Бүтэлгүйтэл минь, би чамдаа хэчнээн хайртай гээч…

Амьдрал бол тэр чигтээ бүтэлгүйтэл. Би унадаг. Эргээд хэзээ ч босохгүй юм шиг. Гэхдээ бүтэлгүйтэл бүхний төгсгөлд яаж ийгээд гарчихсан л байдаг юм даа.

Яаж юм мэдэхгүй. Ямар ч байсан даваад туулчихдаг нь л үнэн.

2017 он. Энэ жил тэр чигтээ бүтэлгүйтэл байв.

1 дүгээр сар.

Оны эхэн тийм ч бүтэлгүй байгаагүй. Бүх зүйл миний яг санаснаар биш ч тийм ч муугүй өрнөж байлаа. Ирээдүйгээ хэт сайнаар төсөөлөх би. Ингээд л бүх юм миний бодсоноор эхэлнэ дээ гэж төсөөлсөн гэнэн цаг минь хөөрхий. Би бүх цаг минутыг өөрийнхөө хэмжээнд байж болох хамгийн бүтээлчээр өнгөрөөдөг байсан учраас өөртөө хэзээ ч эргэлзэж байгаагүй.

2 дугаар сар.

Би хэнд хайртай юм бол? Хайрлах нэрэн доор өөрийгөө тамлах нь хайр мөн үү? Өөртөө хэт итгэх би. Ингээд л үлгэр амар сайхандаа төгсөнө дөө гэж бодож байсан гэнэн цаг минь хөөрхий. Бид хааяа сэтгэлзүйн хувьд маш их доройтдог. Маш их. Үүнд ямар нэг үйл явдал буруутай байдаг. Өчигдөрхөн цэлмэгээс цэлмэг тэнгэр шиг байсан сэтгэл минь нэг л өглөө бүрхэх муухай мэдрэмж. Тухайн үйл явдлаас 48 цагийн өмнө энэ дэлхийгээр дүүрэн “Би та нараас аз жаргалтай хүн” гээд орилмоор байсан ч 48-хан цагийн дараа гэхэд нүүрэндээ цаасан уут углаад явмаар санагдаж билээ. Яг үнэндээ намайг тавгүйтүүлсэн тэр үйл явдал 48 цагийн өмнө ч өрнөл дундаа явж л байсан. Харин би түүнийг мэдмэгцээ хямралд орж өөрийгөө зовоосон. Хэт их итгэл аюултай ажээ. Гэхдээ хүн юунд ач холбогдол өгч, юуг тоохоо өөрөө л шийддэг шүү дээ.

3 дугаар сар.

Үргэлжилсэн бараан өдрүүд. Гэхдээ үргэлжилсэн бараан өдрүүд байсан гэж үү? Зүгээр л би л үргэлжлүүлээд байсан хэрэг.

4 дүгээр сар.

“People change, things go wrong. But always remember! LIFE GOES ON”. Нээрээ шүү. Хүлээж л чадвал ертөнцийн юм бүхэн сайхан. Хүссэн хүсээгүй амьдрал өөрийнхөөрөө үргэлжилж, цаг хугацаа хурдан ч биш удаан ч биш яг л өөрийн хэмнэлээрээ урагшилдаг шүү дээ.

Яг үүний нэг жишээ надад тохиолдон үргэлжилсэн хар өдрүүдэд багахан гэрэл тусав. Гэхдээ өдрүүдэд биш би л өөртөө гэрэл нэмсэн хэрэг.

5 дугаар сар.

Итгээрэй…

6 дугаар сар.

Бүх юм шинэ байсан. Шинэ орчин, шинэ хүмүүс. Өөртөө хатуурхах би. Өндрөөс өндөр шаардлага эзэндээ сайн зүйл авч ирэх магадлалтай ч мууг авч ирэх нь түүнээс их.

7 дугаар сар.

Миний дотор 3 охин амьдардаг. Нэг нь“Ишшшшшшш чааваас даа. Чадаж байгаа зүйл чинь ердөө л энэ үү. Арчаагүй амьтан” гэнэ. Нөгөөх нь “Хичээж л байна шт ээ. Намайг битгий заганаад бай л даа” гэнэ. Харин үлдсэн нь “Та хоёр муудалцаад байхаар би өөрийгөө ойлгохгүй байна” гэж хэлээд буланд өвдгөө тэврээд суучихна. Төгс төгөлдөрт тэмүүлэх шүүмжлэлт сэтгэлгээ эзэндээ ихээхэн хортойг мэдэрсэн үе минь.

8 дугаар сар

Хичээж бас хүлээж л чадвал ертөнцийн бүх юм сайхан гэж бодож явсан бадрангуй өөдрөг үзэл минь. Хааяа тэвчих биш тэмцэх хэрэгтэйг ойлгох л байж дээ чи минь.

9 сар

Баярт мэдээ… Надад сайхан байлаа. Үнэхээр хичээж л чадвал дэлхий чамайг шагнадаг гэдгийг харж билээ.

10 сар

Бүх юм буруугаар эргэж байлаа. Хэзээ ч байгаагүй том том сэтгэл хөдлөл, хэзээ ч байгаагүй гүн гүн гутрал. Би хэзээ ч ийм сул дорой байж үзээгүй. Хичээсэн ч бүтдэггүй зүйл гэж байдаг ажээ. Бас би түүнд амьдралынхаа 4 жилд бууж өгч байлаа. Бурхан минь…

Үүнээс хойш юу болсныг бүрэн санахгүй байна. Лав би амьд байна. Энэ үеэс хойш ертөнц хоёр удаа эргэсэн. Сайжирч бас муужрах амьдрал. Гэхдээ л би одоо амьд байгааг бодоход даваад л гарч дээ…