Уянгат эмгэнэл

Г.Доницетти “Лучиа Ди Ламмермур”

Дуурь бүжгийн эрдмийн театрын хойд ханыг 53 дахь улирлын хөтөлбөр болон тус улиралд тоглогдох уран бүтээлийг нэг бүрчлэн дүрсэлсэн ханын самбарууд хэдийнээ чимжээ. Ж.Вердигийн “Аида” дуурь, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, А.Аданы “Жизель” балет зэрэг бидний хэдийнээ танил болсон бүтээлүүд дунд, П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг дүрсэлсэн самбарын доор шинэ нэр харагдах нь Г.Доницеттигийн бүтээл “Лучиа Ди Ламмермур” дуурь.

ДБЭТ-ийн ерөнхий захирал Ч.Мөнхзул энэхүү дуурийг эмгэнэлт, бүр маш эмгэнэлт гэдгийг онцолж хэлсэн бөгөөд гурван бүлэгт тус дуурь Монголын сонгодог урлагийн тайзнаа анх удаа тавигдаж буйгаараа онцлог. Италийн нэрт хөгжмийн зохиолч Г.Доницеттигийн гурван бүлэгт энэхүү дуурь манай тайзнаа шинэ бүтээл, шилдэг мэргэжилтнүүдийг харийн улсаас авчирахын сацуу уугуул уран бүтээлчдийн чансааг шалгах томоохон сорилт болж, сонгодог урлаг сонирхогчдод нэлээдгүй хүлээлт үүсгэж байна.

1835 оны 9-р сарын 26-ны үдэш Наплесийн “Teatro di San Carlo”-д нэгэн гоц гойд үйл явдал болсон нь 15 жилийн турш амжилттай борлогдож буй Английн нэрт зохиолч Валтер Скоттын “Ламмермурын сүйт бүсгүй” тууж дээр үндэслэсэн “Лучиа Ди Ламмермур” дуурийг анх удаа олонд хүргэх байв. Тухайн үед алдар цуу нь түгэж байсан Италийн хөгжмийн зохиолч Г.Доницеттигийн энэхүү бүтээл нь 17-р зууны манант, бүрхэг Шотландад үйл явдал нь өрнөдөг бөгөөд тухайн эриний хүмүүст энэ цаг үе, бүс нутгийн аж амьдрал тунчиг сонирхолтой байсан нь тус дуурийг алдарт гаргах нэг том түлхэц болж өгчээ. Италийн ядуу гэр бүлээс гаралтай ч 9 настай байхаасаа буюу хөгжмийн сургуульд анхлан орсон цагаасаа л эхлэн онцгой авьяастай нэгэн гэдэг нь мэдэгдэж эхэлсэн Г.Доницетти нийт 74 дуурь бичсэн ч “Лучиа Ди Ламмермур” түүний авьаяс билгийн оргил нь гэдэгтэй хөгжим судлаачид дуу нэгддэг.

Сопрано дуучин У.Уранцэцэгийн хэлж буйгаар энэхүү дуурь агуулгаараа “Ромео ба Жульетта”-тай их төстэй аж. Дуучин У.Уранцэцэг бол Итали улсад уран бүтээлээ туурвиж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эмэгтэй. Тэрбээр зөвхөн сүйт бүсгүй Лучиагийн дуурийг бүтээхээр УДБЭТ-ийн урилгыг хүлээж аван эх орондоо богино хугацаагаар айлчилж байгаа билээ. “Ламмермурын Лучиа гэх эль дуурь Италид маш их алдартай бөгөөд бараг хүн бүр мэднэ. Дээр хэлсэнчлэн “Ромео ба Жульетта” дээр гардагийн адилаар хоер гэр бүл маш их өс хонзонтойн улмаас байнгын тэрсэлдээн дунд тэд оршин тогтноно. Харин ахаасаа бүрэн хамааралт байдаг гэнэн цагаан Лучиа охин үүний золиос болдог. Лучиа бол сэтгэл санааны гүн хямралд орсон, их эмзэг дүр” гэж өгүүлэх дуучин У.Уранцэцэг эл дүрийг Герман болон Италийн тайзнаа амилуулж байсан туршлагатай. Түүнийг Италийн Фэрмо хотын театрт Лучиагийн дүрд тоглосны дараагаар үзэгчид хорин минут босож алга ташиж хүндэтгэл үзүүлж байсан гэх баримт бий. Сопрано хоолойтой дуучид бүр энэ дүрийг амилуулж чаддагүй агаад өндөр ур чадвар шаарддаг Лучиагийн дүрийг амилуулахаар ирээд буй дуучин У.Уранцэцэг эх орон нэгтнүүдтэйгээ хамтарч ажиллахдаа туйлын сэтгэл хангалуун байгаагийн дээр чадах бүхнээ харамгүй зааж сургаж байгаа аж. Лучиагийн хэсгийг сопрано хоолойтой дуучдын зөвхөн шилдгүүд нь л бүтээж чаддаг бөгөөд ДБЭТ-н гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга ч мөн энэхүү дүрийг амилуулна гэх мэдээ сонгодог урлаг сонирхогсдын сэтгэлийг ихэд хөдөлгөж байна.

Лучиагийн дүр бол гүн эмгэнэлт дуурийн гүн эмгэнэлт дүр. “The Mercury News”-д бичсэнчлэн дуурийн зохиолуудад галзуурсан, солиорсон хэсгүүд түгээмэл тохиолддог хэдий ч Г.Доницеттигийн Лучиагийн солиролд дөхөж очих бүтээл хараахан төрөөгүй байгаа ажээ. Мөн “The Guardian” сонин энэхүү дуурийг түүний эцсийн бүлэг буюу гурравдугаар бүлэгт гардаг агуу их солиорол алдрын оргилд хүргэдэг гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Магадгүй хөгжмийн зохиолчийн өөрийнх нь амьдралд учирсан эмгэнэлт явдлуудын шууд тусгал ч байж мэднэ. “Анна Болейн”, “Лучиа Ди Ламмермур” дууриуддаа эмэгтэй хүний солиорлыг яруу тодоор илэрхийлж чадсан Г.Доницетти харамсалтай нь тухайн үед “тархины хамгийн аюумшигт эмгэг” гэж нэрлэгддэг байсан өвчний улмаас хорвоог орхихдоо бүрэн солиорлын байдалтай байсан нь эмгэнэлтэй.

УДБЭТ-н хажуугаар өнгөрөхдөө саатаж нэг зогсоод, сайтар нягт сонсвол шинэ улирлынхаа бүтээлийг үзэгчиддээ хүргэхээр өдөр шөнөгүй бэлтгэл хийж буй уран бүтээлчдийн хөгжмийн эгшиг болоод цээл хоолой сонстоно. Харин Ням гарагийн өглөө сонгодог урлагийг түгээгч ягаан байшинд баритон хоолой цуурайтна. Түүний эзэн нь МУГЖ, УДБЭТ-н гоцлол дуучин Э.Амартүвшин. Тэрбээр Уэлст зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World 2015” олон улсын дуулаачдын тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болсон нь түүний ямархуу чадвар, чадалтай уран бүтээлч болохыг гэрчилнэ. Лучиагийн ах хатуу сэтгэлт Ламмермурын гүн Энрикогийн дүрд хувирч буй дуучин өөрийн хэсгийг “их том бөгөөд хэцүү” , харин дууриа “дэлхийн томоохон дууриудын нэг” гэж тодорхойлсон юм. “Лучиа Ди Ламмермур” дуурийг Монгол улсад анх удаа Солонгос найруулагч Ан Ху Воны найруулгаар тавьж буй бөгөөд тэрбээр өмнө нь Ж.Вердигийн “Травиата” дуурийг шинэчлэн найруулахад ажиллаж байсан юм. Э.Амартүвшингийн хувьд анх удаа Ан Ху Вон найруулагчтай хамтран ажиллаж байгаа бөгөөд олон газар энхүү дуурийг тавьж байсан арвин их туршлагатай түүнээс суралцах зүйл маш их, гайхалтай уран бүтээлч гэдгийг онцлон хэлсэн билээ. “Төрсөн дүүгээ өмөөрч хамгаалахын оронд өөрийн эрх ашгийн төлөө хайр дурлалд нь хориг хийдэг гүн Эдвардо бол эзэрхий түрэмгий зан чанартай хурц дүр. Миний өмнө нь бүтээж байсан ихэнхи дүрүүд дотроо хатуу, зөөлөн олон шинжийг агуулж байсан бол энэ удаагийн дүр маань зөвхөн нэг чиг шугамыг барьсан чанартайгаараа өвөрмөц” хэмээн дуучин Э.Амартүвшин 53 дахь улирлаар анх удаа Монгол үзэгчдийн хүртээл болох “Лучиа Ди Ламмермур” дуурьд бүтээж буй дүрийнхээ талаар өгүүлсэн юм. Тэрбээр интернэт ашиглан дэлхийн алдартай дуучид энэхүү дүрийг хэрхэн бүтээсэн талаар үзэж сонирхон, тэднээс суралцан, харьцуулалт байнга хийж буйгаа ч дурдсан юм.

Бусад эмгэнэлт дууриуудаас гол ялгарах онцлог нь Г.Доницеттигийн хэв маягаар бичигдсэн уянгат хөгжим нь аж. Түүнчлэн найрал дуучдын ид хавыг гайхуулсан хэсгүүдээр ч баялаг. “Залуухан театр” гэж өөрийн театраа тодорхойлсон ерөнхий удирдаач Ж.Бүрэнбэх шинэ дууриа амжилттай туурвихаар тун шаргуу ажиллаж байна. УДБЭТ-ийн 4 давхраас симфони найрал хөгжмийн уянгат хийгээд эмгэнэлт аялгуу эгшиглэнэ. “ Эл дуурийг сонордсон үзэгчид хөгжмөн доторх увидсыг мэдрээд гараасай” гэж хүсэж буйгаа дуучин У.Уранцэцэг илэрхийлсэн бөгөөд тус театрын симфони найрал хөгжмийн уран бүтээлчдийн бэлтгэлээс дүгнэхүйд түүний хүсэл биелэх нь дамжиггүй.

Эрт цагаас улбаатай гэр бүлийн өшөө хорслын улмаас өөрийн хайрт бүсгүйтэйгээ нийлж чадахгүйн дээр түүний хорн санаат ахын тэднийг салгах гэсэн төрөл бүрийн оролдлого нь Ноен Эдгардог сэтгэл санааны хувьд тогтворгүй нэгэн болгоно. Энэ дүрийг бүтээж буй УДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Гомбо-Очирын өмнөх дүр нь эрэлхэг зоригтой нэгэн байсан бол энэ удаад зовж шаналсан, дуралсан, хурц шийдэмгий Эдгардогийн дүрд шууд хувилах нь амаргүй байсныг нуусангүй. Тэрбээр өмнө нь Солонгос улсад “Чио Чио Сан”-д найруулагч Ан Ху Вонтой хамтарч ажиллаж байсан бөгөөд энэ удаад ахин хамтарч бүтээл туурвихдаа тун таатай байгаагаа мөн дурдсан билээ. Эдгардогийн дүр ч мөн дуучнаас өндөр ур чадвар шаарддаг аж.

Гол дүрийн ихэнхи баатруудын үхлээр төгсдгийн улмаас “Цуст дуурь” ч гэж нэрлэгддэг эл бүтээлийг Монгол улсын тайзнаа анх удаа тавьж буй түүхэнд тэмдэглэгдэм энэ үйл явдлыг УДБЭТ-ийн ерөнхий захирал Ч.Мөнхзул олон улсын төсөл гэж тодорхойлж байгаа бөгөөд эл бүтээлийг олны хүртээл болгохоор Солонгос улсаас найруулагч, Итали улсаас дуучин тусгайлан зорин ирснийг онцлууштай. УДБЭТ-ийн тоглолтын 53 дахь улирлаараа дэлхийн топ 10 дуурийн хөгжмийн зохиолчийн 9 дэхь хүний уран бүтээлийг эх орныхоо тайзнаа тавьж буй нь томоохон амжилт гэдгийг ч Ч.Мөнхзул захирал мөн дурдсан юм.

Намар цагт ихэнхи үзвэр, үйлчилгээний газрууд руу чиглэх хүний хөл татардаг ч Улаанбаатар хотын зүрхэн тушаа орших УДБЭТ-ыг зоригсдын тоо ихэсдэг. Урд өмнө нь эх орондоо үзэж сонордож байгаагүй нэгэн гайхамшигт бүтээл болох Г.Доницеттигийн “Лучиа Ди Ламмермур”-аар аялж, шидэт хөгжмөнд илбэдүүлж, золгүй хувь заяа тохиосон гол дүрүүдийн хамтаар гашуудаж, уйлж, тэднийг өрөвдөж, хамт эмгэнэх амралтын өдрүүд айсуй.