Миний сэтгэл зүйчээс салахаа больсон түүх ба харагдах байдал

Би нэгэн байгууллагын ажилтан байлаа. Оюутан байхаасаа тэр л салбарт ажиллахыг хүсэж, зориж байсан минь сэтгэлчилсэн нь тэр байв.

Хотын төвийн 4 өндөр. Тэр дөрвийн аль нэгд эсвэл дунд нь байрлах цагаан өнгийн барилгатай, харуул хамгаалалт бүхий газар ажиллана гэж өөртөө амладаг байсан минь бүтсэн юм.

Монголд ажил олддоггүй гэдэг чинь худлаа шүү нөхдөө. Би л лав дипломоо авахаасаа 14 хоногийн өмнө ажилд тэнцсэн мэдээгээ сонсчихсон байсан.

Сайхан хэрэг. Хэн ч байсан зорьсон цэгтээ хүрчихвэл сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулж, сайн ажиллахаас өөр сонголтгүй санагдана биз.

Дарга минь сайн хүн байсан. Шууд удирдлага ямар байхаас ажил ямар байх нь шалтгаалдаг юм билээ. Тэгэхээр би ёстой л дүүрэн азтай амьтан байсан байгаа биз. Би ажилдаа дуртай чадлаараа хичээдэг байлаа.

Хичээсний хэрэг ч гарсан би өөр албан тушаалд очсон.

Гэхдээ сайн зүйлс дандаа сайн байдаггүй. Миний мэдэх хамгийн бүрэнхий өвөл тэр байсан.

Сэтгэл зүйчийн хаалгаар анх ороод сонссон үг “Ёстой бүх тохиол нь бүрдээд, бүх юм чинь давхацсан байна аа тэ?” Гэхдээ үнэхээр тийм байсан юм шүү. Би үнэхээр унаж болох хамгийн доод давхрага руугаа унасан.

Итгэл сул үед бүх зүйлс өөрөө нураад уначихдаг гэдэг дээ. Хувийн амьдрал минь төсөөлснөөс тэс өөрөөр эргэж, ажил дээрээ би өдөр болгон сэтгэлээр унадаг болсон. Ажлын ширээнийхээ ард суугаад л толгой руугаа цохиулчихсан юм шиг мэдрэмж авна. Үндсэн ажилтнаар томилогдоо ч үгүй байхад албан тушаал минь өөрчлөгдөж, удирдлага маань надад байж болох хамгийн том итгэл хүлээлгэлээ гэж би бодсон учраас алдаа гаргах эрхгүй санагдсан.

Угаасаа л миний амьдралын нэг дэх дүрэм “Битгий алд. Бүүр болохгүй бол ганц л удаа алд” л даа. Ингээд л би өөрөө өөрийгөө баллаад хаячихсан юм даа.

Алдахгүй гэх тусам алддаг байлаа. Алдах тусам түүндээ гутарч, улам их алдна. Ингээд би өөрийгөө толинд харах бүрдээ “Арчаагүй, дорой, алмай, тэнэг” гэж хэлэх болсон. Ийм байдал гадаад төрхөд хүртэл нөлөөлж, нүдний доогуур гүн хар судал үүссэн. Бас би хэзээ ч байгаагүйгээрээ царай муутай болсон. Эрүүл мэнд минь муудаж, өвчин ороох боллоо. Өглөө ажилдаа хоцрох нь битгий л 7 цагт кофе шопод зогсож байдаг хүн 9:30-д ажилдаа очвол их юм болсон. Ингээд авсан цалингаа шоудаж үрдэг ч боллоо.

Надад юу ч сонирхолтой санагдахаа больж, кино үзэхийн төдий л уйлдаг байсан бол юу ч болсон нулимс гарахаа больсон. Орчны дуу чимээнд ихэд эмзэг болж, шөнө нэг цаг тутам сэрдэг боллоо. Би сэтгэл санааны хурцадмал байдалд оржээ гэдэгтэйгээ эвлэрч эхэллээ.

Цайны цаг. Би сэтгэц мэдрэлийн эмнэлэг рүү алхсан. Огтхон ч эргэлзэлгүйгээр. Энэ нь хуучны Номинг авч ирэх хамгийн сүүлийн найдвар мэт санагдаж байсан юм. Эмч намайг “Сэтгэцийн эмгэгтэй болжээ” гэж оношлоход би нэг их гайхаагүй. Бараг л “Тэгээд эмчлэгдэх болов уу” гэж асуусан. Ингээд би эмчилгээнд явж эхэллээ.

Эмчилгээ үр дүнгээ өгдөг байлаа. Гэхдээ урт хугацаанд хэзээ ч үр дүнд хүрч чадахгүйг би ойлгосон. Байдал яг ийм байхад миний хувийн амьдралд эргэлт гарч эхэлсэн. Сайн эргэлт. Энэ нь намайг дэмжиж, эмчилгээний үр дүнд эерэг нөлөө үзүүлсэн ч би бүрэн эмчлэгдээгүй. Өнөө л саарал өвөл үргэлжилсээр…

Хавартай золгов. Би амьдралдаа хамгийн эрсдэлтэй бүүр тэнэг ч гэж хэлж болох алхам хийсэн. Ажлаас гарах өргөдөл…

Зугатаах бол хамгийн муу арга. Эмч минь надад ингэж хэлсэн юм. Гэхдээ л би гарсан. Тэгээд яасан бэ? гэж үү? Би ажлаасаа л гарсан. Амжилттай байж болох ч би тэр замыг өөрөө хаасан.

Хэсэгтээ би тайван байхыг сонголоо. Юу ч хийхгүй өөртэйгөө ярилцаж, улаа эргэтэл гадуур дэмий тэнээд л…

Би ийм л замыг сонгосон. Тэгээд би өөр ажилд орсон. Миний шинээр орсон байгууллага өмнөхөөс маань жижиг. Албан тушаал маань ч хүнд хэлэхэд сүргүй. Энэ сонголт бол энгийн хүний нүдээр тэнэглэл мэт харагдана. Хүмүүс ажлаас гарахдаа илүү өндөр албан тушаал, өндөр цалин, магадгүй өндөр барилга руу тэмүүлдэг биз дээ?

Харин би ухарсан юм шүү. Бардам хэлнэ. Би харагдах байдлын хувьд том ухралт хийсэн. Гэхдээ тэгээд юу гэж? Би одоо эмчилгээнд явахгүй, бүх цалингаа барны тэкний урд цацахгүй амьдраад болоод л байна.

Би яг юу хүсэж байсан юм бол оо? Нэрийн хуудас, ажлын ширээ, догь харагдахыг уу? Тэнэг юм. Харагдах байдал бол харагдах л байдал.

Би одоо ажилдаа дуртай, юу хийхээ мэддэг, хамт олондоо хайртай, эрч хүчтэй, эмчилгээнд явах шаардлагагүй хуучин Номин болсон. Би үүнийг л хүсэж байгаагүй гэж үү?

Like what you read? Give Номиндолгор Батбаяр a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.