БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА ЯАГААД САНХҮҮГИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хувиараа бизнес эрхлэгчид ихэвчлэн зардал хэмнэх үүднээс бизнесийнхээ жижиг том гэлтгүй бүхий л ажлыг хариуцаж, авч явдаг билээ. Өөрөөр хэлбэл, үүсгэн байгуулагч нь компанийнхаа захирал, борлуулалт, маркетингийн ажилтан, нягтлан, нярав гэх мэт бүхий л ажлыг гүйцэтгэж байна гэсэн үг юм.

Бизнес эрхлэх нь цаг хугацаа, хүчин чармайлт ихээхэн шаарддаг учир ямар ч бүхнийг хийж чаддаг, “Арван хуруу тэгш” хүн байгаад аливаа бизнесийг үр ашигтай байлгахад тогтмол хийгдэх шаардлагатай ажлуудыг дангаараа мэргэжлийн төвшинд, бүрэн дүүрэн хийх нь боломжгүй зүйл юм.

Эдгээр тогтмол хийгдэх шаардлагатай, чухал ажлуудын нэг бол гарцаагүй “Санхүүгийн бүртгэл” билээ. Санхүүгийн бүртгэл, тайланг стандартын дагуу бэлтгэснээр бизнесийн орлого зарлага, ашиг алдагдал, хөрөнгө ба өр төлбөр зэрэг чухал мэдээллийг нарийн мэдэх боломжтой болдог. Улмаар эдгээр мэдээлэлд үндэслэн бизнес эрхлэгч бизнесийнхээ гүйцэтгэлийг, түүний чиг хандлага болон илүү ашигтай ажиллах арга замыг олж харах боломжийг нээж өгдөгт санхүү бүртгэлийн гол ач холбогдол оршдог юм.

Мэдээж санхүүгийн тайлан мэдээг бэлтгэхэд цаг хугацааны хувьд хүрэлцээгүй байх шалтгаанаас гадна санхүүгийн мэдлэг дутмаг байдлаас болоод уг ажлыг орхигдуулах нь олонтаа. Гэвч “Санхүүгийн бүртгэл” гэхээр нарийн мэдлэг, цаг хугацаа ихээр шаардсан мэт сонсогдох боловч үүнийг энгийнээр, бизнесийнхээ санхүүгийн байдлыг хянах боломжтой, үр дүнтэй байдлаар хөтлөх боломжтой юм.

Жишээлбэл, бидний хэлж заншсанаар “Хар Дэвтэр” буюу өдөр тутмын борлуулалтын орлого болон борлуулсан бараа бүтээгдэхүүний бүртгэлийг хөтлөх юм. Энэхүү аргыг манай худалдаа эрхлэгч нар үйл ажиллагаандаа хэвшил болгосон байдаг.

Иймд бидний зүгээс Хар дэвтрийг хэрхэн хөтөлж болох, түүнийг ойлгомжтой, эмх цэгцтэй хөтлөхөд дэм болох үүднээс доорх хүснэгтийг жишээ болгон орууллаа.

Уг хүснэгтэд Та тухайн өдрийн огноо болон борлуулсан бүтээгдэхүүний үнийн дүнг бараа тус бүрээр ялган бичээд, өдрийн эцэст нэгтгэж, тухайн өдрийн орлогыг тооцоолох юм. Ингээд өдөр тутмын бүртгэлээ сараар, жилээр нэгтгэж тухайн сар, жилийн орлогоо мэдэх боломжтой болно.

Дээрх хүснэгтийг дэвтэр дээрээ зурж эсвэл шууд хэвлээд ашиглах боломжтой бөгөөд мэдээж өөрийн үйл ажиллагааны чиглэлд тааруулан өөрчилж эсхүл улам баяжуулж, бараа бүтээгдэхүүнийхээ үлдэгдэл болон авлага зэргийг бүртгэж болно.

Энэхүү энгийн бүртгэлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хэвшил болгосноор Та борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, бараа материалын татан авалт хийх, бизнесээ өргөжүүлэх эсэх зэрэг бизнесийн чухал шийдвэр гаргалтад нөлөөлөх суурь мэдээлэлтэй болох юм.

Мөн санхүүгийн бүртгэлийг хөтөлснөөр Танд олгож буй нэг чухал үр өгөөж бол Таны бизнесийн үйл ажиллагааг баримтжуулж байгаа явдал юм. Бизнес эрхлэгч нар эргэлтийн хөрөнгийн хэрэгцээ гарах, эсхүл үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр хөрөнгө оруулалт шаардлагатай үед зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн байгууллага / банк болон банк бус санхүүгийн байгууллага/-д ихэвчлэн ханддаг билээ.

Энэ үед санхүүгийн байгууллагаас “Орлого нотлох баримт” шаарддаг бөгөөд уг баримтыг Хар дэвтрээр орлуулж болдог. Зээлийн мэргэжилтэн тухайн бүртгэлийг үндэслэн Таны бизнесийн санхүүгийн байдлыг үнэлэх бөгөөд энэ нь зээл олгох эсэх шийдвэрт хамгийн том нөлөөг үзүүлэх хүчин зүйл болдог юм шүү.

Иймд эцэст нь дүгнээд хэлэхэд санхүүгийн бүртгэлийг аливаа хэлбэрээр хөтлөх нь бизнесийн амжилтад хүргэхэд чухал нөлөөтэй тул хойш тавилгүй хийгээрэй гэж зөвлөж байна.

Үнэ цэнэ нэмэх санхүүгийн найдвартай түнш

Үнэ цэнэ нэмэх санхүүгийн найдвартай түнш