Nandialien
Nov 3 · 3 min read

LGBTQ+


Хэзээ тогтсоныг бүү мэд анхнаасаа л бэлгийн чиг баримжаагаар нь хэнийг ч ялгаварладаггүй, straight биш бол үзэн яддаг, эсвэл гайхаж хачирхдаг үе надад байгаагүй юм. Ер нь хэн ч таашаал, аз жаргалын хүчин зүйл, өөрийгөө илэрхийлэх байдал, эсвэл хэн нэгэнд зориулсан хайраасаа болж илүүд үзэгдэх нь тэнэг хэрэг. Хүмүүсийн боддог шиг бүгд анхнаасаа стрэйт боловч уруу татагдаад гей болчихдог байлаа ч тэр. 17-той байхдаа энэ үзэл бодлоосоо болж анх удаа олны дунд ганцаардаж үзэж билээ. Дээд курсийн ахын урилгаар нэгэн сайн дурын клубийн уулзалтад очсон юм. Гэр бүл, хайр, нандин харилцааны тухай чөлөөтэй ярилцах уулзалт байв. Чөлөөтэй л ярилаа. “Хайр нийгмийн гарал, нас, шашин шүтлэг, бүр хүйсэнд ч хязгаарлагдах ёсгүй”. Гайхалтай нь тэд, бүр бүгд эсэргүүцсэн. “Эр эм хамт байж, хүүхэд гаргах бол дэлхий ертөнцөд оруулж буй үнэт хувь нэмэр. Ижил хүйстэн бол байж болшгүй зүйл” хэмээн тунхаглаж, ам уралдан баталж, надад итгүүлэхийг оролдоцгоох нь намайг bad guy, эсэргүү амьтан болгочих нь тэр.

Үүнээс 6 жилийн дараа телевизийн сэтгүүлч болж, Монгол дахь НҮБ-аас зарласан уралдаанд ЛГБТ эрхийн талаар нэвтрүүлэг хийж, шагнал авав. “Би мөрөөдөж байна” хэмээх Мартин Лютер Кингийн алдарт үгээр нэрлэхэд минь ажлын ах “Хар арьстануудыг боолчлолоос гаргасан агуу уриаг нэг муу гомо нар дээр хэрэглэлээ” гэж ихэд эгдүүцсэн. Хусаад ч арилахгүй арьсны өнгө шиг төрөлхөөс тогтсон бэлгийн болон хүйсийн чиг баримжаанаасаа болж олон хүн эрхээ зөрчүүлж, хүний нүднээс нуугдаж, хараалгуулж, доромжлуулж амьдарч байна. Тухайн оны ХЭҮК-ийн хүний эрхийн илтгэлд нэгэн трансжендэр бүсгүйг “Даяар Монгол” бүлэглэлийнхэн трансжендэр байсных нь төлөө аймшигтайгаар зодож, төсөөлөлд багтамгүй доромжилсон хэрэг бүртгэгдсэн байсан.

Хорвоо дээр төрсөн хэн бүгд юунаас ч үл хамааран язгуур эрх ашгаа бүрэн эдэлдэг байгаасай гэж л би мөрөөдсөн юм.

Тогтсон итгэл үнэмшилд нь нийцэхгүй, дасаагүй, мэдэхгүй зүйлээ үзэн ядаж, хорсож зэвүүцдэг хүмүүсийг би үргэлж гайхдаг.


1950-аад оны үед гей байхыг сэтгэлзүйн өвчин гэж үзэж байж. Улмаар тэднийг эмчилгээний камп нэрээр хорьж, элдэв төрлийн харгис шашны зан үйлийн золиос болгож байв. Хожим нь сэтгэлзүйн байдал үүнд ямар ч холбоогүйг эрдэмтэд олж мэджээ. Ингээд орчны нөлөөлөл, уруу татагдалт гээд олон талаас судалсаар, няцаагдсаар “Бэлгийн чиг баримжаа бол заяагдмал юм аа” гэдгийг баталсан байдаг. Сонирхвол доорхи линкээр орж уншаарай! https://www.bu.edu/articles/2010/nature-vs-nurture-the-biology-of-sexuality

Бэлгийн чиг баримжаа нь ижил хүйстэн, эсрэг хүйстэн гээд л болоо гэж боддог байсан үгүй юм байна. Хавь илүү complicated.

Гетеро сексуаль (Geterosexual) - Шашин, уламжлалт сэтгэлгээ, хүний үндсэн өгөгдөл, амьдрал нийгэм гээд бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн бэлгийн чиг баримжаа. Эсрэг хүйстэндээ татагдана. Straight.

Гомосексуаль (Homosexual)- Homo гэдэг нь ижил гэсэн утгатай. Ойлгомжтой, ижил хүйстэндээ татагдана. Non straight.

Бисексуаль (Bisexual)- Bi гэдэг нь хоёр, хоёрдмол гэсэн утга илэрхийлнэ. Хоёрдмол хүйстэн гэх юм уу даа. Дулмаа би вээр Долгор, Бат хоёрт хоёуланд нь татагдана.

Пансексуаль (Pansexual)- Pan гэдэг нь бүгд гэсэн утгатай. Бүх хүйстэнд татагдана гэсэн үг. Нөү, хоёр (манинг нэмбэл гурав) янз л байдаг бэлэг эрхтэн хүйсийг тодорхойлохгүй. Бүх бэлгийн чиг баримжаа, хүйсэнд тохирдог үнэнхүү эрх чөлөөтэй, юниверсал чиг баримжаа нь энэ юм.

Күир? (Queer)- Энэ бол бэлгийн үүднээс хэн нэгэнд татагдахаас илүүтэй парадокс ойлголт. Ямар ч хүйс, бэлгийн чиг баримжаанд хамаарахгүй, өөрөөр хэлбэл трансжендэр, манин, гей, пансексуаль гээд хүсвэл аль нь ч болж болно гэсэн үг. Миний харж байгаагаар байгалийн өгөгдөл гэхээсээ хэвшмэл ойлголт, хязгаар, төрөлхи шинждээ хүртэл баригдахгүй гэх эрх чөлөөт үзлийн илэрхийлэл шиг байгаа юм. Жишээ нь артист Улэй. (Түүний тухай бичвэрийг уншаарай https://medium.com/@nandialien/ulay-oh-431c6f6332af)

Эсексуаль (Asexual)- Секс, дурлал бол бараг л дэлхий дээрхи хамгийн сайхан таашаал гэлцэнэ. Гэтэл төрөлхөөсөө дур хүсэлгүй, мэдэрдэггүй эсвэл жаахан л мэдэрдэг хүн байдаг гэвэл яах вэ? Эсексуалистууд хэд хэдэн төрөл байна. Зонхилох нь graysexualist- сексийн дур хүсэл маш бага, demisexualusts- сэтгэл зүрхээрээ холбогдож байж л физиологийн хүсэл төрнө, эсвэл бүр үгүй ч байж мэднэ. Тэд сексийн ямар нэг сонирхолгүйгээр хэн нэгэнд татагддаг гэхээр гайхалтай ч юм шиг. Яг л дотор хүнд нь дурлах юм байна л даа.

Заа тэгээд aromantic буюу дурладаггүй, polyamorous буюу олон хамтрагчтай, gynesexual эмэгтэйлэг байдалд татагддаг, androsexual буу эрэгтэйлэг, хүдэр гүндүүгүй байдалд татагддаг гээд судлаад байвал олон нэр томьёо, тодорхойлолтууд бий. Gender identity буюу хүйсийн чиг баримжааг ярьвал бүр ч өргөн. Гол нь хүний бэлгийн болон хүйсийн баримжаа нь арьсны өнгө шиг л заяагдмал бөгөөд үгүй байлаа ч зарим хүн цайнд, зарим нь кофенд дуртай шиг ялгаатай байдал юм, үүнээс нь болж хэнийг ч үзэн ядах, ялгаварлан гадуурхах, заа тэгээд бүр манай неонацистууд шиг бие махбод, амь насанд нь аюул заналхийлэх ёсгүй.

Хорвоо дэлхий асар уудам, хараагүй сонсоогүй зүйл тоолшгүй их, уулзаагүй ярилцаагүй хүн өчнөөн олон гэдгийг байнга санаж явууштай. Тэгсэн цагт мэдэхгүй юмаа жигшиж, үзээгүй юмаа гайхаж, ойлгоогүй юмандаа бухимдаж, таньдаг хэдийгээ татаж түлхэхгүй "Дээгүүр" амьдарч чадна.

    Nandialien

    Written by

    Нон-амьдралчийн нойргүй шөнүүдээс үлдсэн тэмдэглэлүүд