БЯЦХАН САНУУЛГА: Эхэлснээ дуусгах тухайд…

Жилийн 365 хоногийн хамгийн гэгээлэг, эрч хүчтэй хэсэг нь магадгүй 1 сарын 1 байх хэ хэ. Шинэхэн тэмдэглэлийн дэвтэр дээрээ New Year’s resolution гэж бичиж эхэлдэг хэсэг бүр ч тасархай :P Тэрнээс хойш кадр тасраад нэг мэдэхэд 7,8 сар… Дэвтрээ гүйлгээд харсан чинь хагас жилийн өмнө бичиж байсан бүхнээ мартчихсан. Юун тэр хэл сурах, ном унших мантай?! Бидний олонхид нь нэг иймэрхүү явдал тохиолддог л биз дээ. Өнгөрсөн жилүүдэд би ч бас ийм хэмнэлээр цагийг өнгөрөөж, шинэ жилийн зорилтуудаа хоосон тунхаг болгож үлдээдэг байлаа. Одоо жаахан аргаа нарийсгаад байгаа хэ хэ.

Тавьсан зорилгодоо “танихгүй хүн” шиг хандахгүйн тулд яах ёстой вэ

Товчоор бол би ийм юм бичиж байсан юм уу гэж “мангартахгүй” байх 3 АЛХАМ
  • Ер нь ямар нэгэн зорилго тавьж тэрийгээ цаасан дээр бичсэн л бол долоо хоногтоо нэг удаа гаргаж хараад, чангаар унш гэдэг юм билээ. Ядаж л чи юу хүсэж байгаагаа мартахгүй шүү дээ.
  • Алхам бүрээ нарийн төлөвлөх: Өмнө нь би ингэж төлөвлөдөг байлаа. Энэ 7 хоногт нэг ном уншина, 3 эссэ бичнэ гэх маягтай. За тэгээд өнөөдөр амжихгүй бол маргааш. Маргааш, үгүй бол нөгөөдөр гэж явсаар долоо хоногийн эцэст ном ч үгүй эссэ ч үгүй л хоцроно. Тэгээд эцэст нь номоо яг хэзээ унших, өдөрт хэдэн хуудсыг унших, яг хэдэн гэхэд дуусгах ёстой вэ гэдгээ нарийн төлөвлөсөн чинь бүх зүйл их амархан санагддаг болсон. За доорх зураг бол юмыг төлөвлөхгүй хийх, нарийн төлөвлөж хийх хоёрын ялгааг маш тодорхой харуулсан байгаам. Миний ном уншиж байгаа байдал л даа. Би аль 8-р сарын сүүлээр нэг ном уншина гээд барьж авсан байна. Гэтэл 9-р сарын 15-н хүртэл эхний 30 хуудсыг л уншиж. Ингээд нөгөө аргаа аргаа хэрэглээд өдөрт тогтмол 20–25 хуудас уншина гэж төлөвлөснөөр 7 хоногийн дотор уншиж дуусгасан.
  • Энергиэ зөв хуваарилах: Бидний бие махбодийн хүчин чадал хязгаартай. Чи ажиллаж л байгаа бол энергиэ алдах нь ойлгомжтой. Өлсөнө, ядарна. Тиймээс аливааг амжуулах цагийг зөв хуваарилах хэрэгтэй юм шиг санагдсан. Жишээ нь чи ажлаасаа тарж ирээд 30 хуудас уншина гээд төлөвлөчихсөн гэж бодъё. Гэтэл чи бүтэн өдрийн турш ачаалалтай ажилладаг, сэтгэхүй шаардсан оюуны хөдөлмөр эрхэлдэг бол орой ядарсан хойноо ном уншихад бие

махбодь чинь хүлээж авахгүй, за хүчлээд хийдэг юмаа гэхэд ном уншиж таашаал авах биш өөрийгөө тамлаж байгаа хэрэг болж хувирна. Тиймээс хамгийн их энергитэй, эрч хүчтэй байх үедээ хамгийн чухал ажлаа амжуулаарай. Уншиж байсан ном болон судлаачдын яриаг сонсоход ӨГЛӨӨ хамгийн тохиромжтой гэдэг юм билээ. Мэдээж хүн бүр харилцан адилгүй амьдралын хэв маягтай учраас заавал өглөө гэхгүй өөрийнхөө хувьд хамгийн бүтээмж өндөртэй байдаг, бусад гадны хүчин зүйлээс болж сатаарах, хойшлуулахааргүй цагийг сонгож юмаа хийгээрэй. Энерги гэснээс энергиэ зөв удирдах, ажлын бүтээмжтэй холбоотой БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА 100 ХУВЬ БАЙ гэсэн нийтлэл өмнө нь бичиж байсан. Дэлгэрэнгүйг холбоосоор ороод уншаарай.

Зиа ингээд миний өөр дээрээ хийсэн бяцхан туршилтаас харахад хэтийн болоод ойрын зорилгоо амжилттай гүйцэлдүүлэхийн тулд дээрх гурван зүйлийг анхаарууштай юм шиг санагдсан.