Хувь хүний шинж чанарт тулгуурлан карьерээ эхлүүлэх нь

Би өөрт тохирох ажил мэргэжил, карьераа яаж сонгох вэ? Энэ асуулт хамгийн их тавигддаг. Энэ бол хүн бүрт тохиолддог чухал асуудал. Ажлын карьераа эхлүүлсэн хойноо өөрчлөх, шилжилт хөдөлгөөн хийх нь маш их цаг хугацааг алддаг. Гэхдээ мэдээж хэдий хожуу ч гэсэн зөв ажил мэргэжлээ сонгох нь л чухал.

Олон улс оронд гаргасан төрөл бүрийн судалгаа байдаг. Жишээ нь АНУ-д 25 мянга гаруй төрлийн ажлын байр байна. Европод хэдэн мянга байна гээд судалгаанууд гаргаад байдаг. Харин Монголд 43 салбарын 500 орчим ажлын байр байдаг гэсэн ерөнхий судалгаа байдаг.

Энэ олон төрлийн ажлын байрууд өөр өөр ур чадварыг шаарддаг. Танд аль нь илүү тохирч ирээдүйн амжилттай карьерийн зөв сонголт болж чадах вэ?

Хувь хүн өөрийн зан төлөвөө таньж мэдсэнээрээ тухайн зан төлөвт таарах ажлын байрнууд нь юу байх вэ гэдгийг судалдаг янз бүрийн шинжлэх ухааны аргачлалууд байдаг.

Үүнээс хамгийн өргөн хэрэглэгддэг арга нь Доктор Холландын арга юм Холландын онолоор хүмүүсийг 6 төрөлд хуваасан байдаг.

REALISTIC — бодит зан үйлийг эрхэмлэгчид

Нэрнээсээ харахад л энэ төрлийн хүмүүс бодитоор ажлыг хийж бүтээдэг. Бодит гарт баригдаж, нүдэнд харагдах зүйлсийг илүүд үздэг, Ихэвчлэн инженер техникийн ажилтан машин техник дээр ажилладаг хүмүүс, цэрэг цагдаагийнхан, нисгэгч, жолооч нар байдаг байна.

INVESTIGATIVE — судлаач, шинжээч

Тэд янз бүрийн зүйлийн учир шалтгааныг олох дуртай, шинжлэх ухааныг үнэлдэг хүмүүс байдаг. Багш, эрдэм шинжилгээний ажилтан, биологич, программист, химич, физикч гэх мэт төрлийн ажлын байруудыг сонирхож үзвэл хамгийн оновчтой карьер сонголт болно.

ARTISITIC — уран бүтээлч

Урлагт сонирхолтой, урлагийн темпераменттай хүмүүс, магадгүй энд маркетинг, дизайнер гэх мэт зөөлөн ур чадварууд нь хөгжсөн хүмүүс байдаг гэж үздэг. Илүү бүтээлч ажил хийх дуртай, урлагийг маш сайн мэдэрдэг. Энэ төрлийн хүмүүс ихэвчлэн урлагийн мэргэжилтэн болохоос гадна хувцас зохион бүтээгч, дизайнер, гэрэл зурагчин, зохиолч гэх мэт мэргэжлээр амжилт олдог.

SOCIAL — нийгмийн хүн

Хүнтэй харьцах, нийгмийн ажил хийхдээ гарамгай тул олон нийттэй харилцах ажлуудыг хийдэг. Бусдад туслах, зааж өгөх, сувилах төрлийн ажилд дуртай тусархуу, найзархаг, итгэл даахуйц хүмүүс байдаг. Нийгмийн ажилтан, багш, сувилагч, дасгалжуулагч гэх мэт ажлууд тохирдог.

ENTERPRISING — ажил хэрэгч

Тавдугаарх нь ажил хэрэгч шинж чанар буюу жинхэнэ борлуулалт хийдэг, энэ чиглэлийн темпераменттай хүмүүс байдаг. Бусдад нөлөөлөх, юм борлуулах, удирдан зохион байгуулах сонирхолтой эрч хүчтэй, амбицтай бас олон нийттэй харилцах чадвартай хүмүүс. Борлуулалтын бүх төрлийн ажил, ямар нэг бизнесийн ерөнхий зохион байгуулагч менежер гэх мэт ажлууд хийвэл тохирно.

CONVENTIONAL — стандартыг эрхэмлэгч

Тоо баримт, стандарттай ажиллах дуртай. Ямар нэг ажлыг эмх цэгцтэй, системчилсэн байдлаар хийдэг. Энд нягтлан бодогч, аудит гэх мэт илүү стандарт гэдэг зүйлийг мөрдүүлдэг үйлдвэрийн ажлын байрууд тохирдог байна.

Тэгэхээр өөрийн зан төлөвийн төрлөө мэдэж авснаараа буюу өөрийгөө таньж мэдсэнээрээ таньд ямар зан төлөв байгаа, тэр зан төлөвт тохирох ажлын байрууд юу байгаа вэ гэдгээ хайж үзээрэй гэж зөвлөж байна.

Энд яригдсан бидний 6 хэв шинжийг тодорхойлдог Холландын аргачлалын тухай интернэтэд үнэгүй мэдээллүүд маш их байдаг. Та бүхэн тест бөглөөд үзэхэд таны аль хэм шинжийг зонхилсон хүн бэ гэдгийг харуулж өгнө.

Мэдээж ганц шинж нь давамгайлах албагүй, реалистик арт хүн байж болно, холимог шинж чанарууд зөндөө байдаг. Дараагийн удаа тэдгээр холимог шинж чанартай хүмүүс хэрхэн яаж ажил мэргэжлээ сонгох талаар илүү ярилцах болно.