Эрчүүдээ хандлагаа өөрчилмөөр байнаа…..

21 зуунд амьдарч байгаа миний монгол залуусаа … юмс үзэгдлийг харах өнцөг, хандлагаа өөрчилж, хуучны хэвшмэл ойлголт, аав ээж, ах эгч нараас өвлөн авсан хэвшмэл, хайрцаглагдсан ойлголт, зуршил, үзэл баримтлалаасаа салж, хайрцгаа нээгээд дотроос нь цухаймаар байна. Болж өгвөл бүр гараад ирмээр байна. Би эмэгтэй хүн болхоор эрчүүдэд зориулаад бичиж эхлэе гэж бодлоо. Эмэгтэйчүүдийнхээ талаар тусд нь бичсэн дээр байх.

За тэгээд зориулаад бичиж байна гэхээр яг өөрт нь хэлж байгаа юм шиг эсвэл өөрийг нь шүүмжлэх гэж байгаа юм шиг хүлээж авахгүй байхыг хүсэж байна. Энгийн нэг хорвоогийн жижигхээн тоосыг хөдөлгөж яваа нэгэн эмэгтэйн анзаарсан зүйлс гэж бодоод … эр хүний уужуухан сэтгэлээр хүлээж аваад, инээмсэглээд, яахав ийм зүйлс байдаг л байх, бас бодож үзэж болох л юм нтр гээд баавартай хандаж уншаарай.

Хүн гэдэг амьтан төгс бүтээл. Бурхан уу, байгал эх үү? аль нь ч бүтээсэн бай төгс амьтан. Тэр дундаа 2 хүйстэй байхаар бүтээсэн нь үнэхээр гайхамшигтай. Харьцуулах зүйл байхгүй бол амьдралд тэмцэл байхгүй, өрсөлдөөн байхгүй сонирхолгүй байдаг гэдэг шиг бид бүгд нэг хүйстэй байсан бол хичнээн уйтгартай байх байсан бол. Дан эмэгтэйчүүд байдаг байсан бол эрэгтэйлэгдүү эмэгтэй, эмэгтэйлэгдүү хүн гээл чадах ядхаараа бие биенээсээ өөр байх гэж хичээх байсан байх. Дан эрэгтэйчүүд байсан бол бүр илүү утгартай байх байсан. Тэдэнд хувирах чадвар бага шүү дээ хэхэ. Ингээд энэ дэлхий дээр бид хамтдаа оршин тогтнож бие биедээ татагдаж, бие сэтгэлийн таашаал авч хэдэн мянган жилийг туулжээ. Гайхамшигтай биш гэж үү….

Үзэл баримтлал гэх юм уу, үзсэн харсан нь гэх юм уу, мэддэг мэддэггүйгээр нь ч гэх юмуу эрчүүдийг хэдэн төрөлд ангилж үзсэн юм.

(Жич: Ажигч хүн гэж байдаг тухай сонсож л байсан байх. Би тийм хүний тоонд орно. Ямар нэгэн зүйлсийг ажиглаж, бодож, боловсруулж, дүгнэлт хийж, дүгнэлтээ нотлох гэж туршилт хийж, туришлтынхаа үр дүнгээр өөрийгөө урамшуулж, илүү цаашаа судлах юм байна гэж эрэл хайгуул хийж явдаг хүн. Бас нэг тодорхойлж болох үг нь “сониуч”. Сониуч хүмүүс ямар байдаг талаар бас л судлаж үзэхэд шувуу шиг эрх чөлөөтэй гэдэг ойлголт гарч ирсэн. Эрх чөлөө нь хязгаарлагдмал хүнд сониуч байх нөхцөл бололцоо байдаггүй байх)

Тийм болхоор өөрийнхөө түвшинд ангилсан гэсэн үг. Эрчүүдийгээ. Ангилалыг гэхдээ ямар өнцгөөс хийх талаар бодож байгаад “эсрэг хүйстэнтэйгээ харьцах байдлаар нь” ангилхаар шийдлээ (эмэгтэй хүн болхоор надад илүү амархан байсан юм). Тийм учраас гарчиг маань эрчүүдээ хандлагаа өөрчилмөөр байнаа гэсэн юм.

1. Хуучинсаг үзэлтэн

Ийм төрлийн эрчүүдийн үлгэр дуурайлал ихэвчлэн ах, аав гэх зэрэг хүмүүс байдаг. Бүр заримдаа хуучны монгол киноны дүрүүд байх ч тохиолдол байдаг. Эмэгтэй хүнийг тогооны хүн гэж боддог хэвээрээ байгаа гэж хэлж болно. Залуухан сайхан эр байж цаг үеээсээ хэт хоцорчихсон эмэгтэйчүүдийг сургуульд сурдаггүй, мэдлэг боловсролгүй, юу ч боддоггүй, гэрээсээ гархаасаа айдаг, бусад хүмүүстэй бараг л юм ярьж чаддаггүй, хүүхэд төрүүлээд гэртээ сууж байх зориулалттай мэтээр боддог. Магадгүй өөрөө нийгмээсээ хэт хоцорсон болхоор эмэгтэй хүнийг тэр л нүдээрээ хардаг байх. Аль зуунд амьдарч байгаагаа нэг бодоод өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болов уу.

2. Яг авгай шиг зантай эрчүүд

Ээжтэйгээ хэт олон жилийг хамтдаа өнгөрөөсөн эрчүүд, эсвэл эгчтэйгээ ан ман үзэлцдэг эмэгтэй хүн шиг хэрүүл хийгээд сурчихсан эрчүүд. Гэр орны жижиг сажиг бүх асуудалд оролцоно. Бас ямар аймар үглээ гээч. Ганц гэр орны ажил гэлтгүй бусдын хэрэгт их л өөриймсөг хандана. Үргэлж л ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур байж шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Эмэгтэй хүнийг төгс байх ёстой гэж боддог. Эмэгтэй та ийм хүний хажууд нэг ч удаа алдаа гаргаж болохгүй хэрэв санаатай санамсаргүй аль ч тохиолдолд алдаа гаргавал та үлдсэн амьдралдаа тэр алдааныхаа талаар байнга шүүмжлүүлнэ гэсэн үг.

3. Гүндүүгүй сайхан эрс

Монгол эрэгтэйн гүндүүгүй сайхан маанагдуухандуу зан чанарыг агуусан эрс. Ийм эрчүүд ихэнхи нь дунд сургуулийг тэгэс ингэс хийгээд төгсчихсөн, бичиг цаасны ажлын талаар ойлголт ч байхгүй, 5 үг эвлүүлээд ярьчихаж чаддаггүй нэг тиймэрдүүхэндүү нэгэн. Харин эр хүний хийж гүйцэтгэдэг энгийн сайхан ажлуудыг гарын дүйтэй сайхан хийчихнэ. Бас өвгөд хөгшид, ах эгч, ээж аав, бусад эмэгтэйчүүдийн дунд нэр хүндтэй. Эмэгтэй хүнд амьдралынхаа бүх л ачааг үүрүүлчихээд юу ч болоогүй юм шиг инээгээл ханхайгаад сууж байна. Нэг ёсондоо сайхан сувинер.

4. Боловсролтой тэрэндээ эрдчихсэн эрс

Жинхэнэ орчин үеийн эрэгтэй. Ийм эрчүүд 2 янз байдаг. Зарим нэг нь маш ганган хээнцэр. Зарим нь гадаад үзэмжиндээ анхаардаггүй. Амьдралдаа том зорилго тавьчихсан тэрнийхээ төлөө тууштай өсөж дэвжиж яваа ирээдүйтэй залуус. Эмэгтэйчүүдэд их өндөр шалгуур тавьдаг. Царайлаг, нуруулаг, гоё биетэй, халамжтай, гэр орны ажилд гарамгай, мэдлэг боловсролтой бас ухаантай. Ийм төрлийн залуус маань тийм сайхан боловсрол мэдлэгтэй байж амьдрал дээр байх боломжгүй зүйлсийг нэг дор шаардаад байх шиг. Энэ бүх сайхан зүйлс нэг эмэгтэйд байна гэж байх уу….

5. Царайлгаа барьж дийлдэггүй эрчүүд

Бурхан тэдэнд сайхан царайг харамгүй цацжээ. Күэээ нээрээ хүн яаж ийм сайхан төрж болдог байнаа гэмээр. Дээрээс нь биеээ сайхан хөгжүүлж гадаад үзэмжиндээ анхаарч маш үзэсгэлэн төгөлдөр харагдана. Дотор хүнийхээ хувьд бүгд адилхан байдаггүй. Сайхан төрсөндөө эрдэж эмэгтэйчүүдийг үл хүндэтгэдэг нэгэн байхад сайхан төрснөөсөө болоод хохирч яваа нэгэн байдаг. Ийм төрлийн эрэгтэйчүүдийн амьдрал ихэнхидээ бүтэлгүй төгсөөд байдаг нь харамсалтай. Биеээ үнэлэгч, архичин, атаач хүмүүсийн золиос, зальтай дарангуйлагч эмэгтэйчүүдийн гарын шүүс болоод дуусдаг тохиолдлууд байдаг. Зарим нэг сэргэлэн залуус нь дажгүй сайхан ажилсаг, ухаалаг эхнэр авч гэртээ тавьчихаад өөрөө энэ хорвоогийн хамаг жаргалыг эдэлж явсаар насыг бардаг. Үнэхээр сайхан царай, сэргэлэн зан, авхаалж самбаа гэж хэлэхээс өөр арга байхгүй шүүдээ. Тэгэхээр зүгээр л царайлгаасаа болоод нэг бүлэгт л харьялагдчихаж байгаа болхоос бусад төрлийн эрчүүдэд байдаг зан чанруудад бас байдаг нь мэдээж.

6. Мөнгө ихтэй, түүгээрээ бүгдийг авч болдог гэж боддог эрс

Мөнгө ихтэй байна гэдэг тэр хүнийг ажилсаг хичээнгүй, сэргэлэн цовоо, азтай нэгэн гээд тодорхойлчихож болно. Зүв зүгээр сууж байхад мөнгө хүн дээр гүйгээд ирдэггүй шүү дээ. Харин иймэрхүү хүмүүс жоохон муу зантай болчихдог гэхүү дээ. Мөнгө байхад тэр хүн хүссэн болгоноо хийж болоод байдаг. Хүнийг хүртэл өөртөө дурлуулаад байна шүүдээ. Өөрт нь маш сайн хандаж байгаа эмэгтэй бүрийг өөрт нь хайртай гэж андуурдаг. Өөрөө ч гэсэн таалагдсан эмэгтэйтэйгээ харьцахдаа тэр хүн өөрт нь хайртай болох ёстой мэт аашилна. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн бүх шийдвэрийг гаргадаг болхоор хажуудах мануухай нь хоол идэж, ганган хувцас өмсөж, сайхан машин унаж, сайхан байшинд амьдарч байхад л болоо. Тэр мануухайнуудад нь өөрийн хүслээр инээж, уйлж, гуньж, гутарч, баярлаж, догдлох эрх байхгүй. Харин залуу маань аз жаргалтайхан өөрийн хувийн сувинерээ дагуулан бардам алхана.

7. Ээжийнхээ мээмнээс гараагүй эрчүүд

Амьдралдаа бие дааж шийдвэр гаргаж үзээгүй эрчүүд. Ээж гэдэг бурхан хажууд нь байхад өөртөө ачаалал авч юм хум шийдэх гээл байх хэрэг байгаа ч юмуу гүй ч юмуу. Ихэнхидээ хүчтэй мундаг эмэгтэйчүүд хүүгээ иймрэхүү болгодог гэж хэлж болно. Хүүгий ирээдүйн эхнэр ээжийн тэр орон зайг залгамжлан авах ёстой. Залуу өөрөө ч эхнэр хайх шаардлага байхгүй хичнээн амар гээч. Хажуудаа хүслийг биелүүлэгч бирдтэй хүн чинь сэтгэл амар, сайхан ааштай, арилгасан сонгино шиг цэвэрхэн байхаас ч яах билээ.

8. Маш сайхан сэтгэлтэй, сайн эрчүүд

Хүний дээд шүү дээ … гэдэг үг зөндөө л сонсож байсан байх. Тэгвэл маш сайхан сэтгэлтэй хүнд ямар ч дутагдалтай тал байдаггүй хэрэг үү? Сайхан сэтгэлтэй гэдгээ мэддэг хүмүүс аль болох хүнд туслаж, хүний төлөө өөрийн амь биеээ үл хайхран зүтгэдэг. Хайрлаж дурласан эмэгтэйдээ бүхнээ зориулна гэдгийг ч харин үзүүлж өгнөдөө. Харин эмэгтэйчүүд иймэрхүү эрчүүдэд хэр дуртай байдаг бол? Хүний дээд шүү дээ тэд чинь…..

Бас нэг төрөл гэж хэлхэд хэцүү ч иймэрхүү эрчүүд мэр сэр байж л байдаг яг л “Кинон дээр гардаг төгс эрэгтэй шиг” байх гэж хичээдэг эрчүүд. Эднийг аль нэг төрөлд хамааруулах боломжгүй. Яагаад гэхээр дээр дурьдсан бүх хүнд иймэрхүү бодол байж л байдаг. Гэхдээ энэ нь тийм муу зүйл бас биш юм шиг байгаан. Сайхан зүйлсийг нь дуурайж байвал болж л байна. Харин хэтрүүлчихвэл яг л нялуун бялуу шиг болох байх.

Арай л их юм биччих шиг боллоо шүү. Хэн нэгнийг шүүмжлэх амархан л даа. Хөндлөнгөөс харж байгаа учраас. Тэр хүний дотор ороод үзчихсэн биш гэдэг шиг юу бодож юунд зорьж явдгийг нь яаж мэдэхэв… өнгөцхөн харсан мэт санагдах боловч гаднаасаа нэг иймэрхүү л харагдаад байдаг юм. Энд бичигдсэнээс ч олон төрөл байж болох юм. Бас уншиж байгаа та яагаад сайн сайхан эрчүүдийг нь орхичихсон юм бэ гэж хэлэх байх. Тэгвэл энэ ангилалд эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс л хамаарна гэж бодож байна. Хүн бүхэнд сайн сайхан чанар, муу муухай чанар байдаг. Алийг нь хөгжүүлэхээ та өөрөө л шийднэ.