Дууны тухай: “What makes you beautiful” by One Direction

2010 онд Их Британий X Factor шоунаас мэндэлж, 2011 онд анхны дебют буюу уран бүтээлээ цацсан, хөвгүүдийн хамтлаг болох One Direction-ы анхны дуу “ Чамайг юу үзэсгэлэнтэй болгодог” хэмээх дууны тухай мэдээлэл болоод бодлоо хуваалцаж байна.

5 гишүүнтэй байгуулагдаж, маш амжилттай явж ирсэн өдгөө 4 гишүүнтэй болсон, One Direction хамтлаг одоогоор уран бүтээлийн завсарлага авч бүгд өөрийн хувийн уран бүтээл дээрээ ажиллаж байгаа билээ.
2015 онд “Би анхнаасаа л хамтлагийн гишүүн байхыг хүсээгүй” хэмээн Биллбоардад ярилцлага өгсөн, загвар өмсөгч Жижи Хадидтай хоёр жил орчим үерхэж буй Заян өөрийн уран бүтээлийг хамтлагаасаа орхисноос хойш тасралтгүй хийж, дуучин Тайлор Свифттэй богино хугацаанд романс үүсгэсэн Харри ч мөн кинонд тоглохын зэрэгцээ уран бүтээлээ гаргаж, X Factor-н шүүгч сайхан бүсгүй Черилтэй үерхэн аав болоод буй Лиам ч, DJ Steve Aoki-той хамтран уран бүтээлээ туурвисан Люис, соло уран бүтээлээ хийж буй Ниалл гээд хамтлагийн бүх гишүүд завгүй, амжилттай байна.

Тэдний амжилтын үндсийг тавьсан анхны уран бүтээлийн тухайд:

2011 онд тэдний анхны буюу дебют сингл болон гарсан “Чамайг юу чимдэг вэ” гэх дуу нь сэтгэл татам, үзэсгэлэнт хирнээ өөртөө итгэлгүй, түүнийгээ мэдэрдэггүй залуу охидод “бусад бүх хүмүүс чиний сэтгэл татам байдлыг мэдэрч байхад, чи өөрөө үүнийгээ мэдэхгүй юм. Энэ байдал чинь чамайг илүү чимж байна” гэсэн ерөнхий агуулгатай дуу. Өөрөөр хэлбэл, хэт их өөртөө итгэлтэй, өөрийгөө хачин сайхан амьтан гэж боддог охидыг бодвол, даруухан төлөв, магтаалд дургүй охидод зориулсан ч гэж болохоор. Дууны үгийг орчуулвал (чадан ядан: мэргэжлийн орчуулагч биш учир, хичээж л явна даа…):

Чи их эмзэг, яагаад гэдгийг чинь мэдэхгүй юм
Чи хаалгаар орж ирэхэд л бусдын харцыг булаадаг
Түүнийгээ тодруулахын тулд будаг хэрэггүй
Зүгээр байгаагаараа байх чинь л хангалттай
 Энд байгаа хүн бүр л үүнийг олж харж байхад
 Чи өөрөө харин үүнийгээ мэдэхгүй юм

Чи миний ертөнцийг хэнээс ч илүү гэрэлтүүлдэг
Үсээ хаялах чинь намайг галзууруулж байна
Харин доошоо харан инээмсэглэхэд чинь үүнийг хэлэх хэцүү
Чи мэдэхгүй байна, чи үзэсгэлэнтэй гэдгээ мэдэхгүй байна
Чи миний харж байгааг харсан бол
Би чамайг ямар их шохоорхдогийг мэдэх болно
Яг одоо би чамруу харж байна
Чиний ямар их үзэсгэлэнтэй гэдгээ мэдэхгүй байгаад чинь итгэж чадахгүйнэ
Энэ байдал чинь чамайг чимж байна

За алив ээ, чи буруу бодоод байна
Өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж, би дуу хийлээ
Чамайг яагаад ичээд байгааг ойлгохгүй юм
Бас нүд рүү чинь харангуут нүүрээ буруулах юм

2011 оны 8 сарын 20-нд тэдний анхны дуу болон цацагдсан уг дуу нь Х Факторын шүүгч, дуу зохиогч, продюсер болох Саван Котечагийн бичсэн дуу юм байна. Энэтхэг гаралтай, цагаач тэрээр мөн бидний дуртай хит дуунууд I can’t feel my face, Love me like you do, Into you, Love me harder гэх мэт дуунуудыг зохиожээ. 
Уг дууны түүх нь нэг удаа Швед гаралтай түүний үзэсгэлэнт эхнэр нь “Би ямар царай муутай юм бэ?” хэмээн гомдоллох үед “Хөөрхөн л байна шүү дээ” гэж хэлснээс санаагаа олсон гэдэг. Эмэгтэй хүний өөрийнхөө “хөөрхөн” гэдгээ мэдэхгүй байгаа нь түүнийг хөөрхөн болгодог гэсэн агуулга бүхий дуу нь нэг талаас бас шүүмжлэлд өртжээ. Хэрвээ эмэгтэй хүн өөрийгөө хөөрхөн, үзэсгэлэнтэйгээ мэдэрч байвал хөөрхөн биш гэсэн үг үү гэх мэтээр шүүмжлэлд өртсөн ч уг дуу нь тэдэнд амжилт авчирч, 2012 оны Их Британий хамгийн том хөгжмийн шагнал болох BRIT Awards-с “Шилдэг дуу” шагнал авчээ.
Сонирхолтой баримт дурдахад, энэ оны нэг сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр уг дууг зөвшөөрөлгүй ковер хийлээ хэмээн уг дууны зохиогч Саван ихэд дургүйцэн, энэ дуу нь хайр, баясал, хүлээн зөвшөөрөхийн тухай дуу бөгөөд цагаачийнхаа хувьд энэ ёслолд зөвшөөрөлгүй ашигласанд зохих арга хэмжээг авна хэмээж.

Миний сэтгэгдэл ба бодол:
Анх сонссон цагаас л ямар хөөрхөн дуу вэ хэмээн дуртай болсон. Өсвөр насны ч охин байж дээ. Энэ дуу бас уг хамтлагт дуртай болгосон шүү. Тавуулаа байж бараг гурван нь л дууллаа гэж анзаарж билээ хэхэ. Тэгээд дууны агуулгыг ойлгох тусам бүр улам дуртай болж байна. Олон охид эмэгтэйчүүд өөрийнхөө байгаа байдалд сэтгэл ханамжтай бус, голж байдаг. Магадгүй хэн нэгнээс заавал “хөөрхөн” гэдэг үгийг сонсох гэснийх ч байж магад. Гэхдээ миний хувьд сүүлийн үед “өөрийгөө хайрлах”, “байгаар нь хүлээж авах”-ыг суралцаж байна. Бид өөрсдийгөө хайрлаж, гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтэж чадвал илүү өөрийгөө хөөрхөн хэмээн мэдэрч, аз жаргалтай байх болов уу. 
Хэдий эмэгтэй хүнийг гоо сайхны билэгдэл, кино уран сайхан, клип, реклам зэрэг дээр үргэлж сайхан харагдуулж, бүх эмэгтэй тийм байх ёстой мэт мессеж өгөөд байх шиг санагддаг, миний бодлоор. Харин өөрийн онцгой төрх, байдлаа хүлээн зөвшөөрч, хайрлаж эхлэвээс илүү амар амгалан, сайхан мэдрэмжийг илүү мэдэрч эхлэх байх.

Сүүлрүүгээ феминизм талдаа болчих шиг боллоо. Урам зоригоор дүүрэн, үргэлж өөдөө, өөрийгөө хайрлан, урагшаа тэмүүлэн зүтгэх болно оо. Та ч бас хичээгээрэй!

Like what you read? Give Oko Khosbayar a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.