АНИР ГҮМ ДЭХ ЦУУРАЙ

Томоохон уурхайн буурь сахиж үлдсэн бяцхан суурингийн эмнэлэгт би эхээс мэндэлсэн. Том улаан моторын дуу суурин даяар цуурайтаж, ердөө л тавхан цагийн хугацаатай цахилгаан түгэхэд бид бараг л “гэрлийн хурд”-аар зурагттай айл руу чавхдуулдаг байв. Бахим биетэй эрсийн тулаан, сонгодог загварын машин хоёроор үзэгчдийг уядаг ерээд оны боёвик кинонууд хүүхэд насны минь дурсамжид томоохон орон зай эзэлдэг. Ингэж л би кино хэмээх асар хүчтэй урлагтай анх нүүр тулсан юм.

Найруулагч С.Бямба. Түүний нэрийг дэлхийн хэмжээний кино наадмын тайзнаас сонсож болох бөгөөд хамгийн сүүлд Каннын кино наадмын “Le Atelier” хэсгээс харсан. “Хэвтрийн хүн” кино төслөө Каннд танилцуулаад Баатар хотдоо буцаж ирсний дараахан түүнээс ярилцлага авах хүсэлтээ хэлсэн юм. Кино урлагийн мөн чанар, дэлхийн кино урлагийн хандлага, найруулагчийн ажиллагаа, урлагийн карьерынх нь талаарх энэхүү ярилцлага кино урлаг хэмээх асар хүчтэй ертөнцтэй хамгийн ойроос нүүр тулсан хоёр дахь тохиолдол байлаа.

Уртнасангийн Бямбаням:

-Таниас өмнө нь нэг сэтгүүлч ВГИК-ээс (С.А.Герасимовын нэрэмжит Бүх Оросын кино урлагийн институт) юу сурсан тухай тань асуусан байсан. Тэгэхээр энэ асуулт хэдийн амьгүй болчихож. Харин Монголын кино урлагийн алтан үеийнхэн гэгддэг хүмүүсээс юу сурсан бэ? Та Жигжид, Сумхүү гээд түрүү үеийн уран бүтээлчидтэй ажиллаж байсан, одоо ид бүтээлээ туурвиж яваа цөөн хүний нэг шүү дээ.

Сахьяагийн Бямба:

Энд нэг зүйлийг хамгийн түрүүнд хэлэх хэрэгтэй. Би кино үйлдвэрт туслах зураглаачаар ажиллаж байсан болохоор найруулагч нартай өдөр тутам тулж ажилладаггүй байсан. Зураглаач нартай л ажиллана. Тийм болохоор найруулагчдын арга барилыг детальчлаад ярьж чадахгүй л дээ. Гэхдээ кинон дээр томилогдоод ажиллаж байгаа үед, гурван сарын хугацаанд ямар ч найруулагчийн хажууд, ялангуяа зураг авалтын үеэр яаж ажиллаж байгааг нь хөндлөнгөөс харна л даа. Тэгэхээр тэдний кино хийх үйл явцыг бүгдийг нь харсан, тэр нь ч миний амьдралд таарсан том аз гэж боддог. Эргээд харахад Монголын киноны ахмад, дунд үеийн бараг бүх найруулагч амьд сэрүүн, уран бүтээлээ хийж байсан үе таарч дээ. Д.Жигжид, Р.Доржпалам, Б.Сумхүү, Ж.Бунтар, Б.Балжинням, Х.Дамдин, Ж. Сэлэнгэсүрэн, амьд сэрүүн байгаа И.Нямгаваа, Г. Жигжидсүрэн гуай гээд бүгд л уран бүтээлээ ид туурвиж байсан үе.

“Хүсэл Шунал” баримтат киноноос болсон уу, хүмүүс намайг Жигжид гуайн кинон дээр ажиллаж байсан гэж боддог байх. Дээр дурьдсан найруулагч нарын хийсэн цөөнгүй киноны зураг авалтад оролцон, багт нь ажиллаж байсан хэрнээ ганцхан Жигжид гуайтай зураг авалтын талбай дээр хамт байж үзээгүй. Харамсалтай санагддаг.

Ихэнхдээ ерөнхий зураглаач өөрийнхөө итгэдэг, хамт ажиллаад сурчихсан туслахаа л уран сайхны кинонд авч явахыг хүсдэг. Тэгэхээр ерөнхий зураглаач ямар найруулагчтай ажиллана, тэр л найруулагчийн хийж байгаа кинонд туслахаар явна гэсэн үг л дээ. Миний хувьд зураглаач Маш ахын туслахаар олон жил ажилласан. Ер нь бол угаасаа дүрэм журамтай, чи тэр кинонд ажиллах болсон шүү гэж тушаал гараад л болоо. Сонирхуулахад, төрийн шагналт зураглаач Уртнасан гуай хоёулаа хамт кинонд явна шүү гэж их ярьдаг байлаа. Гэтэл бас л туслахаар нь кинонд хамт явах тохиолдол гараагүй. Гэхдээ харьцангуй ойр, дотно харьцаатай байсан л даа.

Кино үйлдвэрт туслах байсан долоон жилийг эргэн санахад хамгийн олон удаа кинонд нь ажиллаж таарсан нь Б. Сумхүү, Ж. Бунтар гуай хоёр. Бунтар гуайтай ойр дотнын харьцаатай байж үзээгүй, ажил хэргийн л харилцаатай байлаа. Харин Сумхүү гуайтай маш ойр байсан. Яагаад тэр хүн өөрийнхөө биш зураглаачийн туслах залуутай ойр байсныг одоо хүртэл гайхдаг. Магадгүй оросоор ярьдаг, тэр үеийн туслахуудын хажууд арай илүү юм уншсан байсан нь нөлөөлсөн байх.

Кино үйлдвэрт ажиллаж байсан, эсвэл дотоодын киноны сургууль төгссөн зарим хүмүүс тэр цаг үеийн тухай жаахан үлгэр домгийн юм яриад байх шиг… Миний л анзаарснаар тэд нэг их урлах эрдэм, айхтар нарийн ширийн юм зааж сургадаггүй байсан. Тэр хүмүүс ажил бүтээлээрээ, амьдралаараа үлгэрлэн харуулж байсан хэрэг. Харин дараа үеийнхнээс мэргэжилдээ чин сэтгэлээсээ дур сонирхолтой, авьяастай, авхаалжтай нь өөрийнхөө олж авах, сурч мэдэх зүйлээ аваад л явдаг байсан болов уу.

Намайг кино үйлдвэрт ажиллаж байхад тэд хэдийнээ нас тогтож, буурь заасан байж дээ. Тэгэхээр тэдний үзэж туулсан амьдралын туршлага, хүн чанар, ноён нуруу нь одоогийн залуу кино найруулагч нартай харьцуулахааргүй хүчтэй байсан хэрэг. Ер нь уран бүтээлчид ур чадвар заахаас илүү хүн болж төлөвшихөд нь туслах хэрэгтэй юм болов уу. Би хувьдаа тэр хүмүүсээс хүн болохыг, амьдралын их сургуулиас юуг суралцах ёстойг ухаарч авсан гэж боддог. Энд бас олон жилийн турш туслахаар нь ажилласан Маш ахыг ахин онцлон дурьдмаар байна.

У.Б: Тэдний ажиллах арга барил одоогийнхоос хэр ялгаатай байсан бэ?

С.Б: Кинонд ч бай, бусад салбарт ч бай, ашиглаж байгаа техник технологи өөрчлөгдөхөөр дагаад арга барил өөрчлөгдөж эхэлдэг. Тэгэхээр текникийн шинжтэй зарим ялгаа бий л байх. Жишээ нь, одоогийн найруулагчид, би ч ялгаагүй, монитор ширтээд суудаг, гэтэл тэр үеийн найруулагчид зургийн талбай дээр жүжигчнээ дэргэдээс нь харж, хянаж ажилладаг байлаа шүү дээ. Энд давуу тал ч байгаа, сул тал ч байгаа.

Тухайн үеийнхээс эрс өөрчлөгдсөн гэвэл хослол зураг, тусгай эффект л байх. Жүжигчинтэй ажиллах, зураг авах, авсан дүрсээ эвлүүлэх зэрэг үндсэн ажиллагааны хувьд онцгой ялгааг олж харахгүй л байна.

У.Б: Зохиолчид янз бүрээр л зөвлөдөг. Зохиолч болохын тулд сайныг ч, саарыг ч унш, эсвэл өөртөө таалагддагаа л унш гэдэг ч юм уу. Харин сайн найруулагч байхын тулд яах хэрэгтэй вэ? Та нэг ярилцлагадаа ВКИГ-д байхдаа 300 орчим кино үзсэн гэж ярьсан санагдана.

С.Б: Уран бүтээл хийх тусгай жор байхгүй гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. Хоёрдугаарт, тэр 300 киног ВКИГ-д орохоосоо өмнө үзсэн. Киноны сургуульд ороод бас л тиймэрхүү хэмжээний юм үзсэн байх. Өмнө нь үзсэн 300 бол олон нийтэд үзүүлдэг нийтлэг бүтээлүүд. Энэтхэгийн дуулдаг, бүждэг мелодрамаас эхлээд инээдмийн, адал явдлын гээд кино театруудаар гарч байгаа бүх л киног алгасалгүй үздэг байлаа. Эрхүүд математикаар сурч байхдаа хичээлдээ явахын оронд кино гаргадаг газар бүхнээр хэссээр 300 орчим кино үзчихсэн хэрэг л дээ. Заримыг нь дахин дахин үзсэн нь ч бий. Тийм кинонуудыг ч үзэх л хэрэгтэй гэж боддог. Урлагийн сургуульд орохоор чиний өмнө хүмүүс юу хийсэн, тэр хүмүүс ямар алдаа гаргасан, ямар амжилт олсон гэдгийг тодорхой дэс дараа, эмх цэгцтэйгээр хэлээд өгчихнө. Тэгээд л болоо. Хүмүүсийн бүтээсэн туршлагыг л чамд дамжуулж өгч байгаа хэрэг. Чи өөрөө авъяастай, мэдрэмжтэй бол өөрийнхөө арга замыг олж авна. Энэ харин насан туршийн үйл явц. Тэгэхээр жор байх боломжгүй. Гол нь уншиж, сонсож, үзэх ёстой болов уу. Гэхдээ гол нууц нь хэзээ юуг үзэж, хэзээ нь юуг үзэхгүй байх ёстойгоо сайн мэдэж, мэдэрч байгууштай…Үргэлж нэг загварын кино үзээд байвал чи хайрцагт орчихож мэднэ. Өнөөдөр нэг төрлийн кино үзэж байгаа бол маргааш арай өөрийг үзэхэд гэмгүй. Одоо хийж байгаа ажилтай чинь ямар кино холбогдож байгааг хүртэл шүүж үзэх хэрэг гарна. Хийх гэж байгаа кинотой чинь холбоотой ямархуу бүтээлүүд өмнө нь гарч вэ гэдгийг сонирхдоггүй найруулагч бараг л байхгүй байх. Яагаад ч юм зарим нь үүнийг ярих дургүй байдаг. Гэхдээ миний мэддэг найруулагчид л лав дээрх зарчмаар л ажиллаж байдаг. Энэ бол нэг их айгаад, ичээд эсвэл нуугаад байхаар зүйл биш, ажлын нэг л хэсэг.

У.Б: Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” романыг кино болгох гэж байгаа гэсэн. Яагаад заавал энэ зохиолыг нь сонгосон бэ? Надад бол “Шүгдэн” ч юм уу, “Бөөгийн домог” гээд сүүл үеийн романуудыг нь кино болговол зүгээр юм шиг санагддаг.

С.Б: “Шүгдэн”, “Бөөгийн домог”-оос хэд дахин нимгэн учраас л. (инээв)

Энэ зохиол анх гарсан цаг хугацааг санах хэрэгтэй. 2002 онд Аюурын анхны хүүрнэл зохиолын түүвэр гарсан. Энэ ном Монголын орчин үеийн уран зохиолд гарсан асар том үзэгдэл гэж би хувьдаа үздэг. Би тэр үед нэлээд урт хугацаагаар Герман явах гэж байлаа. Тэгэхэд ном нь гараад Аюур надад авчирч өгсөн юм. Шууд тэр дор нь уншсан, надад маш хүчтэй сэтгэгдэл төрсөн л дөө. Анх удаа л монгол хэлээр, монгол зохиолчийн бичсэн цаг үетэйгээ, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлсэн зохиол уншлаа гэхээс хачин сайхан. Тэр дороо л “Хэвтэрийн хүн”-ээр кино хийх хүсэл оргилж, Аюур руу шууд утасдаад кино хийе гээд хэлчихсэн. Аюур ч “Өө тийм үү” гээд л тэр яриа өндөрлөсөн юм.

Уг нь Германд баримтат киногоо дуусгачихаад, нэг зохиол дээр ажиллана гэсэн төлөвлөгөөтэй очсон юм. Тэгээд л баримтат киногоо дуусгаж авмагцаа , нөгөө зохиолоо хойш нь тавиад “Хэвтрийн хүн”-ий анхны хувилбар, ерөнхий бүтцийг гаргаж байлаа. Гэхдээ цаг хугацаа, боломж аль, аль нь нэг л болж өгдөггүй. Угаасаа би найруулагчаар төгссөн, найруулагчийн ажил дагнан хийдэг хүн биш шүү дээ. Зураглаачийнхаа ажлыг хийнэ, хажуугаар нь амьдралаа залгуулах гэж янз бүрийн ажил хийнэ. Тэгж явсаар, эхлээд “Алсын удирдлага”-ыг хийж орхисон. Ингэж, тэгсээр одоо л тохироо нь бүрдэж байгаа юм байлгүй, эхэлж байна даа.

Хамгийн сонирхолтой нь ердөө л нэг гэр бүлийг тойрсон үйл явдалтай, товчхон, бэсрэг маягийн зохиол юм шиг мөртлөө цаг хугацаа өнгөрөх тусам “Хэвтрийн хүн”-ий тухайн үед хөндсөн сэдэв улам л хурц болоод байх шиг. Ямар ч болов миний хувьд.

У.Б: “Хэвтрийн хүн”-ийг зохиолч өөрөө оп роман гэж тодорхойлсон. Оп арт шиг уншигчийн харж буй өнцөг бүрээс өөрөөр уншигддаг зохиол юм уу даа. Шугаман өгүүлэмжгүй, уламжлалт бүтцээс өөрөөр бичигдсэн, олон гол дүртэй, хааяа бүр гол дүргүй ч юм шиг. Ийм зохиолоор кино хийхэд бэрхшээлтэй тал юу байна вэ?

С.Б: Аюур өөрөө оп роман гэж тодорхойлсныг мэдэхгүй юм. Харин миний санаж байгаагаар “Дурлалгүй ертөнцийн блюз…” номынхоо эхний хэдэн өгүүллэгийг нийтэд нь мета роман гэж өөрөө тодорхойлсон байдаг. Би үүнд нь онцгой ач холбогдол өгөлгүй уншиж дуусчихаад бүүр сүүлд, дараагийн романуудад нь урьдах өгүүллэгийн баатрууд нь орж ирэхэд л, энэ мета гэдэг угтвар үгийг эргэн харсан. Урлагийн хувьд мета гэсэн угтвар хэрэглээд ирэхээрээ өмнө, хойно эсвэл завсрын, үгүй бол өөрөө өөрийнхөө тусгал нь болж байх үед, жишээлбэл, зохиолын тухай зохиол, киноны тухай кино байвал мета зохиол ч юм уу, мета кино гэж хэлдэг юм шиг байна л даа. Ингэхээр “Хэвтрийн хүн”-ийг нэг талаасаа зохиолын тухай зохиол гэж болохоор.

Харин зохиолыг анх унших үедээ метафизик, гүн ухааны талаас л энэ үгийг бодож байсан байх. Сонгодог гүн ухаан хэдэн гол асуултад хариулт өгөхийг оролддог. Эхлэлийн эхлэл юу вэ, бүх юмны эхлэл хаана байна вэ, учир шалтгааны учир шалтгаан юу вэ гэх мэт асуултууд. Миний хувьд энэ роман бас л эдгээр асуултуудыг та биднээс асуусан санагддаг.

Чиний дээр хэлсэн үнэн л дээ. Олон баатартай, үйл явдлууд нь салангид, шугаман бус бүтэцтэй гээд постмодерн арга хэлбэр яаж явдаг, тэр л зарчмаар бичигдсэн зохиол. Дээр нь зохиолчийн өөрийнх нь тайлбар, эшлэлүүд бий. Энэ бүхнийг кино руу хувиргахад амархан биш л дээ. Дээр нь орчин үеийн киноны чиг хандлага иймэрхүү төвөгтэй бүтцээс зайлсхийсэн, маш товч бөгөөд тодорхой, бүх л талаараа минимал байхыг эрхэмлэж байна. Би индепендент, артхаус киноны тухай ярьж байна л даа. Энэ нь зарим талаараа надад харамсалтай санагддаг. Кино өөрөө баялаг урлаг. Киног урлаг хэмээн хүлээн зөвшөөрч л байгаа бол хэлийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Урлагийн бусад төрлөөс ялгагдах хэлээ бүтээж чадаагүй бол кино бие даасан урлагийн салбар болон хөгжиж чадахгүй л байсан. Цаг хугацаан дундуур чөлөөтэй аялан, олон янзын баатар, хэрэн сүлжилдсэн хачин жигтэй үйл явдуудыг яг л бодит амьдрал мэт хүүрнэх боломжийг киноны хэл бидэнд олгодог.Гэтэл зөвхөн үзэгчдэд ойлгомжтой байлгахын тулд үүнийг хүчээр хялбаршуулаад байх нь надад таатай санагддаггүй. Энэ утгаараа орчин үеийн индепендент, артхаус гэж нэрлээд байгаа зарим кино уйтгартай, нэгэн хэвшмэл загварт баригдах маягтай, өөрийнхөө хэлийг өөрсдөө явцуу болгоод ч байгаа юм шиг…

Угаасаа би олонхын жишгээр явах дуртай хүн биш. Тийм ч учраас зүгээр шугаман бичлэгтэй зохиол барьж аваад, үйл явдлаа хөөхөөс илүүтэй “Хэвтрийн хүн” шиг зохиолыг барьж авах нь надад сонирхолтой. Уран зохиол, кино хоёр тэс өөр салбарууд. Ямар ч зохиол бай, түүнийг кино руу хөрвүүлэх л шаардлага гарна. Тэгэхээр кино зохиол бичдэгээрээ бичигдэх л болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл би кино хийх болгондоо хийдэг тэр ажлуудынхаа нэгийг хийж байгаа болохоор бүүр онцгой төвөгтэй санагдахгүй л байна.

Харин яг өнөөдрийн хувьд миний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа зүйл нь жүжигчид. Иймэрхүү сэтгэлзүйн хувирал ихтэй, монголчуудын дунд хэвшсэн эр эмийн харилцаа, эцэг хүүхдийн харилцааны ойлголтыг нэлээд өөр өнцгөөр харуулсан хэсгүүдийг үнэмшилтэйгээр аваад явах, бас хүний амьдралын урт удаан хугацааг харуулж байгаа учраас түүнд тохирох жүжигчнийг олох л чухал байна даа.

У.Б:Хэвтрийн хүн” төсөл Каннын кино наадмын Le Atelier хэсэгт шалгарсан. Le Atelier хэсэгт ямар бүтээлүүд, ямар зорилготой өрсөлддөг юм бэ?

С.Б: Том фестивалиуд сүүлийн үед иймэрхүү хэсэгтэй болоод байгаа л даа. Үүнийг ко-продакшн маркет гэж ч нэрлэдэг. Товчхон хэлбэл, кино бүтээгчдийг өөрсдийн төслөө ко-продюссер, хөрөнгө оруулагч, кино зарж борлуулагч нарт танилцуулан, тэдэнтэй ганцаарчилсан уулзалт хийх боломжоор хангаж өгөх зорилготой. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч, борлуулагч талд тухайн фестиваль хамгийн сонирхолтой бөгөөд найдлагатай төслийг сонгон шалгаруулаад, санал болгож байна гэсэн үг. Иймд тэдний зүгээс шалгарсан төсөлд хандах хандлага, сонирхол эрс нэмэгдэж, төслүүдийн хэрэгжих боломж нэмэгддэг. “Le Atelier”-ийн хувьд эхний, эсвэл хоёр дахь киногоо хийж байгаа, ирээдүйтэй гэж үзсэн найруулагчдын төслөөс 15-ыг сонгон кино үйлдвэрлэлийн гол тоглогчидтой уулзалт товлож өгдөг. Тэгэхээр чи тэдний араас хөөцөлдөх шаардлагагүй, 9 хоногийн турш товлосон цагийнхаа дагуу тэд өөрсдөө хүрч ирээд чамтай уулзаж, төсөлтэй чинь танилцдаг. Иймээс энэ тун сайхан боломж л доо. Өөрийнхөө киног хийх хөрөнгө босгох, ажлаа эхлүүлэх том боломж. Хийчихсэн киног эсвэл кино зохиолыг хооронд нь уралдуулаад байгаа юм биш.

У.Б: Кино хийх юмсан гэх зохиолтой хэр олон учирсан бэ? Мэдээж “Хэвтрийн хүн”-ийг эс тооцвол?

С.Б: Монгол зохиолчдоос бол Аюурын зохиолуудаас өөр тохиолдол санагдахгүй байна. Гаднын зохиолууд уншаад мөрөөдөж явсан юм бий. Жишээлбэл, М.Булгаковын “Мастер Маргарита”-гаар кино хийхсэн гэж мөрөөддөг байлаа, залуу байхдаа. Ерөөсөө гайхалтай синематик зохиол санагддаг. Бас энэ зохиолоор хийсэн кино болгон яагаад ч юм олигтой болдоггүй нь гайхалтай. Янз бүрийн цаг үед хийсэн, хийхийг оролдсон найруулагч цөөнгүй. Тэдний дунд Анджей Вайдай, Эльдар Рязанов, Элим Климов нарыг дурьдаж болно, нэг нь ч амжилттай болоогүй эсвэл ерөөсөө бүтээгүй, мөрөөдөл хэвээр хоцорсон. Ад чөтгөрийн оролцоо, далдын хар хүчний тухай элдэв үлгэр домог яригддаг болоод ч тэр үү, одоо хэр заримдаа миний хорхой гозолзох шиг болдог.

Бас Германы зохиолч Патрик Зюскиндын “Парфюмер”-ыг уншчихаад кино хийхсэн гэж бодсон юм байна. Энэ зохиолд үнэрийн тухай, хүний нүдэнд үзэгдэж харагдахгүй тэр зүйлийн тухай их гардаг, тэгээд ч зохиол нь аятайхан бичигдсэн болохоор л мөрөөдөхгүй юу. Уг зохиолоор Том Тиквэр кино хийсэн л дээ. Миний бодлоор, энэ харин тун дажгүй кино болсон. Ялангуяа уран зохиолыг кино болгон амжилттай хөрвүүлсөн тохиолдол цөөхөн байдаг шүү дээ. Кино хийхсэн гэж хорхойтож явсан зохиол чинь кино болчихоор өөрийн эрхгүй л сонирхдог юм байна лээ. Гэхдээ “Парфюмер” киног үзсэнийхээ дараа би “За даа, Том Тикверээс яагаад ч илүү гарч хийж чадахгүй байж дээ” гээд л яг хийх гэж байсан хүн шиг бодож билээ. Бас “Тагтаа”-гийнхны орчуулсан Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман байна. Бас л кино хийхсэн гэж бодогдож байлаа. Энэ зохиолоор Филип Кауфманы хийсэн кино бас л таалагддаггүй. Ялгаатай нь, хэрэв би хийсэн бол үүнээс хамаагүй илүү хийх байсан даа гэж өөрийгөө худлаа хөөргөдөг. Эдгээр зохиолууд үнэхээр л гайхамшигтай төсөөллүүдийг урин залах шидтэй бүтээлүүд байсан учраас л ганцхан би ч биш, олон найруулагч нар сонирхож, кино хийсэн байх л даа.

У.Б: Буцаад таны оюутан үе рүү очъё. Олон жилийн хүч хөдөлмөрөө орхиод шинэ зорилго руу, кино урлаг руу явахдаа 28-тай байж. Энэ асуултыг бичиж суухдаа надад нэг жил үлдээд байна шүү гэж дотроо бодсон. Энэ үнэхээр хүсэл мөрөөдлөө дагасан хэрэг байв уу, эсвэл өөрийнхөө авьяас, нөөц боломжийг огт өөр салбарт сориод үзэх гэсэн тэрслүү бодол байв уу?

С.Б: Хүсэл мөрөөдөл л байсан хэрэг. Тэрнээс тэрсэлдээд байх ч юм байсангүй. Манай гэр бүлийнхэн надад өөрийнхөөрөө байх эрх чөлөөг хангалттай өгдөг байсан учраас хэнтэй, юутай ч тэрсэлдэхэв дээ. Гадаадад сургуульд сурч байгаад хаячихаад, дахиад гадаадад сургуульд явна гэдэг тэр цаг үед тийм ч амархан сонголт биш гэдгийг би ч, манай гэрийхэн ч бүгд л мэдэж байсан. Бараг боломжгүй л зүйл. Тэгэхээр ямар нэгэн итгэл үнэмшил байж л дээ.

У.Б: Б.Лхагвасүрэн гуайн анхны ном нь 38-тайд нь гарсан гэдэг. Цаг үеийн шалгуур нь тийм байж. Баримтат киног оруулахгүй бол таны найруулсан анхны уран сайхны кино бас л орой гарч. Энд ямар нэг туршлага, боловсролын асуудал байна уу, эсвэл ингээд таарчихав уу?

С.Б: Албаар хойш тавьсан зүйл огт байхгүй. Боломж нь таарч буй цаг хугацаа нь энэ. Аливаад өөрийн гэсэн зүй тогтол байдаг байх л даа, магадгүй хаа нэгтээгээс өгөгдсөн байж ч болох. Ганц нэг кино хийгээд байхаар хүмүүс намайг найруулагч гэж хараад байх шиг. Миний үндсэн мэргэжил зураглаач. Тэр мэргэжлийн чиглэлээр ажилласан, дараа нь сургуульд явсан, төгсөөд ирэхэд ажиллах газар, хийх ажил аль, аль нь байхгүй болчихсон байсан. Тийм, ийм шалтгаанаар л цаг хугацаа яваад л байсан даа.

У.Б: Мөнхийн бүтээлийн олон тайлбар, өнцөг байдаг. Поп юм уу, хэрэглээний урлаг бол тухайн нийгмийн шаардлагын дагуу бүтээд, шаардлагын дагуу хуучирдаг. Гэтэл хэзээ ч хуучрахгүй мөнхийн бүтээл гэсэн тодорхойлолт байна. Энэ хоёрын ялгаа юун оршдог вэ?

С.Б: Мөнхийн бүтээл гэдэг үг ч… Заримдаа том үгийг хэрэглэх нь үнэ цэнийг нь дээшлүүлэх биш унагаад байдаг тал бий. Аливаа сайн бүтээлийг харахаар тэрийг бүтээсэн хүний аугаа нь биш, бүтээлийнх нь аугаа л харагдаж байх ёстой байх. Нэг талаас уран бүтээлч, бүтээгч байна гэдгийг хаашаа ч эргүүлж, ямар ч зорилгоор ашиглаж болох “аюултай тоглоом”. Хэтрүүлээд ойлгочихвол, өөрийгөө бараг л бурхантай эн зэрэгцүүлэх гэж оролдоод л, хий мөрөөдөлд автах болно гэдгийг байнга санаж, болгоомжилж байгууштай. Өөрийнхөө оюун санаан дахь ертөнцийг бий болгож байгаа болохоор, би бүтээгч гэж хэлэх гээд л байна аа даа. Гэхдээ ийм эрх танд байгаа бил үү гэдгийг, хэрвээ эрхтэй бол түүнийг даах ёс суртахууны чадвартай бил үү гэдгээ хамгийн түрүүн өөрөөсөө асуух хэрэгтэй байх. Мөнхийн бүтээлийн тухай яриа дэгдмэгц суу билиг, авъяас, онгодын тухай яриад эхэлдэг. Ялангуяа монголчуудын дунд ийм яриа түгээмэл. Гэхдээ энэ тийм хүртээлтэй асуудал биш. Авъяас бол зүгээр л өгөгдөл. Чамд өгсөн тэр өгөгдлийн өр төлөөсийг хэрхэн гүйцэтгэсэн бэ, буцааж төлж чадсан уу гэдэг л бүтээлээс чинь харагдах ёстой. Төлж чадсан бол мөнхийн бүтээл төрж байгаа нь тэр. Харин тэгэлгүйгээр өөрийнхөө сэтгэлийн хөөрөл, амбицад захирагдаад тараагаад хаячихсан бол нэг өдрийн настай зүйл хийж дээ гэж л ойлгох хэрэгтэй болов уу.

У.Б: “Чамайг олон хүн мэдээд, таниад л байвал чи болохгүй тийшээгээ яваад байна” гэсэн нэг үг бий. Тэгэхээр урлагийн мөн чанар олон хүн мэддэгтээ биш, урлагийнхаа үнэ цэнийн хувьд өндөрт байхад л оршдог юм уу?

С.Б: Ямар нэг туйлшрал эргээд өөр нэг туйлшралыг үүсгэдэг. Жинхэнэ урлаг ер бусын байх ёстой, цөөн тооны хэдэн хүнд зориулагдсан байх ёстой гэх мэт бол бас л хэт өрөөсгөл ойлголт. Зүгээр л нөгөө тал нь хэтэрхий давамгайлаад байгаа учраас л ийм өнцөг, үзэл бодол гарч ирээд байгаа хэрэг. Угтаа урлаг хүнд л зориулагдаж хийгддэг. Би ч гэсэн өөрийгөө зөвхөн артхаус кино сонирхдог хэдхэн хүнд зориулж кино хийдэг гэж боддогүй. Магадгүй би гэнэн хүн байж болох. Гэхдээ л би хүнлэг сэтгэлтэй, ёс жудгаа мэддэг, наад захын ёс суртахууны хэм хэмжээтэй, бүтээлч, шинийг эрэлхийлэгч, өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлстэй хүмүүс цөөнгүй бий гэж итгэж, найдаж байгаа учраас л тэдэнд зориулж, тэдэнтэй бодсон санасанаа хуваалцах гэж л хийж байгаа шүү дээ. Хэдийгээр манай нийгмийн байдал янз бүр байгаа ч, хэзээ нэгэн цагт эрүүл саруул оюун ухаан, хүнлэг сайхан сэтгэлтэй хүмүүс олон болно гэсэн итгэлээр л хийхийг оролдож байгаа. Яг өнөөдрийн нөхцөлд ийм хүмүүс хэд байгааг тоолоод л, гаслаад л суугаад байлтай биш.

Ер нь урлагт ямар нэг ялгаа зааг тогтоогоод ирэх тусам мөн чанараа алддаг. Урлаг амьдрах арга хэлбэрийн чинь салшгүй нэг хэсэг байх ёстой, тэрнээс урлагийг нэг хиймэл зүйл байдаг мэтээр ойлгоод байвал хэлбийж л байна гэсэн үг.Балар эртний хүмүүс ан хийгээд махаа бараг түүхийгээр нь идээд сууж байхад хажууд нь нэг нөхөр хад сараачаад л, хачин дүрс зураад байж. Амьд үлдэхийн төлөөх тэмцэл дунд тэр хүн огт ашиггүй, хэрэггүй зүйл хийж байгаа мэт. Магадгүй омгийнхон нь ямар ч хэрэггүй юм хийлээ гээд түүнийг тасчин хаяхад ч бэлэн байсан биз. Гэтэл тэгсэнгүй, харин ч мянга, мянган жилийн турш бид зурсаар л байна. Тэгэхээр урлаг үеийн үед хүний амьдралын, оршихуйн хэрэгцээ байж гэсэн үг. Үмх махны төлөө үхэлдэж байсан тэр үед ч гэсэн. Миний бодлоор нийтэд зориулж юм хийж байгаа хүмүүс арай илүү уран бүтээлч харагдахын тулд өөрсдийнхөө хийж байгааг уран бүтээл хэмээн сурталчилдаг. Эсрэг талд нь “цөөнхөд” зориулж юм хийгээд байгаа хүмүүсийн дунд ч авъяас тааруухан нөхөд бий шүү дээ. Тэгээд л наад урлагийн тухай “том” яриа, маргаан дэгддэг. Харин хүчтэй, авъяастай, жинхэнэ уран бүтээлч зүгээр л өөрийнхөө хийх ёстойг л хийдэг. Хийсний дараах асуудал бол түүнд хүртээлгүй.

У.Б: Асуухгүй байж боломгүй нэг асуулт байна. Монголын кино урлаг хөгжихгүй байгаагийн шалтгаан нь мөнгөгүйтэй холбоотой гэсэн хүн олон бий. Үнэхээр сайн кино, мөнгө хоёр хэт хамааралтай юу?

С.Б: Ямар ч мөнгөгүйгээр кино хийхгүй нь мэдээж. Магадгүй зохиол бичихэд цаас, харандаа байхад л хангалттай байж мэдэх ч кинонд бол арай илүү зүйл хэрэгтэй болдог. Тэгээд л хүссэн, хүсээгүй мөнгөний тухай ярихад хүрдэг л дээ. Гэхдээ энэ бол бидний бүх л муу муухай, аль л бүтэхгүй болохгүй бүхэн Хятадуудаас болж байна гэдэгтэй л төстэй яриа юм уу даа. Үнэний ор бий л дээ. Гэхдээ л хамгийн гол, хамгийн гашуун үнэн нь бидэн дээр л бууна. Мөнгөгүй болоод л хөгжихгүй байна гэж хэлээд сууж байгаа хүн бүх зүйл мөнгөнөөс хамааралтай биш гэдгийг уг нь мэдэж л байгаа. Огт мөнгөгүй бол кино хийж чадахгүй гэдгийг ч бас л мэдэж байгаа. Хамгийн энгийн, хамгийн амархан бас бэлэн тайлбарыг хэлэхэд ч, сонсоход ч аятайхан л даа. Гэхдээ өвчнийг анаагах нь юу л бол.

Техник технологийн хөгжлийн энэ үед бидний ур чадвар, сэтгэлгээний асуудал мөнгөнөөс дутахааргүй чухал болж байгааг эхнээсээ анзаарч эхэлсэн болов уу гэж найдаж байна. Харамсалтай нь мөнгөний дутагдлаас гадна амархан замаар их мөнгө олж, баяжих гэсэн шунал нь Монголын киног мууртал нь багалзуурдаад авсныг тоохгүй л байх шиг.

У.Б: Монгол кинонд заавал Монголын гэсэн үнэр, эсвэл монголчуудад тулгараад байгаа асуудлыг хөндөх ёстой гэсэн нэг хайрцаглал бий болчихоод байх шиг. Та үүнтэй санал нийлэх үү. Эсвэл урлаг универсиал байх ёстой юу?

С.Б: Монголын үнэр байх ёстой нь мэдээж. Гэхдээ л туйлшрах хэрэггүй болов уу. Хар л даа. Чи Өмнөд Африкийн зохиолчийн номыг уншаад, би хаа байсан Герман, Чех зохиолчдын номоор кино хийхсэн гэж мөрөөддөг байснаа дурсан санаад л сууж байна. Тэгэхээр уг нь урлагт хил хязгаар үгүй, тэр хүмүүсийн бүтээл тив, улсыг алгасан бид хоёрын сэтгэл зүрхэнд хүрч байна аа даа. Хүн л бол хүн. Хар, шар, цагаан ямар ч байсан ялгаагүй. Хүний сэтгэл зүрхэнд хүрч чадахгүй бол хэчнээн эх оронч уриа лоозон, сүржин үгс, цоглог хөгжим, гялгар өнгө будаг, үндэстний өвөрмөц соёл, зан үйл, ахуйгаар тордоод, тордоод дэлхийн үзэгчдийг байлдан дагуулах нь юу л бол.

У.Б: Математикч болохоор бэлтгэж байсан чинь, олж авсан математикийн мэдлэг тань кино хийхэд тус болсон удаатай юу?

С.Б: Өдөр тутмын практик ажил дээр тус болно ч гэж юу байх вэ дээ. Гэхдээ математик урлаг хоёрт ойр зүйл бий. Математикт хийсвэрлэн сэтгэх ба логик сэтгэлгээ аль аль нь чухал байдаг. Энэ чадварууд кино хийхэд ч хэрэг болдог. Найруулагч кинондоо гарч байгаа баатрууд болон бүх л үйл явдлуудын хэлхээ, хоорондох уялдаа холбоо, зохицол, логикийг байнга л хянаж, тооцож байх шаардлагатай болдог. Зургийн талбай дээр бол бүүр хурдан шийдвэр гаргах ёстой. Дээр нь аливааг цогцоор нь харах, нийтлэг хийгээд онцгой байдлыг тодорхойлоход ч математикт суралцаж байсны эерэг үр нөлөө байгаа л гэж боддог.

У.Б: Найруулагч С.Бямбын нэрлэж буй 10 кино гэсэн лист байна лээ. Ихэвчлэн Тарковский, Феллини, Антониони мэтийн сонгодог найруулагчид байсан. Энэ листэд ороогүй орчин үеийн найруулагчдаас та хэнийг үнэлж, үздэг вэ?

С.Б: Сонгодог найруулагч гэхээр сонгодог кино хийдэг хүмүүс гэсэн үг биш л дээ. Ерөнхийдөө зохиогчийн кино хийдэг найруулагчид. Артхаус гэдэг нэр томьёонд би нэг их дуртай биш түүнээс илүү зохиогчийн кино гэж хэлэх нь сэтгэлд ойр байдаг. Энэ чиглэлийн кино найруулагч нар өөрийнхөө санааг аль болох тодоор илэрхийлэхийг эрмэлздэг болохоор зохиогчийн гэж хэлэх нь оновчтой юм шиг санагддаг. Зуугаадхан жилийн түүхтэй, маш залуу кино урлаг асар богино хугацаанд өөрийнхөө хэлийг бий болгож. 1950–90 онд туурвиж байсан найруулагч нарын дунд тэр л хэлийг бүтээхэд хүчтэй нөлөөлсөн хүмүүс цөөнгүй болохоор л би тэднийг үзэгчийн хувиар их үнэлдэг болов уу.

Харин одоо технологи өөрчлөгдөж байгаа учраас маш олон залуу найруулагч түрэн гарч ирж байна. Тоолохын аргагүй олон кино хийгдэж байна. Бүтээлийн чансааг цаг хугацаа л харуулах байх даа. Ухаа нь, Гаспар Ноэгийн эхний хоёр кино надад маш их таалагдсан, гэтэл гурав дахь кино нь харамсал төрүүлж байх мэт. Харин Андрей Звягинцевийн кинонуудыг үзээд тэгтлээ их гонсойж байсангүй. Сергей Сигарев гээд Оросын найруулагч бий. Маш хүчтэй, залуухан найруулагч. Нэртэй том найруулагчдаас Алехандро Гонсалес Иньярриту, Стивен Долдрей, Асхар Фархади, Ларс вон Триер нарыг бас яг одоо “Алтан Хальс” кино наадамд уригдан ирээд байгаа Фатих Акиныг дурьдаж болно. Түүний сүүлчийн киног нь сая Канн дээр үзсэн, маш таалагдсан. Залуухан найруулагч Нана Эквтимишвили гээд гүрж эмэгтэй бий. Түүний “In Bloom” кино нь Улаанбаатар ОУКН-аар гарч байсан даа. Саяхан түүний “My Happy Family” киног Софид үзсэн юм. Маш сайн болсон байсан. Анхны киноноосоо дараагийн кино руугаа хийсэн үсрэлт нь үнэхээр гайхмаар сайн. Гэх мэтчилэн маш олон найруулагчид байна л даа.

У.Б: Би танай Гүрү медиагийн хуудсыг дагадаг. Тэндээс харахад та ихэнх цагийг хилийн чанадад өнгөрүүлдэг юм шиг санагдсан. Жилийн хэдэн хувийг хилийн чанадад өнгөрүүлдэг вэ?

С.Б: Тэр хуудсыг саяхан л ажлын шаардлагаар нээсэн. Тиймээс яг гадаадад удаан хугацаагаар явсан цаг үе нь таарчихаж л дээ. Ажлын шаардлагаар хааяа явахаас амарч зугаалах боломж бас сонирхол байхгүй. Зарим жил олон, зарим үед цөөн явдаг, товчоор ажлаас л хамаардаг .

У.Б: Танай гэр бүлийн хүн “Алсын удирдлага” кинонд продюсерээр ажилласан байхаа. Нэг бүлийн улс хамтарч ажиллахад ямар онцлогтой вэ?

С.Б: Гэр бүлийн амьдрал хайраас гадна итгэлцэл дээр тогтдог. Хоёр биендээ бат итгэдэг хүмүүс хамт ажиллахаар нэг л асуудал гарч ирдэг. Бие биедээ итгэж байгаа учраас өөр хүнд гаргахгүй зөвхөн өөртөө л гаргадаг ямар нэг ааш, зан авираа нөгөөдөө гаргачих гээд байдаг. Энэ нь зарим үед дэмий байх тохиолдол ч бий. Өөрөөр хэлбэл, энэ хүн л намайг ямагт ойлгоно гэсэн нэг тийм автоматизм хүнд суучихдаг бололтой. Тэгэхээр юм хийгээд улайрч байгаа үедээ зөвхөн хамтрагч төдийгүй гэр бүл, хань маань шүү гэдгийг өөртөө заримдаа сануулах ёстой болдог.

У.Б: Бүтээлч байдлаа өдөөх, манайхны ярьдгаар бол онгод оруулах ямар нэг үйлдэл хийдэг үү. Хийж буй зүйл чинь гацчихсан үед.

С.Б: Тийм юм бараг байдаггүй дээ. Нэг ажил эхэлчихээр янз бүрийн юманд сатаарах дургүй. Тэр тусмаа зохиол бичих, эвлүүлэг хийх үеэрээ бол олон хүнтэй харилцаад байхгүй дээ, зураг эхлэх үеэр тэртэй тэргүй олон хүнтэй ажиллах болдгоос хойш. Ер нь ажлын дундуур завсарлага авах дургүй. Учир нь кино цогцоороо бүрэн босож байж л гайгүй болдог. Сайхан хэсгүүд байлаа ч, нэг нь тааруу болчихвол кино шууд л муудаад эхэлдэг. Тэгэхээр аль болох бүтнээр нь харж, нягталж байх хэрэгтэй. Дундуур нь завсарлага авчихаар урдах юмаа заавал эргэж харах болоод,миний хувьд ажил олигтой урагшилж өгдөггүй. Тийм ч болохоор юм уу, хийнэ гэж бодсноо л дуусгахыг зорьдог. Дунд нь гацлаа ч, үргэлжлүүлсээр дуусгадаг. Ер нь учиргүй гацаад байдаггүй дээ. Хурдан, удаан л гэхээс гацаад таг болж байснаа огт санахгүй байна.

У.Б: Эцэст нь хэд хэдэн товч асуулт байна. Өөрийнхөө ямар зан чанарт хамгийн сэтгэл хангалуун, бас ямар зан чанарт хангалуун бус байдаг вэ?

С.Б: Өөрийнхөө итгэл үнэмшилд үнэнч байж чадсан. Харьцангуй туйлбартай, итгэлтэй хүн гэж боддог. Хүмүүсийн ая талыг олох, олон нийтэч байх тал дээр сул. Хүнтэй ажилладаг над шиг хүнд энэ нь гай болдог доо.

У.Б: Кино бүтээгчийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

С.Б: Ихэнхдээ шөнө ажиллана. Шөнийн 12 цагаас өглөөний тав, зургаа хүртэл суугаад, ажлаасаа хамаарч 11, 12 хүртэл унтдаг. Бага ч болов дасгал сургууль хийж, хөдлөхгүй бол баларч мэдэхийг өөрийн биеэр амссан болохоор үүнд тодорхой цаг гаргадаг. Тэгээд л цай ундаа уучихаад мэйлээ шалгах, хариу бичих зэрэг ойр зуурын юмаа хийдэг. Өдрийн цагаар хүмүүстэй уулзах, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой ажлаа амжуулдаг. Би нэг их гадуур шоудаад байдаг ч үгүй хүндээ, зожиг талдаа. (Инээв)

У.Б: С.Бямба кино урлагтай холбогдоогүй бол хэн байхсан бол оо?

С.Б: IT-тай холбоотой л ямар нэг юм хийх байсан байх. Шинэ технологи, IT надад үргэлж сонирхолтой байдаг.

У.Б: Энэ дэлхий дээр амьдарч байсан хэн нэгнээс асуулт асуух боломж гарвал хэнээс, юуны тухай асуух вэ?

С.Б: Хүн бүхний амьдрал, хувь тавилан өөр. Тэгэхээр өөрийнхөө тухай, амьдралынхаа утга учрын тухай чи өөрөө л хариулах хэрэгтэй болно байх. Хэн нэгэн чиний өмнөөс хариулт өгч чадах ч үгүй биз. Харин хэрвээ энэ дэлхий дээр бурхантай таарвал “Яагаад” гэж л асуух байх даа.

У.Б: Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?

С.Б: Нийтийн таашаалд нийцүүлэхээр юм хийе гэж хичээдэггүй болохоор шүүмжлэл бол байнга. Зүгээр л манайхан шууд хэлэх нь цөөн байж мэднэ. Гэхдээ би өөрөө өөртөө тун хатуу шүүмжлэлтэй хандаж чадна. Магадгүй ямар ч шүүмжлэгчээс дутахгүй байх шүү. Тэгэхээр шүүмжлэлд нэг их эмзэглээд байдаггүй. Зүгээр, сая бодохнээ “Алсын удирдлага” гарсны дараа нэг шүүмж гарахаар нь зөрүүлж юм бичснээс болоод хүмүүс энэ асуултыг тавьдаг болсон байж магадгүй. Өнөөдөр Монголд шүүмж судлал, ялангуяа кино шүүмжний орон зай хоосон л байна. Ийм тохиолдолд шүүмж нэрийн дор мэргэжлийн түвшний бус хоосон цэцэрхэл, гоё үгсийн цуглуулга гаргаад байвал хожмоо нөгөө кино боловсролыг нь дээшлүүлэх гээд байгаа үзэгчдэдээ хор хүргэх болно. Ийм л өнцгөөс шүүмжинд нь шүүмж маягийн зүйл бичсэн юм. Тэрнээс шүүмжинд эмзэг, дургүйдээ ч биш л дээ.

Show your support

Clapping shows how much you appreciated Byambanyam Urtnasan’s story.