Эмэгтэйчүүдэд тохиолддог зарлаагүй тендэр

Ажлын байран дээр +18 онигоо ярих, хэн нэгнийг удаан ширтэх чинь бэлгийн дарамт гэдгийг дахин сануулах цаг нийгэм нь өнөө юм.
Эмэгтэйчүүдэд маш их тохиолддог хөшигний ард үйлчилдэг, ичиж зовсноосоо болж нуугаад өнгөрөөдөг бохир зүйл бол ажлын байрны бэлгийн дарамт…

Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг маш нууцлагдмал орчинд явагддаг тул бүр ч илэрдэггүй. Яагаад гэвэл хохирогч буюу бэлгийн дарамтад өртсөн эмэгтэй өөрийн нэр төр болон ажлын байраа алдахыг хүсдэггүй. Мөн ихэнхдээ хохирогчийг буруутгаад өнгөрдөг учраас тэд энэ тухай мэдээллийг өөртөө л үлдээдэг гэсэн үг. “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын эвсэл”-ээс Монгол улсын нийт хүн амын 51.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа тухай судалгаа танилцуулсан байна. Тус байгууллагаас ажлын байрны бэлгийн дарамтын талаар 705 эмэгтэйн дунд судалгаа явуулахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэжээ. Тэгэхээр далд хэлбэрээр хэвшмэл ойлголт мэт хаа газар тарсан байгаа нь үнэхээр эмзэглүүштэй. Эдгээр ойлголт, мэдээлэл хандлагын тухай суурьгүй залуу охидыг /хөвгүүдийг ч/ ийм л орчин хүлээж байна даа. Жаахан гунигтай …

Хүний бие махбодь, сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төр, нөхөн үржихүйн эрх, эрх чөлөө, бэлгийн болон хувийн халдашгүй байдалд халдахыг ажлын байран дахь бэлгийн дарамт гэж үздэг.
Энэ төрлийн гэмт хэргийг манай улсад сүүлийн тав, зургаан жил ил гаргах гэж багагүй ажилласны хүчинд 2011 онд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулиар ажлын байран дахь бэлгийн дарамт нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тогтоож анх удаа хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хуульд энэ тухай зохицуулалт орсноор тухайн хүн ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн байвал хамгийн эхэнд Хүний эрхийн үндэсний комисст хандаж тус газраас гарсан ажлын хэсгийнхэн эрх мэдлийнхээ хүрээнд хяналт, шалгалт хийж баримтжуулж, нотолгоожуулах боломжтой болдог. Хамгийн гол нь манай улсад энэ төрлийн гэмт хэргийн бие даасан хууль байдаггүй учраас дээрх хуулийг баталж эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн гэсэн үг.
Тухайлбал ажлын байран дахь бэлгийн дарамт учруулагчийг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт зааснаар тодорхойлдог.
Тодруулбал “Бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчинг үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэх” гэх энэ хуулийн заалтаар тухайн хүний буруутай эсэхийг тогтоодог байна.

Тэгэхээр сексийн тухай боловсрол, биеэ авч явах тухай уламжлалт хуучин сэтгэлгээгээр мухарлан үзмээргүй байна. Нийгэм цаг үе үнэхээр өөр болж байгаа тул соёлт нийгэм өөд хамтдаа алхах шаардлага тулгарлаа. Эрчүүдийн хооронд ажлын байран дах бэлгийн дарамт нь эмэгтэйчүүд нь ялаагүй хэрнээ хүсээгүй зарлагдсан тендер шиг болж. Гэвч тендерийн тухай хууль гэж адармааны зангилаа. ..
Мэдээж та ийм нөхцөл байдал байдал мэдэрсэн бол Монгол хүний уулгамж зангаар уучлан өнгөрөөж, энэ үйлдлийг нь давраах хэрэггүй. Харин ч итгэлээ алдах биш, итгэлээ нэмж шударга биш бусармаг зүйлийн өмнө бат зогсох нь ирээдүйдээ анхаарсан ИРГЭНИЙ ЗОРИГ юм. Энэ зарлагдаагүй тендерт ямар нэгэн ялагчгүй ирээдүйг хүссэндээ энэ бичвэрийг үйлдэв.
