглаад, нэвт харагддаг торонд хийгээд бэлдчихэж. “Би ийм их чихэр энэ тэр идэж болохгүй шүү дээ ээж” гэсэн чинь “Миний охин наадахаараа эмч, сувилагч нараа дайлахгүй юу даа” гэж байна.
Бага байхад ажлаа тарж ирэхдээ хааяа нэг хаанаас олж авсан юм гэмээр эрээвэр хураавар чихэр, жимс, амттанг нэг хоёроор нь ээж авчирч өгдөг байлаа. Цүнхээ уудлахад нь юу байгаа бол гэж тэрхэн хэдэн секундэд маш их таавар, догдлол явна шүү дээ. Зарим нь хэлбэрээ алдчихсан ирнэ. Миний аманд ортлоо тэр хэдэн амттан ээжийн минь халаас, шүүгээ, цүнхэнд хэдэн цаг болж, ямар зам туулсныг ёстой Балхжав ах бид хоёр таашгүй.
Ээлжинд хонож байгаа сувилагч нарыг харахаар миний ээж бас ингээд л суудаг байсан байх даа гэж бодоод нөгөө олон ширхэгтэй шоколадаараа дайлна. Над шиг л эмнэлэгт хэвтэж буй эмэгтэйчүүд ээжийг маань ингэж дайлдаг байсан нь намайг баясгадаг байсан өнөө хэдэн амттан байсан нь эргэлзээгүй. Тэр үетэй харьцуулахад одоо сувилагч нар арай ажил багатай, олдох амттан ч элбэгтэй болсон байх. Гэхдээ л дайлсан хэдэн шоколад маань энэ сувилагч нарын жаахан хүүхдүүдэд нэг хоёр нь очсон бол болох нь тэр.
Энэ мэтийг бодохоор одоогийн жаахан хүүхдүүд бидэнд хааяа нэг олддог байсан тэр чихрийг ижил хэмжээнд амтархан, нандигнан байж олон хувааж иддэг болов уу? Үгүй л байх даа, тэр нь ч жаахан харамсалтай юм шиг санагдана. Цаг хугацаа өнгөрч, хорвоо дэлхийд юм болгон элбэг болох тусам хүүхдүүдийн ч, том хүмүүсийн ч ингэж нандигнах, таашаах зүйл бага болж байгаа байх гэж бодогдлоо. Энэ нь бас л “эморлын” нэг хэлбэр байж мэдэх юм.
Тариандаа мөн л оочерлож байхдаа тарианаас айдаг охид нүдээ тас аниад өөр тийшээ тэмүүлэх маягтай толгойгоо гилжийлгэх нь инээдтэй санагдахад, аав маань шпризээ хонгондоо зоолгочихоод зугтаж гүйгээд ээжид загнуулж байсан гэх хөгтэй явдал нүдэнд төсөөлөгдлөө. Ер нь аав ээж хоёрын маань нүүр царай, бие галбир, олон янзын ялгаатай ааш зан нь надад яг тэнцүү хуваагдаад ирсэн юм шиг санагддаг даа.
7 хоног өнгөрүүлсэн энэ эмнэлгийн өрөөгөө цэгцлээд гарах дөхөхөд өнөө л дассан мэдрэмж маань төрж байна. Нас явна гэдэг чинь лүд юм аа гэдэг шиг, юм болгонд дасч, юу юугүй л дандаа нулимс гарах гээд байдаг энэ зан хааяа их ядаргаатай. Хүүхэлдэйн кино үзээд уйлна, ээжийнхээ сувилагчийн хувцастайгаа тас тас инээгээд явж байдаг залуухан төрх нь буухаар бас нүдэнд нулимс цийлэгнэнэ.
Яг одоо авах ёстой бичгээ хүлээгээд өрөөнийхөө орон дээр сууж байна. Өглөө 9 цаг өнгөрөөд гарах ёстой байтал тамга дарах хүн нь даанч хуралд орчихлоо гээд хүлээхээр боллоо. Энэ тэмдэглэлээ “ямааны мах халуун дээрээ” байхад нь бичээч ээ гээд тааруулсан юм шиг санагдаад нэг их түвэгшээсэнгүй, өрөөндөө буцаж орж ирээд хураасан байсан компьютер, найзаасаа авсан зөөврийн интернет төхөөрөмжөө асаагаад бичиж сууна.

Гарах гэж байна уу, за яах вэ зайлуул анх удаа эмнэлэгт хэвтсэн юм, дуртай эмнэлгийн хоолоо идчихээд гар гэж байгаа юм шиг бас л вандуйны зутан шөл идээд амжчихсан.
Зарим хүний хувьд энд хонох өдрүүд өвчин зовиур дүүрэн байдаг байх, заримд нь амралт, заримд нь найз нөхөд олох талбар, харин зарим нэг Золжаргал гэх нөхөрд иймэрхүү түмэн юм эргэцүүлж хорвоогийн хурдан хөдөлгөөнөөс тасрах, өөрийнхөө өнгөрсөнг одоогийн байгаатайгаа холбож бодох, хаанаас ургасан цэцэг билээ гэдгээ санах цаг буй заа.
2018.09.03
