Энэ долоо хоногт хэдүүлээ оюун санааны хүч хийгээд энэхүү хүчийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх талаар судалж, мэдээллээ түгээж өнгөрүүлэцгээе! “Оюун ухааны бэлтгэл дасгалын урлаг” номын зохиолч ноён Гонзалез нь бүтээлдээ тодорхойлохдоо амьсгалах, тайвшрах, төсөөлөх гэсэн гурван оюун санааны дасгал нь аз жаргалтай амьдрал, амжилтын түлхүүрүүд гэжээ.

  1. Амьсгалах: Бид тайван бус болох үед хүмүүс гүнзгий амьсгаа авч гаргахыг сануулдаг. Үнэхээр л сандарсан, айсан, тэвдсэн үед энэ арга үнэхээр тус болдог. Гэхдээ бид яагаад гэдгийг нь төдийлөн боддоггүй байх. Энэ дасгалын нууц нь гүнзгий амьсгал авахдаа бус амьсгалаа гаргахад байдаг. Хамраараа гүнзгий амьсгаа авч түүнийгээ амаараа зөөлөн удаанаар гаргах үед хүний пара симпатик мэдрэлийн системийн үйл ажиллагаа эрчимждэг байна. Энэхүү системийг хүний. биед. буй стресс тайлагч гэж ойлгож болно. Тэгэхээр зүгээр л амьсгалахад та өөрийн бие дэх стресс тайлагчаа ажиллуулж эхэлнэ гэсэн үг. Манай ээж бясалгадаг, шашин түүний гүн ухааны гүнзгий мэдлэгтэй нэгэн. Надад бүр багаас минь л гүнзгий амьсгаа авч амьсгал авсан хугацаанаасаа удаанаар амаараа амьсгалаа гаргаж сурахыг зааж өгдөг байж билээ. Жоохон байхад хамар нь тэгвэл битүүрэхгүй гэж хэлдэг л байсан болохоос биш яг үнэндээ надаар нэг төрлийн бясалгал хийлгүүлдэг байсныг би саяхан л ухаарсан юм. Тийм, зөв амьсгалах нь өөрөө бясалгал юм. Зөвхөн амьсгал дээрээ төвлөр, өөр бодол орж ирэх үед түүнийг зүгээр л явуул, анхаарлаа тэр бодол дээр бус амьсгал дээрээ төвлөрүүлсэн хэвээрээ байлга. Амьсгал дээрээ улам сайн төвлөрөх тусам, бодлууд тань намжиж, толгой дотор тань нам гүн байдал ноёрхох болно. Та амьсгал дээрээ төвлөрч, бясалгаж сурснаар үүнийг хэзээ ч хаана ч хийж болох болно. Ингэснээрээ та бодлоо удирдаж сурч, одоо цагтаа амьдарч эхлэх болно шүү дээ. Баялаг зөвхөн яг одоо, яг таны өмнө энэ мөчид буй.

2. Тайвшрах: Та амьдралдаа ямар нэг зүйл хүртэхийг үнэхээр их хүсэж байна уу? түүнээсээ болж сэтгэл тань түгшиж эсвэл догдолж байна уу? аль нь ч байсан хамаагүй боль! Тайвшир.

Сүнслэг чанарын багш нар бүгд нэгэн дуугаар хүн хамгийн тайван амгалан байх үедээ амьдралдаа сайн сайхан, хүссэн бүхнээ урин дууддаг болохыг нэгэн дуугаар хэлдэг. Шинжлэх ухаанч талаас нь харвал хүн тайван байх тусам бидний далд ухамсар бодлыг маань сонсож эхэлдэг байна. Бидний тархи бодит байдал болон бодол төсөөлөл хоёрыг ялгах чадваргүй болохыг эрдэмтэд аль хэдийн баталсан. Өөрөөр хэлбэл та ямар нэг сөрөг зүйл бодох үед, ялагдлаас айж түүнийг төсөөлж бодох үед таны далд ухамсар үнэхээр таныг ялагдал хүртсэн гэж ойлгодог аж. Ийм л учраас зөв амьсгалж, өөрийгөө тайвшруулж сурах нь таны амьдралд сайн сайхан бүхнийг авчрах үүд болдог байна.

3. Төсөөлөх: Тайван амгалан үедээ бид хүртэхийг хүсэж буй зүйлсээ төсөөлөн бодсоноор ухамсрын нөлөөнөөс суллагдсан далд ухамсар тань таныг маш тод сонсож эхлэх болно. Бразил улсын домогт хөл бөмбөгч Пэлэ ямар ч том тоглолтоос нэг цагийн өмнө хувцас солих өрөөндөө биеийн алчуураараа дэр хийгээд газар дээш харан хэвтэж нүдээ аниад төсөөлдөг байсан. Тэр аль хэдийн энэ тоглолтын ялагч болсон мэт мэдрэмжийг өөртөө төрүүлдэг байж. Яаж вэ? гэхээр тэрээр эхлээд хүүхэд насныхаа гудамжинд хөлмбөмбөг тоглон өссөн дүр зургаа нүдэндээ буулгаж яагаад энэ спортод анх хөл тавьснаа өөртөө сануулдаг аж. Үүнийхээ дараа яг одоо тоглолт дээрээ хэрхэн уран, гялалзсан, гайхалтай тоглолт үзүүлэхээ ургуулан бодно. Ингэж өөрийгөө оюун санааны хувьд төсөөллийн хүчийг хэрэглэн бэлддэг байсан тэрээр бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч болсон. Одоо хүртэл түүний 91 тоглолтод 77 гол оруулсан амжилтыг Бразил улсад эвдээгүй байна.

Like what you read? Give Aleksand Linkow a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.