Week 7— Цусаа хандивласан нь

Туршсан зүйл: Цусаа хандивлах
Хугацаа: 2/27–3/05
Өгөх оноо: 10/10
Цаашид үргэлжлүүлэх үү? Жилдээ ядаж 1удаа өгмөөр санагдлаа

Өмнө нь яагаад ч юм цусаа хандивлах хүсэл байдаг ч их сургуульд нэг найз маань цусаа өгч байгаад ухаан алдаж унаснаас хойш нэг л эмээдэг болсон юм. Харин энэ жилдээ багтааж ямар ч байсан цусаа хандивлана гэж байсан нь хэсэг найзуудын санаачлагаар 3 сарын 3нд 1-р эмнэлгийн хажуугийн цусны төвд биеллээ олов оо. Дашрамд хэлэхэд сар бүрийн 3нд “Цусаа хандивлах” өдөр тохиодог юм билээ.

Өөр цусаа хандивлах хүсэлтэй ч туршлагагүй хүн байж магад тул хэрэг болж магад гээд ерөнхий үйл явцыг бичлээ.

Цус хандивлахад анхаарах зүйлс
  1. Өглөө 9 цагийн үед ирэхэд миний өмнө 2 хүн л ирсэн байв. Анх удаагаа ирсэнээ хэлэхэд үүдний хүлээн авагч нэг хуудас ар өвөргүй бөглөхөөр өглөө.
  2. Анкетийг нь бөглөсний дараа 2 дугаарын өрөө буюу бүртгэгч сувилагч дээр орсон. Сувилагч анкет дээрх мэдээллийг компьютерт оруулаад дараагийн хаалга руу ороорой гэв.
  3. 3 дугаарын өрөөнд лабораторийн эмч өндгөнөөс цус авч цусны бүлэг тодорхойлоод 1 хуудас картан дээр тамгалана.
  4. Үүний дараа 4 дугаарын өрөө буюу эмчийн үзлэгт орно. Анкет дээр бөглөсөн зүйлсийг тодруулж асуугаад, жин, өндөр тэмдэглэж, цусны даралт хэмжээд цусаа өгөх боломжтой эсэхийг хэлнэ.
  5. Хэрвээ цус хандивлаж болох бол үүднээс халуун цай ууж биеэ бэлдээд, цусны өрөөнд орж суугаад л болно доо.

Минийх хувьд угийн нарийхан судастай учир хагарах магадлалтай гээд сувилагч нь цус авахгүй гэсэн боловч нэгэнт ирснийх гээд жаал зөрүүдэлсэний эцэст дахин халуун цай нэмж ууснаар, сувилагч эмэгтэй зөвшөөрч цусаа өгөх болсон юм.

(Нэг иймэрхүү л сууж байлаа)

Яг цус авах процесс нь 5 минут орчим үргэлжилсэн ба биед ямар нэг зовиур мэдрэгдээгүй. Цусаа хараад айх байх гэж бодтол харин ч сандрах зүйл байсангүй их хурдан дуусчихсан шүү. Цусаа өгч дууссаны дараа хэсэг амарч суугаад эцэст нь үүдэнд очиж гарын үсгээ зураад л болсон.

Цусаа өгөхийн өмнө өөх тостой, спирт, сүү сүүн төрлийн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх ёстой гэдэг юм билээ иймд дор хаяж 3 хоногийн өмнөөс биеэ бэлдэхийг зөвлөе. Эрэгтэй хүмүүс 2 сар бүр, эмэгтэй хүмүүс 3 сард 1 удаа цусаа өгч болдог гэсэн. Ямартай ч энэ жилдээ багтаан дахин нэг удаа очно гэж бодож байгаа. Хамт явах хүмүүс байвал хэлээрэй :)

Like what you read? Give Marla Munkh-Achit a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.