Залуу үеээ хэзээнээс дэмжиж сурах вэ?


Чи болоогүй байна, дээд үеэсээ суралц…

Яахав би өөрийгөө нээх төгс гэж үнэлээд аливааг хийгээгүй. Би 2017 оны хавар буюу 1-р курст байхдаа анх удаагаа сургуулийнхаа эрдэм шинжилгээний хуралд орохоор зэхсэн юм. Багш бидэнд оролцоорой гэж хэлснээс хойш би өөрөө өөртөө заавал оролцоно шүү гэж тушаасан юм. Тэрнээс хойш, сар гаруй ноцолдсон. Сэдвээ сонгож чадалгүй хэт том зүйлээр оролдоод, сүүлдээ жаахан шантраад, залхуурах гэх мэт асуудал байсаан. Хичээлийн хажуугаар судалгаа хийнэ, уншина гээд бас хүндхэн, ядарч эхэлсэн. Эцэст нь би үүнийг зөвлөх багшгүйгээр хийж чадахгүй байсан гэдгээ мэдрээд олон шүүгчдийн өмнө гараад өөрийгөө танилцуулаад судалсан бүхнээ тайлагнасан.

Асуултаар намайг унагаах гэж үзэв үү, тавлах гэж оролдов уу? Би туршлаггүй байснаа хэнээр ч хэлүүлэлгүй мэднэ ээ. Гэхдээ бүхэл бүтэн салбар сургууль хариуцсан захирал таныг, дэлбээлэх гэж буй цэцэгийг таслана чинээ бодоогүй. Тэр танхимд би жаахан нь байсан. Дараа нь сонсохнээ, 1-р курсын ганцхан оюутан эрдэм шинжилгээний хуралд оролцсон нь би байсан. Надад тэр индэрээс буух агшин л хамгийн сайхан нь байлаа. Учир нь би өөрийнхөө өмнө тавьсан зорилгоо биелүүлээд, шинэ мэдлэгтэй болоод, шинэхэн сайхан туршлагатай болсондоо баярлаж шөнө нь тайван унтсан. Миний урам бяцхан хугарсан ч, бууж өгөх бодол төрөөгүй. Магад, надаас өөр хүн байсан бол аль хэдийн бууж өгсөн байх.

Олон үг хэрэггүй, чи сайн хичээсэн байна, цаашид энэ дээрээ илүү анхаараарай, Амжилт! гээд хэлчих боломжгүй л байдаг юм байх даа захирал минь, багш нар минь…

Хүн үгээр л тэжээгддэг юм шүү дээ.

Угаас үнэлдэггүй нийгэмд, шантрахгүйгээр, бусдад бус өөртөө таалагдах гэж л амьдраарай цэцэгс минь! :) Энэхүү блогийг уншиж буй та бүхэндээ Амжилт хүсэе.

Б. Мөнхсарнай