Do not Let me Let you Go

Атлантын далайн эрэг дээр нар төөнөж байна. Байшин болгон агааржуулагчаа асааж, халуу шатах Виржиниаг сэрүүхэн өрөөнийхөө цонхоор ширтэн сууна. Энд амьдрал сайхан байна. Хэн ч чиний хэн байхыг заахгүй. Чиний хэн байх угаасаа тэдэнд ямар ч хамаагүй. Хүн бүр өөрийн бачимдсан амьдралаа үүрч ядан алхалж байгаа атлаа хэн нь ч хэнийхээ өөдөөс хөмсөг зангидахгүй. Өөр өөрийн зовлонгоо үүрэн алхахдаа хэн нэгэнд саад болохгүй байхыг л хичээнэ.

Урьдны амьдралдаа эргэн очих цаг аажим аажимаар ойртох юм. Тэнд би хэн байсан билээ гэдгээ мартаж эхэлж байхад эргээд очих тухай бодох цаг нь ирж байдаг. Эргээд бүхнийг яг байсан газраас нь эхэлнэ гэж бодох төдийд л хөл гар хөшиж орхино. Дахиад тэр бүхнийг туулмааргүй байна. Ахиад инээж эсвэл уйлмааргүй байна. Дахин жаргаж эсвэл зовмооргүй байна. Тэр бүхнээс зугатааж яг эндээ мянган жил гацчихмаар байна. Хамтдаа байхыг хүсэж байгаа ч хол явахыг хүсэхгүй байна.

Мартах шахсан мөрөөдлөө биелүүлэхийг юу юунаас илүүтэй хүснэ. Чамтайгаа уулзана гэсэн болзоот цэцэрлэгтээ хамтдаа дугуй унан зугаалахыг хүснэ. Амьдралыг минь бүр мөсөн өөрчлөх тэр зорилгынхоо төлөө тэмцэх замд минь зэрэгцэж алхах хүн нь чи байгаасай гэж хүснэ. Холын хол байгаа чамдаа яаран яаран очих гэж тэмүүлж байсан өдрүүдээ зам зуурын учралаар сольж, хоног өдрүүдийг халуун дурлалын галд шатаан үнс болгон хийсгэсэндээ харамсах үе ч бас байсан юм шүү. Учрах өдрөө хоног тоолон хүлээж байгааг минь мэддэг гэж найдая. Толгой эргэм үнэртэй усанд мансуурч суухдаа чиний зүг явах замаасаа түр хазайж, сэтгэл хөдөлгөм намуухан хоолойнд бүүвэйлэгдэн байхдаа чамаасаа би хором бүрээр алслагдаж байсан. Уулзах газраа очно гэдгээ амлая.

Чам дээрээ очих замыг минь төөрч будлиулсан тэр хүн одоо ч зөв замаа олох нүдийг минь гараараа таглачих юм. Муу хүн гэж битгий бодоорой. Сайн хүний муу занг гаргаж ирсэн хүн нь би өөрөө юм хойно юунд гомдоллох билээ. Харин ч уужуу сэтгэл гаргаж хийсэн бүхэнд нь талархаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл тэр бүх инээж уйлсан хором мөч бүхэндээ би одоо ч талархдаг болохоор миний өмнөөс чи минь ч гэсэн баярлавал надад хичнээн сайхан. ХАЙР хэзээ ч төгс байдаггүй. Чи бидний хайр төгс биш байгаа шиг тэр хүн бид хоёр ч бас бүрэн жаргаж чадаагүй юм. Хэн хэндээ чухал байхыг хүссэн ч хэн хэн нь чадаагүй юм. Хэтэрхий их дурласан сэтгэл харамч байдаг бололтой. Гэхдээ хайр уучилж бас хүлээж, ахин дахин тэвчдэг. Харин хайр дуусах үед уучлах шаардлага ч гардаггүй юм. Учир нь гомдохоо ч больдог болохоор тэр. Хүлээх ч тэнхэлгүй болдог. Хэт удаан харж суусаар бүхий л итгэл найдвар нь хаа нэгтээ нисчихдэг. Хайр дуусах тэр үед утга учиртай байсан бүх зүйл үнэ цэнээ алдаж, хамгийн нандин дурсамжууд цаг үрсэн хог болж үлддэг. Хайр дуусах үед л хайраас болж ямар галзуу байснаа ухаардаг. Бидний хайр аажимаар унтарч тэгээд нэг л өглөө цээжин дотор цохилох юу ч үгүй болчихсон. Нэг л өглөө дээшилж бас доошлохоо больчихсон. Нэг л мэдэхэд чи танихгүй хүн болчихсон. Би энэ нэгэн өглөөг ямар удаан хүлээсэн билээ дээ. Яг хүрээд ирэхээр угтан авч чадахгүй юм.

Энэ дурлал биш. Хайр бол бүр ч биш. Энэ бол өөр зүйл. Чи бидний мэдэхгүй тэр зүйл. Цангинах инээд, урсах нулимс хоёр энэ харилцааг эхлүүлж, өрнүүлсээр энд авчирсан. Тэр хүний нулимс урсах үед би хажууд нь байж, намайг уйлах үед тэр хүн сонсож өгдөг. Нэгнийхээ дуртай дууг дагаж дуулдаг. Дотно юм шиг атлаа хамгаас хөндий. Хөндий юм шиг хэрнээ цаанаа л нэг дотно. Хаа хүрэхээ ч мэдэхгүй, юу болоод байгааг ч ойлгохгүй хоёр хүн нүдээ аниад л яваад байх юм.

Нүдээ аньчихсан хүмүүс яаж ч зөв замаа олох билээ дээ. Гэхдээ гараас чинь хөтлөх хүн байхгүй бол хүн хэр удаан юм харахгүйгээр тэмтчих билээ. Нэг л өдөр түнэр харанхуйгаас айсандаа нүдээ нээх болно. Тэгээд хаа хүрснээ ухаараад хаа явахаа шийдэх болно. Хэрвээ тэр гарыг удаан атгавал энэ бүхэн хаа хүрэх бол?

Чам дээрээ хэзээ ч очиж чадахгүй болчих вий гэдгээс айна. Гэхдээ тэр хүнээс холдмооргүй байна. Энд дулаахан байна. Урьд урьдынхаас илүү тухтай байна.