Бүртгэлд ороогүй гудамж

Патрик Ваддингтоны бичсэн энэ бичил өгүүллэгийг тодорхойлох үг даан ч алга. Үнэтэй шоколадны цуглуулга авч чадахгүй ч, хараад л зогсох тэрхэн хором шиг мэдрэмжүүд дүүрэн байлаа. Миний хувьд өдөр гэдэг яг л шөнө шиг, унтаагүй л болохоос зүүд зэрэглээ шиг өнгөрөх болсон учир сэтгэл хөөргөх зүйлс бараг олдохгүй юм. Хэдхэн хуудас энэ өгүүллэг яг л миний ухамсарт бус оюун санаанд үүрд хадагдсан нууцхан хүслийг ил болгочихвуу гэлтэй санагдлаа.
Арван таван жилийн өмнө бүртгэлийн өрөө нүүх тэрхэн агшинд “ногоон лонх гудамж”-ны шошго шүүгээн завсар үлджээ. Өөрсдийгөө мартагдсандаа баярласан тэдгээр хүмүүс магад хамгийн амар тайван жаргалтай хүмүүс. Би ч бас мартагдсан гудамжинд амьдармаар байна…. Дурсагдаж, сануулж, харагдаж, мэдрэгдэх дуртай хүмүүс дунд байснаас цаг хугацааны тоосонд дарагдсан хуучин гудамжинд санаа амар суухсан… Ингэж болох болов уу? Аль эсвэл үхэн үхтлээ нийгмийн амьтан чигээр үлдэх үү?
Үймрэн тачаадсан гүн зовлонт үед санаж сарвайх хүнгүй
Уйтгартай ч байна, гунигтай ч байна
Хүсэж зорих уу?
Үргэлж дэмий хүссэний хэрэг юу билээ
Үнэтэй сайхан цаг мөч өнгөрсөөр л
Амраглаж дурлах уу
Дурлая гэхэд хэндээ ч дурлах билээ
Хэсэгхэн зуур дурлаад ч яах юм билээ
Хэзээд мөнхийн дурлал гэж байхгүй шүү дээ
Балран арилж мөргүй болсон, өнгөрсөн цагаа дурсахад
Баясан хөөрч зовон гиюүрч явсан минь юусан ч билээ
Тачаал хүсэл ч гэсэн дээ
Эрт орой хэзээ нэгэн цагт эргэцүүлж бодохтой зэрэг л
Аль сайхан бүхэн нь арилж үгүй болно шүү дээ
Хүйтэн харцаа тусгаж, орчин тойрныг ийн ажихад
Хүний амьдрал гэдэг чинь мунхаг хоосон шог юм байна
М. Ю. Лермонтов
