Сондор хэлхээт яст мэлхийнүүд

Zol
Zol
Sep 3, 2018 · 4 min read

За Америкд үзсэн харсан, эргэцүүлсэн зүйлсийнхээ талаар түүгээд, он цагийн дараалал хамаарахгүйгээр товчхон бичье гэж бодлоо. Анх удаа очсон болохоор ч тэр юм уу, өөр улсад ингэж олон хонож байгаагүй болохоор юм болгон л шинэ сонин санагдаж байсан.

9 сарын 24, 2017 — Америкийн уугуул иргэд, Чикахомини (Сондор хэлхээт яст мэлхийнүүд) омгийн 64 дэхь жилдээ зохион байгуулж буй “ПауАув” фестиваль

Улаан арьстнууд гэгддэг Индианчуудын тухай анх “Сүүлчийн Мохикан” гэдэг киноноос үзээд нэг их гүн сэтгэгдэлтэй үлдэж байжээ. Харин яг Индианчууд өөрсдийн бүжиг, дуу, хөгжим, олон зууны түүхт соёлоо 21-р зуунд бахархалтайгаар “гайхуулж” байгааг нь өөрийн нүдээр харна гэж хэдэн жилдээ төлөвлөөгүй байлаа. Бүр гар бариад, элдэв сонин мэдэлцээд, шинэ Индиан найзаасаа бэлэг аваад амжина гэж төсөөлсөнгүй.

Тэнд тойрж суусан хэсэг эрчүүд нэг бөмбөрөө нэгэн жигд хэмнэлээр цохингоо дуулдаг юм байна лээ, эмэгтэйчүүд нь хоолой нэмж цаана нь дуулж харагдсан. Сонсоход сэтгэлд таатай, нэг ч үг хэлэхгүй байгаа дуунд нь олон зуун Индианчуудын уугуул авир, өнгөрсөн-одоо-ирээдүй нь, хорвоогийн олон өнгийг өөрсдийнхөөрөө багтаан хөрвүүлээд цуурайтуулж байгаа мэт санагдсан. Өнгөц сонсоход яг адил хэмнэлээр дуулаад байгаа юм шиг хэрнээ сонсоод байхаар нугалаа бүр нь өөр, тэр бүрийг бөмбөр тойрсон эрчүүд нэг хүн шиг л дуулна.

Бүжигчид нь тусгайлан техник заалгаж, тодорхой дэглэлт сурсан бүжигчид мэт биш, харин дотроосоо л хөдөлгөөн нь ундардаг байх даа гэмээр яг л “Индиан” хүнээс л гарах өвөрмөц дэгтэй. Нуруундаа гоёлтой яст мэлхийн сүлдтэй тус омгийн ёстой л 8 настай балчираас 80 настай буурлууд нь бүжиж байгааг бичлэгээс маань үзээрэй.

Бүжигчдийн хувцсыг өд сөд, цоргисон дуу гаргадаг төмөр эд, олон өнгө янзын хатгамалаар гоёсон байлаа. Эрчүүдийнх нь ерөнхий зүс дандаа даль жигүүртнийг илтгэсэн, бүргэд юм болов уу даа гэж таамаглав.

Гар урлал нь маш нямбай хийцтэй, эмэгтэйчүүдийн гоёлыг бүгд мөнгө, байгалийн чулууг хослуулж хийсэн. Байгалтай дотно шүтэлцээтэй Индиан хүмүүс өөрсдийн гараараа хийсэн гэж бодохоор тэдгээр чимэг зүүлтийг барьж үзэхэд ч цаанаа утга учиртай, амьд юм шиг санагдсан. Үнэхээр л нэг бөгж, нэг ээмэг бүрийн хийц нь утга агуулдаг юм байна лээ. Олон гоёл чимэг зарж буй хөрслөг бор царайтай, нүд, амыг нь тойроод гүн үрчлээ суусан “Кино” гэдэг тэр хүн харваас их инээмсэглэдэг нь тодорхой. Монгол, Индиан соёл, хүмүүсийн талаар яриа өрнүүлж хэсэг зогсохдоо яг юу худалдаж авахаа мэдэхгүй хараад л байлаа. Тэгсэн монгол гэрийн тоонотой төстэй хийцтэй зүүлт байсныг хараад авья гэхэд “Мөнгө өгөх хэрэггүй ээ, чамд бэлэглье” гээд өгчихсөн. Би ч баахан баярласан. Тэр хүнд монгол нутаг, тэдний соёл хооронд төстэй зүйл олон байгаа, хаа байсан монголоос ирсэн эмэгтэй омгийнх нь соёлыг сонирхоод байхаар бодвол өөриймсөг санагдсан байж магад юм. Бэлэг авсандаа санаа зовоод буцаж очиж зүүлттэйгээ хослуулаад ээмэг бөгж аваад нэг сэтгэл дүүрээд амарсан. Ахиж уулзах өдөр ирэх байлгүй гээд салаад явсан, уулзах л байх.

Худалдаж авсан 2 салаа өдөө гэзгэндээ зүүгээд явж байхад тэдгээр Индианчуудын талаар янз янзын л бодол орж ирж байлаа. Энэ хүмүүс америкийн уугуул иргэд, харин бид монголын уугуул иргэд шүү дээ. Бид өөрийн өвөг дээдэс алхаж байсан газар нутаг дээрээ өрх тусгаар амьдарч, нэг хэлээрээ ярьж, өөрсдийн газраа буцаан өөрийн эзэмшилдээ авах гэж засгийн газартаа хүсэлт тавьдаггүй. Харин Чикахомини омог одоо хүртэл албан ёсоор өөрсдийн газраа засгийн газраас зөвшөөрүүлж, хувьчилж авч чадаагүй л байгаа юм байна лээ (Одоо авсан санагдаж байна). Овог дундаа ашиглах гэж хэсэг газрыг харин худалдаж авч байсан юм байна.

Фестиваль эхлээд, бүжигчид төв талбай дээр гарч ирж дуусахад цугласан бүх хүмүүс дунд байсан дайны баатруудыг талбай дээр залан хүндэтгэл үзүүлж байлаа. “Бид бүгдийн эх нутгийг хадгалан хамгаалж үлдэхийн төлөө зүтгэсэн дайчин та бүгдийг хүндэтгэе” гэж хөтлөгч хэлэхэд бүгд алга ташиж талархалаа илэрхийлэн зогсоцгоож байсан. Овгийн ахлагч фестивалийг нээж үг хэлээд дуусахдаа залбирал үйлдэж, “Амэн” хэмээн төгсгөж байгааг хараад нэг талаас өрөвдөх сэтгэл хөдлөх шиг болсон ч, өөрсдийн үндэсний шашин, өөрсдийн газар нутаг гэж тэмцэлдэхийн оронд бусадтайгаа нийцэж, одоо байгаа эрх чөлөө, соёл заншил, түүхээ ч алдахгүй авч явж байгаа уужим ухаантай ард юм аа гэж бодогдсон юм.

Ер нь энэ Золоод уугуул Америкчуудын амьдрал юу нь тийм сонин байна аа, өөрийн эх түүх, соёлоо илүү судлаж мэдэхийн оронд гэж бодох хүн байж магадгүй л юм. Гэхдээ бид чинь ганц л дэлхийд амьдарч байгаа адилхан л хүмүүс шүү дээ. Хаана ч амьдрал яг л ижил, бид бүгд л адил зовлон жаргал, хүсэл мөрөөдөл тээгээд л явж байгаа хүмүүс. Дэлхийн олон улсын уугуул иргэдийн соёл, түүх надад их сонирхолтой санагддаг, дандаа байгалтай холбогддог болохоор төстэй зүйлс их санагддаг юм. Энэ чиглэлээр судлаж, суралцана гэж бодож явдаг болохоор ПауАув фестиваль миний хувьд онцгой байлаа.

(Гоё зурагнууд авсан мэдрэмжтэй залуусдаа баярлалаа)
2017.10.14

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade