ЭЗЭНТ ГҮРНИЙ “АМЬГҮЙ УРАГ”

“Эцэс төгсгөлгүй жүжгийн цорын ганц гол дүр” цуврал

Саяхан нэг өвөрлөгч танил маань талбайг хөндлөн гэтэлж явахдаа нэгэн эргэлзээтэй асуултыг тавьсан юм. “Энэ талбай хэнийх вэ” гэж. Монголын улс төрийн гол хүчнүүдийн хэнээрхлийн үрээр эзэнгүйдсэн талбайг Эзэн Чингисийнх, эсвэл Их жанжных хэмээн шууд нэрлэхэд хэцүү. Тиймээс “Монголчуудынх аа” хэмээн наргиа болгоод өнгөрсөн. Харин тэр миний энэ эргэлзээг анзаарсан бололтой “Танайд хоёр нам бүхнийг өмчилдөг. Энэ ч яахав Монгол дотроо биз. Харин монголчуудын өвийг хоёр улс хуваан хүртэж буй нь хэр шударга вэ” гэсэн үгийг унагаж билээ. Түүний цаад санааг түвэггүйхэн ойлгосон. Тиймээс ч жилийн өмнө бичсэн “Эцэс төгсгөлгүй жүжгийн цорын ганц гол дүр” нийтлэлийнхээ хоёрдугаар хэсгийг бичихээр шийдсэн юм. Өмнө нь Зүүн Азийн улс төр дэх Чингис хааны оролцоог гол дүрээ болгосон бол энэ удаа Монголын эзэнт гүрний өвийн асуудал руу хандах болно.

Түүхийн нислэг

Өмнөд хөрш рүү аялсан хэн боловч Монголын эзэнт гүрний өвийг хадгалан үлдсэн байдлыг хараад гайхан биширч, улмаар атаархах сэтгэл төрдөг нь дамжиггүй. Бээжин дэх Хубилай хааны хөшөө, Хэбэй дэх Чингис хааны сүрлэг баримал, дэлхийн хамгийн том монгол гэр гээд Монголын эзэнт гүрний дурсгалыг өмнөд хөршийнхөө нутагт харсан монгол хүн бүрт халаглахын зэрэгцээ харамлах сэтгэл төрдөг нь нууц биш. Өмнө нь олон хүн тавиад хариултаа авч чадаагүй тэр л асуултыг Монгол дахь Чингис хааны сүрлэг дурсгалын өмнө зогсох үедээ танил маань надаас асууж билээ. “Уг нь Монголын эзэнт гүрний гол нутаг манай орон шүү дээ. Гэтэл яагаад бид тийм зүйл хийж чадахгүй байна вэ” гэж. Тухайн үед би түүнд юу гэж хэлэхээ мэдээгүй. Түүнээс хэдхэн хоногийн дараа Кэмбрижийн их сургуулийн доктор Э.Булагийн “Аялал жуулчлалын эх баялгийн төлөөх тэмцэл” өгүүллийг уншсан минь дээрх асуултын хариултыг хаанаас эхлэн хайхыг надад заасан юмдаг.

Дэлхийг байлдан дагуулагчдын сонгодог хувилбараар түүхэнд тэмдэглэгдсэн Монголын эзэнт гүрний өвийг эзэмших завшаан өнөөдөр хоёрхон улсад оногдож буй. Нэг нь мэдээж Монголын эзэнт гүрний хойчис болох Монгол Улс, нөгөө нь түүхийн адармаатай нөхцөлийг завшсан Хятад улс. Гэтэл нүүдэлчдийн эзэнт гүрний бахдам түүх хэдий үеэс өмнөдийн Цагаан хэрмийг даван нисч, хан үндэстний хүрээнд орсон нь бидний төдийлэн мэддэггүй түүхэн үе. Урт хугацаанд үргэлжилсэн энэхүү жүжгийн цор ганц “найруулагч” нь Чингис хааны ач хүү, Юань гүрний эзэн хаан Хубилай байсан нь нэгэнт тодорхой.

Хөх хотоос умард зүгт жуулчдын автобусаар гурван цаг явбал та Ордос хотын Эзэн хороо хошуунд хүрнэ. Тэнд дөрвөн талдаа малын бэлчээр бүхий 225 ам км талбайд Чингис хааныг нас нөгчихөд хүү Өгөдэй, Тулуй болон алтан ургийнхан хааны сүүлчийн амьсгааг тэмээний өрөвлөгний ноосонд шингээн авч, цамц, эмээл зэргийн хамт хадгалан үлдсэн гэх онгоныг бүтээжээ. Олон газар дамжин нүүдэллэсэн Эзэн Чингисийн онгоны сүүлчийн буурь нь энэ байсан гэлцэх. Жуулчид сүлжилдэх энэхүү тахилга Хубилай хааны төрийн эрх мэдлийн хүчийг бүтээснийг ч мөн дурдах хэрэгтэй.

Хөх хотын их сургуулийн доктор Насанбаярын үзсэнээр “Тухайн цаг үеийн угсаа залгамжлах журмын дагуу Хубилай хаан Чингис хааны ач хүү боловч хаан ширээнд суухаар сонгогдсон хүн биш байв. Тиймээс зэвсгийн хүчээр хаан ширээг гартаа авч, хаан ор залгамжлах горимыг зөрчжээ. Улмаар дотор газар төвлөн сууж, Күнзийн шашны суртлын дэмжлэгээр улс төрийн зорилгод хүрсэн байна”. Түүний өгүүлэлдээ дурдсанаар, Хубилай хаан ах Аригбөхийг ялсныхаа дараа Монголын уламжлалт төрийн тогтолцоо “хуралдаан”-ы хэлбэрээр дахин “их хаан” сууж, өөрийн хаан суурийг хууль ёсоор бататгахын тулд Монголын улс төрийн гол эх сурвалж их хааны тахилгыг ашиглан, улс төрийн эрх мэдэл, байр сууриа бататгасан аж.

Одоо бол түүхийн өв мэтээр үзэгдэх Чингис хааны тахилга хэдэн зууны турш Хятадын улс төрийн гол “хэрэглэгдэхүүн” байсан нь ХКН (Хятадын коммунист нам), Гоминьдан намын тэмцлээс хүртэл ажиглагддаг. Ийнхүү Хубилай хааны журам зөрчин ор суусан түүхэн үйл явдал эзэнт гүрний өвийн амин сүнс болсон Чингисийн онгоныг умард хөршид үлдээх хамгийн эхний алхам байв.

Үндэстэн улсын “үзүүлбэр”

Ордос дахь Чингисийн онгоны үүдэнд “Ai guo zhuyi jiaoyu ji di” хэмээн хятадаар бичсэн самбарыг хилийн чанадаас очсон монголчууд ихэнхдээ анзаардаггүй. “Эх оронч үзлийн боловсрол олгох газар” гэсэн утга бүхий тус самбар эзэнт гүрний өвд Хятад улс хэрхэн өөриймсөг хандаж буйг илтгэнэ. Хятадын төр анх 1994 онд “Эх оронч үзлийн боловсрол олгох газар”-ыг байгуулах тогтоол гаргаж, 2009 онд “Эх оронч үзлийн голомт” болсон 87 газрыг нэрлэжээ. Ихэнхдээ Хятадын төрийн зүтгэлтнүүдийн дурсгалаас бүрдэх тус жагсаалтад Чингисийн онгоныг багтаасан байна.

Энэхүү үйл явдал өмнөд хөршийн “үндэстэн улс” байгуулах эрмэлзэлтэй шууд холбоотой хэмээн судлаачид үздэг. Учир нь, Хятад 1952 онд цөөн тоот үндэстнийг бүртгэх ажил эхлүүлж, 56 үндэстэн хэмээн тогтоосон. Хэрэв Бээжин хотын “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д очвол дээрх 56 үндэстний онцлогийг харуулсан эд зүйлс, үзүүлбэрийг үзэж болно. Барууныхны “Амьтны хүрээлэн” хэмээн ёжилдог тус газар Хятадын харьяаны цөөн үндэстний түүх соёл “Хятадынх” гэсэн агуулга бүхий “үндэстэн улс”-ын санааг илэрхийлдэг. 
“Гэхдээ Дундад улс хэрхэн харж байлаа ч бидэнд өвөг дээдсийнхээ түүх соёлоос нүүр буруулах бодол, эрх байхгүй ээ” гэсэн Өвөрмонгол танил Үлэмжийн шийдмэг үг дахин энэ талаар яриа үүсгэх боломжгүй болгосон юм.

Бидний ярилцсанаас хэдхэн өдрийн дараа доктор Насанбаярын өөр нэгэн өгүүллийг унших завшаан олдов. Тэрхүү өгүүлэлд Чингис хаан болон Юань гүрний түүхийг ӨвөрМонголд хэрхэн заадаг талаар бичсэн байлаа. Тэрбээр “ӨвөрМонгол, Ордос орчмын сургуулиудад Чингис хааны түүхэн үйл хэргийг Хятадын ерөнхий дүр зурагт багтаан ярьж, Юань улсын байгуулагдсан ач холбогдлыг илүү дэлгэрэнгүй тайлбарладаг” гэсэн байв. Тэдгээр хичээлүүдэд Юань улсын түүхэн ач холбогдлыг “Бүх Дундад улсыг нэгтгэн Тан улсаас хойших тархай бутархай байдлыг эцэслэж, Дундад улсын түүхэнд гараагүй нэгдсэн улсыг байгуулсан” хэмээн дурдсанаас эзэнт гүрний өвд Дундад улс хэрхэн өөриймсөг хандаж байгааг харж болно.

Эзэмшил, үнэгүйдлийн зааг

ӨвөрМонголын телевизийн сувгаар цаг агаарын мэдээ үзсэн хэн боловч “Жуулчлалын орон” гэсэн таатай нэршлийг сонссон байх учиртай. Хятадын аялал жуулчлалын бодлогод Бээжингээс хойших газар нутгийг аялал жуулчлалын гол бүс нутаг болгосныг энэ үг гэрчилнэ. Доктор Э.Булагийн хэлснээр “ӨвөрМонгол болон Хятадын хойт хэсэгт аялал жуулчлалын сонирхолтой хоёр хэлбэр оршиж байна. Юун түрүүнд Өвөрмонголчуудын өвөг дээдэс Чингис, Хасар, Хубилайгаар гол болгосон эзэнт гүрний өвийн хүрээн дэх аялал жуулчлал. Нөгөө нь Чингийн төрийн үед бүрэлдсэн аймаг хошууны соёл”.

Бээжин дэх Хориотой хот, Хэбэйгийн Жань Бэй дэх гэр өргөө, Шанду дахь зуны ордон, Ордос дахь Чингисийн онгон гээд эзэнт гүрний өвд суурилсан аялал жуулчлалын гол бүсүүд дэлхий дахинд Монголын эзэнт гүрнийг Дундад улсынх хэмээн зарласаар. Дээр нь Холливудын кино, орчин үеийн Барууны зохиолууд үүнийг улам дэвэргэсээр.

Хан балгасаар (Бээжин) төвлөсөн Юань гүрний талаарх мэдээг Европт хүргэсэн анхны хүн нь Италийн хэрмэл аялагч Марко Поло. Түүний тэмдэглэлд Хубилай хааны зуны ордны талаар “Хан балгасаас зүүн хойд болон хойд зүгийг чиглэн гурав хоног явбал хааны бариулсан Шанду хотод хүрнэ. Тэнд хүн, амьтдыг урлан сийлсэн өрөөнүүдтэй гантиг ордон сүндэрлэж, төрөл бүрийн цэцэгс, модод алаглах нь сэтгэлийг цэнгүүлнэ. Энэ ордныг хана хүрээлж, түүний дотор 16 бээр газар цэцэрлэгт хүрхрээ, гол, өргөн тал, нуга налайна” хэмээн тов тодорхой дүрсэлжээ. Тэр үед дорно зүгээс зөвхөн Монголын эзэнт гүрний нэр л сонсогдож байсан учраас “монголчууд” гэсэн нэрийг Өрнөдийнхөн цээжилжээ. Түүнээс хойш Английн яруу найрагч Самюэл Колриж 1800 оны үед “Хубилай хаан” шүлгээрээ Юань гүрний зүг Өрнөдийн харааг чиглүүлсэн гэдэг. Хүндээр өвчлөөд байсан яруу найрагчийн зүүдэнд Хубилайн байгуулсан Шандугийн зуны ордон үзэгджээ. Сэрсэн даруйдаа тэрбээр, 
“Хүмүүн хэмжиж үл барах агуй ангал тольдогсон
Наран хэжиж үл хүрэх агуу тэнгис зоригсон
Ариун мөрөн урсах Шанду хэмээх нутагт
Эзэн хаан Хубилай зарлиг буулгаж
Эрхэм цэнгэлийн их орд босгожээ”
хэмээн шүлэглэсэн байна. Орчин үед ч Юань гүрний түүх Барууныхны сонирхлыг татсаар байгаа. 2014 онд Америкийн “Netflix” компани “Марко Поло” цувралаа дэлхий дахинд нээсэн. Аригбөхийг түлхэн унагаж, эзэнт гүрний хаан ширээнд ор суусан Хубилайн талаар өгүүлэх тус цуврал Монголын эзэнт гүрний гэхээсээ “Хятадын” Юань гүрний талаар уран сайхны түүх хүүрнэсэн юм. 2011 онд хэвлэгдсэн даруйдаа олны анхаарал татсан Америкийн зохиолч эмэгтэй Дори Жонс Янгийн “Шанду нутгийн охин” романы өмнөтгөлд ч “Марко Полог ирэх үед монголчууд дэлхийн газар нутгийн ихэнхийг нь эзэгнэн суусан байлаа. Тэд нүүдэлчин амьдралаа халж, Хан балгас буюу өнөөгийн Бээжин хотод хятад маягийн ордонд торгонд умбан, тосонд хөлбөрөн амьдрах болжээ” гэсэн нь Хятадын төр засгийн ажлыг хөнгөвчилсөн кампанит ажил болсон юм.

Сэтгүүлчийн, эсвэл шинжлэх ухаанч, академик өнцгөөс биш, зөвхөн монгол хүнийхээ хувиар надад эцэст нь ганцхан асуулт тунаж үлдлээ. Бид эзэнт гүрний өвийг Монгол Улс уламжилсан гэдгийг, монголчууд үр хойчис нь гэдгийг харуулахын тулд юу хийсэн бэ. Хэт нигилист байр сууринаас хандахыг бодсонгүй. Гэвч эзэнт гүрний өв соёл Монгол Улсад улс төрийн тоглолтын нэгээхэн хэсгээс өөр юу ч биш болсон нь халагламаар явдал. Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН хэдхэн өдрийн өмнө төв талбайг Сүхбаатар жанжны нэрэмжит болгосноо зарлав. Дөрвөн жилийн дараа АН ялбал дахин Чингисийн таалалд барих магадлал бараг л 100 хувь. Улс төрийн намуудад түүхэн баатруудаар ард түмний сэтгэлийг эргүүлэх нь л чухал. Харин ард түмэнд түүх түүх хэвээрээ үлдэх нь чухал.

Хэдийгээр би өвөрмонгол танилдаа талбайг эзэнтэй болсныг дуулгасан ч тэр дахин нэг асуулт тавьсан. “Ингэх ямар хэрэгтэй вэ”. Би бас л юу гэж хариулахаа мэдсэнгүй. Ердөө л Дундад улсын өөриймсөг хандлага, Монгол Улсын үнэгүйдүүлэх бодлогын зааг дахь эзэнт гүрний түүхэнд юу тохиолдох бол гэсэн бодол толгойд эргэлдэж байв.

A single golf clap? Or a long standing ovation?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.