Гутралын тухай хэдэн үг

Шинэ оны 5 дахь долоо хоногийн эцэст Кети Милао-аас авхуулаад Нирвана хүртэл плайлистээ дуустал сонсож гэрээ цэвэрлэж ахуйн цэгцгүй байдлаас нэг юм салахдаа өөрөөсөө мэдэрсэн нэгэн шинэ мэдрэмж нь гутралаасаа нэг юм салжээ. Гэхдээ зөвхөн удаад л…..

Тэгэхээр сэтгэл гутрал гэж юу вэ ? Сэтгэл судлаач мэргэжлийг сонгоод суралцаж төгсөхдөө би гутралын талаар тийм ч сайн мэддэггүй байсан юм билээ. Учир нь “Толь мэт бусдыг ойлго” хэмээн өөрөө өөртөө үүрэгдсэнээс биш өөрийгөө ойлгож, өөрийгөө хүлээн зөвшөөрөхөө жагсаалтанаас хассан байсан хэрэг. Харин одоо бол арай өөр. Сэтгэл гутрал / depression disorder / — АНУ-ын сэтгэл судлалын холбооноос гаргадаг олон улсын ангилал болох Сэтгэцийн эмгэг оношлогооны статистикийн гарын авлага The Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (DSM) -д тусгасанаар бол 2 долоо хоног буюу 14 хоног түүнээс дээш хугацаар дараах шинж тэмдэгүүд хамгийн багадаа 5 нь, хамгийн ихдээ 9 нь илэрвэл сэтгэл гутралтай гэж үздэг. Үүнийг энгийн жишээгээр /өөрийн өнцгөөс / тайлбарлавал :

  1. Онцын шалтгаангүйгээр цухалдах эсвэл сэтгэл хөдлөлгүй хоосон хүн болж бүр зүгээр байхад хүртэл нулимас гарч, уйлж чиг мэдэх : Найруулагч Ларс Вон Триерын гутралын гурвал хэмээгддэг оргил бүтээлүүдийнх нэг болох “Меланхолиа”-ийн Жастин шиг л цонхны дэргэд суугаад уйлаад л, бүхнээс зугтаж, бусдад уурлаж, өөрийн аз жаргалаа хоосон байсныг мэдрэнэ. Чухам юунаас болоод уурлаад байгаагаа, хэзээ эхэлсэнээ хүртэл мартаж орхидог. Эмэгтэйчүүдийн хувьд үүнийг сарын тэмдэгийн үеийн сэтгэл зүйн өөрчлөлтэй холбон ойлгодог ч энэ бол огт өөр зүйл юм шүү. Харин эрчүүдийн хувьд тамхи татан санаа алдах нь ихэсч, гөлрөх нь олширсон нэгэн болдог.
  2. Ямар ч сонирхол, амьдралын идэвх байхгүй болох : Зүгээр л суугаад өнгөрсөн, ирээдүй бүхнийг тухай бодож хүчтэй санаа алдангаа өөрийнхөө алдаагаар дүүрэн лабирантаар аялаж байгаа аятай л аашлана шүү дээ. Харамсалтай нь энэ үед одоо цаг байхгүй болсон байдаг. Нэг давхар байшинтай дүйцэхүйц асуудлууд Бурж Халифаг хэд дахин нийлүүлсэн шиг хэмжээний асуудлууд болчихсон өөрөө доор нь суугаад л телевизийн суваг солин, нүүр ном, инстаграмм гэх мэт медиа орон зайгаас ямар нэгэн зүйлийг хайна.
  3. Хоолны дуршил алдагдаж нэг бол хэт их идэж аль эсвэл огт хоолноос гарна : Мэдээж өлсөж үхнэ гэсэн үг биш. Идэх хэмжээ өөрчлөгдөх авч та ямар нэгэн зүйлийг идэж байхдаа юу идэж байгаадаа төдийлөн анхаарахгүй. Миний хувьд заримдаа огт идэхэээ мартсан хүн шиг л байж байгаад гэнэт л унтахын өмнө, саяхан идсэн хэрнээ л юу ч идээгүй хэд хоносон өлсгөлөн хүн шиг идчихдэг байлаа. Хамгийн хэцүү идсэнийхээ дараа яах гэж ингэвдээ гэж харамсана гээч.
  4. Нойрны хэмнэл өөрчлөгдөх : Өглөө сэрэхээс юм бүхэн эхлэнэ. Зарим хүн хар үүрээр сэрээд хором мөч бүрийг тоолдог бол миний хувьд өглөө сэрнэ гэдэг хамгийн хэцүү. Яг энэ байдлаараа улаан нүдэлсэн амьтан ажил дээрээ очоод “Алхаж буй үхдэлүүд” кино Монголд кастинг хийсэн юм уу гэж асуумаар амьтан болж хувирна даа.
  5. Үйлдэл бүхэн өөрчлөгдөх : Бүр нэг хөдлөхөөс дургүй хүрч, өмнө ам уралдан яридаг байсан сонирхолтой сэдвийг хэн нэгэн худлаа бурж байхад хүртэл зөв бурууг дэнслэх хүсэл төрөхгүй байхыг хэлнэ. Яг л ийм л байдаг. :P
  6. Ядаргаанд орох, Эрч хүчээ алдах : Нэг их сүртэй ядарталаа ажлаагүй ч эвшээх нь доод зовхи татаж /шашинтай холбож ойлгох хэрэггүй энэ бол цэвэр ядаргаа /, шөрмөс татахаас авхуулаад хэцүүхэн байна. Гэвч та сайхан амрах тухай бус өнөөх л одоо цаг бус өнгөрсөн ирээдүй цаг дээрх шаналалдаа эзлэгдсээр байна.
  7. Үнэ цэнэгүй, гэм буруутайгаар өөрийгөө мэдрэх : Гутрал бол цэвэр “ЭГО” буюу “БИ”-ийн алдагдалаас үүдэлтэй. Хүн цаг үргэлж бусдаас өөрийгөө хайж байдаг. Харин тэр үнэ цэнэтэй мэдрэмж буюу өөрийг тань тодорхойлох бусдын үг, үйлдэл, мэдрэмж, харилцааны илэрхийлэл бүр таныг үл тоосон, үзэн ядсан байвал ямар л олиг байхав.
  8. Анхаарал төвлөрөлт : За энэ тухай бүр яриад ч хэрэггүй. Юу гэхээр толины өмнө зогсоод өөрийгөө харж байгаа ч өнөө л асуудлаа бодно, хийж байгаа зүйлээ яах гэж хийж буйгаа ч мартаж орхино, хичээл зааж байгаа багшийн мэдээллийг бус миний оронд энэ хүн байсан бол яах гэж бодно. Зам хөндлөн гарахдаа хүртэл хаа явж байгаа мартчихсан байдаг гээд л бодчих. Аймар :P
  9. Үхлийн тухай бодол : Миний хувьд яг энэ талаар бодоогүй ч үхчих зориг төрж байсан уу гэвэл ТИЙМ, харин азаар төлөвлөх үе дээрээ очихоороо тайвширч байсандаа л талархая. Хүн хэзээ ч одоо үхэе гээд үхчихдэггүй. Тухайн хүнд таагүй мэдрэмжийг хүрээлэл нь хэдэн зуун удаа өгнө, тэр хүн яг тийм мэдрэмжээг өөрийгөө төлөвлөнө. Олон бодол дундаас нэг нь үйлдэл болон хэрэгжинэ. Тэгээд л амиа хорлолт болдог.

Гутрал өөрөө олон янз. Яг л хоолой өвддөг, хий ханиалгадаг, хамар битүүрч халуурдаг гээд ханиадны олон төрөл шиг. Харин ханиад хүрсэн хүн эдгэснийхээ дараа ханиадаа эдгээх нэгэн туршлагыг өөртөө олж авдаг шиг гутралд ороод гарсан хүн өөрийгөө эдгээх аргаа өөрөө л олдог. Мөн гутрал нь биеийн болоод сэтгэл зүйн гаралтай өвчин. Ингэж хэллээ гээд айхтар хүндээр тусгаж авах хэрэггүй. Бид ямар ч өвчин туслаа гэсэн эдгэх аргаа олдог шүү дээ. Тэгж байж л өвдөлтийн тухай, өөрийнхөө биеийн тухай бодож эхэлдэг шүү дээ. Гутралд орох үед тархины үйл ажиллагааны хэвийн байдал алдагдаж биед сөрөг шинж тэмдэгүүд хүртэл илрэнэ. Сэтгэл судлаач сайн найзын маань хэлсэнээр “Хавдартай хүнийг босоод гарч яваад эдгээд ир” гэдэггүй шиг л ойлгох хэрэгтэй. Хэрэв таны эргэн тойрны хэн нэгэн ийм байгаа бол та эмо гэдэг нь, дандаа л унжийж явах юм гэж ам мэдэн зэмлэхээсээ өмнө чанга тэврэн “Бүх зүйл сайхан болно, би хажууд чинь байна” гэж хэлээд үзээрэй. Мэдээж тийм амар биш ч гэлээ та хэн нэгний амьдралыг аварч байгаа ч юм билүү. Хэн мэдлээ.

Гутралд орсон хүн бүрт хамгийн хэрэгтэй зүйл бол өөрийгөө хайрлах сурах юм шүү. Цасан ширхэг хэзээ ч буруу газраа унадаггүй гэдэг шиг та өөрөө өөрийгөө л бүтээж, аварч чадна. Энэ бол харин цор ганц үнэн.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.