ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН талаар хэр мэдэх вэ?
Гэр бүлийн хүчирхийллийг (ГБХ) яагаад ярих нь чухал вэ? ГБХ улс орны (нийгэм-эдийн засаг, улс төр) хөгжилтэй шууд холбоотой юм. Эрүүл, аюулгүй орчинд амьдарч буй хүн нийгэмдээ эерэг өөрчлөлт, хөгжлийг бий болгох урам зориг, итгэл үнэмшил дүүрэн байдаг юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 3 эмэгтэй тутмын 1 нь амьдралынхаа аль нэг хэсэгт ямар нэг хүчирхийлэлд өртдөг гэжээ. 88 эмэгтэй өнгөрсөн 5 жилийн хугацаанд нөхөр эсвэл хамтран амьдрагчийн гарт харамсалтайгаар амь насаа алдсан, мөн 2016 онд 1066 ГБХ-ийн шинжтэй гэмт хэрэг цагдаагийн газар бүртгэгджээ. Энэ бол зөвхөн мэдэгдэж буй тоо юм. Үүний цаана хичнээн хүүхэд, эмэгтэйчүүд хаалттай хаалганы цаана шаналаж байгааг мэдэх аргагүй.
ГБХ-ээс үүдэн тухайн хүн сэтгэцийн гэмтэлд орох магадлал өндөр бөгөөд энэ нь түүний эргэн тойрны нийгэмд сөргөөр нөлөөлнө. Хохирогч/даван туулагчийн бие махбодь, оюун санаа, зүрх сэтгэлд сөрөг үр дагавартай. Жишээлбэл, дунд сургуулийн багш байлаа гэж төсөөлье. Долоо хоногт 4–5 удаа нөхөр нь түүнийг дарамталж доромжилж улмаар зоддог. Тиймээс тухайн багш ажилдаа анхаарал төвлөрөхгүй байх, байнгын айдас түгшүүртэй байна. Түүний ажлын хамт олон ч мөн байнга тухайн багшид санаа нь зовно. Энэ байдал нь тухайн хүний ажлын бүтээмжид нөлөөлөх ба улмаар сурагч хүүхдүүдэд ч нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй.

ГБХ-ийн сэтгэл зүйн үр дагаварууд: байнгын айдас түгшүүр, өөтөө итгэх итгэл муу, нойргүйдэх, өөрийгөө буруутгах, анхаарал төвлөрөл муудах, улмаар сэтгэл гутрал, сэтгэцийн гэмтэлийн дараах эмгэг зэрэгтэй болох юм.
ГБХ-ийн гол шалтгаан бол ЭРХ МЭДЛИЙН ТЭНЦВЭРГҮЙ БАЙДАЛ ба хяналтандаа байлгах гэсэн явдал. Тухайн хүчирхийлэгч зөвхөн хоолны давс багадуулж, ихдүүлсэнээс; найз нөхөдтэйгээ уулзах гэснээс болж сэтгэлзүйн дарамт, доромжлол, улмаар зодуулах ёсгүй юм. Гудамжинд зүгээр явж буй танихгүй эмэгтэй рүү хашгирч, доромжилж чадахгүй зөвхөн өөрийн гэртээ өчүүхэн зүйлээр шалтаглан уурлаж хүчирхийлнэ. Архи, мансууруулах бодис, ажилгүйдэл, боловсролын түвшин үүнтэй шууд холбоогүй ба зөвхөн ГБХ-д нөлөөлөх хүчин зүйлс юм. ГБХ нь өндөр боловсролтой, тодорхой нэг ажил эрхэлдэг хэнд ч тохиолдож болно. Улсын ерөнхий прокурорын газраас хийсэн судалгаагаар хүчирхийлэл үйлдэгчийн боловсролын тухайд 32,2% дээд, 9% тусгай дунд, 27% бүрэн дунд, 18% бүрэн бус, 11% бага, 0.8% боловсролгүй гэжээ.

Угтаа бол хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн тэвчээргүй байдлын золиос болох ёсгүй. Эмэгтэй хүн хүчирхийллийн дарамт, доромжлол, зодоон дунд амьдрах гэж гэр бүл зохиогоогүй. Хүчирхийллийн бай болгох гэж хүүхэд төрүүлээгүй юм.
Эмэгтэйчүүд амгалан тайван, эрүүл, аюулгүй амьдрах гэж гэр бүл болдог. ГБХ-ийн хохирогч/даван туулагчдын туйлын Мөрөөдөл бол АМГАЛАН ТАЙВАН АМЬДРАЛ.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийж чадах вэ?
1. Хүүхдээ багаас нь мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж сурахад нь дэмжих. Хүүхдийнхээ аливаа сэтгэл хөдлөлийг шууд хааж боохгүй байх; Харин тэдэнтэй нээлттэй сонсдог, ярилцдаг, ойлголцдог байх; Ялангуяа эрэгтэй хүүхэдтэйгээ нээлттэй элэгсэг дотно харилцаатай байх. Эр хүн ч мөн уйлдаг, уйлах ч эрхтэй.
2. Өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжийг таньдаг, мэддэг, эрүүлээр илэрхийлж сурах, Жишээ нь: таны уур бухимдал төрөөд байвал тухайн цаг мөчид өөртөө болон бусдад аюул учруулахгүйгээр илэрхийлэх; Шийдвэр гаргах болон бусадтай харилцахдаа хариуцлагатай хандаж сурах. Уурандаа гараад хэн таарсан хүнтэйгээ харилцаанд орох, уурандаа хамтран амьдарч буй хүмүүсийг гомдоох, гэмтээхгүй байх
3. Таны мэддэг хэн нэгэн ГБХ-ийн хохирогч болж байгааг мэдэж байвал түүнийг тайвшруулж зохих мэдээлэл олгох. Тухайн ГБХ нь түүний ямар нэг үйлдэлтэй холбоогүйг ойлгуулах, Улмаар цагдаагийн газар мэдэгдэх, мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай холбох.
Та өөртөө болон бусдад эрүүл аюулгүй орчинд амьдрахад нь туслах бүрэн чадвартай, боломжтой.
(үргэлжлэл бий)
Эх сурвалж:
ХЭҮТ www.safefuture.mn
Улсын ерөнхий прокурорын газар http://prokuror.mn/index.php?newsid=721
