ГУНИГ, ЦӨХРӨЛ ЭЦЭСЛЭХ 96 ДАХЬ МИНУТ

Byambanyam Urtnasan
Aug 9, 2017 · 5 min read

“Туяагийн хурим”, найруулагч Ван Чуанань

Ерээд оны дунд үеэс олон улсын кино наадмуудаар дамжин дэлхийд танигдсан хэсэг уран бүтээлчдийг Хятадын кино урлагийн зургадугаар үеийнхэн хэмээдэг. Тэдний дунд миний шимтэн үздэг хоёр ч найруулагч бий. Нэг нь 2007 онд Берлиний кино наадам дээр “Туяагийн хурим” киногоороо шинэ тэсрэлт хийсэн Ван Чуачан, нөгөө нь өөрийн үеийнхнийхээ “толгойлогч” хэмээн өргөмжлөгдсөн Жя Жанкэ.

Тэднийг баримтат хэв маягийн зураг авалтууд, Хятадын социалист суурьтай, капиталист маягийн нийгэм, эдийн засгийн хурдацтай өсөлт нь энгийн иргэд, цөөн тоот үндэстнүүд, хотын иргэдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж буй талаарх сэдвүүд холбодог гэхэд болно. Ван Чуачаныг Берлиний кино наадмаас “Алтан арслан” хүртсэн тэр жил кино шүүмжлэгчид “Туяагийн хурим” киног нь өмнө жил нь “Алтан арслан” атгасан Жя Жанкэгийн “Натюрморт”-той зүйрлүүлэн шуугиж байв. Хятадын зүүн хэсгийн Фэнжий муж дахь гурван хавцлын далан дээр босгож буй бүтээн байгуулалт жирийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг үзүүлсэн Жя Жанкэгийн бүтээл, цөөн тоот үндэсний уламжлалт соёл, эрхлэх аж ахуйд эдийн засгийн өсөлтийн хэрхэн нөлөөлж буйг харуулсан “Туяагийн хурим” кинонууд хийсэн арга барил, хөндсөн сэдэв, агуулгынхаа талаас төсөөтэй шинжүүд цөөнгүй. Нийгэм, улс төр, эдийн засаг гэсэн суурь хүчний нөлөөнд автагдан өөрийн оршихуйг үгүйсгэхэд хүрсэн хувь хүмүүсийг талаар өгүүлэх эдгээр бүтээлийг шүүмжлэгчид “хөрөг” хэмээн тодорхойлдог нь жирийн хүний амьдралаар Хятадын нийгмийг бүхэлд нь тольдох боломж олгодог найруулагчдын арга барилтай холбоотой. Тиймээс ч Ван Чуасаны “Туяагийн хурим” киноны талаарх энэхүү бичвэрээ “Гуниг, цөхрөл эцэслэх 96 дахь минут” гэж нэрлэсэн билээ.

“Хятадын умард нутагт мал адгуулан амьдрах Туяагийн өмнө бүхнийг орхиод хотод суурьших уу, эсвэл эрүүл саруул нөхөртэй болох уу гэсэн хэцүүхэн сонголт тулгарна. Өөрийнх нь нөхөр Баатар хэдэн жилийн өмнө осолд өртөн үргэлжийн суугаа болжээ. Хоёр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ малчин хүний өдөр тутмын хүнд ажилд ганцаар нухлагдах нь Туяагийн хувьд давахад бэрх учраас дахин нөхөрт гарахыг чухалчилна. Гэхдээ нэгэн чухаг болзолтойгоор. Зэрэмдэг нөхрийг нь өөрийн гэр бүлдээ багтаах хэн нэгэнтэй гэрлэхээр хатуу шийднэ. Энэ шалгуурт хамгийн тохирох хүн бол Сэнгээ. Эхнэртээ хаягдсан, хөрш залуугийн тусархаг зан Туяад ч таалагддаг. Яг энэ үеэр хотоос Туяагийн дунд сургуулийн найз Баолиер зочилж ирнэ. Одоо бол газрын тосны томоохон компанид эзэн суусан Баолиер Туяаг нөхрөө хот руу тохилог асрамжийн газар аваачиж өгөхийг ятгана. Гэвч Баолиерын санаа нь Туяаг нөхрөөс нь салгаж, өөрийн эрхшээлд оруулах байв. Нүдэн дээр нь өрнөж буй бүх зүйлийг үл тэсвэрлэсэн Баатар амиа хорлохоор завдан, Туяа ч Баолиерын далд санааг мэдсэний хожимд нутагтаа үлдэхээр шийднэ. Киноны төгсгөлд Туяа Сэнгээтэй хуримлах ажээ.”

Хятадын кино урлагийн зургадугаар үеийнхний дунд уламжлал болсон шахуу мэргэжлийн бус жүжигчид тоглуулдаг онцлогийг Ван Чуасан зөрчсөнгүй. Туяагийн дүрийг бүтээсэн Юй Нань-аас бусад нь мэргэжлийн бус жүжигчид байсан нь киноны баримтат мэт уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Дээр нь байгалийн эрс тэс уур амьсгал, бут сөөглөг цөлөрхөг нутаг, усны гачаал гээд эргэн тойрны хүндрэл бэрхшээл Туяагийн амьдралын жинхэнэ дүр төрхийг бүр ч нарийн тодруулсан гэж үздэг шүүмжлэгчид бий. Нөгөө талдаа бусдын ятгалга, байгалийн эсэргүүцэшгүй хүчтэй тулгарсан ч үргэлжлүүлэн тэмцэх Туяагийн дүр өөрсдийгөө эвдэхгүйн төлөөнөө орчин үеийн соёлын нөлөөлөлтэй тэмцсээр буй цөөн тоот үндэстнийг төлөөлнө.

Эдийн засгийн хурдацтай өсөлт, уул уурхайн салбарын хөгжлийн нөлөөллөөр Хятадын хойд талын бус нутаг цөлжиж, тэр чинээгээрээ Өвөрмонголчуудын уламжлалт соёл устах аюулд тулгарах үзэгдэл улам хурцдаж буй. Найруулагч Ван Чуасан “The Guardian” сонин өгсөн ярилцлагадаа “Хятадын эдийн засгийн хурдацтай хөгжлийн шууд нөлөөнд олон жил амьдарч буй ч Өвөрмонголчуудын соёл, байгаль орчин, жирийн ард түмний ахуй байсаар байна. Үүнийг үзүүлэхийг хичээсэн. Хэдийгээр улсын эдийн засаг өсч байгаа ч бид хариуд нь юу алдаж буйгаа бодох хэрэгтэй. Нэгэнт алдагдсан соёл уламжлалыг хэзээ эргүүлэн авчрах вэ. Эцэст нь эдгээр малчид хотыг л зорих болно шүү дээ” хэмээн дурдсаныг санахад илүүдэхгүй.

Туяагийн гуниг, цөхрөлийн хүрээнд өрнөх эдгээр үйл явдлууд Хятад болон цөөн тоот үндэстний харилцааг егөөдсөнийг үзэгчид анзаарахгүй өнгөрөх нь бий. Хэнийг ч түшихээ мэдэхгүй, асар зориг тэвчээрийн заагт амьдрах Туяа бидэнд Монгол, Япон, Хятад гэсэн гурван талт харилцааны дунд багагүй зовлонг туулсан Өвөрмонголчуудын түүхийг сануулна. 1940-өөд онд Өвөрмонголчууд Хятадын харьяанд орсноор Монгол тэдний хувьд хэзээ ч орхиж болохгүй хэрнээ бас хэзээ ч ивээлийг нь хүртэж үл чадах “нөхөр” нь болсон юм. Өвөрмонголчуудын зүгээс Монголын эзлэх байр суурийг кинонд Баатарын дүрээр төлөөлүүлснийг харж болно. Нөгөө талд нь шинэ түшиг тулгуур, итгэл найдвар хэрнээ асар их зөрчлийг дагуулсан “шинэ нөхөр” нь Хятад Улс байв. Өөрсдийгөө Хятад хүн, эсвэл Хятадын нэгэн хэсэг гэж мэдрэх нь нөхрөө орхиод өөр нэгнийг сонгохоос хэдэн хувь илүү бэрх сонголт байжээ. Тиймээс тэд Хятадын харьяанд байгаа ч монголоороо үлдэхийг хичээх нь зэрэмдэг нөхрөө хажуудаа үлдээхийг хүсэх Туяагийн хүсэлтэй давхцана. Хятадын Засгийн газраас явуулж буй бодлого тэдэнд буй дутууг нөхөх санаанд тулгуурласан байдаг. Кинон дээр Сэнгээ Туяагийн гэрийн ойролцоо худаг ухдаг нь мөн л үүний жишээ. Киноны төгсгөлд Сэнгээ, Туяатай хуримаа хийдэг ч тэдний хурим шинэ зөрчлийн эхлэл болно. Туяагийн хүү өөрийг нь хоёр аавтай гэж хэлсэн хүүхэдтэй гар зөрүүлж, Баатар Сэнгээг заамдан авдгаас цаашид юу болох нь тодорхой. Нэг талаасаа Хятадууд гэсэн ялгамжаар монгол угсаатнуудаасаа тусгаарлагдаж, нөгөө талд Хятадуудын дунд монгол гэсэн угсаа гарвалаар ялгарах Өвөрмонголчуудын хувь тавилан Туяагийн амьдралын хоёрдмол байдалтай давхцаж буй юм.

Харин Хятадын төр засгийн зүгээс явуулж буй эзэрхэг бодлого, хотжилт, уул уурхай, газрын тосны олборлолт зэрэг малчдын амьдралд нөлөөлөх хүчин зүйлийн илрэл нь Баолиерын дүрд шингэсэн аж. Түүний дээрэнгүй, бүхнийг өөрийн дураар байлгах гэсэн хувь онцлогийн цаана Хятадын Засгийн газрын цөөн тоот үндэстнүүддээ явуулж буй бодлогын илрэл цухалзана.

Монгол уртын дуу шуранхайлахын хажуугаар Хятадаар хүүрнэлдэх хүмүүс, малчдын ахуй амьдралын зэрэгцээ газрын тосны олборлолт, байгалийн хүчний эрхшээл гээд кино үргэлжлэх 96 минутын турш үзэгчид ямар нэг гуниг цөхрөл, харууслыг мэдрүүлдэг. Ая аягаар архи сөгнөн уух нь хэцүү бэрхийг давах гэсэн арга юмуу гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг.

    Byambanyam Urtnasan

    Written by

    On the trail of Natsagdorj Dashdorj to the West# #Project

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade