Мөрөөдөлд минь хөтөлсөн 2017 чамд баярлалаа

Хүнээр “баян” 2017 он чамд баярлалаа. “Хүн хүнээ олж уулздаг юм аа” гэж нэг ах минь хэлж байсан юм. Гэгээн, сайхан хүмүүс миний амьдралд байгаад талархаад барахгүй нь ээ. Үүнийг л хамгийн түрүүнд бичмээр байна. Чин зүрхний жинхэнэ найзуудаа, жинхэнэ хайраа бас жинхэнэ хамтрагчдыг надад бэлэглэсэн ийм л он байлаа. Ямар олон сайхан хүмүүстэй уулзсан гээч. Миний дотоод ертөнцийг, миний хүсэл мөрөөдлийг, миний явах замыг минь гэрэлтүүлж өгсөн тэр л хүмүүс. Хүн хүнээ олж уулздаг бол би энэ жил тэдгээр хүмүүстэйгээ уулзсаан. Намайг дүүргэдэг гэгээн хүмүүс.

Яг жилийн өмнө “илүү ихийг бичиж, илүү ихийг уншиж, илүү ихийг хийж бүтээнэ гэж өөртөө амлаж байна” бичиж билээ. Хүсэл мөрөөдөл минь дотроо багтаж ядан явсан хэрэг. Харин би 2017 онд маш ихийг уншиж, бас бичиж чадсан. Бас өөрийнхөө хэмжээнд хийж бүтээсэн гэж дүгнэж байна. Ном унших бичих гэдэг миний туйлын хүсэл гэдгийг ч бас энэ жил мэдэрч, ойлгосон билээ. Намайг илэрхийлэх ямар нэг зүйлтэй болно гэж боддог байдаа. Энэ хоёр минь одоогоор намайг “тодотгож” байгаа зүйл гэдэгт би эргэлздэггүй. Тэр ч талаасаа миний хийх дуртай зүйл миний ажил болж, намайг олон хүмүүстэй уулзуулж бас олон сайхан зүйлд уриалан дуудсан билээ. Хамгийн гол нь би дуртай зүйлээрээ амьдарч амьсгалж байгаадаа туйлын ихээр талархна. Баярлалаа 2017 он минь надад хүсэл мөрөөдөлийг минь өгсөнд, намайг мөрөөдөлд минь хөтөлсөнд.

Найз нөхдийн тухайд тоо биш чанарыг л үргэлж нэгт тавьж ирсэн. Одоо ч хэвээрээ. Ганцаараа байж ч сурлаа. Маш сайн, дэндүү сайхан найзуудтай байж үзлээ. Жинхэнэ нөхөрлөл цаг хугацаа зовлон жаргалын шалгуураар тодорч үлддэг гэдгийг ч ойлгож авлаа. Одоо миний амьдралд амьдралын минь найзууд л тунаж үлдэж байх шиг байна. Энэндээ ч баяртай байгаа.

Гэр бүл минь миний хувьд бүхнээс чухал, эрхэм нандин гэдгийг би мэддэг байсан ч бүрэн ухаараагүй л явсан. Тэд минь хичнээн үнэ цэнэтэй гэдгийг эхнээс нь ойлгож л байна. Тэднийгээ хайрлаж, халамжилж, надад өнгсөн их хайрыг эргүүлээд хариулахсан гэж л хүсэж байна. Илүү их хичээх болно. Хайраа би бусдад харамгүй өгөх болно. Тэр тусмаа дотны хүмүүстээ. Миний амьдралд байгаа энэ цаг хугацаанд нь би чадах бүхнээ тэдэндээ өгөх болно.

Амьдрал маш олон хичээлийг заадаг. Тэрний нэг нь хүн байх ухаан юм болов уу? Хэн ч мөнгөтэй, чинээлэг, мундаг ажилтай байж болно. Гэхдээ хэн хүн байна тэр л утга учиртай амьдардаг гэдгийг, нийгэм хичнээн бүрхэг, цаг үе хэцүү байлаа гээд тэр нь чи ч бас тэдэн шиг бай гэсэн үг биш гэдгийг, хүн бүхэн хорвоо дээр ганцхан учраас хэн нэгний бодолд таацуулж нийцүүлж амьдрах биш нэг л амьдралаа зөв ч бай буруу ч бай өөрийнхөөрөө туучиж өнгөрөөх хэрэгтэйг жаахан ч гэсэн ухаарав.

Амьдралд ирдэг бүхэн бэлэг байдаг болов уу? Алдаа оноо, жаргал зовлон ч ялгаагүй бэлэг. Би амьдралын ямар ч бэлгийг хүлээж авахдаа баяртай байх болно. Бас илүү хүчтэй байх болно оо.

Баярлалаа 2017 он.

Like what you read? Give OrchlonDiaries a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.