Та яаж подкаст сонсдог вэ?

Би 1-р курсийн хавраас эхлээд подкастыг тогтмол биш ч гэсэн сонсож эхэлсэн. Хэрэгтэй гэсэн бүх подкастыг дагаж бараг бүгдийг нь татаж аваад л… Юу гэдэг билээ дээ “Саалиа бэлдхээр саваа бэлд” гэдэг шиг бүгдийг нь татаж аваад л эхлэв ээ. Янз бүрийн чиглэлээр подкастууд сонсож байсан. Ихэнх нь хувь хүний хөгжлийн талаар сэдэвтэй байсан. Тэр нь ч надад зүгээр санагддаг.
Миний хамгийн их сонсдог подкастуудаас дурьдвал:
- “Сэхээтэн” подкаст- Цогтбилгүүндарь, Тайван гэсэн 2 хөтлөгчтэй бөгөөд ямар нэгэн байдлаар бусдад өөрийн хийдэг зүйлсээрээ нөлөөлсөн хүмүүсийг урьж оролцуулж сонирхолтой ярилцлага өрнүүлнэ. Мөн Тайван хөтлөгчтэй номын хэлэлцүүлэг бүхий дугаарууд цацагддаг. Уншсан номныхоо тухай бусдад мэдээлэл хүргэж ярилцдаг. (Линкээр нь ороод илүү их мэдээлэл аваарай) https://www.seheeten.com/
- “Unlock” подкаст- Бүх дугаарыг нь шимтэн сонсож чадаагүй ч надад хамгийн их таалагдсан дугаар бол “Goodbye things” буюу минимализмын талаар номын хэлэлцүүлэг байсан л даа. Илүү сонирхолтой дугаар байсан.
- “Mongol Student”- подкастын хөтлөгч өөрөө гадаадад сурдаг оюутан. Өөр шигээ гадаадад төрөл бүрийн чиглэлээр сурдаг оюутнуудтай ярилцдаг. Ихэнхдээ гадаадад хэрхэн суралцах, ямар шалгалт өгөх, хэл яаж сурах мөн тухайн оронд амьдрах хэв маяг гэх мэт сэдвүүдээр ярилцдаг.
Энэ мэтчилэн олон олон подкастууд байна л даа. “Бидний нууц” , “PU” , “Positive Mongolians” , “Global Nomads” , “BOO podcast’’ гэх мэт. Гэхдээ энэ болгоныг би алгасалгүй сонсдог гэсэн үг биш л дээ. Зөвхөн хэд хэдэн дугааруудыг л одоогоор сонссон байгаа.
Энэ блогоор би та нараас асуух нэг зүйл нь яаж подкастаа сонсдог вэ? Туршлага судлах гээд ээ. Хэдий би подкаст сонсоод тодорхой хугацаа өнгөрсөн хэдий ч одоог хүртэл тийм ч сайхан арга олоогүй л байна. Дээр хэлсэн эдгээр подкастууд бүгд 1 дугаар л гэхэд ойролцоогоор 1 цаг үргэлжилдэг. Энэ хугацаанд би юу хийхэв. Зүгээр л сайхан хэвтээд сонсоно гэхээр унтчихдаг😪 эсвэл, утсаараа өөр зүйл хийгээд ухаан санаа өөр газар, автобусанд өөрөөр хэлбэл гадуур явж байхдаа сонсоно гэхээр бас л анхаарал төвлөрөлт байхгүй. Автобусанд чихэлдээд л, уначихгүй шиг юмнаас бариад авая гэж бодож байтал юун өнөөх подкаст маань өчнөөн минутаар намайг орхин оджээ😂😂😂. Сая юу ярьчихав гэж буцааж гүйлгэсээр бүрэн ойлгохгүй л дуусгана. Гэрийн ажил хийж байхдаа сонсож үзсэн л дээ. Байж болох хувилбар. Гэхдээ бас л сул тал байгаа л даа. Өөр ямар сонсох арга байна? Хуваалцвал их баярлана шүү.🤗🤗
