Монгол чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс мөн үү?

Muugii Tseegii
Nov 6 · 10 min read

Саяхан нэгэн сургалтанд суусан чинь тэнд Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтууд ба мянганы хөгжлийн зорилтын талаар Үндэсний хөгжлийн газрын нэг нөхөр сургалт оров. Сургалтандаа Монгол улс 1990 оноос либертари болсон юм байх. Тэгээд чөлөөт зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлснээр баялагийн тэгш бус байдал бий болж, баян хоосны ялгаа гарсан гэнэ. (Би ч хөх инээд хүрсэн) Тэгээд социализмын үед бүхий л зүйлсийг сайн сайхан явж ирсэн боловч бүхий л үйлдвэрүүдийг чөлөөт зах зээлийн эдийн засаг нуран унагаасан гэж хэлэв. Тэр цагаас хойш зөвхөн тэр хүнд зориулж энэхүү нийтлэлийг бичье гэж бодсоор ирлээ. Учир нь бүх л бүтэн Үндэсний хөгжлийн газрын нэгээхэн судалгаа хариуцсан хүн нь тэгж хэлсэн учраас үнэндээ харамсах шиг. Үндэсний хөгжлийн газар гэж иймэрхүү мэдлэггүй л хүмүүс байдаг юм байхдаа гэж битүүхэндээ бодов.

Эдийн засгийн ухаан ба эдийн засгийн сургууль ( урсгал )

Эдийн засгийн ухаан бол эцэстээ эдийн засгийн үзэгдлүүд ( феноменон ) түүний учир шалтгаан, эдийн засгийн шийдвэрүүдийн тухай билээ. Эцэстээ эдийн засаг нь та бидний ярьдгаар хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах тухай ухаан (угтаа бол би өөр бодолтой байдаг) билээ.

Эдийн засгийн томоохон 4 урсгал байдаг талаар энгийнээр тайлбарлах нь зүйтэй болов уу. Тэгэхгүй бол эдийн засгийн суурь ойлголтгүйгээс болоод Марксын урсгалыг буруу ойлгон тайлбарлах нь элбэг байдаг.

Товчхондоо энэ зурагнаас та бүхэн ойлгох боломжтой

Эдийн засгийн урсгалууд нь Адам смитээс өмнөх эдийн засагчдын (Тухайлбал, Франсуа Кэнэ, Ричард Кантиллон, Жан Тюрго, Кондиляк, Дэвид Хюм зэрэг)туурвил бүтээлүүд, нийтлэлүүдээс эхлэлтэй. Улмаар Адам Смит Үндэстнүүдийн баялаг зохиол гарснаар эдийн засгийн ухааны талаар илүү дэлгэрэнгүй ойлголттой болсон билээ.

Эдийн засгийн үндсэн суурь урсгалуудын талаар эхлээд хэрхэн хуваагдаж байгааг дараах зургаар харуулъя. Гэхдээ доод талд нь байгаа улс төрчдийн зураггүй нь олдсонгүй. Тиймээс бас хүлцэл өчье.

Эдийн засгийн суурь 4 урсгал байгаа. Өөрөөр хэлбэл, өмчийн хэлбэрээс нь хамаараад market economy буюу төрийн оролцоогүй чөлөөт зах зээлийн эдийн засгаас төрийн оролцоо 100% буюу төр бүхнийг эзэмших Command economy хүртэл хуваагдсан 4 үндсэн урсгалууд байгаа болно. Эдгээр нь Австрийн эдийн засгийн сургууль, Монетари онол, Кэйнсийн онолын урсгал, Марксист эдийн засгийн онолууд юм.

Марксизм

Карл марксын эдийн засгийн талаар сонгодог эдийн засгийн онолын маргааны үндсэн суурь онолууд нь Адам Смит-ын хоёр шавь болох Роберт Томас Мальтиус болон Дэвид Рикардо-ийн нарын онолуудаас Марксын онолууд урган гарсан байдаг гэхэд хэлсдэхгүй. Тэдгээрийн нэг нь Роберт Томас Мальтусын “Хүн амын өсөлтийн хоёр хууль”, “Өгөөж буурах хууль” юм. Дэлхийн нөөц нь өсөн нэмэгдсээр буй хүн амын хэрэгцээг хангаж дийлэхээ больж, өвчин зовлон, ёс суртахууны доройтлын зайлшгүй хямралд хүргэх болно гэж Хүн амын асуудлаарх нийтлэлдээ бичсэн байдаг.

Улмаар тэрээр “Өгөөж буурах хууль” гэсэн бүтээлээр “дэлхийн гадаргуугийн томоохон хэсэгт угаасаа газар тариалан эрхлэх бололцоогүй учраас ашиглагдах газрын хэмжээ цаанаасаа хязгаарлагдмал. Гэтэл өмнө нь ашиглаж байсан газарт нэмэлт хөрөнгө зарцуулах мөртөө ургацын хэмжээ үргэлж буурсаар байдаг.

Чухам эдгээр шалтгаанаар хүн төрөлхтний ахуй амьдралыг тэтгэх хөрөнгө мөнгөний хэмжээ цаанаасаа хязгаартай байдаг” гэжээ. Роберт Томас Мальтусын дээрх хүн амын өсөлтийн хуулиас санаа аван Чарльз Дарвин “Хувьсалын онол”-оо боловсруулсан бөгөөд энэ талаараа ч мөн бүтээлдээ дурьдсан байдаг. Харин Маркс өөрийгөө нийгмийн ухааны Дарвин гэж нэрлэж Дарвин руу захидал бичсэн байдаг бөгөөд Дарвин болон Мальтус нарын хүн амын өсөлт, өгөөж буурах хууль, Хувьсалын онолоос үүдэн Газрыг анх эзэмшсэн капитал эзэмшигчид нь улам бүр бусдын (ажилчин) хүч хөдөлмөрийн сорон мөлжиж, газрын эздийн хүүхдүүд л баяжих шударга бус мөлжлөг гэж тэрээр үзсэн.

Нөгөө талаар Маркс Дэвид Рикардо-ийн Хөдөлмөрийн үнэлэмжийн онол болон Хөдөлмөрийн хөлсний төмөр хууль хэмээх онолуудаас Үйлдвэрлэл нь газрын эзэд, ажилчид, капиталистуудад гэсэн том ангиудын дунд хэрхэн хуваарьлагддаг талаар Рикардо-ийн онолоос үүдэлтэйгээр түүнээс санаа авсан байдаг. Рикардо-ийн ангийн системд үнэлэмжийг тодорхойлоход хөдөлмөр гол үүргийг гүйцэтгэдэг. Үнэлэмжийг буй болгогч нь хөдөлмөр мөн гэж Рикардо номлож, Маркс дагасан байдаг.

Маркс онол бол Зах зээлд төр 100% оролцох ёстой. Үүний тулд Эгатаричлах буюу тэгшитгэх үзэлд суурилсан эдийн засгийн тогтолцоо юм. Маркс, Энгельс нарын эв намт хамтын тунхагт арван заалт бүхий хөтөлбөр агуулагддаг. Эдгээр нь хүч хэрэглэхгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй, нөгөө талаар утопи санаа байв.

Хувийн өмчийн тогтолцоог шууд хэлбэрээр үгүйсгээгүй боловч зах зээлийн олон нийтийн хэрэгсэл болгосон нь хувийн өмчийн тогтолцоогоор хэрэгжих боломжгүй, утопи санааг агуулсан тул Марксын онолыг хэрэгжүүлсэн түүх бүр хувийн өмчийн тогтолцоог халсан байдаг билээ. Маркс авторитар пролетариат дарангуйллыг сурталчилж, хувийн өмч нь мөргөлдөөн ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн гэж үзсэн байдаг билээ. Гэвч хорвоо дээр хувийн өмчгүйгээр байх боломж байхгүй билээ.

Кэйнсийн эдийн засгийн урсгал

Орчин үеийн марксистууд зарим талаараа Кэйнсийн эдийн засгийн урсгалыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч Кэйнс бол Марксыг онолыг шууд үгүйсгэж, дургүйцдэг байсан юм. Өөрөөр хэлбэл, хувийн өмч бол зайлшгүй бөгөөд зах зээл байх ёстой гэж үзсэн. Гагцхүү зах зээлд төр хязгаарлалттай оролцох тухай Кэйнс номлодог.

Кэйнсийн онолыг авч үзэхийн өмнө Сонгодог эдийн засгийн онолын үүднээс ямар саад бэрхшээл учирсан болохыг авч үзэх хэрэгтэй юм. Ер нь бол Америкын 1929 оны хямралаас үүдэн төгс социализмын үзэл санаа ноёлож ирэх үед Кэйнс өрнөдийн соёл иргэншлийн үндсэн зарчмыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн эрх чөлөөг хадгалж үлдэх арга зам болох дундаж (mixed economy)-ийг баримтлахыг уриалан дуудсанаараа онцлог юм.

Түүний онолоор төсвийн алдагдлыг бий болгох замаар welfare state бий болгож, хүмүүст итгэл найдварыг хэвээр хадгалах арга болох олон нийтийн ажилд зарцуулах мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх замаар үүнийг хийж болно гэж үзсэн. Эдийн засаг нэгэнт хэвийн байдалдаа эргэн орж бүх нийтээр ажил эрхлэх боломжтой болоод ирмэгц дахин төсвийн алдагдал бий болгох шаардлагагүй болж, эдийн засгийн сонгодог загвар хэвийн ажиллах болно гэж үзсэн.

1936 онд бичсэн Ажил эрхлэлт, мөнгөний хүү болон мөнгөний ерөнхий онол бүтээлдээ капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй учраас төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх ёстой гэж үзсэн.

Кэйнс нэгэн удаа Эдийн засгийн ухаанд орж ирж байсан оюун дундаас Рикардо-ийнх хамгийн аугаа нь гэж хэлж байсан удаатай.

Миний бодлоор эдийн засгийн ухаанд Дэвид Рикардо-ийн гай нөлөө асар гэж хувьдаа боддог. Түүний онол хандлагаас Марксизм, кэйнсизм, түүний дараачаар Монетари онол ч санаа аван гарч ирсэнд байгаа юм.

Эдийн засгийн ухааныг самбарын эдийн засаг, бодит байдлаас хөөсөрсөн, тэнгэрийн эдийн засаг болгож Байгалийн шинжлэх ухааны арга зүйг нийгмийн буюу эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хүн нь угтаа бол Дэвид Рикардо гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй л болов уу.

Адам Смит, Дэвид Рикардо нарын ялгаа нь гагцхүү Адам Смит баялаг бүтээх тухай байдаг бол Рикардо баялаг хуваарьлах, хуваах тухай, анги давхрагын тухай байдагт оршино. Тиймээс ч Кэйнсийн эдийн засаг нь математик загварчлалд тулгуурласан макро эдийн засгийн онол билээ. Угтаа бол дээрх онол нь ч гэсэн Кэйнсийн хувийн зан суртахуун болох гарын алгаар хүний зан төлөвийг тодорхойлж болно гэдэгт итгэдэгтэй холбоотой байж болох юм.

Кэйнсийн онолоор бол

  1. Хуримтлалын өсөлт нь орлогыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг сааруулна. Хөрөнгө оруулалтыг дэмжихэд үйлдвэрлэлээс илүү хэрэгцээ чухал бөгөөд ийм ч учраас Сэйгийн хуулийн эсрэгээр “эрэлт нь нийлүүлэлтийг бий болгоно”
  2. Эдийн засгийн уналтын үед Холбооны засгийн газар төсвийг зориудаар тэнцвэргүй байдалд барих хэрэгтэй. Эдийн засаг сэргэтэл сангийн болон мөнгөний бодлогыг тэлэх хэлбэрээр явуулах, банкны хүүгийн хэмжээг байнга бага хэмжээнд барих хэрэгтэй.
  3. Төр Laissez faire бодлогоос татгалзан, шаардлага гарах юм бол бизнесийн үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй. Онцын ноцтой тохиолдолд төр нь мерканталист бодлого, түүний дотор протекционист арга хэмжээг авч явуулах хэрэгэй.
  4. Алтан стандартын уян биш чанар нь бизнесийн өргөжих шаардлагад нийцдэггүй тул согогтой зүйл. Иймээс засгийн газраас зохицуулах гаргах фиат мөнгө үүнээс хавьгүй дээр.

Өнөөдөр Монголын эдийн засгийн онолын хандлагыг Mixed economy буюу холимог эдийн засаг ч гэж нэрлэх болсон. Нөгөө талаар социал демократ үзлийн эдийн засгийн суурь үзэл гэж үзэж болох юм.

Монетари онол

Олон хүмүүс Мильтон Фридманыг чөлөөт зах зээлийн (Австрийн эдийн засгийн онолын урсгалыг баримтлагч) эдийн засагч гэж андуурдаг.

Мильтон Фридман бол Чикагогийн монетарист сургуулийг үндэслэгч юм. Түүний бүтээл нь чөлөөт зах зээлийн ач холбогдол болон төрийн зрхисгүй оролцооны аюулыг ойлгомжтой илэрхийлсэн хэдий ч төрийн зохистой оролцоог хүлээн зөвшөөрснөөрөө чөлөөт зах зээлийн эдийн засгийн онол (Австрийн эдийн засгийн сургууль)-той дээрх байдлаар зөрчилддөг.

Мильтон Фридман бол орчин үеийн данхар төрийг бий болгох үйл явцад ихээхэн оролцсон юм. Тэр суутган тооцдог орлогын татварын системийг хэрэгжүүлэх төрийн төлөвлөгөөнд хувь нэмэр оруулсан юм.

Фридман Ирвинг Фишерийн мөнгөний тоон онолын сайжруулсан хувилбарыг гаргасаар орчин үеийн Чикагогийн монетарист сургуулийг бий болгосон билээ.

Эдийн засгийн Монетари онолын талаар Монголчууд төдийлөн мэдэхгүй. Онолын хувьд судлаагүй. Зөвхөн Мильтон Фридманы үндсэн зохиолууд болох Хувь заяагаа сонгох, капитализм ба эрх чөлөө, дарангуйллын статус кво зэрэг бүтээлүүдээр дүгнэх нь бий.

Монетари онол бол товчхондоо эдийн засагт төр мөнгөний нийлүүлэлтийн замаар оролцож болох бөгөөд хяналтаа тогтоох боломжтой гэх үзэл билээ. 1990-ээд оны Японы сул эдийн засгийг өөд нь татах гарцын тухай Фридман 1997 онд Японы Төв банкны эрүүл бус монетари бодлогын тухай болон цорын ганц шийдэл нь Япон улс мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх явдал мөн гэсэн санааг дэвшүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, Австрийн эдийн засгийн онолын гол асуудал болох төв банк нь мөнгөний эрэл болон нийлүүлэлтэнд оролцох замаар инфляци бий болгодог, төр мөнгөний нийлүүлэлт болон эрэлтэнд оролцоно гэдэг бол зах зээлд оролцож буй хэлбэр болохыг бичдэг билээ. Иймээс ч Мильтон Фридман бол австрийн эдийн засгийн онолч биш юм. Өөрөөр хэлбэл, Мильтон Фридман ч ялгаагүй байгалийн шинжлэх ухааны арга зүйгээр мөнгөний нийлүүлэлтийг төрөөс маш хатуу хянах аргачлалд бат итгэсэн болохоор Методлогийн эдийн засгийн ухааны хувьд австрийн эдийн засгийн сургуульд хамаарагддаггүй билээ.

Австрийн эдийн засгийн сургууль

Австрийн эдийн засгийн сургуулийн талаар дараа нь тусад нь нийтлэл бичнээ. Хэд хэдэн цуврал нийтлэл бичнэ. Ер нь бол зах зээл дэх төрийн оролцоог үгүйсгэдэг бөгөөд зах зээл өөрөө өөрийгөө зохицуулалт хийдэг гэдэгт итгэдэг. Үүнийг нь хүмүүс цаад агуулгыг нь ойлгохгүйгээр мушгин гуйвуулдаг. Ингэж мушгин гуйвуулахдаа self interest буюу хувийн сонирхол гэдгийг нь рационал бус, хувиа хичээх үзэл гэх мэтээр ( хүн угаасаа тэнэг мал ) хэт гуйвуулан ойлгодог. Нөгөө талаар төрийн оролцоог хүлээн зөвшөөрөхдөө (Төр бол хамгийн ухаалаг гэж үздэг. Үнэндээ төрд мөн л адил хүн байдаг гэдгийг орхигдуулдаг) Австрийн эдийн засгийн сургуулиас бусад эдийн засгийн урсгалууд нь байгалийн шинжлэх ухааны аргаар ( биет шинжлэх ухаанчид жин, эзлэхүүн гэх мэт ) эдийн засгийг судалдаг бол Австрийн эдийн засгийн сургуулийнхан эдийн засагт хүний үйл ажиллагаа буюу үнэлэмжийн талаар судалдаг. Өөрөөр хэлбэл, объектив бус субъектив буюу хүнийг судлах шинж чанартай гэж үздэг. Австрийн эдийн засгийн сургууль Карл Менгер, Фридрих Фон Визер Бөм Баверк нарын нэгдүгээр давалгаа, Людвиг Фон Мизес, Фридрих Хаек нарын хоёрдугаар давалгаа, орчин үеийн Австрийн эдийн засагчид болох Мюррэй Ротбард, Израэл Кирцнер, Лоурэнс Уайт, Ханс Херман Хопе нарын төлөөлөгчдийн бүтээлийг уншвал зохистой юм.

Эдийн засаг дахь төрийн оролцоо.

Чөлөөт зах зээл нь зөвхөн арилжаа сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа үед л оршин тогтнодог. Ингэснээр хүний үнэлэмж (үнэ цэнэ)-ийг дээд хэмжээнд хүргэнэ гэж үздэг. Арилжаанд хөндлөнгөөс оролцож байгаа юу ч ( мөнгө, төрийн оролцоо, бусад) хүмүүсийг бизнесээ тодорхой байдлаар хүчилж, эсхүл сайн дурын арилжаа хийхээс урьдчилан сэргийлэх нь арилжааны явцад бүтээгдэж буй үнэ цэнийг бууруулдаг.

Эдийн засаг дахь төрийн оролцооны талаар хэд хэдэн онолын үүднээс тайлбарлаж болох юм. Эдийн засагт төр ихэвчлэн дараах 2 нөхцлөөр оролцдог. Үүнд: Нэгдүгээрт, Интервенц ( интервенционист, intervention ) хийх замаар оролцдог. Нөгөө талаар зах зээл дэх үнийг тогтоох замаар төр эдийн засагт оролцдог. Аливаа бараа бүтээгдэхүүний үнэ бол Марксынхаар бол аливаа бараа таваарын үнэ цэнэ нь түүнд зарцуулагдсан хөдөлмөрийн хэмжээгээр тодорхойлогддог гэж үздэг бол Карл Менгерийн боловсруулсан үнэ цэнэ гэдэг нь бараа бүтээгдэхүүний шинж чанар биш харин үүнийг ашиглаж буй хүмүүсийн оюун санаанд оршдог гэж үздэг. Социалист эдийн засгийн системд төрийн оролцоо нь бараа таваарын үнийг тогтоох, мөн эрэлт, нийлүүлэлтэнд оролцох зэргээр (жишээ нь АНУ-ын 2008 оны хямрал Моргейжийн зээл нь эрэлтийг зохиомлоор өсгөсөнөөр үнэ өсч Boom болж дараа нь бодит байдалд нийцэж Bust буюу хөөс хагарснаар эдийн засгийн хямрал болсон манайх ч ялгаагүй 8 хувийн зээл гаргасан нь эдийн засаг саармагжихад хүргэсэн билээ)

Мөн Төр зах зээлд оролцох 2 дахь оролцоо бол Протекционист (Protection) бодлого юм. Эдийн засагчид Дэвид Рикардо-ийн чөлөөт худалдааны онол Меркантализмыг таягдан хаясан гэж үзэх боловч Кэйнсээс авахуулаад төр зарим тохиолдолд Protection хийх ёстой гэж үзэг. Өөрөөр хэлбэл, төр нь тодорхой үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлээс хамгаалах зорилгоор бараа бүтээгдэхүүний татвар болон импортод хориг тавих, квот тогтоох зэргээр оролцох явдлыг хэлдэг. Австрийн эдийн засгийн онолч Людвиг Фон Мизес Либерализм бүтээлдээ Интервенционизм болон Протекционизм нь төрийн оролцооны хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд зах зээл дэх үнийн системийг гажуудуулж, өөрөө өөрийгөө зохицуулах зах зээлийн системийг алдагдуулдаг болохыг дурьдсан. Улмаар энэ нь эдийн засагт мөн хэрэглэгчдэд хор хөнөөлтэй болох тухай бичсэн байдаг.

Манай улс ч ялгаагүй үнэ тогтворжуулах хөтөлбөр, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад мөнгөөр тэтгэж, улмаар буудайг импортоор оруулж ирэхийг хориглосоноор 400–600 төгрөгөөр худалдан авч болох байсан гурилыг дотоодын өндөр үнэтэй гурил үйлдвэрлэгч нарын гурилыг 1000–1200 төгрөгөөр авахаас өөр сонголтгүй үлдээсэн билээ. Үүний үр дүнд тариалан эрхлэгчид ч хожсонгүй, төр ч хожсонгүй, хэрэглэгчид бүр ч хожоогүй билээ. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээлийн эдийн засгийн гол цөм нь зах зээл өөрөө төгс бус учраас монополь үүсэх боломжгүй бөгөөд инноваци хийгдэх, төгс бус зах зээлд тулгуурлан түүнээс бий болсон орон зайг ашиглан ашиг олох гэсэн энтерпренёруудын хувийн сонирхолоос хэрэглэгчид хождог, цаашлаад инноваци бий болдог бөгөөд протекционист бодлого нь инновацийг үгүй хийдэг болохыг манай төр засаг ойлгоогүй, ойлгох ч үгүй биз. Төр харин ч монополийг бий болгодог бөгөөд төрийн оролцоотой монополь бий болгох гол арга зам нь протекционист бодлого болохыг бас л ойлгохгүй болов уу.

Эцэст нь

Хэд хэдэн зүйлийг ойлгож аваасай гэж хүсч байна.

  1. Монгол байтугай дэлхий дээр Либертари төр гэж байхгүй, нэгэнт байхгүй зүйлд либертарианизмыг буруутгах боломжгүй. ( төрийн оролцоогүй зах зээлийг нэрлээд өг чадахгүй бол дуугүй суу )
  2. Мильтон Фридман бол австрийн эдийн засгийн онолч биш бөгөөд харин ч төрийн оролцоог тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг Монетарист онолч юм. ( за бараг социалист гээд хэлчихэд буруудахгүй, нөгөө талаар лав либертари биш )
  3. Монгол улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай биш холимог эдийн засагтай. Харин ч кэйнсийн эдийн засгийн онол Монголын бүхий л сургуулиуд заадаг бөгөөд австрийн буюу чөлөөт зах зээлийн эдийн засгийг системтэй заадаг нэг ч сургууль байхгүй байна.
  4. Монгол улс 1990 оноос хойш Интервенционист бодлого болон Протекционист бодлого хэрэгжүүлсээр ирснийг бараа бүтээгдэхүүний импортын квот, валютын ханш, төгрөгийн нийлүүлэлтийн бодлого, мөнгөний бодлогоос харчихаж болно. Нөгөө талаар Монгол улс алтан баталгаа ч байхгүй.
  5. Хувьчлал бол чөлөөт зах зээлийн эдийн засаг биш. Төр угаасаа өмчгүй байх ёстой бөгөөд төрийн өмч байгаа нөхцөлд л түүнийг хувьчлах тухай яриа бий болдог гэдгийг ойлго. Чөлөөт зах зээлд төр лав өмчгүй тул түүнийг хэрхэн хувьчлах талаар нэг ч зөвлөмж байхгүй.
  6. Америкт либерализм гэдэг нь Кэйнсийн эдийн засгийн онолд суурилсан, зах зээл дэх төрийн оролцоог номлодог үзэл болохыг ойлгох хэрэгтэй болов уу. Зүүний үзэл. Барууны биш. Тийм учраас л Либертари гэх нэр томъёо гарсан.

за энэ бүгдээс Монгол улс либерализм (Либертари) үзэл хэзээ ч төрийн бодлого болж байгаагүй. Харин ч холимог эдийн засгаар 30 жил явж ирлээ.

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade