Хүүхэддээ сургах санхүүгийн 5 дадал

Бид та бүхэндээ хүүхдэд халаасны мөнгө хэрхэн өгөж эхлэх талаар хүргэж байсан билээ. Энэ нийтлэлийг үргэлжлэл нь ч гэж ойлгож болох юм. Эцэг эхийн хувьд хүүхдүүддээ сургадаг олон зүйл байдаг… гутлаа үдэх, дугуй унах, машин жолоодох гэх мэт. Гэхдээ ихэнхдээ бид хүүхдүүддээ амьдралын хамгийн чухал хичээлүүдийн нэг болох хувийн санхүүгийн хичээл, мөнгөтэй хэрхэн харьцахыг чухалчилдаггүй. Бид өөрсдийн айдас, буруу дадал зуршил, санхүүгийн мэдлэггүй байдлаасаа ичиж зовдог тул мөнгө, санхүү бол ихэнхдээ “хориотой” сэдэв болон хувирсан байдаг. Мөнгөний тухай шударга яриа өрнүүлснээр хожим үр хүүхэд тань санхүүгийн хувьд амжилтанд хүрэх боломжийг олгоно. Сардаа дор хаяж 1–2 удаа мөнгөний талаар эцэг эхтэйгээ ярьдаг сурагчид энэ талаар ярьдаггүй хүүхдүүдтэй харьцуулахад илүү сайн дүнтэй байдаг байна. Амьдралыг даван туулахад санхүүгээ удирдах ур чадвар маш чухал боловч сургуулиуд хүүхдүүдэд мөнгөний талаар заадаггүй нь үнэхээр гайхмаар. Эцэг эхийн хувьд та хүүхэддээ санхүүгийн чухал хичээл заах боломжтой, мөн тэгэх ч үүрэгтэй. Үнэндээ хүүхдүүд 3 настайгаасаа эхлэн санхүүгийн менежментийн үндсэн ур чадварыг сурахад бэлэн болсон байдаг. 3 настай хүүхдүүд хэмнэлт, зарцуулалт гэх мэт санхүүгийн ойлголтыг ойлгож чаддаг. Их Британийн Санхүүгийн зөвлөгөө өгөх албаны хүсэлтийн дагуу Кембрижийн их сургуулийн судлаачдын явуулсан судалгаанаас гарсан тайланд хүүхдийн мөнгөө зарцуулах зуршил 7 настайгаас эхэлдэг болохыг тогтоосон байна.

Өдөр бүр бодитоор хэрэгждэг мөнгөний хичээлүүдийг эцэг эхчүүд ашиглан дадал суулгах тусам тэдэнд илүү сайн нөлөөл үзүүлэх болно. Жишээлбэл, зургаан настай хүүхдэд 5000₮ өгч, ямар жимс худалдаж авах сонголтыг өгөх гэх мэт. Эцэг эхчүүд хүүхдүүдийхээ санхүүгийн хүмүүжилд нөлөөлөх анхдагч хүчин зүйл тул бид ирээдүйд ухаалаг хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, хэмнэгч болон хандивлагч үеийг бий болгох нь бидний үүрэг юм.

Бид бүхэн хүүхдэд багаас нь заавал зааж сургах шаардлагатай гэсэн 5 санхүүгийн дадлыг хүргэж байна.

1. Хэмнэлттэй байх

Хүсэл ба хэрэгцээ хоёрын хооронд ялгаа бий. Энэ ялгааг ойлгох нь таны хүүхдүүд ухаалаг санхүүгийн шийдвэр гаргахад тусална.

Тэдэнд шинэ видео тоглоом эсвэл үнэтэй пүүз хэрэгтэй биш гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хүүхдүүдэд тийм ч хялбар биш. Шууд л сэтгэл ханамжийг үгүйсгэхээс илүү системтэйгээр сахилга бат суулгах хэрэгтэй.

Хүүхдүүд маань мөнгөний үнэ цэнийг ойлгож, худалдан авалт бүртээ асуулт тавих мөн хүсэл, хэрэгцээ хоёрын хоорондох тэнцвэрийг олж сурах юм бол одоо болон ирээдүйд санхүүгийн сонголт хийхэд хялбар болно.

2. Харьцуулалт бол баяр баясгалангийн “хулгайч” юм.

Чи хичнээн сайн байсан ч чамаас илүү их юмтай хүн байж л байх болно. Хүмүүстэй өөрийгөө харьцуулж, өрсөлдөх нь таныг үрэлгэн болгох хамгийн түгээмэл урхи юм.

Хүмүүс сошиал медиад бүх зүйлээ ил тод, хэтрүүлэн хуваалцдаг эрин үед амьдарч байгаа нь хүмүүсийн санхүүгийн зуршилд маш ихээр нөлөөлж байна. Насанд хүрэгчдийн 34 хувь нь мөнгө зарцуулах нөлөөг сошиал медиагаас авсан бөгөөд 35 хувь нь зарцуулж чадах хэмжээнээсээ илүү мөнгө зарцуулсан байна. Өөрийгөө бусадтай харьцуулах, мөн бусад хүмүүсийн ард үлдэхвий гэсэн айдас нь санхүүгийн сахилга батыг хойш татаж, урт хугацааны хямралд оруулна гэдгийг зааж өгөх хэрэгтэй.

3. Мөнгө олох арга замуудыг таниулаарай

Бид хүүхдэд хэрхэн халаасны мөнгө өгч эхлэх талаар нийтлэлд хосолсон аргыг хэрэглэх талаар хүргэж байсан, тэрхүү аргын нэг сайн тал энэ нийтлэлд маань ч гэсэн дурдагдаж байна. Хүүхдүүддээ нэмэлт мөнгө олох ажил хийхийг зөвшөөрч, тэдэнд мөнгө олох талаарх ойлголтыг заах сайн арга юм. Машин, цонх угаах, их цэвэрлэгээ хийх гэх мэт ажил дээр тулгуурлан эцэг эхчүүд боломжийн хэмжээний мөнгө өгөх нь хүүхдүүдэд мөнгийг хөдөлмөрлөж байж олдгийг ухамсарлуулахад тусалдаг.

Бизнес эрхлэхийг бага насандаа сурсан хүмүүс насанд хүрсэн хойноо энгийн хүмүүсээс амжилтанд хүрэх магадлалаар өндөр байдаг. Хүүхэд асрах, хөршийхөө нохойг салхилуулах зэргээр жижиг бизнес эрхлэх сэдлийг өдөөх нь хүүхдүүддээ заах мөнгөний хичээлийн нэг. Үүний зэрэгцээ тэд шинэ сонирхолтой болж, эсвэл заримаас нь хоббиноосоо татгалзаж, эсвэл сонирхол нь улам гүнзгийрч ч магадгүй юм.

Мөн бизнес эрхэлдэг бусад хүүхдүүдийн талаар мэдээлэл өгч, тэдний талаар унших боломжийг олгох замаар хүүхдүүдээ хүмүүжүүл. Тэдэнд урам зориг өгөхөд туслах эх үүсвэрүүдийг ашиглаарай. Тэд нарт өөрт нь ойр эсвэл аль хэдийн өөрт нь таалагддаг ажлуудаас эхэлж болох юм.

4. Үр дүнтэй зорилго тодорхойлох ур чадварыг бий болгох

Хүүхдүүдэд мөнгө олох, хэмнэх, ухаалаг зарцуулах сэдлийг нь дэмжиж, өдөөж өгөх хэрэгтэй. Яг л насанд хүрэгчид орон байр худалдаж авах гэх мэт том зорилгодоо хүрэхийн тулд тодорхой золиос гаргахад бэлэн байдаг шиг хүүхдүүд ч мөн адил боломжийн хугацаанд үнэхээр хүсч байгаа зүйлдээ хангалттай мөнгө хадгалах, олохыг эрмэлзэж чадна.

Хүүхдүүдээс олсон мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байгааг нь асуу. Энэхүү харилцаан дээр тулгуурлан тэдний үзэл бодол, санаанд санал дэвшүүлээрэй. Олон улсын судалгаанаас үзэхэд зорилго тавьдаг хүмүүс илүү амжилттай байдаг бөгөөд амжилтанд хүрэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд хүүхдүүддээ өвөрмөц, гэхдээ бодитой зорилт дэвшүүлэхэд нь тусалаарай.

5. Хэдий чинээ хурдан хадгалж эхэлнэ, таны мөнгө нийлмэл хүүгээр хурдан өсөх болно

Урт хугацааны зорилго тавьж сурахын хажуугаар хүүнээс хүү өсөх нийлмэл хүүгийн ойлголтыг өгч эхлэх хэрэгтэй.

Тодорхой тоонуудыг ашиглан нийлмэл хүүгийн ойлголт өгөх нь чухал, учир нь судалгаагаар үүнийг хийсвэр хэлбэрээр тайлбарлахаас илүү үр дүнтэй болохыг харуулж байна. “Хэрэв та 14 наснаас эхлэн жил бүр $100-ийг хадгалвал 65 настайдаа 23,000-тэй болно, хэрэв 35 наснаас эхэлвэл 65 нас хүрэхдээ $7,000 байх болно.”

Үнэ цэнэ нэмэх санхүүгийн найдвартай түнш

Үнэ цэнэ нэмэх санхүүгийн найдвартай түнш