열 두 살에 부자가 된 키라

"12 насандаа баяжсан КИРА" номны тэмдэглэл

Энэхүү ном нь 2011 онд 보도 섀퍼 지음 зохиолч зохиожээ. Нэг хэсэг бидний ихээр уншиж байсан "SECRET" хэмээх номтой агуулгын хувьд төстэй боловч өсвөр насныханд зориулсан хүсэл мөрөөдөл, түүнийхээ төлөө зүтгэх, хичээх эрмэлзлэлийг төрүүлэх тэр дундаа мөнгийг хэрхэн бий болгох мөнгөтэй харьцах энгийн ухааны талаар зөвлөсөн ном ажээ...

Дундаж амьдралтай айлын 12 настай охин КИРА. Эцэг эх нь шинэ байшин худалдан авсанаар сар болгон лизингээсээ болж асуудал үүсэн муудалцах төрх, гадаадруу суралцахыг, компьютертэй болохыг, нохойтой болохыг хүссэн энгийн нэг охины талаар өгүүлнэ. Нэг өдөр санаандгүй байдлаар нэг нохой олж тэжээж эхэлсэн нь түүний амьдралыг харах өнцөгийг өөрчилж, 12 настай биш насанд хүрсэн хүнээс илүү сэтгэдэг болоход туслана. Тэр бол түүний "Хүний хэлээр ярьдаг нохой" юм... Сонирхолтой санагдаж байгаа биз.

📚3 бүлэгтэй энэ номны эхний бүлэгт охины хүсэл мөрөөдлийн талаар гарах бөгөөд түүнийгээ биелүүлэхийн тулд юу хийх ёстойг зааж өгч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө алхам хийх, хөдлөх ёстойг ухааруулна. Хоёрдугаар бүлэгт 12хон настай хэдий ч мөнгө олох аргыг өөрөөр нь гаргуулж, олон төрлийн санаа хэрэгжүүлж, мөнгөө хуримтлуулах, хувиарлах, зөв зүйтэй ашиглахад сургана. Гуравдугаар бүлэгт "Олсон мөнгөө хэрхэн өсгөх болон өдийг хүртэл өөрийн мэдэж сурсанаа бусдад хүргэх боломжийг олж харах ба мөнгөний үнэ цэнэ тэр дундаа хувьцаа"-ны талаар түлхүү тусгажээ.

Гэхдээ энэ номны хамгийн гол үр дүн нь энэ хүүхэд 12 хон настайдаа ярьдаг нохойтой болж, мундаг хүмүүстэй танилцаж, өөрөө мөнгө олох санаа гаргаж, тэрийгээ хэд дахин өсгөж амжилттай ажиллаж эхэлсэн гэхээсээ илүү... Хүн үнэхээр өөрийнхөө хүссэн зүйлийг олох юм бол нас, хүйс, орчин хамаарахгүйгээр түүнийхээ төлөө юу ч байсан зүтгэж үр дүнг нь үзэж чаддаг гэдгийг харуулсан төдийгүй Кира гэх гол дүрийн охины амьдралыг харах үзэлд маш том эерэг өөрчлөлт авчирчээ. Магадгүй зөв замруу чиглүүлж өгөх, түлхэц өгөх "Мөнгө" нэртэй нохой нь байгаагүй бол эцэг эхтэйгээ ижил мөнгө олох хэцүү, мөнгө л байвал амьдрал сайхан болно гэж бодох эсвэл өвөө эмээ шигээ хувьцаа эрсдэлтэй зүгээр л хадгаламжинд хийгээд байж байх хэрэгтэй гэсэн бодлоор хүмүүжих байсан аж... Гэвч одоог хүртэл үүнийг уншсан би ... бодсоор л байна.

Харь хэл дээр бүрэн уншиж дуусгасан анхны ном маань. Уншаад үзэхэд өсвөр насны хүүхэдтэй эсвэл Солонгос хэл сурч байгаа хүмүүст анхлан уншихад үнэхээр хэрэг болохуйц ном гэж зөвлөх байна. Үг хэллэгийн хувьд энгийн хялбар бичигдсэн. Утгын хувьд үнэхээр өгөөжтэй ном юм. Нээрээ юу билээ... Мөнгөний зохицуулалт, мөнгөө өсгөхөд юу хийж байгаа билээ гэж бодолд автуулахаар ном аж. Уншигч та зүгээр л уншаад үзээрэй. Линкээр энэ номын сайтыг орууллаа. Ухаж үзвэл маш их мэдээлэл байна https://child.miraeasset.com/child/schoolTour/eventBoardList.do