Хүсэл

Нуурын дэргэд жижигхээн модон байшин бариад эгэл даруухан амьдрахыг мөрөөддөг. Байшиндаа өөрийн гэсэн номын тавиуртай болж, ил галын дэргэд өөрийнхөө хувьд “сонгодог” гэж нэрийдсэн зохиолуудаа эргүүлэн тойруулан уншиж суухыг мөрөөддөг. Модон байшингийнхаа үүдэнд кофений ширээ зориулан засахыг мөрөөддөг. Тэр ширээ минь нуурын зүг харсан байгаасай гэж мөрөөддөг. Тэгээд дээр нь ном, бас бичиг цаасаа овоолон тавиад зохиол бичихийг мөрөөддөг.

Эгэл даруухан, намуухан амьдрахыг мөрөөддөг. Эгэл даруухан эртэй ханилан суухсан гэж мөрөөддөг. Би түүний бүхэл бүтэн ертөнц нь байхыг, тэр минь миний бүхэл бүтэн-дүүрэн ертөнц байгаасай гэж мөрөөддөг. Бяцхан байшиндаа үр хүүхдүүдтэйгээ эгэл даруухан тэгээд жаргалтай амьдрахыг мөрөөддөг. Тэднийхээ инээмсэглэхийг өглөө бүхэн сонсон сэрэхийг, сургуульд нь хүргэн өгч хичээлийг нь хамтдаа хийхийг, өглөөний унд бэлдэж, ширээ тойрон сууж хооллохыг, тэднийгээ амттай бялуугаар дайлахыг мөрөөддөг. Хүүхдүүдээ унтахад нь үлгэр ярихыг мөрөөддөг. Гэхдээ би биш аав нь ярьж өгөхийг сонсох тэр мөчийг мөрөөддөг.

Нүүрэн дээр өглөөний нар тусахыг, шиврээ бороонд норон алхахыг, мандаж байгаа шаргал наранд өглөө бүр залбирахыг, жаргаж байгаа нарыг хараад сэтгэл амгалан суухыг, шөнө дунд хүртэл дуртай номоо уншихыг , цаг нарыг хайхралгүй зохиол бичиж суухыг, кофе эсвэл цай амтлангаа хорвоогийн сайхан зүйлсийн талаар бодож суухыг, яруу найраг бичихийг, намуухан дуу сонсоод хайртынхаа даруухан харцыг мөрөөсөн хэвтэхийг, хүслийн жагсаалт гаргачихаад тэднийгээ биелүүлж нэг нэгээр нь тэмдэглэхийг, ойр дотны хэн нэгэнтэй түүний мэддэггүй байсан өөрийнхөө тухай, миний анзаардаггүй байсан түүний тухай ихийг ярилцахыг, хорвоо ертөнцийн эгэлгүй явдлууд уулга алдам сонин хачныг хэн нэгнээс сонсохыг бас ам уралдан ярихыг, дуртай дуугаа сонсож хэмнэлд нь найгахыг, дотны найзтайгаа амьдралын талаар ярилцахыг, хайртай хүндээ сэтгэлээ харамгүй илэрхийлэхийг, хүрч очиж чадахгүй ч сэтгэлээрээ үргэлж хамт байдаг нэгэндээ захидал илгээхийг, хайртай хүмүүстээ хайртай л гэж хэлэхийг, санаж байгаа хүндээ зүгээр л санаж байгаагаа л дуулгахыг, ээж аавыгаа энхрий хайрт дотны хүмүүсээ энэрч хайрлахыг, огтоос мэдэхгүй хэн нэгний ертөнцөөр аялахыг, нулимсаа гарч нуруугаа өвдтөл инээхийг, аз жаргалтай хором мөчүүдээ өнгөрч одсоных дараа биш яг одоод нь мэдрэхийг би мөрөөддөг. Амьдралын агшин бүрд, гоо үзэсгэлэнгээ өөртөө нуусан юм бүхэнд, энэ амьдралын өдөр хоног, мөч бүрт үргэлж дурлахыг би хүсдэг бас мөрөөддөг.

Эгэл даруухан хайрлаж, эгэл даруухан амьдралаа бүтээхийг мөрөөддөг. Хамгийн намуухан бас хамгийн уянгалагаар амьдрахыг мөрөөддөг. Өрөөл бусдынхаар биш өөрийнхөөрөө амьдрахсан гэж мөрөөддөг. Мөрөөдсөн зүйлс минь биелэхийг харахсан гэж мөрөөддөг. Амьдрал хэцүү байсан ч, саад бэрхшээл олон тохиосон ч, зовлон жаргал ээлжилсэн ч “би жаргалтай байна” гэж хэлэх хүчтэй байхсан гэж мөрөөддөг.