Хоббит: Бүх юмтай төгсгөл

(By 2015)



“Бодож байсанчлан тулаан эхэлнэ. “Таван армын тулаан” гэж нэрийдсэн сүүлчийн тулаан хэний ч бодсоноос илүү аюултай”. 1937 онд хэвлэгдсэнээсээ хойш 100 сая хувь борлогдож, бүх цаг үеийн бестселлерийн эхний аравт багтсан Хоббит цувралаас зохиолч Ж.Р.Толкэйн дээрх өгүүлбэрийг онцлон тэмдэглэсэн байв. Сүүлийн дэвтэр дэх Хоббитын түүх “Бөгжний эзэн”-ийг олох их эрлээс даруй 60 жилийн өмнө Дунд тивд болсон аймшигт тулааныг өгүүлнэ.
“Шидтэн Гандалф хулгайч, овсгоотон Булбог ятган Тхориноор удирдуулсан одойн армын хамт “Ганцаардлын уул”-ыг зорьж, Смог лууг устгах зорилгоо хэрэгжүүлэхээр хөдөлнө. Дундад тивийн бүх эрдэнэсийг олзлон уулын дотор хураасан аймшигт лууны савар доор нуурын хотынхны амьдрал байгааг одой, шидтэнээс бүрдсэн багийнхан хожимдож ухаарчээ. Уур хилэндээ багтарсан Смог луу нуурын хотыг галаар тургин сүйрүүлнэ. Эцэст нь хүчирхэг Смог худалдаачин Бардын илгээсэн эрчит суманд оногдон үхжээ. Луугийн үхэл Дундад тивээр нэг тархаж, ганцаардлын уулнаас алтын авахаар санаархагчдын цуваа тийш чиглэж эхлэв. Сүйдсэн тосгоныхон ууланд хоргодохоор очиход одойн хаан Тхорон алт эрдэнэсийн шуналдаа автсан байв. Эрдэнэст уул руу тэр хэнийг ч оруулахыг хүссэнгүй. Тхороны шунал эцсийн тулааныг эхлүүлнэ. Чонон унаатай Оркууд, цагаан үст Элфүүд, чадварлаг тулаан ч одойн арми, тосгоныхон, ухнан хүлэгт баатар гэсэн таван хүч эрдэнэст уулын өвөрт ширүүн тулаанаа эхэллээ. Шидийн чулууг өөртөө олж, эрх мэдлийн хязгааргүйд хүрэх гэсэн Тхорины өвчин эдгэж, Оркуудын эсрэг тулалдаж эхлэв …”
Энэ явдал “Тэнгис” кино театрын дэлгэцнээ өнгөрөгч сарын 24-өөс эхлэн цацагдаж, “Box Office”-ийг дөрвөн долоо турш тэргүүлэн, 224 сая ам.долларын орлого олжээ. Толкейны Хоббит цувралыг дэлгэцийн бүтээл болгосон Питер Жэксоны цуврал энэ тулаанаар өндөрлөнө. “Зарим нэг тулалдаан, үйл явдлыг сүүлийн ангид нөөж байв уу” гэсэн сэтгүүлчийн асуултад найруулагч Питер Жэксон, “Гурав, дөрөв, таван жилийн өмнө бусад ангиудын адил энэ санаа надад төрсөн. Тулалдаан харин найруулгын явцад жаахан өөрчлөгдсөн шүү. Жинхэнэ жүжиглэлт болоод амьд план дээр зураг авахыг хичээсэн. Гэхдээ компьютер график ашиглах шаардлага олонтой тулгарсан. Энэ тулалдаанаараа бид энэ жилийн том цохилтыг өгнө гэж мөрөөдөж байсан. Тулаан бол киноны сэтгэл татам хэсэг” гэж хариулжээ. Түүний цохилт өгөх тулааны талаар “Variety.com”-ын кино шүүмжийн автор Скот Фаундас, “Таван армын тулаан” Хоббитын эхний ангиудыг бодвол сэтгэлзүйн цочрол өгөгдлүүдийг ихээхэн ашигласан байлаа. Гэхдээ тэр Ричард Армитэжийн бүтээсэн Тхороны галзуурал, алтны хараал, хэмжээшгүй эрх мэдлийн төлөөх улайрал Шексперийн жүжгийн хаадуудаас зээлдмэл байсан нь нуух зүйл биш” хэмээн бичив.



Үнэхээр ч, Толкэйний романууд үлгэр домог, сонгодог уран зохиол, аман яриа гээд бүхий л зүйлийг нэг дор чихсэн жижигхэн хайрцаг бол П.Жэксон түүнээс ч жижиг хайрцагт их зүйл багтаахыг зорисон нь илт. Ах дүү Гримийн үлгэрийн одойнууд, домгийн аварга биет Циклопууд, Сервинтасын “Дон Кихот” ноёны ид шидийн хүчийг олсон Санчо (Булбо), Кихот (Гандалф)-оос эхлээд тулаан, кунфу, мангас, ид шид, хайр сэтгэл, амьтад, гэр бүл, нөхөрлөл гээд кино зохиолч Эрвен Волш, найруулагч Жэксоны хэтрүүлгүүд давамгайлна. Өмнөх хоёр ангиа дэлгэцэнд гаргаснаас хойш сул, хэтэрхий туульслаг өгүүлэмжтэй гэсэн шүүмжлэлийг үзэгчдээс хүртсэнийхээ хариуг П.Жэксон ийн барив бололтой. Гэвч техник технологийн дэвшлийг ашиглан, өмнөх ангиудаасаа холдох гэсэн тэдний зорилго тийм ч сайн биелээгүй нь мэргэжилтнүүдийн шүүмж, үзэгчдийн сэтгэгдлээс илхэн харагдана.
Киноны талаар “Variety.com” хуудас, “Энэ бүтээлд Жэксон таван армийн тулааныг газарзүйн болоод тулааны гайхалтай тоглолттой хослуулан, тулааны ихэнх хэсэгт дуу авиаг хэтрүүлсэн нь түүний өмнөх кинонуудын тулаантай хэсгийг санагдуулж байлаа. Тэрбээр найруулагч Жорж Лукасын адилаар японы найруулагч Куросавагын алдарт бүтээл “Рэн”-ийн тулааны зарим тоглолтуудыг ашигласныг элф дайчид одойчуудын нуруун дээгүүр гүйж, Оркуудын толгой руу жийж буй хэсгээс бэлхнээ харж болно. Харин хөлдүү уулын орой дахь одой болон Оркийн ганцаарчилсан халз тулаан Жэксоны шилдэг үзүүлбэрүүдийн нэг байлаа. “Box Office”-ийн жагсаалтаар амжилтаа хэмждэг кинонуудаас ялгарах нэг онцлог нь гэвэл Жэксон гурвалсан цувралаас бүтсэн “Hobbit” төслийг амжилттай дуусгасан явдал байв. Найруулагч өмнөх хоёр ангид аварга луу Смогийг голчлон харуулсан бол “Таван армийн тулаан”-д сэтгэлийн хөдлөлийн туйлыг түлхүү харуулахаас гадна “Бөгжний эзэн” зохиолтой холбох гүүрийг тавьсан гэж хэлж болох ажээ” гэсэн бол “The Gardian” сэтгүүлийн Андрей Пүлвер, “Шинэ Зеландын найруулагчийн Толкейны цуврал бүтээл рүү хийх сүүлийн аялал нь төгсгөлийг хийх хамгийн чухал хэсэг байлаа. “Бөгжний эзэн” зохиолын хамгийн анхны анги бараг 13 жилийн өмнө гарч байсан бол бөгж, Хоббиттой холбоотой зургаан цуврал нэгдэж, ер бусын гайхалтай бүхэл болсон нь үзэгчдийн хүлээлтийг талаар болгосонгүй. Агата Кристигийн детиктив зохиолуудын адил гоо зүйн аргаар дүрсэлсэн тоглолтууд цухалзаж байсан нь найруулагчийн хувьд томоохон өөрчлөлт болж чаджээ” гэж дүгнэжээ.
Холливуын алдарт цувралын төгсгөлд танд юу торж үлдэх нь сонирхолтой. Магадгүй 92 настай Кристофер Лигийн шидэт таяг, цагаан сахал, кунфу тулаан, Билбогийн том хөл, алтан бөгж, Люк Эвансийн баатарлаг дүр төрх, одой Кили (Aidan Turner), элф Тэйрол (Evangeline Lilly) хоёрын гунигт хайр сэтгэл, магадгүй сайхан сэтгэлт одойчуудын царай муутай дүр л үлдэх биз. Гэвч кино бүхэлдээ өрнө дахины домог, утга зохиол, соёлыг нэг дор багтаасан шидийн хайрцаг болж байгаа нь цор ганц олзуурхууштай нөхцөл ажээ.
Энэ бүх юм: Хоббит