Хүлээгдэж буй ханамжийн таамаглал…

Одоогоор хөгжиж буй таамаглалын загваруудын тайлбарлах болон таамаглах чадварын хамаарал.

Миний ч юу байхав ер нь л хүний амьдралд шийдэж чадахгүй эсвэл шийдэхэд үнэхээр хэцүү сонголтууд ирэхэд ирээдүйгээ таамаглаж чадахгүй болохоор шийдвэр гаргахын тулд мэргэн хүн дээр очих тохиолдол зөндөө гардаг байх. Миний хувьд хүндэлдэг хүмүүсээсээ асууна, тэгээд бүгд чи өөрөө шийд гэвэл ээжрүүгээ залгаад л та нэг хүнээс асуугаад өгөөч л гэдэг байсан. Тухайн мэргэн хүнд нь итгэхгүй ч ээждээ итгэдэг болохоор сүүлд нь буруу шийдвэр гаргасан бол харамсах сэтгэл жаахан л төрдөг хэхэ. Амьдрал дээр байгаа тэр бүх мэргэн хүмүүсийг нэг талаас нь таамаглалын моделиуд гэж харж болох юм гэсэн бодол гэнэт орж ирэв.

Эдийн засагт шийдвэр гаргалтын процессийг хувь хүний ханамжтай холбож тайлбарладаг. Өөрөөр хэлбэл тухайн хүн олон сонголтоос ханамжаа максимчлах байдлаар сонголт хийнэ. Гэтэл ирээдүйд байгаа ханамжаа (хүлээгдэж буй ханамж) мэдэхгүй хүмүүс шийдвэр гаргахын тулд ханамжаа таамаглах шаардлага үүснэ. Энэ л өнөөдрийн зарим шинжлэх ухаануудын гол судалгааны асуудал. Хүмүүс ирээдүйг мэдэхгүй тул ижил нөхцөлд байсан ч ялгаатай сонголтууд хийх нь элбэг. Ингээд сонголтоороо ижилсээд ирэхээр буцаад шийдвэр гаргалтууд нь тархалтруу бууна. Тархалт гэдэг бол чамтай ижил төстэй хэдэн хүн нийгэмд амьдарч байгааг харуулдаг хистограмм буюу босоо тэгш өнцөгт дүрсүүдийн цуглуулга нэг талбар дээр байхыг хэлэх бөгөөд чиний харьяалагдаж байгаа тэр тэгш өнцөгт өндөр байх тусам чамтай ижил хүн олон байна гээд л ойлгочих. Тухайн шийдвэр нэхээд байгаа асуудлын хэр хэцүү, хөнгөн эсвэл нийтлэгээс шалтгаалаад тархалтын хэлбэр өөрчлөгдөнө. Эсвэл хүн амын шинж чанараас шалтгаална. Энэ бол нилээн харьцангуй ойлголт. Учир нь нэг бол шийдвэр гаргах асуудал нь амархан ч хүн ам нь шийдвэр гаргах чадвар муу, ирээдүйн ханамжаа буруу таамагладаг хүмүүс байж болно. Эсвэл асуудал нь хэцүү ч хүн ам нь шийдвэр гаргах чадвар сайн хүмүүс байж болно. Энэ хоёр тархалт ижил хэлбэртэй харагдах боловч улс орны хөгжил нь эрс ялгаатай. Ингээд ирэхээр хөгжлийн экономикс, сонгуультай холбоод ирэхээр улс төр судлал гээд л явчих байх.

Буцаад хувь хүний шийдвэр гаргалтруу орьё. Хувь хүний шийдвэр гаргалт эргээд тухайн хүний эрүүл мэнд, аж амьдрал, хэд наслах, хэдэн хүүхэдтэй болох, хэдэн төгрөгний орлоготой болох, юу худалдан авах гэх мэт тухайн хүнээс хамаарах бүхий л зүйлтэй холбогдоно. Гэтэл тэр бүхнийг судалдаг шинжлэх ухаанууд өгөгдөл буюу тархалт цуглуулж анализ хийх замаар нийгмийн шийдвэр гаргалтыг таамаглах эсвэл ижил төстэй хүмүүсийн шинж чанарт тулгуурлаж, хувь хүмүүсийн шийдвэр гаргалтыг таамаглах замаар таамаглалаа зөв хийсэн байгууллагууд хөгжиж, зах зээлд, нийгэмд үлдэж байна. Компьютерийн тооцоолон бодох хурд хөгжихийн хирээр хүмүүс түүнд зориулсан алгоритм, таамаглалын шинэ аргачлалуудыг нэвтрүүлж, тэдгээрийн хийж буй таамаглал илүү үнэн, илүү оновчтой болох тусам тухайн хүмүүс бидний урд алхаж, ирээдүйг бүтээсээр. Энэ л өнөөдрийн хөгжлийн эрин юм шиг.

Харин МОНГОЛЧУУД хоцорсоор л ХЯТАДУУДАД санаа тавьж гүйсээр л гэтэл үнэндээ ХЯТАДУУД 3-хан сая МОНГОЛЧУУДАД биш ДЭЛХИЙГ ТЭРГҮҮЛЭХ БОДОЛТОЙ УРАГШИЛСААР Л … http://www.china-briefing.com/news/2017/03/14/china-world-leader-artificial-intelligence.html