БҮХНИЙГ ОРХИОД ЗУГТЪЯ!


[ЭСЭЭ]


Хүн бүхний мэддэг нэгэн домог ингэж эхэлдэг. Залуу Сидхарта нэг удаа ордноосоо гарчээ. Ердөө л ганц хэрмийн наана цаана хүний амьдрал ийм ялгаатай байж болдог оо хэмээн гайхширчээ. Тэгээд тэр өөрт буй бүхнээ орхиод гэгээрэлд хүрэхээр явав. Ингэж бидний мэддэг нэгэн бурхны дүр орчлонд үүсчээ.

Харамсалтай нь тэр гэгээрмэгцээ яагаад бүхнийг хүлцэн тэвч гэж сургасныг ерөөсөө ойлгодоггүй юм. Гол зөрчил эндээс л эхэлдэг. Уг нь тэр чи хэзээ ч, юуг ч орхиж чаддаг байх хэрэгтэй гэж сургах байж. Тэгсэнсэн бол бөглүү, түгжигдмэл, уйтгартай энэ хотыг, манан суусан нүд шиг гунигт тэнгэртэй нь орхиод, өөрийнхөө хүссэн зүгт зугтаж чадах байлаа. Даанч бурхан хүлцэн тэвчихийг сургасан учраас бүхнийг хүлцэн тэвчээд хэзээ ч хүсч байгаагүй амьдралдаа үлдэнэ.

Тэгээд нэгэн хэвийн давтагдмал үйлдлээ дэс дараалан гүйцэтгэнэ. Өглөөг хотын энгийн иргэний нэгэн адил угтана. Цалингаасаа хуримтлал үүсгэж авсан iPhone гар утаснаасаа фэйсбүүк хуудсандаа нэвтэрч, урьд шөнийн мэдээллийг шалгана. Ихэнхдээ үхэл аллага, улс төрийн уйтгартай хэрүүл, хэнд ч хэрэггүй хошин бичлэг, үлдсэн цөөхөн хэрэгтэй хэсгийг олж уншихын тулд эдгээрийг туулах шаардлагатай тулгарна.

Цагтай уралдан өглөөний цай уух нь бараг л авьяас шаардах ажил. Ингээд ажилдаа яаравчилна. Нийтийн тээврээр үйлчлүүлдэг энгийн иргэний хувьд цагийн хуваарийг яс барих ёстой. Утас, түрийвч гээд өөрт байгаа үнэт зүйлсээ энгэрийнхээ халаасанд чихээд, цүнхнийхээ цахилгааныг дахин нэгэнтээ шалгаад автобусанд орно. Тасалбар түгээгчтэй нүүр тулахаас зайлсхийж, аль болох холоос мөнгө өгөөд аятайхан байрлалд зогсоно. Жолоочийн тавьсан зохиолын дууг сонссоор унтахын даваан дээр автобус гэнэт тоормозлоод сэрээчихнэ.

Ажил дээрээ очоод хүмүүстэй мэндчилэх, ингэхдээ үл мэдэг инээмсэглэсэн байх хэрэгтэйг мартаж болохгүй. Ингээд өнөөх л зах хязгааргүй онлайн ертөнцөд нэвтэрнэ. Ингээд өөртөө огт хамааралгүй хүмүүсийн талаар, эсвэл хэн нэгний оруулсан алиа зурагны тухай, Барууны шоу одуудын гаж үйлдлийн талаар сонирхох зуураа 1.5 литрийн колаг, хажуу гуанзны дажгүй пирошкитай цааш харуулна. Үүнийхээ дараа дахиад сандалдаа шигдэн Тавантолгой, өрийн статистик мэдээ, Евро бүсийн хөдөлгөөн, Грекийн уналт, Засгийн газрын будлиан гээд амьдралд ямар ч нэмэргүй зүйлсийг нүдээ чилтэл гөлөрнө.

Үнэндээ эдгээрийн аль нь намайг аз жаргалтай байлгадгийг би мэддэггүй. Буддагийн айлдсан хүлцэн тэвчих ёсыг сахихдаа энэ бүхнээ аз жаргал, эсвэл амьдрал хэмээн эндүүрдэг ч байж мэднэ. Тиймээс л нийгэм гэсэн агуу том хүчний өчүүхэн жаахан хэсэг гэдэгтэйгээ эвлэрч, хүлцэнгүй доройтой нөхөрлөдөг биз. Гэвч энэ бүхнээс нэг л өдөр зугтана.

Сидхарта гэрээ орхисон шиг, Аллах мөнх хутгийг эрж хайсан шиг, эсвэл Христ илгээгдсэн шиг тийм сэрэл мэдрэмж, хүчийг олох болно. Тэр нь тийм ч бурханлаг байх албагүй. Хүсдэггүй бүхнээ хойноо үлдээж, хүсч байгаагаа юунд ч баригдалгүй хийхэд л хангалттай.

Бөглүү хотыг орхин хөдөөг зорьж, бүдүүлэг хадуулаг ч хуурамч зангүй хүмүүстэй нөхөрлөн, хүйтэн бороонд цохиулж, хээр хонож, байгаль намайг яах гэж төрүүлсэн, тэр төрөлх зангаараа амьдрахыг хүснэ.

Ухаантан байх хүсэл алга, уралдаж амьдардаг технологийн эриний өчүүхэн туршилт байх хүсэл бүр ч алга.

Нэг л өдөр бүхнийг орхиод зугтъя!

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.