20-тойдоо би энэ бүгдийг ухаарсан байсан бол ч..

Цаанаа л нэг дотно, сонирхол хөдөлгөсөн гарчгийг нь хараад энэ номыг шууд авчихаж билээ. Энэ ном 10-хан бүлэгтэй боловч би бараг сөхөж хаасаар байтал сар хагас уншлаа. Юмыг хойшлуулдаг зангаа засах гэж хичээсэн ч нэг л болж өгдөггүй над шиг хүмүүс олон л байдаг байх. Тэдэндээ хандаж хэлэхэд та сэтгэлийн хөдлөлөөр үү эсвэл үнэхээр уншихыг хүсээд тэр номыг авснуу аль нь ч хамаагүй мөнгөө төлсөн л бол түүнээс хойш 24 цагийн дотор заавал номоо эхлүүлж, гол утга санааг өөртөө буулгаж чадвал унших номнууд маань овоорохгүй маш сайн менежмент болох юм байна лээ шүү :)

Номын тухайд,

Зохиолч Тина Сиилиг нь Стэйфордын Инженерийн сургууль дахь Технологийн Венчур програмын гүйцэтгэх захирлаас 10 гаруй жил ажилласан туршлагатай, мөн өөрийн хэд хэдэн стартапыг нээж байжээ. Номын зохион байгуулалт, шинэ санаанууд нь бүгд бодит жишээ, баримт, түүхүүдээр илэрхийлэгдсэн тул уншихад сонирхолтой, өөртөө буулган хэрэгжүүлэхэд ч дөхөм байсан. Хэдийн нимгэн хавтастай хэдхэн цагийн дотор уншчих мэт харагдах боловч үнэхээр 20 настнуудад сэтгэлээ гаргаж бичсэн гүн сургаалиудыг өөртөө шингээчихжээ гэмээр. Ингээд өөрт хамгийн гүн сэтгэгдэл хүлээсэн номын зарим хэсэг, сэтгэгдлүүдээ толилуулъя.

  1. Дэлхий ертөнц бидний хичээлийн тэнхимээс шал өөр. Дүүрэн сонголтууд нүүрэнд тулж, ялалтын замыг зааж өгөх ганц хариулт олдохгүй байх үе үнэхээр хүнд. Хэдийгээр бидний гэр бүл найзууд бүр хөршүүд хүртэл бидний юу хийх ёстойг тайлбарлахыг хичээж хамгийн тайвнаар зөвлөгөө өгдөг боловч энэ бүгд зөвхийн бидний хариуцлага. Гэхдээ анхны алхам бүр заавал зөв байх шаардлагагүй. Амьдрал бид бүгдэд өөрсдийн ур чадвар хүсэл зорилгоо шинэлэг, нүдэнд итгэмээргүй замаар нэгтгэж, туршиж үзэх боломжийг үргэлж олгож байдаг!
  2. Зүгээр л амьдарч буй орчинд чинь тохиолдож буй ямар ч хамаагүй асуудлыг барьж аваад, уламжлалт хэв маягийг эвдэх замаар түүнийг шийдэх гэж оролдоод үз. Асуудал хаа саагүй байдгаас гадна тэднийг шийдэх шинэлэг, инновацилаг санааг хэн түрүүлж сэдэхийг хүлээж байна. Үүнд маш нарийн ажиглалт, багийн нэгдэл, төлөвлөгөө биелүүлэх чадвар, алдаанаасаан суралцах хүсэл, бүтээлч шийдэл бүгд шаардагддаг боловч хамгийн нэгдүгээрт зөвхөн асуудлыг шийдэж чадах хандлагыг л өөртөө суулгах хэрэгтэй :)
  3. “Бүхий л янзтай зүйлүүд та өөрийн үйлдлээр автомат машин шиг хийгээгүй үед л тохиолддог.” Ирээдүйд хүлээгдэж буй уламжлалт замнал гэдэг бол бидний өмнө байдаг ганцхан сонголт биш! Бүх хүлээлтээс ангид чөлөөтэй сэтгэж, таамаглалуудаар өөрийгөө сорьж тэднийг тодорхойлж чадвал үнэхээр төсөөлөө ч үгүй их сонголтууд өмнө чинь хүлээгдэх болно. Өөрийн ая тухтай бүсээс холдох вий гэхээс бүү ай, боломжгүй гэдэг бодлыг няцаа, толгойдоо буй хэвшмэл бодлуудыг даруй эргүүл. Илүү ихийг туршиж, илүү ихийг үзэх тусам танд ирэх боломж төдий чинээ өргөн байна!
  4. Чи удирдлагын албан тушаал хүсч байвал түүндээ хүр. Зөвхөн өөртөө үүнийг хийх зөвшөөрөл олго. Байгууллагын эргэн тойронд дутагдаж буй зүйл юу байна хараад үз, өөрийнхөө юу хүсч буйг асуу, өөрийн ур чадвар, туршлагаа хөшүүрэгдэн аливааг хийх боломжийг эрж хай, зүгээр л эхний алхмыг хий, урьд өмнө хийсэн зүйлсээ ч түр орхиод өргөн сэтгэ. Боломжийг бусдаас асууж, өлмий дээрээ гишгэлэхийн оронд түүнийг зүгээр атгаад ав. Мэдээж шаргуу хөдөлмөр, энерги, зөв жолоодлого бүгдийг шаардах боловч өөрийг нь хэн нэгэн албан тушаалд томилох хараад суудаг манлайлагчдаас чамайг ялгаруулах маш том хөрөнгө болно!
  5. Чи эрсдлийг үүрсэн боловч бүтэлгүйтсэн бол тэр бүгд бүхлээрээ чамайг сүйтгэчихсэн гэсэн үг биш. Бүтэлгүйтэл гэдэг бол гадаад хүчин зүйл. Ингэж сэтгэвэл чамд дахин босч, дахиад ородлого хийх хүч төрнө. Чиний гаргасан санаа явцгүй, хийх цаг хугацаа хомс, амжилтад бүрэн хүргэх нөөц бололцоо нь хүртэл байхгүй байж болно. Гэхдээ “Чи өөрийнхөө компани биш. Чи компанийнхаа бүтээгдэхүүн биш. Энэ бүгд зөвхөн чиний энгийн бодол .. Чи бүтэлгүйтсэн ч бай, амжилт олсон ч бай тэр бүгд чамайг төлөөлөхгүй. Чиний компани, чиний бүтээгдэхүүн нуран уналаа гээд чи бас сүйрсэн гэсэн үг бүр ч биш.” Бүтэлгүйтэл гэдэг бол байгалиас заяагдсан сурах үйл явцын нэгээхэн хэсэг гэж ойлгож болно. Бүтэлгүйтэж үзээгүй бол магадгүй хангалттай эрсдлийг үүрч чадахгүй байх!
  6. Карьераа дээшлүүлэхийг хүсч байвал үргэлж өөрийнхөө хаана байгааг, юу хүсч байгаагаа тодорхойлж тооцоолж байх нь үр дүнгээ өгдөг. Ингэснээр алдаагаа хурдан хугацаанд засч, заавал төлөвлөгөөндөө баригдах бус шинэ боломжийг эрж хайх, атгах боломжийг олгодог. Урдах зам чинь хяналтаас гарч, ирээдүйгээ төдийлэн сайн төсөөлж чадахгүй байвал бүү санаа зов. Энэ бүгд тодорхойгүй байдал, өмнө нь явна ч гэж төсөөлж байгаагүй зам хамгийн итгэмээргүй боломж, шинэ орчинг бий болгох үе бий!
  7. Та азтай хүн үү? Өөрийнхөө азыг яаж үйлдвэрлэх вэ? Хариулт нь таны шаргуу хөдөлмөр. Өөрийн хүсч буй дурлаж буй зүйлдээ зүгээр нэг оролдоод үзэх бус 100% хүчин чармайлт гаргаж бай, аль болох их хүмүүстэй уулз танилын сүлжээ үүсгэж харилцан туршлага солилц, хүн бүртэй заавал дотно гэхгүй ч эерэг сэтгэгдлийг төрүүлж сур. Шалтгаангүйгээр бусдад туслах ч бас ирээдүйд нэг үр ашгаа өгч байдаг! Таны хэр азтай байх чинь зөвхөн таны хөдөлмөрөөс л шалтгаална.
  8. Өмнө тохиолдсон бэрхшээл, хүндхэн зүйлээс зугтах амархан ч бусдад тусалж бай. Хүмүүст шалтгаангүйгээр туслахын зэрэгцээ, уучлаарай гэж хэлж сурах нь хамгийн том давуу талтай байдаг. Тэдэнд юу хүсч байгааг нь чадахаараа л өг. Бидний амьдарч ажиллаж буй орчин жижигхэн! Таны бусдад үлдээсэн таагүй сэтгэгдэл ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг таамаглашгүй. Өөрийн нэр хүндээ хамгаалах хэрэгтэй.
  9. Гайхамшиг зөвхөн өөрийн боломжит бүх хүчээ дайчлах үед ирдэг. Энэ нь энгийн хүлээлтээс дээгүүр сэтгэж, өөрийн үйлдэл, үр дүн бүртээ хариуцлагатай хандахыг хэлдэг. Амьдралын хором мөч дахин давтагддаггүй, үүнтэй адил дахиад хамгийн сайнаараа хичээх хоёр дахь боломж гэж байхгүй.
  10. Хамгийн сонирхолтой зүйл зөвхөн урьдаас тогтсон замаар явахгүй байхаас л эхэлдэг ! Өөрийгөө сорьж, өөртөө илүү их боломжийг олж харах зөвшөөрөл өг!

Follow дарж шинэ мэдээллийг цаг алдалгүй аваарай!

Follow дарж шинэ мэдээллийг цаг алдалгүй аваарай!

Зохиолчийн вэбсайт www.harpercollins.com/tinaseelig

~International Bestseller: What I wish I knew when I was 20

~Nomiko