АД ЗЭТГЭРИЙН ӨРГӨМӨЛ ХҮҮ

Өрнийн детектив, триллер зохиолын тэргүүн сэнтийд Эдгар Аллан По хэмээх живэр сахалтай этгээд эр залардаг бол Дорнын сэтгэхүйн детективийн хаанаар Эдогава Рампог нэрлэхээс аргагүй.

Жюль Верний уран зөгнөлт романууд, Жек Лондоны адал явдалт зохиол мэтхэнээр цүнхээ дүүргэж явахад минь уран зохиол гэж юу болохыг таниулсан хүн. Өрнийн детектив, триллер зохиолын тэргүүн сэнтийд Эдгар Аллан По хэмээх живэр сахалтай этгээд эр залардаг бол Дорнын сэтгэхүйн детективийн хаанаар Эдогава Рампог нэрлэхээс аргагүй. 1920-иод оны Япон оронд цолгорч гарсан утга зохиолын алдартан төдийлэн байсангүй. Адал явдалт зохиолууд гэхэд Ихара Сайкакугийн хоёр зуу гаруй жил үнгэгдсэн хэдэн романаас өөр дөнгүүр зүйлгүй байжээ. Тэр үед л Васедагийн их сургуулийн улс төр, эдийн засгийн факультетэд суралцаж байсан Рампо Америк, Европын адал явдалт зохиолын урхинд орсон байдаг. Удалгүй “Шин Сэйнен” хэмээх сэтгүүлд “Зэс зоос” нэртэй анхны өгүүллэгээ, хожмоо дэлхий даяар цуурайтсан Эдагава Рампо нэрээрээ хэвлүүлжээ. Үнэн хэрэгтээ түүний жинхэнэ нэрийг Таро Хирай гэдэг байв. Эдогава Рампо нь Эдгар Аллан Погийн япон ханзны бичлэг аж.

Эдгар Погийн амьдрал зохиол шигээ адал явдалтай, гунигт үйл явдлаар дүүрэн бол Рампогийнх тийм ч сонирхол татах зүйлгүй. Зарим цуу ярианд дурдсанаар түүнийг кабүки театрын жүжигчин залууст жирийн бишрэгчээс илүү дотно ханддаг байсан гэлцдэг.

Үүнээс цаашаа уйтгартай романы өгүүлэмж шиг л хөвөрнө. 1894 онд самурайн угсааны гэр бүлд мэндэлсэн, 1919 онд Мүраяма хэмээх бүсгүйтэй танилцан ганц хүү төрүүлсэн нь Хирай Рюүтаро. Риккёо их сургуулийн хүндэт профессор, сэтгэл судлаач хүү нь өдгөө эцгийнхээ зарим зохиолын эрхийг эзэмшдэг. Риккёо их сургуулийн дэргэд зохиолчийн амьдарч асан өрөөг “Эдогава Рампогийн өргөө” нэртэйгээр гэр музей болгон тохижуулсан гэнэ. Рампогийн анхны роман 1926 онд хэвлэгдэж, 1947 онд тэрбээр “Японы детектив зохиолчдын клуб”-ийг байгуулжээ. Гайгүй хэдэн иен цуглуулсан Рампо 1954 оноос эхлэн “Шилдэг детектив зохиолч”-ийн шагнал олгон, шагналд нь 1.0 сая иен дагалдуулдаг байж. 1965 онд зүрхний шигдээсээр нас барах хүртлээ зохиолоо бичсээр байжээ. Цусны даралт их, паркинсоны өвчинтэй учраас сүүлдээ гэрийнхнээрээ бичүүлэх болсон гэдэг. Ердөө л иймэрхүү жирийн амьдрал.

Харин утга зохиолын ертөнц дэх Рампо бол миний л мэдэх хамгийн зэтгэрлэг, адын эр байлаа. Эдгар Потой учрахаасаа ч өмнө дунд сургуульд байхдаа найзуудтайгаа нийлэн хүүхдийн сэтгүүл гаргадаг байжээ. Магадгүй энэ үеэс л тэр хэн болохоо тодорхойлсон болов уу. Эдгар По мэдээж түүнд хамгийн их нөлөөг үзүүлсэн. Гэхдээ утга зохиолын хүрээнийхэн түүнийг Япон хэв шинжийн детектив, сэтгэлзүйн хүүрнэлийг үндэслэгч хэмээн “дулдуйддаг” нь үнэний ортой. Энэ цуу яриа 1956 онд түүний анхны өгүүллэгийн түүвэр Өрнөдөд хэвлэгдэн, детективд дурлагсдыг алмайруулсан тэр үеэс эхтэй гэнэ. Элдэв адал явдал, хийсвэрлэл, хэтрүүлэл, дүрслэлээр дүүрэн Өрнийн утга зохиолд тэр адын гэмээр гайхширлыг авч ирсэн хэрэг.

Шүтэн бишрэгчид нь гарын үсэг хүсэх үед мань эр заавал өнгөт цаасан дээр “Одоогийн ертөнц зүүд, харин шөнийн зүүд л жинхэнэ бодит”, “Өдөр бол зүүд, харин үдэш бол одоо үе” гэх мэтийн үгс бичиж өгдөг байжээ. Энэ л түүнийг адын байлгадаг байв.

Өгүүллэгүүдийнх нь үйл явдлаар жишээлээд үзье. “Хүн сандал”, “Улаан тасалгаа” хоёр бусад өгүүллэгүүдээсээ өгүүлэмжийн хувьд арай өөр. Ёстой л нөгөө Япон маягийн гэдэг нь энэ байх. Уншигчийн сэтгэлзүйгээр тоглоод байх шиг санагддаг. Ямар нэг сэтгэлгээ хөгжүүлдэг тоглоом шиг л. “Хүн сандал” өгүүллэгт гэхэд л зохиолч бүсгүйд хэнээс нь тодорхойгүй нэгэн захидал ирнэ. Тэрхүү захидлыг зүс царай муутай нэгэн мужаан бичсэн бөгөөд сандал дотор амьдардаг өөрийн этгээд ертөнцийн талаар өгүүлжээ. Гайхалтай нь тэрбээр зохиолч бүсгүйн худалдаж авсан европ хийцийн том сандалд амьдардгаа илчилсэн байлаа. Мэдээж энэ нөхцөл байдал зохиолч бүсгүйг олон эргэлзээнд хүргэнэ. Гэтэл сандал дотор, хүний ертөнцөөс ангид амьдардаг хэн нэгэн бол Биккетийн жүжигт юм уу, Кафкагийн туужид л үзэгдмээр үйл явдал шүү дээ. Ингээд Рампо уншигчдыг сандал дотор амьдарч, унтаж, идэж ууж, бүр бүсгүйг сандал дотроос нь таалж, мэдэрч буй таагүй царайт мужаан болоод чинээлэг зохиолч бүсгүйн дунд нь аваачаад орхичихдог. Гэтэл өгүүллэгийн төгсгөлд мөнөөх гайхширмаар үйл явдал хэн нэгний зохиолын санаа байсныг мэдэж, уншигч мөн л зохиолчийн уран сэтгэмжийг даган дахин нэг хувирал хийх шаардлагатай тулгарна. Үүнийг нь л адын гэж нэрлээд байгаа юм. Энэ Рампогийн Япон маягийн детектив шүү дээ.

Д.Дашмөнхийн орчуулсан “Хүн сандал” түүврээс хамгийн сэтгэл хөдөлгөсөн нэгэн өгүүллэгийн талаар энд өгүүлье. Детектив роман бичигч, зохиолч Сэйчи Тономураг Нагано мужийн С хэмээх гацаанд ээлжит амралтаа өнгөрүүлж байхад энэ явдал болжээ. Зохиолч тосгоны ахлагчийн хүү Кокичи Ооятай уулаар зугаалж яваад зэрлэг ноход ямар нэг зүйлийг шунаглан идэж байхтай таарчээ. Тэр нь залуухан бүсгүйн цогцос байв. Яв явсаар эцэстээ тэр нь Кокичи Ооягийн эцэг эхийн хар багад нь сүй тавьсан бүсгүй байж таардаг. Харамсалтай нь Ооя хотод суудаг өөр нэгэн бүсгүйд сэтгэлтэй учраас байсхийгээд л тийш явчихдаг байжээ. Цагдаа нар юун түрүүнд Оояг сэжиглэв. Ооягийн гэрийн шалан доороос цустай хувцас хүртэл олдсон учраас түүнийг баривчилжээ. Мэдээж хайртай бүсгүйтэйгээ суухын тулд сүйт бүсгүйгээ хөнөөх нь байж болох л хувилбар. Гэтэл зохиолч Сэйчи Тономура өөр нэгэн сэжүүрээс атгаад авлаа. Эцэст нь бүх учир тайлагдахад сүйт бүсгүй Цүрүко Ямагати Ооягийн хотод суудаг амраг бүсгүйг хөнөөгөөд, өөрийн хувцсыг өмсгөн галт тэргээр гацаанд авчирсан болох нь тодорхой болов. Харин тэр өөрөө амраг бүсгүйн дүрд хувиран үүрд алга болохоор шийджээ. Цустай хувцсыг Ооягийн гэрт нуусан хүн ч Ямагати байжээ.

Рампогийн зохиолд иймэрхүү төөрөгдүүлсэн үйл явдлууд цөөнгүй. Гэхдээ энэ нь Эдгар Погийн, эсвэл бүр манай цаг үеийн аймшиг, триллер төрлийн бестселлер зохиолч Стивен Кингийн ур муутай, хуурай романуудад ч тохиолдож болохоор төөрөгдөл. Хамаг учир нь түүний дүрүүд болоод уншигчдын сэтгэлзүйг ховсоддог чанарт байгаа юм.

Тиймээс ч түүнийг япончууд “ero guro nansensu” зохиолын эцэг хэмээн өргөмжилдөг биз. Өөрөөр хэлбэл, “эротик, аймшиг, утга учиргүй”-н (Eroticism, qrotesque, and nonsense) эцэг гэсэн үг. Зохиолуудынх нь баатрууд эцэж цуцашгүй нягт нямбай, тэгсэн хэрнээ манай ертөнцийн бус этгээд, дүрслэлүүд нь хэтэрхий бодит гэмээр, үйл явдал нь далд нуугдмал байхыг хүссэн хэрнээ уншигчийг улам гүн рүү дагуулан ордог, эмэгтэйчүүд нь хааяа хэт сул дорой, эсвэл өөртөө баймааргүй харгис хэрцгий зан авиртай, бас секслэг байдлын тунг тааруулахаа ч мартахгүй. Рампогийн баатар, мөрдөн байцаагч Когоро Акэтиг Конан Дойлын Шерлок Холмстой жишсэн тохиолдолтой өмнө нь олонтаа таарч байв. Сөрөг дүрүүд гэмт үйлдлээ маш өндөр түвшинд бодож боловсруулдаг ч Акэти тэднээс ч илүү сэргэг, эцэж цуцашгүй япон чанарыг агуулсан баатар гэдэг.

Орчуулагчийн өгүүлснээр түүний зохиолд дараах гурван онцлог бий. Нэгдүгээрт, Рампо уншигчийг эхний өгүүлбэрээсээ эхлэн урхидаад, байж боломжгүй орчинд аваачдаг. Хоёрдугаарт, тэгэх зуураа ургуулан бодох, төсөөлөх боломжийг байнга өгдөг. Гуравт, эдгээрийг нэгтгэсэн түүний япон чанар.

Орчуулагч номынхоо хавтсан дээр түүнийг “титэмгүй хаан” хэмээн цоллосон нь юун түрүүнд миний анхаарлыг татав. Титэм нь магадгүй Рюнеско Акутагава, Ясунари Кавабата, Мишима Юкиа, орчин үед бол Харүки Муракамигийн тэргүүнд заларч буй биз. Харин тэр титэмгүй ч хаан л баймаар эр санжээ.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.