“Sigma Male” гэх ойлголт эрэгтэйчүүдийг үгүй хийж байна.

Ganaa Ridmflow
6 min readJan 6, 2024

--

  1. Socio Sexual Hierarchy

Vox Day гэх зохиолч, активистийн үүсгэсэн Нийгэм-Сексуал Шатлал (Socio-Sexual Hierarchy) нь эрчүүдийг одоогийн буй нийгмийн байр суурь, эсрэг хүйстэнтэйгээ “хээлтэх” магадлал хэр өндөр вэ? зэргээр ангилан шатлах онол гэж ойлгож болно.

Социо-Сексуал Шатлал нь архетипаас хамааран эрчүүдийг 6 ангилдаг.

Үүнд:

  • Альфа
  • Сигма
  • Бета
  • Делта
  • Гамма
  • Омега гэж 6 ангилагдана.

Тэр бээр энэхүү шатлалын дээр байрлаж буй 4 ийг хамгийн гол гэж үздэг байна.

Альфа эрэгтэйчүүдийг тайлбарлахдаа уламжлалт ёсоор нийгмийн байр суурь өндөр, доминант, итгэл даахаар, бусдыг өөртөө татах чадвар буюу харизм өндөртэй, удирдагч хэв шинжтэй хүмүүсийг хэлнэ.

“Интернет орчин дахь альфа эрчүүдийн ойлголт”

Бета эрчүүдийг тайлбарлахдаа ноомой, өөртөө итгэх итгэмж муу, өрсөлдөх чадвар сул, нийгмийн харилцаанд тулгамдах асуудлуудыг зөрчилдөөнөөр бус харилцан зохилдлогоор шийдэхийг илүүд үздэг хэмээн тайлбарлана.

“Интернет орчин дахь бета эрчүүдийн ойлголт”

Омега эрэгтэйчүүдийг Нийгэм-Сексуал Шатлалын хамгийн доор байдаг хэмээн үздэг ба тэд эсрэг хүйсийн хамтрагч олоход хүндрэлтэй, өөртөө итгэх итгэл бага, өрсөлдөх чадвар дэндүү муу, нийгмээс гадуурхагдсан хүмүүс хэмээн тайлбарладаг.

Omega male stereotype

Сигма эрэгтэйчүүдийг Нийгэм-Сексуал Шатлалын дээр байдаг гэдгээ мэддэг боловч өөрийн хүслээр үүнд харьяалагдахгүй байхыг илүүд үздэг “lone wolf” төрлийн хүмүүс гэж үздэг. 2010 оны сүүлээс энэхүү нэршил нь аажим аажмаар алдартай болж байсан боловч 2021 оны үеэр Youtube short, Instagram Reels, Tiktok зэрэг шорт контент хэлбэрээр асар их эрчийг авч өдий хүрсэн билээ.

“Sigma Male архетип”.
Жишээ бичлэг.
Google дээр “Sigma Male” гэх ойлголтыг хайсан байдал.

2. “SIGMA MALE” ҮЗЭЛ СУРТЛЫН ГОЛ АСУУДАЛ.

Эхний хэсэгт миний ярьж буй шорт контентын талаар мэдэхгүй хүмүүст Social Sexual Hierarchy буюу Нийгэм-Сексуаль Шатлалын талаар ерөнхий ойлголт болон Сигма Мэйл гэж юу вэ ерөнхий гадарлаагааг өглөө.

Тэгвэл асуудал гол асуудал нь юу вэ?

Интернэтийн хэрэглээ асар хурдацтайгаар өргөжиж буй энэ үед хүмүүс бид хүн хоорондын нийгмийн харилцаанд орох нь ихээхэн багасаж байгаа билээ.

Интернетийн хэрэглээ насчлалтай цуг авч үзсэн судалгаа. (DOI:10.13140/RG.2.2.20877.05601)

Энэхүү төрлийн контент, сигма эрэгтэйчүүд хөдөлгөөн(movement) нь сул дорой, залуу эрэгтэй хүмүүст үлгэр дуурайлал(role model) болж байгаад гол асуудал оршино. Яг л орчин үеийн радикал феминизм, ЛГБТ+ хөдөлгөөн, боди поситивити зэрэг хэт туйлширсан байдалтай агаар нэг байгаа юм. Радикал феминизм эрчүүдийн байр суурийг доош нь хийх зорилготой бол сигма эрэгтэйчүүд хөдөлгөөн нь эмэгтэй хүмүүсийн байр суурийг доош хийхэд оршдог.

Ихэвчлэн 3 төрлийн сигма контент интернэтэд байдаг. Жишээ дурдвал сигма эрэгтэй догь/буруу хууль бус үйлдэл хийж хатуу самар мэт харагдана, нэг бол ямар нэг эмэгтэй хүн өөрийн үзэл санаа бодлыг тайлбарлах үед “сигма” нөхөр гарч ирэн ямар нэг догь өгүүлбэр хэлэн амыг нь хамхина. 3 дахь нь гунигтай сигма бичлэгүүд. Мэдээж инээдмийн маягаар хийгдсэн гэдгийг ойлгож та энэхүү бичлэгүүдийг үзэж болно. Гэвч асуудал нь энэхүү контентийг үзэж буй хүмүүсийн ихэнх нь миний бодлоор арван жилийн сургуулийн сурагчид байх ба эдгээр зүйлсийг жинхнээсээ хүндээр хүлээн авч өөрдээрээ хэрэгжүүлж байгаад гол асуудал байна хэмээн үзэж байна. Яагаад энэ нь асуудал вэ гэвэл сигма эрчүүд хөдөлгөөн нь амьдралын философи байхгүй сул дорой эрэгтэйчүүдэд гүн ухаан, амьдралыг үзэх үзэл нь болж, бусдын үзэл суртлаар өөрийн хувь хүнийг бие болгон амьдрахад оршино. Та интернэт орчинд Andrew Tate, бусад сошиал нөлөөлөгч (influencer) нарыг дагадаг хүмүүсийг харсан л байх. Миний хэлээд байгаа зүйл яг л энэ юм. Эдгээр нөлөөлөгч нар нь мөнгө ол, хүчтэй бай, байнга зүтгэ (grindset) гэх мэтчилэн одоогийн сул дорой эрчүүдэд “шинэ санаа” мэт маскулинь (masculine — эршүүд байдал) ойлголтуудыг номлогч нар юм. Тэдэнд үнэндээ чамайг хүчтэй байлгах хүсэл байхгүй ба зүгээр л танд төлбөртэй хичээлээ худалдахыг л хүсэж буй мөнгө олох аргаа олсон хүмүүс юм.

3. “СИГМА” ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙ

Орчин үед хүмүүс бие болон сэтгэл зүйн хувьд дорой болсныг надаар хэлүүлэлгүй та мэдэж байгаа байх. Хувь хүний хөгжил, хүчтэй болох замнал урт, удаан бөгөөд хэцүү байдаг. Гэвч одоо үед ямарваа нэгэн асуудлыг амархан бөгөөд хурдан шийдэх аргуудыг бидэнд шахдаг болсон. Жишээ нь та тарган байна уу? тураах цай, 5 минутын өдөр тутам хийж болох дасгал, детокс хийх нимбэг цагаан гааны ханд гэх мэт тархины гар хангалага олон болжээ. Сигма дүрүүд яг үүнтэй адил бидний ухамсаргүйд нуугдаж буй нийгмийн стандартад нийцэшгүй дур хүслүүдийг ханган хуурамч хүчийг сул дорой хүмүүст өгч байгаа юм. Breaking Bad цувралын гол дүр Walter White нь сигма дүр гэж явдаг ба үүн дээр жишээ авч үзвэл тэр бээр жирийн ноомой сургуулийн химийн багшаас гэмт хэргийн ертөнцөд хамгийн том нөлөөтэй нэгэн болж хувирдаг ба энэ нь залуу эрэгтэйчүүд бидний сэтгэлийг булаадаг. Яагаад гэж үү? Бидний ихэнх нь ухамсрын гүндээ хар бодлууд агуулдаг, гэвч бид үүнийгээ хэрхэн гаргахаа мэддэггүй ба энэхүү бодлуудтай нүүр тулахаас зугтан нуун дарагдуулдаг. Гэвч энэхүү дүрүүд бидний хар бодлуудыг өөрсдийн ертөнцдөө үйлдэн ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа бидний фантазын цангааг тайлж өгдөг. Бид тэдгээр дүрүүдийн оронд өөрсдийгөө тавьдаг гэсэн үг. Энэ нь миний дээр дурдсанчлан бидэнд хуурамч хүч чадлыг өгдөг байх нь.

Сигма дүрүүд хар талтай гэдгийг бид ойлгож авлаа. Тэгвэл нөгөө нэг сэтгэл зүйн тал нь сигма дүрүүд бүгд сэтгэл гутралтай, ганцаардсан байдаг.

Hartman, Dr. C. (n.d.). Loneliness Statistics (2024): By Country, Demographics & More. The Roots of Loneliness Project. https://www.rootsofloneliness.com/loneliness-statistics#among-generation-z

2023 оны 6 сард нийтлэгдсэн ганцаардлын судалгаагаар Z үеийнхний 73% нь заримдаа эсвэл байнга ганцаарддаг ба амиа хорлолтын байдал 2007 оноос 2017 он хүртэл 56% аар өссөн гэсэн үзүүлэлт байна. Иймд энэхүү дүрүүд нь ганцаардмал, сэтгэл гутралтай байдаг учир бидэнд маш ойр санагддаг ба улам ихээр тэдэнтэй сэтгэлийн холбоос үүсгэдэг байх нь. Тэгээд бидэнтэй маш ойр санагддаг учир бид тэдний сэтгэл зүйн араншныг хуулбарлан бусдаас харьцаагаа хөндийрүүлж “харанхуйн тал”-д ордог хэмээн би үзэж байгаа юм. Гэвч эдгээр сигма дүрүүд нь зүгээр л киноны дүрүүд ба жинхэнэ амьдрал дээр хэзээ ч хөрсөнд буухааргүй сэтгэл зүйн шинж чанартай гэдгийг тэднээс үлгэр жишээ авч буй хүмүүс ойлгодоггүй.

Сигма контент маш богино ба пис пас хийсэн хэлбэрийн байдаг. Сүүлийн хорин жилийн хугацаанд хүний ​​анхаарлын дундаж хугацаа 12 секундээс 8.25 секунд болж буурчээ(Wolmark, M. 2023). Үүнд бид энэхүү контентуудыг үзээд тархиндаа боловсруулах ч зай олдохгүй байгаа гэсэн үг. Тэгвэл бид яг яах ёстой вэ?

4. ГАРГАЛГАА

Гаргалгаа нь бид өөрсдийн суурь философийг олж түүндээ шамдан суралцах хэрэгтэй. Маркус Аврелий “Бясалгалууд” номондоо ийн дурдсан байдаг.

“Таны аз жаргал таны бодлын чанараас шалтгаална.”

Бид аливаа зүйлсэд авах гээхийн ухаанаар хандах нь зүгээр юм уу хэмээн би боддог юм. Шүүмжлэлтэй хандаж сурснаар радикал феминизм, fat acceptance, сигма хөдөлгөөн зэрэг маш олон үзэл суртлуудад тархиа угаалгахгүй байх юм. Мэдээж бид сул дорой бус аль болох хүчтэй байх хэрэгтэй, сигма хөдөлгөөн энийг номлодог нь зарим талаараа зөв. Гэвч өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бид бусдыг ашиглаж, гэмтээж, сайн хүн байхаа умартаж болохгүй. Зарим нэг нь “сайн”, “муу” гэж байхгүй, бүгд субьектив зүйл гэж хэлж болох л юм. Гэхдээ надад бол туйлын сайн, туйлын муу гэх ойлголт байгаа. Бид зарим юмсыг заавал гүн бодоод байх албагүй, муу бол муу, сайн бол сайн. Хүн юугаар өөрийгөө хүрээлүүлж байна тэр зүйлс бидний сэтгэл зүйд маш хүчтэйгээр нөлөөлж байдаг. Гунигтай зүйлс үзээд байвал хүссэн хүсээгүй гунигтай болно, гунигтай дуу сонсвол мөн л гунигтай болно. Иймд эдгээр сигма дүрүүдийг романтикжуулахаа бид больсон нь бидэнд өлзийтэй хэмээн би энэ бичвэрийг бичихдээ бодон сууна. Тэд чиний одоогийн байгаа нөхцөл байдалтай ижил байлаа ч чиний гуниг, ганцаардлыг үргээж чадахгүй. Та өөрөө л живж буй өөрийгөө дээш мацан аварч чадна. Хүмүүн бид хөгжихийг хүсэж байвал энэхүү “хэцүү” мэдрэмжтэй нүүр тулах хэрэгтэй, гуниг ганцаардлын түймрээс зугтах бус тэг голд нь шатаад суу, аяндаа тэр гал унтарна. Бидний арьс гэмтэж байж л дараа эдгэхдээ улам зузаан хүчтэй болдог шүүдээ. Хүмүүн бид “lone wolf” байхаар бүтээгдээгүй, бид нийгмийн харилцаанд орж байж эрүүл сэтгэнэ гэдгийг эрэгтэй хүн та үргэлж санаж яваарай. Ганцаардлыг романтикжуулах нь хэзээ ч догь байгаагүй.

Seek help if you are dealing with loneliness and depression.

Энэхүү бичвэрийг уншсан таньд баярлалаа.

--

--