Манифесто

Бонтой овогт Бадралын Мөнхдөлийн хувийн манифесто

(Тодруулга: 2020 оны 3-р сарын 10-ны байдлаар бичсэн сэдвүүд: Миний “Монгол Мөрөөдөл”, Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоо, хүний эрх, жендэр. Цаашид нэмэх сэдвүүд: эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, тусгай хэрэгцээт иргэд, уул уурхай, мал аж ахуй, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гадаад харилцаа, батлан хамгаалах, хотын хөгжил, хилийн чанад дахь иргэдийн асуудал …)

Нийтлэлийн зорилго

Энэхүү нийтлэлээр Мөнхдөл миний бие #Уухай! Хөдөлгөөн болоод улс төрийн намд элсэх болсон шалтгаан, улс төрийн үзэл баримтлалаа, мөн бодлого, зорилго, бодлоо сэдэв, салбар бүрээр нь цэгцтэй хүргэхийг зорив.

Манифесто гэдэг нь бодлого, зорилгоо олон нийтэд зарлах, ялангуяа сонгуулийн өмнө мэдэгддэг улс төрийн акцын нэг хэлбэр юм.

Салбар болгоны мэргэжилтэн, бүхнийг мэдэгч огтоос биш ч салбар бүрийн бодлого боловсруулалт, шийдвэр гаргах үйл явцад хувь нэмрээ оруулахыг зорьж буй учраас түүнд хандах байр сууриа урьдчилан таниулж, тодорхой бөгөөд ойлгомжтой байлгах нь улс төрийн ёс зүй, зөв соёл гэж үзэж байна.

Дутуу орхигдуулсан, буруу ойлгосон салбар, сэдэв байвал энэхүү манифестог нэмж баяжуулаад явах болно.

Хүн үзэл бодолдоо үнэнч байх нь чухал ч түүндээ сохроор итгэж, ороогдож, муйхарлаж туйлширч, бусдын үзэл бодлыг харанхуйгаар эсэргүүцэх нь эволюцид итгэдэггүйтэй адил буюу юм бүхэн хувьсаж өөрчлөгддөг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, туйлын үнэн гэж ганц л зүйл байдаг гэж буйтай агаар нэг юм.

Шинжлэх ухаанд би итгэдэг, түүнийг шүтдэг. Тиймээс ч аливаа шинжлэх ухааны онол шинэ онолд үгүйсгэгдэх хүртлээ “үнэн” байдаг гэдэг зарчмаар аливаа зүйлд хандахыг хичээдэг. Энэ зарчмынхаа эсрэг авирлаж буйгаа ч хааяа анзаардаг, ойлгодог, ухаардаг, гэмшдэг.

АГУУЛГА

  • Яагаад? — Улс төрд орох болсон шалтгаан
  • Улс төрийн луужин — Улс төрийн чиг баримжааны хувьд Мөнхдөл хаана байрладаг вэ?
  • Манифесто — Салбар, сэдэв бүрээрх байр суурь, бодол

Сэдвүүд (одоогоор): Миний “Монгол Мөрөөдөл”, Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоо, хүний эрх, жендэр

Цаашид нэмж оруулах сэдвүүд: эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, тусгай хэрэгцээт иргэд, уул уурхай, мал аж ахуй, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гадаад харилцаа, батлан хамгаалах, хотын хөгжил, хилийн чанад дахь иргэдийн асуудал … (нэмэх сэдвүүд байвал хэлээрэй)

  • Яагаад Уухай?
  • Яагаад ХҮН?
  • Мөнхдөлийн товч намтар — Төрсөн цагаас өнөөг хүртэлх боловсрол, ажлын товч намтар
  • Олон нийтийн ажил, байгууллагын харьяалал

Яагаад?

Миний бие хэдий бизнесийн салбарт л ажиллаж байсан ч (хөрөнгийн зах зээл, консалтинг) нэг л мэдэхэд 10 гаран ТББ, сайн дурын байгууллагын удирдах зөвлөлд орчихсон, тэрний талынх нь удирдагч, санаачлагч болчихсон, бизнесээ, орлогоо хойш тавин, сэрүүн цагийнхаа ихэнхийг нь сайн дурын ажилд зарцуулдаг, түүнээсээ таашаал, кайф авдаг болчихсон байснаа анзаарав.

Бүх асуудал руу үсэрч ороод байж чадахгүй ч санаа зовоосон аливаа зүйлийг шийдэх баатар гарч ирэхийг хүлээх нь бүтэхгүй бөгөөд иргэн хүн өөрийнхөө болоод өрөөлийн эрхийн төлөө байнга тэмцэж байхыг шаарддаг нийгэм бол ардчилал юм байна гэдгийг ойлгосон.

Магадгүй ээж аавынхаа буянаар өлсөж байгаагүй, өмсөх хувцасгүй байж үзээгүй нь нэг талаасаа зовлон мэдэхгүй, айлын эрх хүүхэд шиг. Нөгөө талаас нь харвал мөнгөний шуналгүй, өөрийгөө тэжээгээд аваад явах чадвартай болсон гэж харж болох.

Улс төрийн луужин

Миний бие олон улсад түгээмэл улс төрийн үзэл баримтлал, чиг баримжааны ойлголтоор “social liberal/libertarian” буюу эдийн засаг дахь төрийн оролцоог тодорхой нөхцөлд, тодорхой хэмжээнд дэмждэг, харин нийгэм, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг төрлийн хүн юм байна.

Эдийн засаг дахь төрийн оролцоог дэмждэг гэдэг нь бүх салбарт оролцоод байх бус, чөлөөт өрсөлдөөн бүхий салбарт огт орох шаардлагагүй. Харин чөлөөт өрсөлдөөн үгүй бол төр зохицуулахаас өөр аргагүйг дэлхийн аль ч улсад харагддаг. Жишээ нь хөрөнгийн зах зээлд жижиг хувьцаа эзэмшигчдийг эрхийг хамгаалах зохицуулалт, г.м.

Доорх ногоон өнгөтэй дөрвөлжинд харьяалагдах олны мэдэх хүмүүс гэвэл АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Bernie Sanders, Өмнөд Африкийн баатар Nelson Mandela, Энэтхэгийн Mahatma Gandhi багтдаг юм байна.

Зураг 1: Мөнхдөлийн улс төрийн луужин

Энэ 4 буланд байрладаг олны танил бусад түүхэн “нэрт” зүтгэлтнүүд:

Зураг 2: Мөнхдөлийн улс төрийн луужингийн сертификат

Хэрэв та өөрийнхөө улс төрийн луужинг шалгахыг хүсвэл: Political Compass Test

Хүний “улс төрийн луужин” нь төрөхдөө л бий болчихдог зүйл огт биш бөгөөд нийгмийн амьдралд оролцоод явахдаа бий болж тогтдог бөгөөд амьдралын туршид тодорхой хэмжээнд хувьсаж байдаг зүйл юм.

Түгээмэл ойлголт бол залуудаа илүү либерал, нас тогтох тусам илүү консерватив болдог гэлцдэг бөгөөд одоогийн миний үзэл баримтлал нь залуу хүний “гэнэн” бодлоор бус, мөн ахмад настны амьдралаа эргэн дурсахуйн харууслаар бус нас тогтсон 37-рх жилдээ яваа ид насны хүний үзэл баримтлал юм.

Манифесто

Миний “Монгол Мөрөөдөл”

Миний “Монгол Мөрөөдөл” бол Монгол Улсын иргэн бүр хаана, хэний хүүхэд болж төрснөөс үл хамааран 1) дэлхийн хаана ч гологдохгүй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авч, 2) дэлхийд өрсөлдөх чадвар, мэдлэгтэй болж, 3) түүнийгээ өөрийн болон өрөөлийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөх боломж, сонголттой байж, 4) хүссэн мөрөөдөл, аж ахуй, мэргэжил, салбартаа сэтгэл хангалуун ажиллан амьдарч, 5) хүний эрх, жендэрийн болон 6) уур амьсгалын өөрчлөлтийн өндөр мэдрэмжтэй амьдралын хэв маягтай байж, 7) Монгол хүн болж төрсөндөө бахархахын хамт 8) Дэлхийн 7.8 тэрбум хүний нэгэн адил хүн төрөлхтний гэр бүлийн нэг гишүүн гэдгээ дээдийн дээдээр ухамсарлаж, мөр зэрэгцэн оршдог иргэдтэй Монгол Улсад амьдрахыг би мөрөөддөг.

Энэ утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн тэргүүн эгнээнд бичсэн, түүнд бүх хууль, нийгмийн хэм хэмжээ захирагдах ёстой “тунхаг төдий” биш ТУНХАГ-тай санал бүрэн нийлж, ийм л улс болгохыг мөрөөддөг:

Монголын ард түмэн бид:

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

Үндсэн хууль

Монгол Улс өөрийн улс төрийн тогтолцоогоороо парламентын засаглалтай байхаар 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан. Гэхдээ, тунхаглахдаа парламент, засгийн газарт “хэт их” эрх мэдэл өгөхөөс сэргийлж “бэлэг тэмдгийн” л байх ёстой Ерөнхийлөгчдөө шүүх, хуулийн байгууллагын томилгооны эрх мэдэл өгчихсөн нь алдаа болсныг нийтээрээ хүлээн зөвшөөрч 2019 онд зассан нь сайн хэрэг.

Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд сайн заалтууд байхад муу болон орхигдуулсан заалтууд ч бий.

Сайн заалтууд:

  • Шүүхийг хараат бус болгох алхмууд хийсэн;
  • Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ шууд томилох эрхтэй болсон.

Аюултай заалтууд:

  • Улс төрийн намыг нийт сонгогчдын 1%-н буюу одоогийн тоогоор 20,000 иргэн “ эвлэлдэн нэгдэж” байж байгуулах заалт (2028 оноос хэрэгжих) нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.10-н “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. …” гэдэг заалтаа зөрчсөн;
  • Байгалийн баялаг нь “төрийн нийтийн” өмч гэж заасан нь тодорхойлолтын хувьд ойлгомжгүй;
  • Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын өгөөжийн “дийлэнх олонх” нь ард түмэнд ногдох гэж заасныг тухайн үеийн парламент өөрсдийн үзэмжээрээ тайлбарлаж, эдийн засгийн голлох салбараа улс төр болгодог байдал үргэлжлэх.

Сайн, муу аль аль талтай заалтууд:

  • Хуулийн төслийг ирц бүрдсэний олонх бус 76 гишүүний олонх батлах нь нэг талдаа хуулийг 20-хон гишүүний кнопоор баталдаг байсныг дор хаяж 39 гишүүний дэмжлэгээр баталдаг болсон нь сайжруулсан мэт боловч нөгөө талдаа хууль тогтоох байгууллага нь хуулиа баталж чаддаггүй, гацдаг байдалд орох аюултай.

Орхигдуулсан өөрчлөлтүүд:

  • УИХ-ын гишүүдийн тоог нэмээгүй. Нэг гишүүнд ногдох эрх мэдлийг саармагжуулах шаардлага үүссэн буюу хүн ам 30 жилийн хугацаанд 50% нэмэгдсэнг харгалзаагүй. 100–120 орчимд болгох нь нэг гишүүнд оногдох иргэдийн тоо, сонгуулийн тойргийн хуваарилалтад нийцэх юм болов уу гэж хувьдаа тооцож үзсэн;
  • Шүүхийг хангалттай хараат бус болгоогүй;
  • Сонгуулийн хуулиа сонгууль болгон өөрчилдөг жишгийг халаагүй.

Сонгуулийн тогтолцоо

  • Монгол Улс нэгдмэл улс хэдий ч хоёр танхимтай холбооны улсын дээд танхимын зарчмаар УИХ-ын сонгуулийн тойргуудыг хүн амаар бус газар нутгаар хуваарилсан буюу орон нутгийн төлөөлөл хэт их;
  • Нөгөө талаасаа хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдардаг ч хүн амын тоогоор нь автоматаар нийслэлд гишүүдийн талыг нь өг гэхтэй хараахан санал нийлэх бодолгүй байгаа ч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай;
  • Одоо байгаа сонгуулийн тойргийн хуваарилалтаар 1 УИХ-ын гишүүнд ногдох хамгийн бага иргэдтэй тойрог нь Хэнтий (25,9 мянга) болон хамгийн их иргэдтэй нь Баянгол дүүрэг (75,6 мянга) хоёр хоорондоо 2,9 дахин ялгаатай. СХД, БЗД-г хоёр хуваасныг харгалзсангүй. (доорх “дундаж” гэдэг нь 1 гишүүнд ногдох иргэдийн тоо):
Хүснэт 1: УБ-т 31,6%, орон нутагт 68,4% оногдож байна (Хүн ам 2018 оны байдлаар)
  • 2020 оны “олон мандаттай” томсгосон мажоритар тогтолцоогоор тойргуудыг хуваарилж болох байсан хувилбар. Том, жижиг тойргийн ялгаа 1,8 дахин:
Хүснэгт 2: УБ-т 30 (39,5%), орон нутагт 46-г (60,55) өгч болох л байлаа. (Хүн ам 2018 оны байдлаар)
  • 99 гишүүнтэй байсан бол яаж хуваарилж болох байсан бэ? Том жижиг тойргийн ялгаа 1,5 дахин:
Хүснэгт 3: УБ-ын төлөөлөл 42,4%, орон нутгийнх 57,6% байж болох хувилбар. (Хүн ам 2018 оны байдлаар)
  • Нэгдмэл улсад жалга довны бус үндэсний бодлого боловсруулагч шаардлагатай тул сонгуулийн тогтолцоог 100% пропорционал болгох, ядаж холимог болгох нь дараагийн алхмууд байж болох;
  • 2012 оны пропорционал хэсгийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгохдоо ҮХ-н 21-р зүйлийг 21.2-т заасан “Улсын Их Хурлын гишүүнийг … шууд сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэсэн заалтыг ашигласан нь үндэслэл муутай. Учир нь намын жагсаалтад хүмүүсийн нэр, дараалал нь тодорхой байсан буюу нам сонгохдоо хэнийг “шууд” утгаараа сонгож буй нь илт байсан.

Хүний эрх

НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал (ХЭТТ) болон түүний хүрээнд Монгол Улсын нэгдэн орж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, үүнд (1) иргэний болон улс төрийн, 2) эдийн засаг, нийгэм, соёлын, 3) арьс үндсээр алагчлахгүй байх, 4) эмэгтэйчүүдийг алагчлахгүй байх, 5) хүүхдийн эрхийн, 6) хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн, 7) эрүүдэн шүүхгүй байх, 8) хүний наймааны эсрэг зэрэг хүний эрхийн тухай олон улсын гэрээнүүдийг (нэгтгээд Олон улсын хүний эрхийн билл (Билл)) суурь зарчим болгон баримтлах.

Хуулийн хийдэл, давхцал, эргэлзээ гарахад Үндсэн хуулиа хардаг шиг хүний эрхтэй холбоотой эсэх нь эргэлзээтэй үед дээрх Билл нь бүх хуулийн суурь зарчим, хэм хэмжээ байхыг бид НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхий нийтийн өмнө зарласан. Монгол хүн амласан амандаа За андгаар хэмээн хүрдэг заншлаа мартахгүй, үлгэрлэх, түүчээлэх ёстой.

Үүний зэрэгцээ цохон тэмдэглэх шаардлагатай эрх бол жендэрийн эрх тэгш байдал юм. ХЭТТ-ын 1-р зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” гэж заасан төдийгүй Үндсэн хуульд ямарваа нэгэн байдлаар хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүйг баталгаажуулсан билээ. Иймээс жендэр, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр ялгаварлан гадуурхсан аливаа туршлагыг халах ёстой.

Хүн бүр төрөхдөө заяагдмал онцлог шинжтэй төрдөг, эр, эм бэлэг эрхтэн, өндөр намхан, том жижиг, арьс үсний өнгө г.м. Энэхүү ялгаатай жам ёсны байдал нь түүнийг ялгаварлах ямар ч үндэслэл биш.

Жендэр

Хөдөлмөр эрхлэлтээр эрэгтэй, эмэгтэй нь 2006 онд ойролцоо буюу 62% орчим байсан бол 2018 оны төгсгөлд эрэгтэй нь 63,7% байхад эмэгтэй нь 49,6% болтлоо унажээ. (Эх сурвалж: ҮСХ)

Энэ нь эмэгтэйчүүдийн тал нь ажилгүй гэртээ суудаг гэсэн үг огт биш бөгөөд харин албан бус хөдөлмөр эрэгтэйчүүдээсээ илүү эрхэлдгийн илрэл. Адилхан ажил хийдэг эцэг эх хоёр ч гэртээ хариад харилцан адилгүй гэрийн ажилд оролцдог.

График 1: Хөдөлмөр эрхлэлтийн түвшин хүйсээр (ҮСХ)

Мөн хөдөлмөр эрхэлсэн ч орлого нь 2001 онд ойролцоо байсан бол 2018 онд эрчүүдээс 20% орчим бага болсон байна. (Эх сурвалж: ҮСХ)

График 2: Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин (ҮСХ)

Жендэрийн тэгш эрх нь хүний эрх дотроо орох ч яах аргагүй тусгайлсан бодлого, нэгдмэл ойлголттой байхаас өөр аргагүй байдалтай байна.

Хүн амын тал нь “эм” болж төрж, биеийн хүч, физиологийн хувьд дунджаар эрэгтэйчүүдээс бага ч зөвхөн оюуны чадавхаараа өрсөлддөг болсон өнөө цагт хэвшмэл хуучин сэтгэхүйг үгүй хийх цаг нь болсон.

Улс орон хөгжихөд хүн бүрийн оролцоо, хувь нэмэр, дуу хоолой, шийдвэр чухал учир хэн байхаас үл хамааран айх айдасгүй, гачигдалгүй, хүчирхийллээс ангид ажиллах, амьдрах ёстой.

Жендэрт суурилсан ялгаварлал, хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх нь энэ хэвшмэл, хуучин ойлголтоосоо салахаас л эхэлнэ.

Энэ утгаараа “Улаан бал товч тойм”-ын “Март” дугаартай санал бүрэн нийлж байна.

Ажлын байрны бэлгийн дарамт, нийгэм эдийн засаг дахь хүйсийн ялгавартай харилцааны талаар зоригтой 4 бүсгүйн түүхийг “Бодкаст Подкаст”-ын анхны дугаараас сонсоорой.

Мөн “Алдарт эх”-ийн одонгийн цаад түүх, эмэгтэй хүнийг хүүхэд тээх “сав” мэт ойлголтуудыг эртнээс өгч эхэлж байсан талаарх антропологич Ш.Туяа багшийн нийтлэлийг сонирхоорой.

Мартын 8-ны 50 жилийн ойн марк

Гэхдээ, миний бие үүнээс нэг алхам урагшаа алхахыг хүсэж байна:

  • Иргэдийн төлөөлөл болсон улс төрийн байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоог иргэд, хүн амын хүйсийн харьцаатайгаа адил 50/50 болгох.

Гэхдээ мэдээж энэ бол хүчээр, нэг дор болгочих асуудал биш, харин хиймэл, хэвшмэл заншил болсон ойлголтуудыг, нийгэм, хөдөлмөрийн зах зээл, улс төр дэх үл үзэгдэх ч тулаад гацдаг “шилэн тааз”-ыг эвдэх замаар шийдэх.

Бие, физиологийн ялгаа хамаагүй болсон өнөө цагт ганц үлдэх ялгаа бол хүүхэд төрүүлэх. Хүүхэд тээх, төрүүлэх нь харьцангуй хуулиараа, нийгмийн хамгааллын тогтолцоогоор хангагдсан ч хүүхэд өсгөх процессод төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй үгүйлэгдэж байна.

Үүнээс үүдэж тэдний хөдөлмөрийн зах зээлд эргэн орох боломж, эдийн засгийн эрх чөлөөтэй байх эрх зөрчигдөж байна.

Оюутнуудын 2/3 нь эмэгтэйчүүд байгаа хэдий ч хөдөлмөрийн зах зээлд шийдвэр гаргах түвшинд хүрээд ирэхээр тоо нь эрс цөөрдөг. Доод албан тушаалтанд эмэгтэйчүүд зонхилдог ч УИХ-д түүхэн дээд түвшинд хүрсэн гэх ч 17% л байна. Бизнесийн байгууллагад ч удирдах дээд албан тушаалтны 20% л эмэгтэйчүүд. (Эх сурвалж: Х.Номингэрэл)

Яагаад?

  • Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж байхгүй
  • Хүүхэд харах үйлчилгээний тогтолцоо хангалтгүй
  • Хөдөлмөрийн хуулиар зөвхөн ээж нь урт хугацаагаар ажлаасаа хол байж болдог, эцэг нь богино хугацаагаар ч болдоггүй

Хүүхэд тээх, төрүүлэх, хөхүүлэх нь л ээжийн хариуцлага ч хүүхдээ өсгөх үүрэг бол эцэг эхийн хувьд харилцан адилгүй оногддог хөдөлмөрийн хуулийн тогтолцоотой нь ээжийг нь улам гэртээ, аавыг нь улам ажилд нь байлгаж байна.

Судалгаа байхгүй ч сургууль, цэцэрлэгүүд хаагдсан энэ үед хүүхдээ хараад гэртээ үлдэж байгаа нь 100% биш юм аа гэхэд дийлэнх олонх нь ээж нар байгаа нь гарцаагүй.

Түүнчлэн мэдээж нийгмийн хэвшмэл буруу ойлголтууд нэмэгдэж хүүхдээ харах үүрэг бол зөвхөн эмэгтэй хүнийх, мөнгө олж тэжээх үүрэг нь зөвхөн эрэгтэй хүнийх гэсэн ойлголтууд нэмэгдэнэ.

Гол санаа нь ээж болсноороо эмэгтэй хүн хөдөлмөрийн зах зээлд бусдаасаа хоцордоггүй л байх. Үүнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх хангалтгүй бөгөөд нийтийн хэвшмэл ойлголтыг давхар эвдэж байж л өөрчлөгдөнө.

НЭМЭХ СЭДВҮҮД

Үргэлжлүүлэх сэдвүүд: Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, тусгай хэрэгцээт иргэд, уул уурхай, мал аж ахуй, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гадаад харилцаа, батлан хамгаалах, хотын хөгжил, хилийн чанад дахь иргэдийн асуудал … (нэмэх сэдвүүд байвал хэлээрэй)

Яагаад Уухай?

#Уухай! Хөдөлгөөн нь улс төрийн намын харьяалал, улс төрийн үзэл баримтлал үл хамааран иргэн бүр санал нийлэх дараах үнэт зүйлсийн үндсэн дээр нэгдсэн дэвшилтэт үзэлтэй шинэ үеийн иргэдийн төлөөлөл юм:

  1. Шударга ёс, ёс зүй
  2. Хүний эрх, эрх чөлөө
  3. Ардчилал, парламентын засаглал
  4. Хувийн хэвшил, хувийн өмч

Эдгээр үнэт зүйлс бол улс төрийн чиг баримжаа үл хамааран иргэн бүрийн нэгдэж тэмцэхээс өөр аргагүй болсон зүйлс. Үндсэн хуульдаа эдгээр үнэт зүйлсийг шингээж өгсөн ч бодит амьдрал дээр аль аль нь ноцтой зөрчигдөх болсон нь биднийг нэгдэх болсон гол шалтгаан.

Нийгмийн эдгээр суурь ойлголтууд дээрээ нэгдэлгүй улс төрийн бодлого ярих нь ямар ч утгагүй бөгөөд амьдрал дээр хэрэгждэггүй хоосон үгс болдог нь тодорхой болсон.

#Уухай! Хөдөлгөөний залуус эдгээр үнэт зүйлсийн үндсэн дээр нэгдэж сонгуульд (УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн) оролцдоггүй залуусын 60-70%-г сонгуульдаа идэвхтэй оролцуулахыг уриалан ажиллах юм.

Иргэдийн татварын мөнгө, төсвөөс идэхийн төлөө сонгогдохоор зүтгэх бус, бодлогоор, шийдлээр, гүйцэтгэлээр өрсөлддөг болох цаг айсуй.

Яагаад ХҮН?

Миний бие Хөдөлмөрийн Үндэсний Намын “зүүн төвийн” үзэл баримтлалтай хувь хүний хувьд үзэл бодол таардаг учраас (дээрх “Улс төрийн луужин” хэсгийг харна уу) 2015 онд шинээр эмхлэн байгуулагдах үеэс эхлэн дэмжин оролцож ирсэн юм. ХҮН намыг байгуулах эхлэл болох “Хөгжил-Хүн” клубийн гишүүн, намын суурь бодлогыг боловсруулах “оюуны шуурганд” идэвхтэй оролцож ирсэн билээ.

Гэхдээ, намын анхны идэвхтнүүдэд дараах зүйл дээр анхнаасаа шүүмжлэлтэй хандаж ирсэн:

  • Яагаад Ганбаатар? Улс төрийн туршлагагүй, олонд танигдаагүй байдлаа “товчилж”, өөрсдийнхөө чадварт болон дэмжих иргэд байгаа гэдэгт итгэлгүй, нэг “од”-ыг тугаа болгосон нь хамгийн том алдаа.

Харин одоо байгаа удирдлагуудыг дэмжиж ХҮН-д элсэж буй шалтгаан:

  • Дээрх миний үнэт зүйлстэй таарч, улс төрийг товчилж бус зарчим дээрээ хатуу байж урагшлах замыг сонгож, хувийн ашиг сонирхлоор бус харин ч хувийн эдийн засаг, санхүүгээ золиосолж улс төр хийдгийг ухамсарладаг зарчим.

Миний бие хэзээ ч улс төрийн намын гишүүн байж үзээгүй. 37 хүрч буй өнөө цагт, Монголдоо ч бай, гадаадад ч бай өөрийгөө аваад явах чадвартай болсон энэ цагт гэнэн хуумгай зангаар бус нийгмийн, нийтийн төлөө зүтгэх хамгийн дээд алхмуудын нэг болох улс төрийн шийдвэр гаргаж Хөдөлмөрийн Үндэсний Намд элсэж буйгаа үүгээр зарлаж байна.

Мөн 2018 оны намраас хойш, намын харьяалалгүй ч намын хатуу гишүүнчлэлийг эсэргүүцдэг ХҮН намын залуучуудын байгууллага болох “Залуу ХҮН” клубийн тэргүүнээр томилогдон ажиллаж буй билээ.

“Залуу ХҮН” клуб нь зөвхөн намын залуучуудын байгууллага бус нийт Монголын залуучуудын талаарх намын бодлогыг тодорхойлоход, тэдгээрт хандсан үйл ажиллагаа явуулахад чиглэх юм.

Нас 37 хүрч байгаа нь намын залуучуудын байгууллага удирдахад хөгшдөхөө гүнээ ухамсарлаж буй бөгөөд цаашид байгууллагыг удирдах насыг доошлуулж 30-аас доошоо оруулах бодлого баримтлах болно.

Мөнхдөлийн товч намтар

Бонтой овогт Бадралын Мөнхдөл нь 1983 оны 12-р сарын 4-нд Налайх хотод айлын хоёр дахь бөгөөд отгон хүүхэд болж төрсөн.

Эцэг Сүрэнгийн Бадрал нь дипломат, эх Намжаагийн Мядагмаа нь хөнгөн үйлдвэрийн инженер, нягтлан бодогч.

Дипломат аавыгаа даган Лаос, АНУ, Швейцарт амьдарч, дунд нь Улаанбаатар хотын 220 мянгат, 5-р хороолол, 40, 50-н мянгат, баруун 4-н замын дунд өсвөр насаа өнгөрүүлж, ерөнхий боловсролоо дүүргэсэн.

Одоо Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 2011 оноос хойш амьдарч буй.

Боловсрол, ажлын түүх:

1988–1992 Лаос Улсад ЗХУ/ОХУ-ын Элчин сайдын яамны цэцэрлэг, сургууль

1992–1993 Орос-Монголын хамтарсан 3-р сургууль

1993–1996 АНУ-ын Хавай мужид дунд сургууль

1996–2000 Нийслэлийн Физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургууль (төгссөн)

2000–2002 ШУТИС-ийн хуучнаар Компьютерийн техник, менежментийн сургуульд (КтМС) Программ хангамжаар бакалавр (төгсөөгүй)

2002–2003 Швейцарын Женев хотод ахлах сургууль

2003–2004 Япон Улсын Токиогийн Гадаад судлалын Их сургуульд Япон хэлний бэлтгэл (Японы ЗГ-ын Монбүшо тэтгэлгээр)

2004–2008 Япон Улсын Сайтамагийн Их сургуульд Бизнесийн удирдлагын бакалавр (Японы ЗГ-ын Монбүшо тэтгэлгээр) (төгсөөгүй, тайлбар сүүлийн хэсэгт)

2009–2012 Улаанбаатар хотод Frontier Securities, CPS Securities компаниудад брокер, хөрөнгө зах зээлийн зөвлөх

2013-одоо Cover Mongolia зах зээлийн мэдээллийн үйлчилгээний компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

2015–2017 ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуульд Мэдээллийн системийн менежментээр Бизнесийн удирдлагын бакалавр (төгссөн)

2018–2019 Сингапур Улсын Үндэсний Их сургуулийн харьяа Ли Куан Югийн нэрэмжит Нийтийн бодлогын сургуульд Нийтийн удирдлагын магистр (Master in Public Administration)

Миний бие бакалаврын 2 ч хөтөлбөрийг дуусгалгүй, орхиж байсан юм.

Эхнийх болох КтМС-г Японы Засгийн газрын Монбүшо тэтгэлэгт тэнцсэнээр орхиж байсан бол Японд Бизнесийн удирдлагаар сурахдаа төгсөлгүй орхисон нь миний амьдралын хамгийн том алдаануудын нэг юм. Мэргэжил программ хангамжаас бизнес болсон “шалтгаанаар” шинэ мэргэжилдээ сэтгэл гаргаагүй, мөн анх удаа бие дааж амьдарч эхэлсний, хувийн хариуцлага, дэглэмгүй өнгөрүүлсний алдаа юм.

Нөгөө талаасаа Японд өнгөрүүлсэн 5 жил маань өөрөө өөрийгөө таних, нээх, олж авах, дээр дурдсан үнэт зүйлээ олж авсан жилүүд байжээ гэж эргэн хардаг.

Энэ “алдаагаа” хожим ухаарсан ч хуучин КтМС -дээ буюу одоогоор Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуульд эргэн элсэж программ, бизнес хоёрыг хослуулан “Мэдээллийн системийн менежмент” мэргэжлээр 2017 онд төгссөн. Төгссөн жилдээ Азийн #1 их сургууль болох Сингапур Улсын Үндэсний Их сургуулийн харьяа, Сингапурын үндэслэн байгуулагч Ли Куан Югийн нэрэмжит Нийтийн бодлогын сургуульд өргөдлөө өгч, сургуулийн 100%-н тэтгэлэгт тэнцэн суралцлаа.

Олон нийтийн ажил

  • Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга асан: ХЧМЗ нь ГХЯ, ХНХЯ, БСШУСЯ, МҮХАҮТ-тай хамтран ажиллах гэрээтэй, дэлхий даяар тархан суугаа Монгол иргэдийн холбоо, байгууллагуудын нэгдсэн зөвлөл бөгөөд хилийн чанадад суугаа иргэдийн хамгийн том төлөөллийн байгууллага юм.
  • Цахим Өртөө Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн
  • Нийслэлийн 11-р Сургууль Төгсөгчдийн Холбоо” ТББ-ын тэргүүн
  • Цагаан Сонголт” хөдөлгөөний санаачлагч, удирдагчдын нэг
  • JCI Импакт салбар байгууллагын 2018 оны Ерөнхийлөгч
  • Уухай Хөдөлгөөн”-ий гишүүн
  • Хөдөлмөрийн Үндэсний Намын “Залуу ХҮН” клубийн тэргүүн
Уухай ба ХҮН

--

--

Representative at Sukhbaatar District Council (Ulaanbaatar, Mongolia) | Founder & CEO of Cover Mongolia, a market intelligence firm covering Mongolia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store
Бонтой Бадралын МӨНХДӨЛ

Representative at Sukhbaatar District Council (Ulaanbaatar, Mongolia) | Founder & CEO of Cover Mongolia, a market intelligence firm covering Mongolia.