“Everything of women’s life can be changed in their twenties” номыг “every woman must read” жагсаалтанд оруулах нь зөв үү?
Сайн уу та нар минь? Удаан уулзсангүй шүү,
Хоёр дахь нийтлэлээ бичсэнээс хойш сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд би нь аялаад, амраад бас зөндөө гоё номнууд уншлаа.
“Everything of women’s life can be changed in their twenties” буюу “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” гэсэн номын 2 дугаар дэвтэрнээс өөртөө нааж болох зарим зүйлсийг хуваалцая. Нам Ин Сүг зохиолчийн бичсэн энэхүү ном нь хэдэн жилийн өмнө эмэгтэйчүүдийг шууруулж байлаа. Та нар ч бас аль хэдийн уншсан байх. Харин тэр үед би 20 хүрээгүй байснаас ч тэр юмуу тухайн үед уншихад миний сонирхлыг татах зүйл огт байхгүй мэт санагдаад зурагнуудыг нь гүйлгэж харчихаад л хорин хуудаснаас хэтрүүлэлгүй орхисон билээ. Англи хэл дээр номнууд уншиж байхынхаа дундуур монгол хэл дээр ном уншмаар санагддаг уу та нарт? Яг л тийм зүйл болоод голсон, уншсан номнуудаа хадгалдаг нэг шүүгээгээ ухтал энэ маань байж таарлаа. Яг үнэндээ тэнд байсан номнуудаас арай л царайлаг хавтастай болохоор нь уншъя гээд гаргаж авсан юм :D. Гэтэл уншаад эхэлсэн чинь бас тийм ч муу биш байлаа. Хорь хүрч байж л унших ёстой байж дээ гэсэн бодол төрж байгаам чинь.
“GirlBoss” , “The opposite of Loneliness” хоёрын хажууд Нам Ин Сүгийн ном арай түүхий мэт санагдаж байсан ч гэсэн цаг хугацааны хуучин, шинийг үл харгалзан ямар ч номонд авах зүйлс байдаг шүү дээ.
Энэ ном нь 7 бүлэг, 150 гаруй хуудастай, 2006 оноос олны хүртээл болсон.
- 20 настай эмэгтэйчүүд бодит байдалтай нүүр тулахаас зайлсхийдэг.

Санал нэг үү? Миний хувьд тийм. Баахан том мөрөөдөл, аз жаргалын тухай ном уншчихсан, дандаа сайхан төгсгөлтэй кино үздэг хүмүүс өсөж том болох тусмаа амьдралын хатууг үзэж, алдаж, ялагдаж, бууж өгч үүний дараа ихэнх зүйлийг үгүйсгэж, сайн сайханд итгэхээ больдог шүү дээ. Зарим нь өөдрөг үзлээ эцсээ хүртэл тээдэг л дээ. Дээрх хоёрын аль аль нь бодит байдалтай нүүр тулахаас айж байгаа хэрэг боловч итгэсээр байх нь дээр. “Олон хорин настай бүсгүйчүүд өөрийн мэдэлгүй хорвоо ертөнцийн талаар мэдэж авахаасаа татгалздаг. Тэгээд бодит байдлаас салангид байгаа өөрийгөө цэвэр ариун хүн, эсвэл өөрийн гэсэн жижиг ертөнцтэй, түүндээ бат итгэлтэй хүн гэж боддог.” гэжээ. Мянганыхан буюу яг одоо 20–30 настай байгаа залуучуудыг “хэт өөдрөг үзэлтэй” гэсэн судалгаа хүртэл гарсан байдаг.
Минийхээр: Мөрөөдөхөө зогсоохгүй тэгэхдээ бодит байдлыг мэдэрч хөдлөх, шийдвэр гаргах, ирээдүйд намайг маш олон хүнд хэцүү сорилт хүлээж байгаа гэхдээ муугаасаа сайн нь илүү миний амьдралд тохионоо гэж итгэх
2. 20 насандаа өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж авах

“Одоо хорин насандаа яваа таны жинхэнэ хийх ёстой зүйл бол сертификат олгох сургалт ч биш, англи хэлний хичээл ч биш, юу юунаас илүү чухал болох өөрийнхөө тухай сурч мэдэх явдал юм. Ингэж чадвал таны хүслийг биелүүлэхэд шаардлагатай бусад хичээл сургуулиуд автоматаар үр дүнтэй, чанартай болж чадна..20 нас бол дэнлүүний шидтэн гарч ирээд гурван хүслээ хэл гэвэл дуртайяа хэлж чадах хүслээ бэлдэх нас” гэжээ. Мөн “Миний бодож байсан би болон бодит байгаа би хоёр өөр байх тохиолдол их байдаг учраас өөрийгөө янз бүрийн нөхцөл байдалд оруулж үзэн тэр нөхцөл байдалд ямар үйлдэл гаргаж байгаагаа томруулдаг шил бариад хар” гэсэн байна.
Минийхээр: Эхний өгүүлбрийг уншаад ихэнх нь санал нийлээгүй байх гэж бодож байна. Гэхдээ хэдэн онд бичигдсэн ном гэдгийг санаарай. Санаа нь өөрийгөө олох нь юу юунаас илүү гэдгийг л хэлэх гээд байгаа бололтой. Харин яаж гэдгийг дараагийн хаалтанд байгаа өгүүлбэр хэлээд өгчээ.
3. 20 настай эмэгтэйчүүд хэт их санаа зовдог.

Мммхн, ммммхнннн. Эмэгтэйчүүд “өөрөө хүсч” санаа зовдог.
Санаа зоволт болон муу муухай бодол хүнийг одоо байгаа байдалд нь хашиж, илүү сайн зүйлүүдийг сонгож чадахааргүй болгодог ба санаа зоволтоор дүүрсэн толгойноос асуудлыг шийдвэрлэх бүтээлч санаа гардаггүй. Яг үнэндээ хүмүүсийн санаа зовоод байгаа зүйлүүдийн 90% нь бодит амьдрал дээр биелдэггүй. Хорин настай бүсгүйчүүдийн гаргадаг алдаа бол таагүй нөхцөл байдалд орсон үедээ өөртэйгээ ижил байдалд байгаа найзаасаа зөвлөгөө авдаг.
Минийхээр: Тэнэгийн дотор уужуу гэдэг үг байдаг даа. Хааяа санаа зовох нь ч бас гэмгүй байхөө, ямартай ч миний санаа зоволт эцсийн дүндээ “үгүй ээ болно, бүтнэ” гээд л дуусдаг, та нарынх бас адилхан байх. Харин үгүй бол наад муу бодлоо яг одоо орхиорой.
4. 20-иод настай эмэгтэйчүүд хааяа хэтэрхий биеэ тоодог

Нөгөө л өөдрөг үзэлтэй холбоотой. Бас тэд хүмүүний амьдралын байж болох хамгийн үзэсгэлэнтэй цаг хугацаан дээрээ яваа учраас ч өөрсдөдөө их барддаг байх. Энэ номонд бичсэнээр, “Биеэ тоосон эмэгтэй нэг алдахаараа амархан зүг чигээ алддаг. Мөн өөрөөс нь илүү явааг хүнийг хараад яаран сандран өөрийнхөө биш тэр хүний сайжирсны шалтгааныг эрж хайдаг. Бас бүх зөвлөгөөнүүдийг мэдээжийн хэмээн бодоод хэрэгжүүлэх нь бага байдаг. /би яг ингэх гээд байдаг муу зантай, энэ номонд надад байдаг муу зангуудыг хатуу хэлсэн нь надад их хүрсэн шүү/ Харин ухаантай эмэгтэй болон ухаантай эмэгтэйн цэцэрхэх өвчнөөр өвчилсөн эмэгтэй хоёрыг ялгаж өгдөг зүйл нь “үйлдэл” гэжээ. Энэ насанд “хувийн үзэл баримтлал” гэж андуурдаг “зөрүүд зан” их байдаг гэсэн нь яг оноод хэлчихсэн мэт санагдаж байлаа.
5. 20-иод насны алдаа бол шижир алт.

Алдаж үзээгүй амьдрал өөрөө алдсан амьдрал юм. Хориод нас бол алдаж үзэхэд хамгийн тохиромжтой нас. Алдлаа гээд чамайг шоолох хүн байхгүй бас амьдралд чинь том цохилт болоод байх нь бараг байхгүй. Өөрийгөө юунд бууж өгөхөө мэддэг болно гэдэг өөрөө асар их үр дүн бөгөөд амьдралын том зүйлийг хэмнэж байна гэсэн үг.
Минийхээр: “Заавал алд гээд байх юм!” гэж бодож байна уу? Тэгвэл ямарваа нэг үйлдэл хийж байгаа хүн л алдаа гаргадаг. Би алдаа гаргаагүй хүнд итгэдэггүй, хэрэв чи их цэвэрхэн хүн бол жаахан залхуу л байх. Өөрийнхөө алдаанаас суралцах биш бусдын алдаанаас суралц гэдэг үгтэй би хааяа санал нийлдэггүй. Бусдын алдаанаас суралцах үе байдаг ч , 20-иод настай ч бай хэдтэй ч бай хүн өөрөө алдаж байж л тэр гашууныг мэдэрч, цаашид яс махандаа шингэтэл ойлгож авдаг юм байна лээ. Амьдралдаа гаргаж байсан олон алдаа минь алдаа биш харин туршлага гэж одоо бодогддог шүү.
6. 20-иод нас бол чухал хүмүүсээ олж авах, авч үлдэх нас

ОЛЖ АВАХ: Хүрээлэл өргөн нүд гялбам хүн болж чаддаггүй юмаа гэхэд цөөн тооны хэдэн хүний хувьд №1 хүн нь болно гэдэг 20 насанд заавал хийх зүйл мөн.
АВЧ ҮЛДЭХ: Чин сэтгэл ба уучлал, өршөөл — үл ойлголцол заавал гарах албагүй ч хэзээ нэг өдөр бий болох нь дамжиггүй зүйл. Уурлаж бачуурсан хүнийг нэмж уурлуулдаг зүйл бол “алдаа биш, алдаа гаргасан хүний байгаа” байдал байдаг. Үнэхээр чиний буруу бол өөрийн нэр хүндээ үл ойшоон чин сэтгэлээсээ бас илэн далангуй уучлалт гуй. Чин сэтгэлээсээ гуйсан нэг л уучлалт цаад хүнд чинь таны тухай улам сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
7. 20-иод настай байхдаа л ганцаараа байж сур

Амьдрал бол ганцаараа туулдаг зам. Хэцүү хүнд, гунигтай цаг мөчид бусдад найдах гээд байдаг хүн заавал ч үгүй сэтгэлийн шарх авдаг. Хүн болгонд үүрч явах ёстой өөрийн гэсэн амьдралын ачаа байдаг бөгөөд өөрсдийнхөө хуваарьт ачаанаас илүүг хэн ч өргөж явж чаддаггүй.
Минийхээр: Хэрвээ боломжтой бол ганцаараа амьдарч үз. Гэр бүл ямар үнэ цэнэтэй болохыг ухаарна, ойр зуурын хадаас, шүрүүп хадах ажил, сантехникийн ажил, тог цахилгааны асуудлуудыг өөрөө шийдээд сурчихна, чамд бодох төвлөрөх цаг гарна, өвдсөн үед угаасаа хажууд чинь байх хүн байхгүй болохоор биеэ хайрладаг болно, мөнгөний үнэ цэнийг маш их ойлгоно, ер нь өөртөө л найдах ёстой юм байна гэдгийг ухаарна. Тэгээд л гэртээ ийм юм авна, тийм ч юм хийнэ, тэрийг янзална гээд л гоё шүү. Харин жоохон зожиг болох магадлалтай юм бнлээ 🙂
8. 20-иод настнуудад өгсөн гэрлэлтийн талаарх зөвлөгөө

Гэрлэлт бол амьдралын асар том өөрчлөлтийн агшин ба эмэгтэй хүний хувь заяа алга урвуулахын хооронд өөрчлөгдөж болдог. Мэргэжлээ солих, амьдралын ханиа солих хоёрын аль нь амар билээ? Зөв хийсэн гэрлэлт амьдралд 50%-аас хэтрэхгүй нөлөө үзүүлж болно, харин буруу хийсэн үед амьдралыг 99,9% өөрчилж чаддаг.
Гэрлэлт ямар ч асуудлыг шийдвэрлэдэггүй, харин ч шинэ асуудлуудыг босгож ирдэг зүйл гэдгийг хэзээ ч бүү март.
Тэгвэл гэрлэх залуу ямар байх ёстой вэ? гэсэн асуултанд тэрээр: Сайхан сэтгэлтэй залуу амьдралын хань болоход тохиромжгүй ба давс хужир нь таарсан муу залуу бол жинхэнэ сайн нөхөр гэжээ. Тэрээр миний гэр бүл болон бусад хүмүүс гэсэн ялгааг гаргаж, тэр хилийг зөрчих гээд байгаа гадны хүнд аажуу тайвнаар үгүй гэж хэлж чаддаг, зальжин байдлаар ойртоод байгаа хүнийг гэмт хэрэгтэн шиг яллаж чаддаг, миний эмэгтэй юу юунаас илүү эрхэм гэсэн хувиа хичээсэн төрх байдалтай байдаг гэсэн байна.
Энд гэрлэлтийн тухай дүгнэлт өгөхөд миний туршлага дутах учраас хорин хэдэн настай найзууд, эгч нар маань л үнэнийг хэлэх байхдаа.
Миний энэ номонд өгөх үнэлгээ бол 5-аас 3. Тийм ч учраас “every woman must read” жагсаалтад оруулахгүй гэж хэлнэ. Солонгос хүний сэтгэлгээ бас арай өөр бололтой нь авсан жишээнүүд дээр харагдаж байсан, зүгээр л энэ дээр гарж байгаа эмэгтэйчүүд найз залуутай болох гээд үхэн хатан зүтгээд байгааг нь ерөөсөө ойлгоогүй кк /гэрлэлтийн тухай, эрчүүдийн тухай ийм харгис зүйл хэлчихээд шүү/
Энэ номонд хэрэгжүүлбэл их зүгээр санагдсан нэг зүйл нь “Өөдрөг өдрийн тэмдэглэл”.
Яаж хөтлөх вэ гэвэл: Тэр өдөр өөрт тохиолдсон зүйлүүдээс зөвхөн гоё зүйлүүдийг нь л бичих ба цаашдаа бий болговол сайхан даа гэсэн зүйлүүдийг л бичнэ.
Үр дүнд нь: Хүсч байгаа зүйлээ бичээд байвал түүнийг биелүүлж болох бодит арга ухаан гялс гялс хийн толгойд чинь орж, сэтгэлийн хаттай ч болно. Ингэж бичээд байвал “би ёстой аз жаргалтай хүн” гэсэн бодол автоматаар төрж, тэр бодолдоо таарсан шалтаг олж бичихэд хүрдэг бөгөөд төд удалгүй тийм өөдрөг шалтгаанууд “намайг аз жаргалтай болгодог хүчин зүйлс” болж амилдаг байна.
Э. Нандин — Эрдэнэ.
