Odkhuu Galsan
3 min readJan 18, 2018

Санхүүгийн систем сонгоход анхаарах зүйлс: 1р хэсэг

Гадаадын болон дотоодын санхүүгийн систем үйлдвэрлэгч олон компаниуд олон сайн систем хийж зах зээл дээр нэвтрүүлж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн онцлог давуу болон сул талуудтай байдаг. Зарим онцлогуудаас дурьдвал “жижиг дунд ААН-д болон дундаас дээш ААН-д” тохирсон, “онлайн болон десктоп”, “үйлчилгээнд болон борлуулалтанд тулгуурласан” гм…

Манай улсад 1999 оноос хойш Сангийн яаманд бүртгүүлсэн санхүүгийн болон түүнтэй холбоотой ажилладаг гадна дотны 140 орчим систем борлуулагч байгаа гэсэн судалгаа байдаг. Тэднээс бидний хамгийн их мэддэг нь Pyramid 4.0, Diamond ERP, Veritech ERP, Macs, Smart Logic, Baaz, Erkhet, Artlab, Green ERP, Od ERP, Nes ERP гэх мэт системүүд юм.

Эдгээр системүүдээс гадна та нарын нэрийг нь ч сонсоогүй дахиад 120 орчим систем байна гээд та бод доо. Эдгээрээс одоо тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь хэд бол. Магадгүй 30 хувь нь л үлдсэн байгаа болов уу. Тэгэхээр үүнээс яагаад тухайн байгууллагууд тогтвортой ажиллаж чадахгүй байна гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

Миний бодлоор энд удирдлагын багийн менежмент муу бас бизнес модель буруу байсан гэж хардаг. Тэрнээс бизнесийн орчин муу юм уу ажиллах хүч аль эсвэл гадны ямар нэг нөлөө байгаагүй гэж боддог. Энэ удаагийн нийтлэлд маань санхүүгийн систем борлуулагч компаниудийг бизнес моделоор ангиллаж харуулахыг мөн ямар систем үйлдвэрлэгчтэй түншлэх хэрэгтэй талаас нь бичихийг хичээлээ.

Борлуулалтанд тулгуурласан бизнес модель.

Энэ моделийн ажиллах зарчим нь эхлээд тухайн системийг тодорхой хэмжээний үнээр борлуулаад тухайн системийн баталгаат хугацаа (гэрээ хийснээс хойш 6–12 сар орчим) дуусахаар жил бүр лиценз болон үйлчилгээний хөлс (ойролцоогоор худалдан авсан үнийн 15–20%) төлөөд цаашдаа ашиглах юм.

Одоогоор манай зах зээл дээр байгаа систем борлуулагч компаниудын бараг 90 орчим хувь нь энэ моделиор явж байгаа. Энэ модель тухайн компаны тогтвортой өсөж дэвжихэд муу загвар гэж санагддаг. Систем хэрэглэгчид талдаа ч тэр муу загвар юм. Нэг ёсондоо байнгын орлоготой биш (тухайн харилцагчид нэг удаа л борлуулаад цаашид авч байгаа үйлчилгээний төлбөр нь үйл ажиллагаандаа таардаг) учраас тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болдог.

Жишээ нь: 1–2 жил сууж байгаад системээ гаргаад 50–100 харилцагчид нийлүүлээн тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй болдог ч тухайн санхүүгээ систем хөгжүүлэхэд гарсан зардалаа нөхөөд үлдсэнийг нь өөрийн амжиргаандаа (байр машин авах зэрэг ) зарцуулчихдаг.

Түүний дараагаас аль эсвэл борлуулалтаа тасралтгүй нэмэгдүүлэх шаардлага гардаг ч манайх шиг хязгаарлагдмал зах зээл дээр тэр болгон чададгүй унадаг явдал байдаг. Мөн зарим нэг програмын компаниуд нэгэнт системээ борлуулчихсан болохоор цаашдаа лицензээ төлөөд ашиглавал ашигла больвол боль гэсэн хандлагаар ханддаг тал бас их ажиглагддаг.

Хэрэглэгч тал буюу байгууллагууд нь тодорхой хэмжээний өндөр үнэтэй програм худалдаж аваад ашиглах явцад сэтгэлд хүрэхгүй үйлчилгээ муу сайжруулалт хөгжүүлэлт муу байгаа тохиолдолд нэгэнт өндөр үнэ төлж аваад зардал гаргасан учраас цаашид үргэлжлүүлэн ашиглахаас өөр сонголтгүй болдог.

Үйлчилгээнд тулгуурласан бизнес модель

Сүүлийн үед систем нийлүүлэгч нар энэ чиглэлрүү орох хандлагатай байгаа ба энэ нь түрээсийн маягийн үйлчилгээ юм. Та системийн суурь үнэ гэж төлөхгүй сар болгон үйлчилгээний төлбөрөө төлөөд систем ашиглана гэсэн үг. Энэ нь үйлчилгээ авч байгаа байгууллагад хөрөнгө мөнгөний талаасаа ч тэр үйлчилгээ авах тааасаа хэрэглэгч талдаа ч тэр ихээхэн давуу тал болдог.

Хэрэглэгч талаасаа нэгэнт өндөр үнэ төлж систем аваагүй үйлчилгээний төлбөрөө төлөөд ашиглаж байгаа учир тухайн систем чанарын шаардлага хангахгүй, үйлчилгээ удаан, муу байгаа тохиолдолд өөр системээр солих болон үйлчилгээний гэрээ цуцлах үед маш бага зардал гардаг.

Нөгөө талаасаа нийлүүлэгч тал нь байнгын орлоготой байх шаардлагаар үйлчлүүлэгч байгууллагаа алдахгүйн тулд үйлчилгээгээ илүү сайжруулж, зардал багатай ажиллахын тулд аль болох үйлчилгээ шаардахгүй байх (Нийлүүлэгч талаас аль болох хараат бусаар) энгийн хурдтай шийдлийг байнга хайж ажилладаг.

Түүнчлэн хууль тогтоомж өөрчлөгдөх болон танай байгууллагын онцлогт таарсан хөгжүүлэлт хийлгэхэд арай хялбар болно. Яагаад гэж үү? Хэрэв хөгжүүлж өгөхгүй бол өөр шаардлага хангасан систем авлаа гэж дарамталж болно гэсэн үг шүү дээ :)