Бээжинд зорчсон тэмдэглэл #2
Day 2 | 07.11.
Монголд өдийд Наадмын нээлт эхэлж байгаа байх. Өглөө бид тав, 798 art district-рүү явлаа. Үүргэвчээ байрандаа үлдээчихсэн, алхахад асуудалгүй. Замын турш хамгийн үзүүштэй, таалагдсан газар бол 798 байсан. Бээжинд очвол заавал үзээрэй.






Ихэнх газар нь үнэгүй. Зарим нь үүдэндээ цэвэр ус тавьчихсан, орохыг хүсвэл уснаас худалдаж аваад ороорой гээд. Цөөн хэдэн газар нь л үнэтэй. Күүл күүл юм зардаг: гэр, оффис чимэхээр сонин содон тавилга, сувинерийн дэлгүүр; хэн нэг зураач, артистын бүтээлээр тохижуулсан дэлгүүр; Мао даргын зураг, мэдээлэлтэй постер, откарыт, уран зураг, 3d зурагтай үзэсгэлэн; дан ганц үхэрний дүр дүрслэл зурагтай, ер нь үхэртэй холбоотой бүх юмс зардаг дэлгүүр; Үкүлэлэ болон бусад хөгжмийн зэмсгийн дэлгүүр гээд тоочоод байвал зөндөө. Үзэсгэлэн ч юм шиг музей ч юм шиг, нэг тийм донжтой дэлгүүрүүдтэй.











Тамхи, арьсан эдлэл, аксесуар, гар хийцийн юмнууд, монументаль урлалууд хаа сайгүй. Нэг дэлгүүрт 798 гэсэн tag.тай түлхүүрний оосрууд байхаар нь дараа дахиад таарах байх гээд авалгүй өнгөрсөн чинь өөр тийм юм олдоогүй шүү. Авах юмаа газар дээр нь шууд авч байгаарай :P. Art shop, урлангуудаас гадна Coworking Space маягийн оффисууд ч их байсан. Ер нь бүтээлч, урлаач хэн бүгдийн хамгийн том төвлөрөл нь 798 дүүрэг юм байна. Дотор гэлтгүй, гадаах зам талбай, хана, ширхэг тоосго, шороо чулуу, гудамжны өнгө үзэмж бүхэлдээ урлаг болсон газар байв.






Энд бид анх Ofo-той дотно танилцсан юм. Хятадад дугуй түрээсийн Ofo, Mobike, Bluegogo гэсэн олон төрлийн дугуйнууд байх бөгөөд, алхам тутамд шар өнгийн, ofo гэсэн бичигтэй дугуй элбэг тааралдана.
Утсандаа тухайн дугуйны апп-г татаж суулгаад, дугуйны ард байх QR кодыг уншуулаад, түгжээг нь тайлах 4 оронтой кодыг мессежээр хүлээн авна. Ер нь бүх төлбөр тооцоогоо QR код уншуулж хийнэ. Хятад бол QR кодны эх орон юм байна гэж бодоход хүрлээ :P. Цаасан мөнгө ашиглаж байсан нь бид 5 л байх. 100¥-ий дэвсгэрт өгөх юм бол хаа ч тэр заавал мөнгө шалгадаг машинаар шалгаж авч байсан. За буцаад дугуйны яриа руугаа оръё. Анх бүртгүүлэхдээ 100 ¥-ий барьцаа байршуулаад, тэрнээс хойш цагийн 1¥-ий үнээр дугуйгаа унаад л байна. Өдрийн хязгаар 10¥, тэрнээс илүү унасан ч нэмж мөнгө тооцогдохгүй. Монголд 3500 төгрөгөөр 1 цаг дугуй түрээслэх бол энд өдөржин унах нь байна. Тэгээд авсан газраа ч биш хаа дуртай газраа орхиод явж болно. Гайхалтай :P. Даанч бидэнд ном ёсоор нь дугуй түрээсэлж авах хүчин чармайлт, боломж дутсан юмдаг. Ядах нь ээ утасны дугаар байхгүй. Нөгөө өвөр монгол дугаар аваарай гэдэг чинь энд хэрэг болж байгаа юм.
Тэгээд явж байсан чинь нэг цоожгүй дугуй нүдний буланд өртлөө. Даллан дуудаад байх шиг. Бид хэд авах уу, байх уу гэж эргэлзэж байгаад за уная уная гээд уначихсан, уучлаарай :D. Цааш цаашдын замд цоож нь эвдэрсэн, эсвэл унаж явсан хүн нь цоожлоогүй орхисон дугуйнууд зөндөө тааралдсан бөгөөд нэг мэдэхэд бид 5, тавуулаа баясгалантай жийж явахад хүрсэн байсан.

Тийм дугуй олдох юм бол, унахаар сэтгэл шулуудсан бол, ойр тойронд эзэн нь гэхээр хүн байхгүй бол өөрийн юм шиг л итгэл төгс явж очоод аваад унаарай. Ийш тийшээ харж, хулгаж дальдчаад байв аа. Би юу л яриад байна даа золиг гэж :D. Бид хэд тэдгээр дугуйны эздийг нэг их хохироогоогүй юм шүү. 1 үсрээд 2 цаг унасан гэхэд 2¥-ий төлбөр гарсан байх, унаж дуусаад түгжээг нь буцаагаад түгжээд орхиж байсан. Ихэнхдээ эвдэрхий түгжээтэй, бага зэргийн гажигтай дугуйнууд таарч байсан болохоор гайгүй байх аа. Гэхдээ их ч бага ч өмхий л дөө. Уучлаарай. Бид хэдийн түр орхисон дугуйг нөхдүүд өөрсдөө ч аваад унаад явчихдаг л юм билээ.
Монголд дугуйтай хүний зовлон их. Явган хүний замаар явахаар явган зорчигчид хараалгуулна. Машин замаар явахаар машинууд нь дайрчих гээд эсвэл албаар сигналдаж цочоодог. Энд харин замынхаа 1-р эгнээг дугуйтай хүмүүст зориулсан байдаг юм байна. Замын 2 зах нь дугуйтай хүмүүсийнх гэсэн үг. Дугуйн замаар урсгал харгалзахгүй. Дугуй юм уу мопедтэй хүмүүс хоорондоо төвөггүйхэн зөрөөд явцгаачихна. Манайд 3 сая дугуйг Улаабаатараар нил тараагаад, ийм дугуйн түрээсийн үйлчилгээтэй болчихвол янзтай. 1 сая нь алга болоод үрэгдээд дууслаа гэхэд 2 сая нь хэрэглээнд :P. Түгжрэлгүй замтай, эрүүл иргэдтэй. Сонгуулийн сурталчилгаа шиг өгүүлбэр вэ.


Бидний дараагийн зогсоол “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн. Тэр хавийн буфет, түцнүүд нь ердийнхөөс 2 дахин үнэтэй. Гадаад хүн гээд 2¥-ий усаа 4¥-р өгөх гээд байна уу гэж бодоод өөр газраас авахад бас л 4 гэж байсан кк. Шувууны үүрийг үзэх тасалбарын үнэ харилцан адилгүй. Гадуур нь тойрох, дотор нь орж үзэх, дээгүүр нь явах зэргээс хамаараад 60, 110, 140¥ гэж байсан санагдаж байна. Бид нар 140¥-аар Шувууны үүрээ бүхэлд нь үзээд бонусанд нь “Water cube” үзэх тасалбар авав. Цэнгэлдэх дотор аймшигтай халуун, гэхдээ л гоё. Дээгүүр нь явах (Air Corridor) бас янзтай байсан. Харин хөтөч тайлбарлагч, мэдээлэл авах материал энэ тэр юу ч байхгүй. Байлгая ч гэж боддоггүй юм шиг байгаа юм. Гадаад жуулчидтай жуулчидгүй дотоодын аялагчид нь хэдэн зуун сая юм болохоор яалтай билээ. За за ок…
Үзэх газрынхаа нээх, хаах цаг болон хэр урт дараалал байгааг сайн анзаарч билетээ аваарай гэж сануулъя. Бээжинд ихэнх газрууд 8–16 хүртэл ажиллаад хаадаг шиг байсан. Хаахтай нь зэрэгцэж яарч сандран үзэв ээ.








Гарч ирээд Water Cube -рүү орлоо. Үзээд сонирхоод байх юм даанч байсангүй. Хоосон тайз, хоосон усан сан л байв. Өөр зааланд нь харин усан парк, усан гулгуур маягийн юм байх бөгөөд бас л багширсан олон хүн.



Тэндээс гараад 18 цагийн үед Olympic Tower үзэхээр явсан боловч хаалттай байлаа. Өглөө эргэж ирээд зарим нь үзсэн. Дээр гараад бичлэг хийж болохгүй гэж байсан байх. Үнэ нь 160¥, гарсан хүмүүс нь үнэндээ арай хүрэхгүй юм байна гэсэн шүү. Гэхдээ дажгүй.



Тэгээд дахиад ofo.дов. Бүсгүй хүнд өндөр өсгийт өгвөл дэлхийг байлдан дагуулна гэж Монрогийн хэлсэн шиг, надад дугуй өгвөл би Бээжинг тойроод л баймаар байсан :P. Ямартай ч энэ зундаа дахиж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн оръё.” гэж хүмүүс шаналгаад байхааргүй болтлоо унах нь унасан.
Цэнгэлдэхтэй ойролцоо байрлах China Science & Technology Museum гэсэн газрыг зорилоо. Гаднаа метал бөмбөрцөгтэй. Үүдэндээ өнөөх security check.тэй. Бас том LED дэлгэцээр од гариг эрхсийн холбоотой видео гарч, 1 хүн юм яриад л байна. Таазнаас нь бөмбөлөгнүүд долгиолж ирээд сүртэй. Такс нь 30¥. Тэрнээс цаашаа урам хуга. Цэцэрлэгийн юм уу бага ангийн сурагчид байгалийн шинжлэлийн хичээлтэйгаа холбогдуулж үзэхээр хүүхдийн музей байсан. Үзэх газрынхаа гадна төрх, нэрэнд нь хуурталгүйгээр доторх үзвэр, үзмэр нь ямар байхыг судалж мэдээд очоорой гэж зөвлөх байна.




Бээжингээр явсан нь товчхондоо нэг иймэрхүү.
Дараа өдөр нь бид Тианжин явахаар Beijing South Railway Station явлаа. Кассанд нь 30-аад минут дугаарлаад ажилтанд нь паспортуудаа өгч Google Translate-ээ гаргаж байгаад “Tianjin x 5 tickets. After 11:30” гээд гоё ойлголцчихож байгаа юм :P. Google Translate дээрээ Chinese, English-ээ offline татаад аваарай. Chinese гэлтгүй хаашаа явж байна, тэр орны хэлээ татаад авчихсан байхад хаа ч алзахгүй. 1 давхраас билетээ аваад 2 давхарт гарч билетээ шалгуулаад тэндээсээ шууд урсдаг шатаар доошилж галт тэргэндээ сууна. 2 давхарт гарахын тулд хүмүүсийн урсгалыг сааруулах зорилготой тахиралдсан замаар Pacman шиг баахан явж очно. Тэгээд дээр гараад Бээжинг үнэхээр том, үнэхээр олон хүнтэй юм аа гэж дахин ангайхад хүрнэ.


Хурдны галт тэрэг нь 290–300км/ц хурдтай. Тэр хурдаар Тианжин хүрэхэд 30 минут орно. Бээжингээс Тианжин хүрэх замд битүү мод, модны суулгац тарьсан байсан. Мод тариалан гэмээр.
Тианжинд буугаад метрогоор 2 буудал яваад Тианжинд түрээслэх байрныхаа бараг хажууд нь ирэв. (Мөн л Airbnb-р урьчилж захиалсан байсан. Манай хост англи хэлний багш эмэгтэй байсан ба хаягаа нарийн тодорхой, ойлгомжтой зааж өгсөн.) Хажууд гэдэг нь бүр замынхаа наана цаана. Хотын төвд бүх юмтайгаа ойрхон. Энэ мөчид бид Бээжинд нухлуулж байжээ гэж бодоход хүрэв :P.



Тианжин, Бээжинг бодоход хүн ам сийрэг, барилга байгууламж нь шинэ, Европ маягийн хийцтэй, цэвэрхэн сайхан санагдсан. Хятад хороолол нь жинхэнэ хятад background.той. Хосолмол дүр зураг энд байлаа. Тианжинд бол амьдраад байж болмоор юм билээ. Бээжингийн метроны карт Тианжинд үйлчлэхгүй, тусдаа Тианжиныхаа картаар явна.
Hai голын дагуу явбал бараг үзэх юмаа бүгдийг нь үзнэ. Tianjin Eye гээд 120м өндөр алсыг харагчаар хотыг тольдож болно. Үнэ 70¥. Голын дагуу завиар зугаалж шөнийн Тианжиныг үзэж байгаа хүмүүс их байсан. Ancient Culture Street гэсэн Хятад гудмаар зугаалж болно, үнэгүй. Porcelein House гээд шаазан байшин, дотор нь орох бол 35¥ гэхдээ гаднаас нь харахад л хангалттай. Italian Style Street 24/7 нээлттэй гудамж, үзэхэд мөн үнэгүй гэж байгаа. Ер нь л гудамж метрлээд байх бололтойдог.




Дараагийн өдөр нь бид хэд ерөнхийдөө амарсан. Зүгээр сэлгүүцсэн.





Тианжинаас Цагаан Хэрэм үзэх бол Tianjin Railway Station дээрээ эргэж очоод 9:30-н галт тэргэнд 18¥-аар суугаад 2 цаг хэртэй явж Jixian County Railway Station дээр бууна. 10¥-аар гурван дугуйт хөлслөөд Цагаан хэрэм дээр очиж болно.
Оройдоо гэртээ амрангаа маргааш юу үзэх вэ гэдгээ харж байхад www.travelchinaguide.com -н маршрут, заавар зөвлөгөө нь бусад сайтуудаасаа хамгийн сайн, дэлгэрэнгүй нь байсан.

Ингээд Бээжинд 3, Тианжинд 2 хоноод харих цаг боллоо. Тианжинаас Бээжин хүртэл яг явсан замаараа хурдны галт тэргээр ирлээ. Бээжингээс шууд Замын-Үүд хүрэхээр Мүшүюуань вокзал дээр ирэв. Мүшүюуань (Терминал, буудал, вокзал за аль нь ч бай адилхан.) дээр яаж очих вэ гээд фэйсбүүкийн нэг пост дээр хүмүүс их асуусан ч, очих замыг нь заасан тодорхой тайлбар байгаагүй тул дэлгэрэнгүй бичлээ. Бээжин -> Эрээн, эсвэл Бээжин -> Замын-Үүд чиглэлд автобусаар явах хүмүүст хамаатай. Метроны 10-р шугаманд суугаад Dahongmen буудал дээр бууж, C гарцаар гарахад уг урд чинь жижиг гүүр байгаа. Гүүр даваад чигээрээ 20м явахад тааралдах 4 замын уулзвараар зүүн гар тийш эргээд 600-д метр явах юм бол зүүн талд чинь вокзал харагдана. Автобусаар шууд үүдэнд нь очих юм уу, энэнээс өөр дөт зам бараг байхгүй л болов уу. Нэлээн удаан гүүглэдэж байж, хүмүүсийн явсныг харьцуулж энэ замыг сонгон олж очсон юм.
Вокзал дээрээ тухайн өдрийн билетийг тэр өдөртөө зардаг боловч бид нарыг 12 цагийн үед очиход аль хэдийнэ дуусчихсан байлаа. Шагийн хүмүүс аваад үнэ нэмж зардаг, эсвэл группээр яваа хүмүүс хэд хэдээр нь аваад эрт дуусчихдаг байх.
Хятад (өвөр монгол) дугаар энд л жинхэнэ хэрэг болж аваагүйдээ амаа барьсан. Үүдээр ороход хятад хүмүүс өөдөөс чинь нэрийн хуудас сарвайна. Тэрэн дээр Эрээн, Замын-Үүдийн автобусны жолооч нарынх нь утас байгаа. Тэд нар луу явахынхаа өмнөх өдөр нь залгаж, билетээ захиалах хэрэгтэй. Билетийн касснаас авна гэж хүлээж байснаас найдвартай байж магадгүй. Бид хэдийг нөгөө нэрийн хуудас өгсөн хятад хүний утсаар залгаж асуухад бас л суудал байхгүй болчихсон байлаа. Яриулсныхаа оронд ашгүй мөнгө нэхсэнгүй, танилууд биз кк. Ингээд маргааш болтол хүлээхээс өөр аргагүй болов. Үүдэнд хятад жолооч нар машин руугаа заагаад хүний 350–400¥-р явна гэцгээж байв. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу, хаана ч аваачаад буулгачих юм бүү мэд. Уг нь Замын-Үүд рүү шууд явах автобус маань 220¥ юм байгаа юм.
За тэгээд маргааш болтол буудаллах буудал хайлаа. Вокзалын ойролцоо, Эрээн стилийн 3 ортой өрөө 300¥ гэж байна. Бид нар шиг билетгүй болсон хүмүүс аргагүйдэж буудаг бололтой. Эхлээд юу ч гэсэн юм идье гээд замын цаахна байсан KFC орлоо. KFC-н Wifi-ашиглангаа Бээжингээс галт тэрэг юм уу Эрээн орох өөр зам хайх санаатай. Суудлын галт тэрэг 7 хоногт 2 удаа явдаг, тэгэхээр өдөр нь таарахгүй. Бас шууд явахгүй замаараа өөр хотоор дайраад тойруу явдаг зам байсан. Wifi-р орох гэхээр нөгөө л нэг дугаарны асуудал. Google Translate-ээ гаргаж байгаад, өөрийн чинь дугаараар wifi ашиглаж болох уу ухааны юм бичээд хажууд сууж байсан нэг эмэгтэйгээс асуулаа. Толгой сэгсрээд хэдэн юм хэлж байна. За ок. Дахиад жоохон сууж байгаад урд суугаа залууд өнөөхөө үзүүлээд дахиад асуув аа.
- Би Монгол оо гэж байна. Хоо поо гээд бөөн баяр аа, тэгээд тэр залуугийн ачаар wifi орсон гэж байгаа. Шанхайд сурдаг, гэртээ харьж яваа оюутан байсан. Өөрийнхөө сууж явах автобусны жолоочоосоо суудал байгаа эсэхийг асууж өгсөн. Байгаагүй л дээ мэдээж. Тэгээд болоогүй, нөгөө жолоочоороо такси асуулгаад. Хүний 300¥-р явах бол 1 такси дуудаж өгөхөөр болж, бид хэд ч дуртай зөвшөөрөөд явахаар болсон. Тэр залуу өөдөөс толгойгоо сэгсрээд хэдэн хятад үг хэлээд өнгөрч болох л байсан, эсвэл за баяртай гэж салчхаад 300¥-ий такси оллоо гэж хэлэхээр эргэж орж ирэхгүй ч байж болох байсан. Бид хэдийг жолоочтойгоо товлосон газраа олохгүй будилахад дагуулж аваачаад, суулгаж өгсөн. Их тусархаг. Буруу дуулаагүй бол нэрийг нь Түвшинтөгс гэсэн байх, үнэхээр их баярласан шүү :D.


Тэр хүүхэдтэй таараагүй байсан бол бид хэд яах байсан бэ гэхээр ккк, сонин буудалд бууж байхаар метронд суугаад, Бээжингийн нисэх онгоцны буудал дээр очиж үзье, тэндээ тэгсгээд хоночхоод өглөө ирье гэж байсан юм аа :P. Тэгээд яг гарах гэж байтал нөгөө хүүхэд орж ирж такси олсноо хэлсэн.
Бээжинд амьдардаг, Өвөр монгол Цолмон гэдэг ах бид 5-г Эрээн хүргэж өглөө. Мөнгөө шууд авахгүй, за дараа авъя гэж хэлээд замынхаа 2/3-т колонк дээр авсан. Сардаа 7–8 удаа энэ хоёрын хооронд хүн хүргэж өгдөг гэсэн. Хурдны замаар дунджаар 100-120той яваад байсан, хааяа 140 хүргэн алдан явсан.


Автобусаар ирсэн шигээ явсан бол харанхуйд юу ч харалгүй өнгөрөөх байсан ба таксигаар гэрэлтэйд гараад явсан нь бас олзуурхууштай. Цагаан Хэрэмийн хажуугаар өнгөрч, замын турш цонхоор бүтэн юм харсаар явсан даа. Хурдны галт тэргийн замыг Хөх хотруу тавьж байсан. Ойрын хэдэн жилийн дотор хот хоорондын бүх зам хурдны галт тэргээр холбогдох байх. Хаа сайгүй бөөн салхин сэнснүүд. Зуу зуугаараа. Шөнө бие засахаар түр зогссон ба тэнгэрт од гялалзаад, хотоос гарахад тэнгэр ямар байдаг яг тэрэн шиг байлаа.
Өдөр 15 цагийн үед Бээжингээс гарсан бид шөнө 1 цагт Эрээнд хүрэв. Автобусны вокзалын яг зүүн талд 100¥-аар 5 ортой өрөөнд буулаа. Free wifi! Юм үзээгүй юм шиг утсаа маажиж байгаад 4 цагт унтав аа, Энхжин бид 2 л лав. Нөгөө гурав аль эрт унтаад өгсөн.
Өглөө 8 цагийн үед хил гаргах унаа хайхаар зээл дээр очив. Эхнээсээ машинууд ирж байна. Монголоос Эрээн 40¥ байж буцаад гарах болсон чинь 100¥, цөөн хэд нь 80¥ гэнэ ээ. Манайхан нээрээ. 80¥-ий машин нь дороо дүүрээд яваад өгөх юм. Бид хэд 10 цагийн үед 60¥-р автобусаар хил гарсан. Гарах процесс нь яг орж ирсэн шигээ 2 хилийн шалганаар очерлож зогсож байгаад, паспорт дээрээ тамга даруулаад болоо. Тэгээд Замын-Үүд -> УБ вагоны билетээ 20500₮ (Пласкарт, энэ удаа уух юмгүйгээр)-р авлаа. Ашгүй билет хангалттай их байж, эрт ирсний хэрэг гарсан. Вагон 18:05-д цагт хөдлөх хүртэл Замын-Үүд дээр ногоортлоо хүлээж суугаад, 26-р вагон буюу хамгийн сүүлийн вагонд нь суув.

Өглөө 08:45-д Улаанбаатартаа ирлээ. Салхи бол гайхамшиг!
