Боловсрол бол амьдарлаа өөрчлөх хамгийн том боломж.
Мөрөөдлөө биелүүлэх зорилготойгоор 2015 онд бичсэн бяцхан эмхтгэлдээ ч мөн энэ дурсамжаа бичиж байсан. Тэр бол, одоогоос 15 жилийн өмнө, Зуны цэнгэг нэг тийм сайхан өглөө Дорнод аймаг, Чойбалсан хотын 2-р хороон дахь хашаан дотроо өглөөний нарыг харж суухдаа төсөөлөлдөө бүтээсэн нэгэн мөрөөдөл байлаа.
“Би хэзээ нэгэн цагт, хаа нэгтээ байгаа газраа олон хүнд тус хүргэж чадах олны хүндлэл хүлээж, шударга амьдарлыг бүтээсэн, боловсролтой бас чинээлэг хүн болно”доо гэх бодол юм. Гэр хорооллын 8–9 настай хүүхдүүдийн гэртээ хийдэг хамгийн түгээмэл ажил болох ундны усаа худгаас зөөж ирчихээд, гиюүрэн суух үеийн энэ бодол өнөөдөр ч намайг хөглөсөөр байдгийг ч хэлэх үү, маш дотно үлджээ. Гиюүрэл хараахан дуусаагүй байтал, ээж минь ажлаасаа буун, хашааны хаалгаар орж байгаа харагдсан. Байшингийнхаа сүүдэрт зүгээр сууж байгаа харагдсан намайг, “Сайханаа, юу хийж байгаа юм бэ, зүгээр сууж байхаар ганц номны хуудас эргүүлээд сууж байсан нь ирээдүйд чинь тустай биш үү” гэж хэлээд гэртээ орчихсон. Ээжийн энэ үг, хэсэгхэн хормын өмнө бодож байсан ирээдүйн талаарх мөрөөдөлдөө хүрэх арга зам нь юм байна гэдгийг ухаарах шиг болж, шууд л ээжийн араас гэрлүүгээ орж хуучин түмбочка уудалж, “Ээээж, энэ дотор байсан номнууд яасан юм бэ?” гэж асууж байснаа маш тод санадаг. Боловсролтой болох нь мөрөөдлөө ч, ирээдүйгээ ч сайхнаар бүтээх ганцхан арга зам гэдэгт хэзээ ч эргэлзэхгүй байх итгэлийг тэр үед л олж авсан даа.
Хүн өөрөө л хүсэх юм бол, суралцахад юу ч саад болдоггүйг би өмнө номноос уншиж байсан, харин одоо өөрийнхөө зарим дурсамжаас хардаг. Суралцах хүсэл эрмэлзэл хэрхэн төрдөг юм бол оо? гэх асуулт сонирхол татна. “Эрдэм боловсролтой” хүн гэхээр л математик, монгол хэл уран зохиолын багш, ер нь боловсролын байгууллагад ажилладаг хүн гэсэн ойлголтоор хаязгаарлагддаггүй гэдгийг хэлмээр байна.
Боловсролтой болох эхлэл нь өөрийгөө хэн бэ, хаана байна, яагаад энэ байранд байгаа тухайд үнэн зөв дүгнэлт өгч чадах үеэс эхэлдэг. Жон Максвелл, “Амжилт бол тогтвортой үйл явц” гэж хэлсэн шиг, боловсрол ч мөн адил байнгын үргэлжилдэг үйл явц. Хүн, “мэдэхгүйгээ мэдэх”, “мэдэхгүй байгаад байж болохгүй гэдгээ ухаарах нь” тухайн хүнд маш чухал хүслийг өдөөдөг. Бүгд л мөрөөддөг. Бүгд л өөрт байхгүй зүйлээ авахыг хүсдэг. Энэ бол зүгээр л бодол, төсөөлөл төдий зүйл.
Үнэн хэрэгтээ, зарим хүмүүс мөрөөдсөөр л амьдарлаа дуусгаж байгаа харагддаг. Байхгүй зүйлээ төсөөлөлдөө авч байгаагаар л бодон, өдрүүдийг өнгөрөөж, өнөөдөртэй учирч байгаа. Энэ маш харамсалтай. Залуус бид ийм байж болохгүй.
Эндээс нэг зүйл тодорхой байна : хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд “хөдлөх” хэрэгтэй. Тэр хөдөлгөөн бол боловсролтой болохын төлөөх хичээл зүтгэл, үйлдэл. Энэ үйлдийн зөв эхлэл нь өмнө хэлсэнчлэн, “Хүн, мэдэхгүйгээ мэдэх, мэдэхгүй байгаад байж болохгүй гэдгээ ухаарах”.
Бидний нөхцөл байдал бүгд өөр. Заримд нь боломж дүүрэн, ямар ч сонголтыг хийхэд ямар саадгүй байхад, эсрэгээрээ зарим хүмүүс маш хүнд нөхцөл байдал дунд амьдарч байна. Гэхдээ бид бүгдээрээ өөрсдийн нөхцөл байдлаа эрүүл ухаанаар тодорхойлж, түүнд үнэлгээ өгч чадна. Өөрийн эхлэх цэгийг олж, хүрэх газраа төсөөлж түүндээ алхам алхмаар хүрэх боломж хүн бүрт бий. Амьдарлыг олон зүйлээр хэмжиж болох ч, бүгдэд ижил ноогдсон ганцхан зүйл “цаг хугацаа”. Тиймээс урам зоригоор дүүрэн урагш тэмүүлээрэй дүү нар минь. Монголд минь намар цаг айсуй, энэ юу гэсэн үг вэ гэхээр : Боловсрол олж авах их буухиа эхэлж байгааг сануулж байгаа юм.
Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэхийн ялдамд, урам зориг өгөх бяцхан түүх хуваалцая:
Борогхон амьдрал дунд өссөн бяцхан Хиллари охин 1965 онд коллежээ төгсөөд аавынхаа үзэл бодол, ээжийнхээ биелүүлж чадаагүй мөрөөдлийг, өөрийнхөө жижиг чемоданаа тээн Уэлсли коллежид элссэн байдаг. Эхэндээ түүнд маш хэцүү байгаад зогсохгүй, латин хэлнээс өөр зүйлгүй Хилларид, Франц хэлний багш нь “таны амжилт гаргаж чадах салбар хаа нэгтээ заавал байгаа, гэхдээ энд лав биш” гэж хүртэл хэлж байжээ. Шантарсан бяцхан охин, гэрлүүгээ утасдаж нөхцөл байдлаа хэлэхэд “Аав нь миний охин хүрээд ир, гэртээ амьдар” гэсэн тайвшруулахад, түүний ээж Дороти “Би чамайг яасан ч хүлээж авахгүй, Тэсч үлд, Тэмц” гэсэн хариу өгсөн гэдэг. Энэ нь шантарч явсан бяцхан охиноо гомдоох биш, харин ч хурцалж өнөөдрийн дэлхийд нэрээ мөнхөлж яваа хүчирхэг эмэгтэй болох эхлэл нь байсан аж.
Түүнээс хойш, Хиллари тууштай зүтгэл гарган, 1969 онд Коллежийн шилдэг төгсөгч болон, Йелийн их сургуудийн хуулийн ангид элсэн орлоо. Хиллари сургуулийнхаа номын санд тогтмол сууж хичээлээ давтдаг, зүтгэлтэй нэгэн байсан аж. Тухайн үед түүнийг номын санд суух бүрт өөрийг нь тогтмол ширтдэг нэг залуу байгаа нь мэдрэгдэх болж. Нэгэн удаа тэр, түүн дээр очин “Та намайг ширтээд л байх уу? Би буруу харж суух ёстой юу?” Та надтай танилцахыг хүсээ юу? Намайг Хиллари Родхем гэж шийдэмгий хэлэхэд, сандарч нэрээ мартсан тэр залуу бол хожмын АНУ-н ерөнхийлөгч Билл Клинтон байлаа. Энэ бол бодит үйл явдал.
Хилари, үнэхээр амжилтанд хүрч чадсан ба мужийн амбан захирагч төдийгүй АНУ-ын тэргүүн хатагтайн үүргийг нэр төртэй авч явсан төдийгүй, түүхэнд анх удаа доктор цолтой төрийн тэргүүн хатагтай болсон юм. Түүний хувийн карьераас маш арвин ба цөөн хэдээс дурьдвал: АНУ-ын эмэгтэй өмгөөлөгчдийн холбооны тэргүүн, шилдэг хуульч, цаашлаад АНУ-ын ТНБДарга хүртэл дэвшин ажилласан. 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байхдаа тэрээр ямар хүчирхэг эмэгтэй гэдгээ харуулсан. Энэ жишээ бол Мэдлэг боловсрол хүний амьдарлыг сайнаар өөрчлөх хамгийн том хөдөлгөгч хүч гэдгийн нэг жишээ билээ.
Э.Батсайхан МВА
�{9
