Мэри Макс хоёр: ганцаардлаа нөхөхүй. Mary and Max (2009)

Kododko
Kododko
Nov 4 · 4 min read

Эхлэлээсээ төгсгөл хүртэл үзэгдэх бараг бүх дүр нь цөхрөл нэвт шингэсэн харцтай (бүр Эрх чөлөөний хөшөө нь хүртэл шүү) энэ анимэйшнийг анх дэлгэцнээ гарахад Z үеийнхэн буюу Миллениалуудын дараагийн үеийнхний хамгийн ахмад нь дөнгөж арван дөрөвхөнтэй байжээ. Би ч анх үзэхдээ энэ киног ганцаардлын тухай ийм гашуунаар, бодитой илэрхийлсэн бүтээл болохыг нь мэдэж чадалгүй, зүгээр л нөхөрлөлийн тухай юм байна даа гэж бодоод л өнгөрсөн юм. Гэтэл, хүмүүс яагаад ганцаарддаг, ганцаардахаараа юу хийж хоосролоо нөхдөг, хүн амьдралаас хэрхэн үргэлж л ямар нэгэн тод, дулаан зүйлийг хайж, түүгээр хэрхэн ангаж явдгийг хурцаар дүрсэлсэн кино байж.

Дутуугийн мэдрэмж, сэтгэлийнхээ хоосон орон зайг нөхөхийн тулд тэд янз бүрийн зүйлс хийнэ. Аспергерийн хам шинжтэй гэсэн оноштой, төсөөллийн найзтай, илүүдэл жинтэй, сугалаанд дуртай, америк хүний жишээ болсон Макс хүүхэлдэй үзэнгээ, шоколадан хотдог идэх дуртай. “Дур”-тай. Аав нь хаяж, ээж нь амиа хорлосон тэр, хүүхэд ахуйгаасаа л сэтгэл зүйн гэмтэл авчээ. Аспергерийн синдром нь аутизмын нэгэн жижиг хэлбэр бөгөөд , ийм синдромтой хүн хэт дотогшоогоо зожиг, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй, эсвэл бүр хүмүүсийн дунд өөрийгөө дарж хянаж чадахгүй, үйлдлүүдээ шууд хийдэг аж. Гэвч Макс хэт мэдрэг бөгөөд бусдаас илүү ухаалаг санагдсан.

Тийм хүмүүст л “солио өвчтэй” гэсэн шошгыг нийгэм зүүж өгдөг биш байгаа? Түүний үзэх дуртай, баатрууд нь жинхэнээсээ нөхөрлөж чаддаг хүүхэлдэйг Австралид амьдрах шоовдор, хонгор зөөлөн охин бас үзнэ. Максийн амьдрал хар саарал байхад, Мэригийн амьдрал арай тод өнгөтэй.

Мэри ч бас эцэг эхийн хайраар дутахдаа, гахцаардахдаа амттан идэж тайтгардаг. Яг Макс шиг. Данханд найзалж нөхөрлөн амьдардаг ноблэтүүдтэй хүүхэлдэйн киногоо молоко уунгаа үзэх дуртай. Мэриг ээж нь “тохиолдлоор олдсон” гэнэ. “Бүхэл бүтэн хүн тохиолдол байж болно гэж үү?” Ээж нь архи ууж, радиогоо сонсох дуртай. Аав нь гараашандаа Балэйс ууж, шувууны чихмэлүүдээ харах дуртай. Харин Мэри хааяа чемоданд нуугдаж аавыгаа сэм харна. Хэн нь ч хэндээ хань болдоггүй, хэн хэнийгээ ойлгодоггүй хачин гацаардмал ертөнц өө! Бүгд л үүнийгээ ямар нэгэн аргаар нөхөх гэж оролдох нь, оролдовч бүтэлгүйтэх нь нийгмийн тохуу юу гэлтэй.

Харин хамгийн сайхан нь, Мэри Макс хоёр бие биенээ яаж ч юм олж, өөрсдийнхөө дотрыг уудалсан захиагаар амьдралынхаа турш харилцдаг.

Киноны төгсгөлд Мэриг ирэх өглөө нь Макс таазан дээр нямбай гэгч нь наасан захидлуудаа ширтээд инээмсэглэн, буйдан дээрээ сүүлийн амьсгалаа хураасан байна. Ганцаараа. Зурагт нь асаалттай, хажууд нь Мэригийн дуртай молоконы лааз. Энэ хэсэгт лав нулимсаа барьж дийлээгүй ээ. (Хэзээ ч билээ, буйдан дээрээ нас барсан эмэгтэйг хэдэн сарын дараа хөрш нь олоход зурагт нь асаалттай байжээ гэх мэдээ уншиж байсан санагдана. Хэдэн сарын турш хэн ч түүнийг гэж ирээгүй байх нь. Гунигтай.) Бодит явдлаас сэдэвлэсэн бүтээл шүү дээ, бодохоор л өр лүү нэг зүйл хатгах шиг. Максийн ертөнцөд үзэгдэх цорын ганц өнгө нь Мэригийн явуулсан улаан сагсгар бөмбөлөг. Түүнийг илгээмжээр авуутаа Макс, еврэй малгайндаа хатгасан билээ.

Энэ нь нөхөрлөл болон ганцаардлын маш гоё символ. Киноны жижигхэн элемэнт бүр маш гүнзгий учир агуулгатай. Мөн найруулга, дүрс, үйл явдлын бэлгэдлүүд бүгд л сэтгэлийн эрүүл мэнд маш чухал , үүнд хүн хоорондын нарийн дотно харилцаа бүр ч чухал шүү гэдгийг харуулж байлаа.

Их британид хийгдсэн ганцаардлын тухай судалгаанд Миллениалууд болон Z-үеийнхэн ганцаардлын мэдрэмжийг хамгийн хурцаар мэдэрдэг гэжээ. Дэлхий ертөнц улам бүр виртуал руу шилжиж буй, хэт их хотожсон энэ үед хүмүүс бие биенээсээ, сэтгэл зүрхнээсээ улам бүр холдсоор л. Тиймдээ ч яг энэ үед том хүмүүс болж буй, young-adult Зэд ( Z ) үеийнхэн ганцаардах нь ойлгомжтой хэрэг. Ганцаардахгүй байх гэсэн бүтэлтэй бүтэлгүй оролдогууд ч бас их ажиглагддаг. Судалгааг арай эергээр харвал, манай үеийнхэн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг, өөрсдийгөө мэдэрдэг болохоороо “их ганцаарддаг” гэсэн хариу өгсөн байж болох л юм. Ямар чиг л байсан, миллениалууд болон Зэд үеийнхэн хойшдоо нийгмийг зөв чиг лүү нь эргүүлж эхлэх хариуцлагыг үүрч явдаг шүү гэж боддог оо.
Love is the answer шүү найзууд аа! Хайр хариулт нь шүү. Хүүхдүүд ээ!

    Kododko

    Written by

    Kododko

    lover.

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade