Боломж

Малколм Гладвелийн “Outliers” номны гол санаа нь боломжийн тухай юм. Боломж угаас шударга бус хуваарилагддаг. Хүн бүр царайлаг, гоё биетэй, хангалуун амьдралтай, танилын хүрээтэй байдаггүй. Тиймээс “амжилтанд хүрэх” гэсэн уриатай өнөөгийн ертөнцөд амжилт руу зүглэж буй замын урт нь бас өөр өөр болж таарч байна. Үлгэр жишээ болохуйц амжилтанд хүрсэн хүмүүсийн нэг бол Билл Гейтс билээ. Харвардад сурч байсан, хамгийн алдартай их сургуулийг орхиж Майкрософтыг байгуулсан.
Түүнийг ахлах сургуульд байхад ойролцоох сургуульд нь компьютерийн лаборатори байгуулагджээ. Шинэ технологид татагдсан хүү өнөөх лабороториос салахаа болив. Ингээд их сургуульд орохдоо тэр үеийнхнийгээ бодвол компьютерийн мэдлэг өндөртэй, тэр тухай бараг л 10,000 цаг суралцчихсан байж. Магадгүй түүний гэрийн ойролцоо лаборатори байгаагүй бол, тэнд гадны сурагчдыг оруулдаггүй байсан бол, Гейтсийн гэр бүл боломжийн орлоготой бөгөөд тэр дүүрэгт амьдардаггүй байсан бол бид өнөөдөр Майкрософтгүй байж болох байлаа. Тэгэхээр амжилт бүрийн ард түүнийг бүтээсэн урьтач нөхцлүүд явж байдаг байх нь. Тэр нөхцлүүд бол боломжууд юм.
Жишээ 1: Шилэн барилгын оффист цэвэрхэн хувцасласан дөрвөн эмэгтэй ажилтан орж ирлээ. Удахгүй хурал хийх гэж байгаа өрөөнд орж ирээд цэвэрлэгч дуудуулав. Тэдний үеийн цэвэрлэгч охин ирж шалан дээрх бохирыг цэвэрлэнгээ дээшээ өнгийн ширээний ард суугаа өнөөх эмэгтэйчүүдтэй ярилцаж байна. Охиныг гарах гэтэл нэг эмэгтэй захиргаадсан аясаар “тэр хаалгыг бас цэвэрлээдэх” гэж хэлэв.
“Илүү хичээх хэрэгтэй, илүү сайн суралцах ёстой. Тэгвэл амжилтад хүрнэ, сайн ажилд орно, санхүүгийн асуудлаа шийднэ. Хэрэв тэр амжилтгүй яваа бол тэр хангалттай хөдөлмөрлөөгүй, өөрийгөө дайчлаагүй гэсэн үг.” Энэ тодорхойлолт зөв байх тохиолдол байгаа ч буруу байх нь бас бий. Үнэхээр хангалттай сайн байгаагүй учраас л амжилтанд хүрэхгүй байгаа юм гэж үү? Тэр хүнд хангалттай боломж олгогдоогүй бол яах вэ? Өрөөнд байгаа бусад эмэгтэйчүүдтэй адил өндөр боловсрол эзэмших, гадаад хэл сурах боломж цэвэрлэгч охинд тохиогоогүй бол яах вэ?
Боломж хүн бүрт адил оногддоггүй нь харамсалтай. Тэгээд бид нэгэнт л тэгш бус боломжууд дунд, тэнцүүгүй гараанаас эхэлчихсэн учраас өөр өөр урттай зам туулцгаадаг. Боловсрол эзэмших, санхүүгийн асуудалд түүртэхгүй байх, суралцах боломж байсан учраас л өнөөх дөрвөн эмэгтэй ширээний ард сууж байж болно. Цэвэрлэгч охинд тэдэнтэй адил боломж олгогдоогүй байж бас болно. Хуваарилалт тэгш бус хийгджээ. Гэвч бид боломж ийм шударга бус тохиодгийг шууд “мартаад”, нэг нэгнээ амжилттай, амжилтгүй хэмээн ангилж эхлэв.
Жишээ 2: Байгууллагын ажилчид цуглав. Жолооч нар хүнс зөөж, үйлчлэгч нар хоол хийлээ. Хоол идэж дууссаны дараа мөн л тэд үлдээд цэвэрлэгээ хийж, үлдэгдэл хогийг хаяв.
Бусдыг ангилахдаа бид өмссөн хувцас, хийдэг ажлаар нь хүртэл ялгаварлана. Ажлын байрны чиг үүрэг, авч байгаа цалин, шийдвэр гаргахуйц эрх мэдлээс нь хамаараад л хүмүүсийг дугаарлаж эхэлдэг. Оюуны хөдөлмөр эрхлэх нь биеийн хүчний ажил эрхлэхийн хажууд хамаагүй чухал гэж үү? За яахав, тийм байг л дээ. Гэхдээ яагаад хийж байгаа ажлаас нь болоод ялгаварлаж харьцах ёстой юм бэ? 24 цаг 7 өдрийн турш захирал, менежер, нягтлан бодогч, банкир байна гэж байхгүй. Гүйцэтгэх захирал боловч хүн, цэвэрлэгч боловч бас хүн л байна. Өмнө хэлсэнчлэн, өөр өөр боломжууд олгогдсон учраас л өнөөдөр бид ийм ялгаатай байгаа хэрэг.
Хэн нэгэн хүн угаасаа ухаалаг, мундаг, хөдөлмөрч болохоороо л өнөөдрийн зэрэгт байгаа юм биш. Түүнд боломжууд байсан. Бас өөр нэгэнд боломжууд олгогдоогүй болохоор л олонхийн тодорхойлдгоор “амжилтгүй” яваа юм. Тэгэхээр олгогдоогүй боломжийнх нь төлөө бусдыг буруутгаж, дүгнэж, шүүмжилж, ялгаварлахгүй байя. Танд одоо байгаагаас чинь өөр боломжууд байсан бол юу болж болох байсныг мэдэхгүй шүү дээ.
