Миний мэдэхгүй эмэгтэй.

Санхүү эдийн засгийн урд талын бэйкери. 2017.08.05

Тэр эмэгтэй. Ингээд л сууж байх дуртай. Хаа нэг кофе шоп, эсвэл бэйкеригийн булан тохой, цонхтой ойр хэсгийг олж суугаад нөөтбүүкээ дэлгээд ямар нэгэн зүйл бичих, ямар нэгэн ном, зохиол эсвэл бичвэр унших. Цонхоор харангаа. Хүмүүсийг ажиглангаа. Дуу сонсонгоо. Кофе уун суух..

Тэрэнд ирээдүйд ингээд л сууж байдаг, ийм ажил хийгээд амьдардаг хүн болмоор санагдаад байдгийн. Хийх ёстой, хийх хэрэгтэйгийн доор хэзээ ч байж чадахгүй юм шиг.

Тэр сайхан хувцсанд дуртай эмэгтэй.

Амар амгаланд дурладаг эмэгтэй. Түүнийг нь эвдэхэд дургүй эмэгтэй.

Гунигладаг. Нээх сайхан гунигладаг эмэгтэй. Хайрламаар шүүрс алддаг эмэгтэй.

Дуунд, хөгжимд, шүлгэнд хайртай эмэгтэй. Тэднийг ойлгодог эмэгтэй. Тэднээр аргадуулдаг, аргаддаг, хамт бүжиглэдэг, хөгжилддөг эмэгтэй.

Хүмүүсийг хайрладаг эмэгтэй. Хүмүүсийн сайхныг олж харж чаддаг тэр эмэгтэй.

Өөрийг нь ширтэхэд инээмсэглэдэг эмэгтэй. Кофенд, бялуунд дуртай эмэгтэй.

Стресстэхээрээ их иддэг охин. Гэдэс нэмэгдээд байсан ч идээд л байдаг. Таргалахыг хүсдэггүй хэр нь идэх дуртай эмэгтэй.

Уйланхай эмэгтэй. Уяхан. Өрөвч. Хүний зовлонг сонсоод уйлчихдаг эмэгтэй.

Удаан хөдөлгөөнтэй. Үнэхээр залхуу эмэгтэй.

Энэ эмэгтэйтэй 19 жил хамт амьдарсан ч би тэрнийг тийм сайн мэддэггүй юм. Би түүнийг магтах дургүй хэрнээ магтах гээд байдаг юм. Магтах гээд байдагтаа би бас дургүй. Үргэлж л би түүнийг чи түүхий байнаа гэж хэлдэг.

Илүү их мэддэг болох гэж дандаа хичээдэг. Гэхдээ залхуурчихаад байдаг.

Юу хүсээд байгааг нь ойлгох гэж, яаж амьдрах вэ гэж дандаа боддог ч ойлгоогүй л явна.

Тэр эмэгтэй.

Show your support

Clapping shows how much you appreciated Nandinbileg Ganbat’s story.