ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ буюу Аз жаргалтай хот

Эдүгээгээс 780 жилийн тэртээ шинээр барьж байгуулсан Хархорин хотыг Монгол улсын нийслэлээр тунхаглан зарласныг түүх гэрчлэх билээ. 1911 оны эцсээр нийслэлээр өргөмжлөгдсөн Хүрээ өргөжин тэлж, 1924 онд “хот” хэмээн нийслэлийн статус нь хуульчлагдан “Улаанбаатар”-аар нэршиж, өсөн дэвжсээр эдүгээ дэлхийн саятан хотын эгнээнд багтаад байна. Дөрвөн хайрханы бэлд, тунгалаг Туулын хөвөөнд ард олныхоо бүтээлч хөдөлмөрөөр бид хамтдаа цогцлоон бүтээсэн Улаанбаатар хотын өсөлт, хөгжил нь нэг л өдөр бий болоогүй билээ. Миний бие хоёр үндсэн чиглэлийг сонгон авч санал бодлоо хуваалцаж байна. Хот хөгжүүлэх зарчмын цөөн асуудлаас эхлэе.

Хотын хөгжил гэдэг нь өөрөө өөртөө зам гаргадаг аз жаргалын төсөл байсаар ирснийг хот судлаачид судлан тогтоосон байдаг. Хөгжлийн жамыг сөрж биш дагаж өндийх учиртай. Манай улсын хотын хөгжилд ололт буй хэдий ч, алсыг харсан бодлого, шинжлэх ухаанч арга барил дутагдсаны улмаас цар хүрээ ихтэй бэрхшээлтэй тулгарч, гарцаа олохгүй мунгинаж байна. Бие даан хөгжих жамтай хот маань улс төрийн хийрхлийн золиос болоход ойрхон байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд улс орон, тэр тусмаа эх орны маань голомт нь болсон нийслэл хотын эдийн засгийн өсөлт саарч, гадаадын хөрөнгө оруулалт татарч, үйлдвэр, үйлчилгээний газрууд үүдээ хааж, ажилгүйдэл газар авч, нийгмийн үйлчилгээ хүндэрч, амьдрал ахуй гундаж, итгэл сэтгэл алдарч, оргилуун хүсэл мухардсан дүр зураг хөвөрлөө. Эхлүүлсэн бизнесээ тогтвортой үргэлжүүлэх, өрсөлдөх чадавхиа нэмэгдүүлэх гэсэн салбар бүрийн өмнө, ажил хөдөлмөр хийж, сурч боловсрох эрхээ эдлэн улс орны хөгжилд гар бие оролцох гэсэн иргэдийн өмнө хана өрөгдөж, угтаа бол төр, нийслэлийн засаг захиргааны харалган бодлого, алдаатай үйлдэл, явцуу ашиг сонирхлын улмаас бий болсон бэрхшээл нийслэлчүүдийн өмнө бул хар чулуу шиг туллаа.
Гэхдээ бид мэдсээр байж мэдээгүй юм шиг, харсаар байж хараагүй юм шиг дүр эсгэх гэж үү. Асуудал байвал шийдэл байдаг гэсэн мэргэн үг бий. Улаанбаатар хотын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хамтдаа тодорхойлъё.
Хотын хөгжил нь Монгол Улсын хөгжлийн нэг гарц гэж миний бие үздэг.
Хөгжлийн гарцын үүднээс авч үзвэл, хотыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх бодлогыг тууштай баримтлах шаардлагатай байна. Үүний тулд эхлээд, хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөлтийг ойрын үед боловсруулах, батлуулах бодит эрэлт бий болсон гэдгийг цохон тэмдэглэе. Уг төлөвлөгөөг иш үндэс болгон орон нутгийн хотуудыг хөгжүүлэх, сум дахь иргэдийн нутагшлыг тогтоон зохион байгуулах боломж бүрдэх юм.
Хот байгуулах, түүнд нэр өгөх, харъяалал тогтоох, хотын менежментийн тогтолцоог тодорхойлох нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарч, тэдгээрийг тогтоолоор шийдвэрлэж ирлээ. Цаашид Үндсэн хуульд хотын статусыг тодорхой болгох, Хотын тухай хууль батлах нь чухал гэж бодож байна.
Зөвхөн нийслэл хотыг төдийгүй улсын бүх хотыг албан татвартай болгох нь эргээд хотын хөгжлийг тэтгэх нэг үндэс болно. Иймд уг албан татварыг бий болгохдоо оршин суугчдаас хураах нийт татварын тоог нэмэх бус, харин ч бууруулах чиглэл баримталж, түүнийг хотын орлого нэмэгдүүлэх утгаар бус, менежментийн хэрэгсэл талаас нь судлан үзэх хэрэгтэй байна. Энд нэг санааг онцлоё. Хотын оршин суугчийн албан татварыг тодорхой хугацаанд төлсөн иргэнд хотоос тэтгэврийн нэмэгдэл олгох асуудлыг ч авч үзэх нөхцөл бүрдэнэ. Ахмад настнаа халамжлах чиглэлээр энэхүү арга хэмжээг зориуд судлан үзэх хэрэгтэй байна.
Одоо Монгол Улсын нийслэлийн үүргийг өнөөдөр гүйцэтгэж байгаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг авч үзье.
Сүүлийн 3 жилийн хугацаанд эдийн засаг хүндэрсний улмаас олон зуун аж ахуйн нэгж татан буугдаж, тэр хэрээр цаашид нийслэл хотын эдийн засгийн чадавхийг сулруулах нөхцөл бий болжээ. Тухайлбал, 2012 онд 202, 2013 онд 513, 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 609 компани татан буугдсан байна. Яагаад ч зөвтгөж болохооргүй үр дагавар бий болжээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2012–2015 оны эмхэтгэлээс үзвэл нийслэлийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2014 онд өмнөх оноос 9.8 хувь өсчээ. 2015 оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 20.3, 2015 оны хоёрдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар тус тус өссөн байх бөгөөд ажилгүйдлийн түвшин цаашид ч өсөх төлөвтэй байна. Ажилгүйдлийг дагалдан олон мянган өрхийн орлогын эх үүсвэр хумигдаж, банкны зээл, байрны түрээс, сургалтын төлбөрөө төлж чадалгүй, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах орчноо сайжруулах хүсэл мөрөөдөл нь утаа болон замхарч байна. Түүгээр зогсохгүй, энэхүү улам бүр нэмэгдэж буй ажилгүй, орлогогүй нөхцөл байдал нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл газар авах нөхцөл болж байгааг тоо баримт тодорхой харуулж байна. 2014 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 398 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 152 буюу 61.8 хувиар өссөн байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын гуравны хоёрынх нь ачаалал 30–70 хувиар хэтэрчээ. Үүнийг даруй шийдэхгүй бол боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж улам бүр муудсаар байх нь. Улсын хөгжил нь хүний хөгжил дээр суурилж, хүний хөгжлийн шалгуур нь боловсролын чанар, хүртээмж болж байгаа өнөө цаг үед нийслэл хот маань боловсролын үйлчилгээг сайжруулах чиглэлд нүдэнд харагдаж, гарт мэдрэгдэх алхам хийж чадалгүй байсаар гурван жилийг ардаа үдлээ.
Хотын онцлох шинжүүдийн нэг нь суурин амьдралыг бий болгоход шаардлагатай инженерийн, нийгмийн, хөдөлмөрийн, мэдээллийн болон аюулгүйн дэд бүтцийн хангамж, нийтлэг үйлчилгээний тав тух байдаг билээ. 2014 оны хоёрдугаар улиралд Монголын Маркетингийн Зөвлөх групп болон Стратеги академиас нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээг 1–10 оноогоор хийжээ. Нийслэлийн иргэд гэр хорооллын бохир зайлуулах үйлчилгээг 2.03, гэр хорооллын худаг усны үйлчилгээг 3.56, орон сууцны халуун, хүйтэн усны хүртээмжийг 3.59 гэж үнэлсэн байна. Эдгээр үнэлгээ нь хотын инженерийн дэд бүтцийн үйлчилгээ муу байгааг илтгэж байна.
Хорь шахам жил яригдаж байж саяхан шийдэгдсэн нийслэл хотын албан татвар эхнээсээ маргаан дагуулж эхэллээ. Одоогийн албан татвар нь хотынх бус, харин худалдааны татвар л бий болгосон юм шиг ойлгогдож байна. Бас давхар татвар үүссэн, ахмад настнууд хуулийн дагуу авсан үйлчилгээндээ татвар төлөхөөр болж буйг анхаарах хэрэгтэй болжээ. Хотын албан татварын төрлийг тогтоохдоо “архи, тамхины борлуулалтаас хураах” биш, хотын оршихуйн болон менежментийн онцлогт нийцүүлэн, оршин суугчдын, хот төлөвлөлтийн гэсэн хэлбэртэй байхаар хуулийн төслийг санаачилан боловсруулах нь зүйд нийцэхсэн билээ.
Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон бэрхшээлийг гэтлэн давах, оршин суугчдын сайн сайхан амьдралыг төлөвшүүлэхийн тулд Монгол Ардын Нам болон нийслэлийн намын байгууллагын зүгээс нийслэл хотод тулгамдаад байгаа сорилт, бэрхшээлийг даван туулахын тулд дараах үзэл баримтлалыг дэвшүүлж байгаа билээ.
Бид АЗ ЖАРГАЛТАЙ ХОТЫГ БИЙ БОЛГОХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ та бүхэнд санал болгож байна. Бидний үзэл баримтлал нь хотын оршихуйн үндэс болсон оршин суугчид, албан байгууллага, бизнес эрхлэгчид, аялан жуулчлагчид бүгдэд нь хамаатай буюу тэд Улаанбаатар хотын оршин суугчдад өөр өөрийн аз жаргалтай амьдралыг цогцлоох орчин, нөхцөл, үйлчилгээг бүхэлд нь бий болгон, хангахыг чухалчилж байгаа болно. Энэ үйл хэрэг нь дэлхийн хотуудад Happy City хэмээх үзэл баримтлалын хүрээнд амжилттай хэрэгжиж байгаа юм.

Улаанбаатар хотын хөгжил, хот төлөвлөлт, хот байгуулалтын талаар дээр дурьдсан бодол санаандаа тулгуурлан, Аз жаргалтай хотын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга, үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хотын хөгжлийн, хүний хөгжлийн, эрүүл, аюулгүй байдлын, засаглалын индексийг тооцох зэргээр тогтвортой хөгжлийн асуудалтай холбох нь зүйтэй хэмээн үзэж байна.
Бид хөгжлийн шинэ үзэл баримтлалыг санал болгохдоо дэлхийн хотуудын хөгжлийн туршлага, олон улсын байгууллагуудаас батлан гаргасан концепци, шалгуур үзүүлэлт зэргийг нь харгалзан үзвэл оновчтой болно гэдийг тэмдэглэх нь зүйтэй байх. Харин Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудалд цогц, хүнд чиглэсэн буюу хүний хөгжлийг хангасан, өнөө болон маргаашийг холбосон буюу тогтвортой хөгжлийн үнэт зүйл, зарчим, арга замыг шингээсэн шинэлэг хандлагыг дэвшүүлж байгаа болно.
Архитектур, дизайн төгс олон сайхан барилга байгууламж барих нь дангаараа Аз жаргалтай хотыг бий болгодоггүй юм байна. Нийтийн сайн сайхан байдлыг хангаж чадаагүй нөхцөлд аливаа хотын оршин суугчид аз жаргалтай байна гэж хэлэхэд бэрх ажээ. Энэ утгаараа бидний дэвшүүлж байгаа хөгжлийн шинэлэг үзэл баримтлал нь “Хөгжилд хүн бүр оролцох боломжтой байж, Хөгжлийн үр шимээс хүн бүр хүртэх” нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай агуулгын хувьд давхцаж байгаа юм.
Үндсэн хуульд тунхагласнаар хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой, ийм ч хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэгэхээр хот төлөвлөлт, хот байгуулалт нь бүхэлдээ уг хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэхийн төлөө чиглэгдэх учиртай. Яагаад хөгжлийн ийм үзэл баримтлалыг сонгох болсон үндэслэлээ танилцуулъя.
Нэгдүгээрт, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах талаарх үндсэн хуулийн заалт нь уг загварыг сонгох гол үндэслэл болсон.
Хоёрдугаарт, Аз жаргалын олон улсын индекс (Happy Planet Index) нь тухайн улс болон хотын иргэдийн амжиргааны түвшин, хүрээлэн буй орчны байдлыг бодитоор үзүүлдэг байна. Эдгээр үзүүлэлтийг New Economics Foundation байгууллагын 2006 онд санал болгож, өнгөрсөн хугацаанд гурван удаа уг тооцооны индексийг тодорхойлоод байна. Аз Жаргалын Олон Улсын Индексыг тооцохдоо ашиг тусын ерөнхий зарчимд суурилдаг бөгөөд дийлэнхи хүмүүс урт наслаж бүрэн дүүрэн амьдрах, улс орнууд боломжит нөөцөө экологид ээлтэй байдлаар ухаалгаар ашиглан, иргэддээ хангалуун амьдрах боломжийг бүрдүүлэхийг хичээдгийг харгалзан үздэг байна.
2006 онд гадаадын хэд хэдэн эрдэмтэд уг судалгааг 178 орныг хамруулан явуулахад Монгол Улс 56-рт жагсаж байсан бол сүүлийн хэдхэн жилийн дотор олон байр ухарч одоо 145-рт жагсах болжээ.
Монгол Улсын хүн амын бараг тал хувь төвлөрсөн том хотын хувьд улсын болон хотын хөгжлийн олон асуудал харилцан хамааралтай, нягт шүтэлцээтэй байдаг болохоор улсын индекс ингэж буурч байгаа нь Улаанбаатарыг Аз жаргалтай хот болгон хөгжүүлэх шинэ үзэл баримтлалыг чиг баримжаа болгох шаардлагыг бий болголоо.
Гуравдугаарт, Өөрийн амьдралаа зохион байгуулах боломжийг хотын оршин суугчдад бүрдүүлж өгөх нь хотын өнөөгийн хөгжлийн утга учир мөн.
Аз жаргалтай хот хөгжүүлэх бодлого, үйл явц нь хот төлөвлөлтөөөс эхлэх ёстой учир нийслэл хотын хот төлөвлөлтийн өнөөгийн байдал, тулгамдсан зарим асуудлаар өөрийн саналыг өгүүлье.
Ерөнхий төлөвлөгөөний үүргийг дээшлүүлэх нь хотын хөгжлийг тогтвортой болгох эхний алхам мөн. Улаанбаатар хот 1930-аад оны сүүлч үеэс төлөвлөлтийн үндсэн дээр хөгжих болж, өнгөрсөн хугацаанд зургаан ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлсэн. 2013 онд баталсан Ерөнхий төлөвлөгөөний тодотголыг одоо мөрдөж байна. Хотын хувьд “үндсэн хууль” нь болсон ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдөхийн тулд цаашид Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг гардан хариуцах субьектыг Хот байгуулалтын тухай хуульд тусгах, газрын харилцаа, хот төлөвлөлт, хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг нэгтгэх шаардлага байна.
Хот төлөвлөлтийн онолын нэг бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд дахин төлөвлөлтийн бодлого, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болжээ. Өнөөдөр хотын дахин төлөвлөлтөд ноцтой алдаа гарч, улам даамжирч байна.
Дахин төлөвлөлтийн агуулгыг хөсөрдүүлэн, хавтгайруулах, хоморголон дайрах, хүч түрэх, барилгын цөөн компанийн эрх ашгийг урьтал болгох арга барилаар түүнд хандах болж, газар өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчиж, оршин суугчдын нийтлэг эрх ашгийг хөсөрдүүлж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Хотын, түүний дотор гэр хорооллын дахин төлөвлөлт нь газрын эрхийн болон барилгын зөвшөөрлийн наймааг өдөөж, далд эдийн засгийг цэцэглүүлж буйд шүүмжлэлтэй хандах ёстой. Газар өмчлөгчдийн зүй ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө хамтдаа тэмцэх болно.
Шинэ хот, дагуул хот, тосгоны төлөвлөлтөд хот төлөвлөлтийг голлон чиглүүлэх нь чухал болов. Энэ арга хэмжээ нь Улаанбаатар хотын байгууллага, иргэдийн байршил, суурьшлыг зохицуулах гол арга болох юм. Байршил, суурьшлыг зохицуулахдаа орон зайн болон эдийн засгийн төлөвлөлт, иргэний бүртгэл, татварын тогтолцоо, механизмыг нягт уялдуулан ашиглах шаардлагатай. Хотын хөгжлийн бэрхшээлүүдийг салангид байдлаар бус, цогцоор шийдэх арга нь өндөр үр дүнд хүргэдгийг хөгжсөн болон хөгжиж байгаа хотуудын практик нэгэнт нотложээ. Тийм арга нь байгууллага, оршин суугчдын байршил суурьшлын зохицуулалт ажээ. Бид ч энэ замаар л замнах учиртай.

УИХ 2013 онд 20 дугаар тогтоол гаргаж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлан хэрэгжүүлэх, хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах, ерөнхий төлөвлөгөөний тодотголын биелэлтийг хоёр жил тутам гаргаж УИХ-д танилцуулж байхыг Засгийн газарт үүрэг болгосон билээ. Гэвч хотын хөгжилд чухал ач холбогдолтой эдгээр заалтууд өнөөдрийг хүртэл ажил хэрэг болсонгүй. Яам чармайлт гаргасангүй, хотын санаачилга ч дутлаа гэж дүгнэхээс өөр арга алга. Товчоор хэлбэл, орон зайн төлөвлөлтийг эдийн засгийн төлөвлөлтөөр, хөрөнгө оруулалтаар бэхжүүлэн дэмжиж чадсангүй. Ийм болохоор Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний тодотголын хэрэгжилт ноцтой доголдож байгаа юм.
Аз жаргалтай хот байгуулалтын талаар цаашид анхаарах зарим асуудал байна. Тухайлбал,
1. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнхийг шинэ хот, дагуул хотын байгуулалтад чиглүүлэх нь зүйтэй.
2. Улаанбаатар хотын оршин суугчдын газар өмчлөлийг шийдвэрлэх аргад зарчмын бөгөөд зүй зохист өөрчлөлт оруулах боломж байна. Тухайлбал, дөрвөн хайрханы дотор газар өмчлүүлэхийг цаашид зогсоох, газар өмчлөлийг зөвхөн шинэ хот, дагуул хот, тосгонд зохион байгуулах, газар өмчлөлийн эрхийг бусад эрхээр солих гэх мэт олон арга ашиглах нөхцөл бололцоо байгаа юм.
Газар зохион байгуулалт, хот байгуулалт хоёр нэг угшилтай, амин холбоотой салбарууд юм. Үүнийг иш үндэс болгон, эрх зүй, зохион байгуулалтыг шийдвэрлэх нь зөв билээ.

Юуны өмнө газрыг өмчлөх, ашиглахаар Газрын тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй байна. Газар өмчлөгч буюу төр, иргэн нь өөрийн өмчлөлийн газраа дотоод, гадаадын хуулийн этгээд, иргэнд түрээсийн гэрээгээр ашиглуулах бөгөөд энэ нь газрын харилцаа дахь зөрчил, маргааныг таслан зогсоож, уг харилцааны ил тод байдлыг хангахад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
3.Хот зорилтот өөрчлөлтөд хүрэхийн тулд хотод урт хугацааны стратеги шаардлагатай бөгөөд түүнийг хотын харилцан уялдаа бүхий гурван гол функц гэж нэрлэдэг газар ашиглалт, дэд бүтэц үйлчилгээг сайжруулах, байршил суурьшлыг зохицуулахад чиглэгдэнэ гэж төсөөлж байна.
4.“Хот байгуулалтын боловсрол”-ын сургалт, сурталчилгааг эхлүүлье. Хот байгуулалтын боловсролыг хотын соёлтой нягт холбон зохион байгуулбал илүү үр дүнд хүрнэ.
Аливаа хотын хөгжил оршин суугчдын ухамсар, соёлын түвшинтэй шууд холбоотой байдаг билээ. Хот бол иргэдийн нийгэмлэг, бүр өөрийгөө удирдах нийгэмлэг юм. Тохилог хот барьж болно, харин түүнд дүйцсэн оршин суугчдыг бий болгох нь хичээл зүтгэл, уйгагүй тэмцэл шаардсан үйл явц юм байна. Хотын өнөөгийн оршин суугчдын соёлын түвшин нь хотын хөгжлийг хойш татаж байна. “Хотын соёл” нь аз жаргалтай хотын нэг шалгуур юм. Иймд хотын соёлыг төлөвшүүлэх нь нэн чухал зорилт мөн. Улаанбаатар хотын дүрэм болон “Улаанбаатарчуудын ёс зүйн кодекс” боловсруулан мөрдүүлбэл хотын соёлыг төлөвшүүлэхэд нэмэр болох нь дамжиггүй ээ.
5.Хот байгуулалт, бүтээн байгуулалтын ажилд өнөөгийнх шиг сүртэй эхлэл, шалдан төгсгөл огт хэрэггүй ээ. Хотын өнөөгийн удирдлага хот байгуулалтын салбарт олон туршилт хийж байна. Эдгээр туршилтын сөрөг үр дагавар нь их байна, оршин суугчид үнэндээ залхжээ. Төсвөөс их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Одоо Аз жаргалтай хотын индексийг хэрхэн тогтоох вэ

Монгол Улсад, түүний нийслэл хотын аз жаргалын индексийг тодорхойлохдоо өөрийн давуу болон онцлогийг харгалзан дараах үзүүлэлтийг сонгох нь зохистой болов уу гэж бодож байна. Тухайлбал, экологийн байдал, аюулгүй орчин, хот байгуулалт, тохижилтын түвшин, дундаж наслалт, боловсролын түвшин, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ, орлого, худалдан авах чадвар, нийгмийн хамгааллын түвшин, иргэдийн эрх чөлөөний түвшин, авилгын ойлголт, баярлах болон сэтгэл зовних гол шалтгаан зэргийг сонгон авч болох юм.
Хотын оршин суугчид аз жаргалтай байх эсэх нь юуны өмнө ажил эрхлэлтээс, үйлчилгээний болон харилцааны соёлоос хамаарна. Гэтэл, татвар, хөрөнгө оруулалт, захиргааны хүнд сурталын улмаас бизнесийн орчин муудаж байгааг судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчид тэмдэглэж байна. Бизнес эрхлэгчид маргаашдаа илтгэл дүүрэн байж чадахгүй байгаа нь хотыг аз жаргалтай болгож чадах уу. Бизнесийн орчин таагүй болсоны улмаас ажлын байр тэр хэрээр багасч, ажилгүй иргэдийн тоо гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Ажилгүй орлогогүй, амьжиргаагаа залгуулах боломжгүй болсон хүмүүс өнөө, маргаашаа гэрэл гэгээтэй харж чадахгүй болно.
Манайд өнөөдөр ажлын байр дутагдаж байна, мэргэжилтэй ажилчдын эрэлтийг хангаж чадахгүй байна. Бас, хөдөлмөрийн соёл ч дутаж байна. Иймд хөдөлмөрийн шинэчлэл хийх цаг болжээ. Хөдөлмөрийн шинэчлэл хийснээр нийгмийн бухимдал буурах, эдийн засаг нэмэлт инпульс авах, иргэдийн орлого нэмэгдэх сайн талтай юм. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, ажлын байр бий болгохыг намын нэг гол зорилт болгох, хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах механизмтай болох, хэмнэлт нэрээр зайлшгүй байх ажлын байрыг цөөрүүлэх, орон тоо хасахыг хориглох, хөдөлмөрийн хөлсийг хагас сараас илүү хугацаагаар саатуулсан тохиолдолд алданги тооцон олгодог болох, хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг өндөрсгөх хэрэгтэй байна.
Нийслэлийн намын байгууллага нь Улаанбаатар хотын хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахын төлөө чармайн ажиллана. Хотын хөгжилд шинжлэх ухаанч бодлого чухал хэрэгтэй. Гэхдээ бид үүнийг хотын тулгамдсан асуудлаа шийдвэрлэхээс эхлүүлж байна. Яагаад гэвэл Улаанбаатар хотод байгалийн болон техникийн аюул, хүрээлэн буй орчны доройтол нь нөлөөлөхүйц хэмжээнд хүрч, зарим тохиолдолд хэт азанд найдаж олон эрсдэл дунд амьдрах боллоо.
Эдгээр аюул нь оршин суугчдын эрүүл мэнд болон материаллаг байдалд үзүүлэх хор хөнөөл, тохиолдох магадлал, аюулын үнэлгээ, болзошгүй аюул түүний эрэмбэ зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тодорхойлж, энэ үндсэн дээр Улаанбаатар хотын аюулгүйн матрицыг анх удаа боловсруулж мөрдөн ажиллахыг санал болгож байна. Үүнээс гадна орон тооны бус шинжээчдийн зөвлөлийг засаг даргын дэргэд байгуулан ажиллавал хотоос гаргах шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэл сайжирна гэж үзэж байна.
Их мөнгө зарснаар хотын оршин суугчдыг аз жаргалтай болгох боломжтой гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн төсөв гурав дахин нэмэгдэж, тэр хэрээр хөрөнгө оруулалтын боломж тэлсэн. Гэвч нийслэлийн өмнө тулгамдсан асуудал улам бүр газар авсаар байна. Үүнийг зөв бодлого хэрэгжүүлж чадаагүйтэй холбохоос өөр яах билээ. Хэрэгцээгүй олон зүйлд хөрөнгө, хүч тарамдаж байгааг хэвлэл мэдээллээр байнга шүүмжилсээр байгаа . Ер нь, бид дээр дурьдсанаас гадна дараах хэдэн арга хэмжээнд анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд:
1.Аз Жаргалтай Хот үзэл баримтлалыг гүнзгийрүүлж, цаашид хотын хөгжлийн шинэ загвар болгон хөгжүүлэхээр ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө гаргах,
2.Дэлхийн хотын хөгжлийн анхдугаар хэлэлцүүлгийн тунхагт тусгагдсан аз жаргалтай хот байхын нэг гол хүчин зүйл болох түүхэн хөшөө, дурсгалт газраа хамгаалах, үндэсний цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд авч үзэх,
3.Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшнээр жил бүр индексжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх,
4.Улаанбаатарыг хотуудын моно төвт хот байхаар эрх зүйн орчин бүрдүүлэх, хэрэгжүүлэх, Мөн дагуул хот, суурин дахь үйлдвэрлэл, ложистикийн үйлчилгээг орлогын албан татварын хөнгөлөлтөнд хамруулах саналыг УИХ-д өргөн барих,
5.Түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх, олон түвшний орлоготой иргэд орон сууцны нэг барилгад зэрэгцэн амьдрах, ажлын байртай орон сууцыг дэмжих талаар Хотын орон сууцны хангамжийн бодлогод өөрчлөлт оруулах,
6.Шинэ хот, дагуул хот, тосгонд барьсан орон сууц худалдан авч Улаанбаатар хотоос шилжин суурьших иргэдэд нийслэлийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам батлан мөрдүүлэх. Энэхүү арга хэмжээг газар өмчлөлтэй холбон шийдвэрлэх. Дөрвөн хайрханы доторх нутаг дэвсгэрт иргэдэд газар өмчлүүлэхийг зогсоох,
7.Гэр хорооллын тэлэлт, автомашины өсөлт үргэлжилж, хотын бэрхшээлийг улам гүнзгийрүүлсээр байна. Газар өмчлүүлэх ажлыг эргэж харахгүй бол хотыг сүйд хийх нь. Автомашин хотын гудамж талбайд багтахаа байлаа. Хотын төв хэсэгт авто замыг өргөтгөх нөөц шавхагдлаа. Цаашид эдгээр асуудлыг эдийн засаг, хууль, захиргааны хөшүүрэг ашиглан хязгаарлахаас өөр арга алга.
8.Иргэний нийгмийн үйл ажиллагаанд үндэслэлгүй хязгаарлалт тавьдаггүй нийгмийн баримжаатай, зохистой орчин бий болгох хэрэгтэй байна.

Like what you read? Give my city a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.