Том дэвтэр буюу The Notebook

Энэ Медиум гээчийг нээгээд кино, ном эсвэл киноны сэтгэгдэл ч юм уу өөрийн бага ч гэсэн мэддэг зүйлсээ бусадтай хуваалцан бичнэ гэж бодоод хэдэн ч жил өнгөрчихөв.

Ямартай ч одоо хамгийн сүүлд уншсан Том Дэвтэр хэмээх номны талаар бичиж байна.

Агота Кристоф

Том Дэвтэр буюу “The Notebook” францаар “Le Grand Cahier” нь Агота Кристоф хэмээх Унгар зохиолчийн хамгийн анхны бүтээл бөгөөд түүний гурамсан романы эхний роман, энэхүү бүтээлээрээ Европын утга зохиолын дээд шагнал авсан юм. Орчуулж гаргасан Болортуяа эгчид их баярлаж бас баяр хүргэмээр байна. (Фээсбүүк дээр Bolortuya Dorj хаягтай ба хувийн хаяг дээрээ бас жижиг өгүүллэг орчуулж, гоё мэдээллүүд оруулдаг юм байна лээ.)


Ажлынхаа хажуугаар уншиж эхлээд 2 хоногт л дуусгасан энэ ном эхнээсээ авахуулаад маш өвөрмөц бичиглэлтэй нь сонирхол татна. Дараа нь сонирхоод унштал энэхүү зохиолч нь 21 настайдаа Унгараас Швейцарь улс руу нөхөр хүүхэдтэйгээ дүрвэн 5 жилийн дараагаас Франц хэл суран тэр хэл дээрээ зохиол бичиж эхлэсэн нь түүний романуудын бичиглэлд нөлөөлсөн байх. Товч тодорхой, нэмэлт уран яруу дүрслэлгүй нэг үгээр “Минимал” энэхүү зохиол нь европын утга зохиолд шинэлэг уур амьсгал авч иржээ.

Тэд

Зохиолын гол дүрийн баатрууд болох ихэр хөвгүүд хэзээ ч салдаггүй бас яг нэг хүн шиг сэтгэдэг нь маш сонин. Яг л нэг биений хэсэг шиг нэг нь нөгөөгөө нөхөж явдаг. Энэ зохиолд хүний санаанд багтамгүй хэрцгийлэл, дайны үеийн зовлон шаналал, гаж бэлгийн таашаал гээд бүхий л байж болох хар бараан зүйлс гардаг ч ямар ч сэтгэл хөдлөлгүй яг л энгийн өдөр тутмын амьдрал шиг л хүүрнэх нь цаанаа л хүйтэн. Хөвгүүд ч бас өөрсдийгөө сурган янз бүрийн дасгалууд хийснээр энэ бүх аймшигт зүйлсийг тоох сэтгэл хөдлөлгүй болж сурна. Тэд хэзээ ч уйлдаггүй, хэзээ ч ядардаггүй, хэзээ тоглодоггүй барагтаа ч инээдэггүй 11, 12 настай жаалууд юм.


2013 онд эл зохиолоор кино хийсэн байдаг юм билээ, дараа үзвэл сэтгэгдлээ бичнэ ээ. Доор киноны линкийг орууллаа.